Билгийн

Доллар (USD)

Улаанбаатар

Д.Үүрцайх: төрийн эрх мэдлийн хуваарилалтын тэнцвэрийг алдагдуулсан өөрчлөлт Үндсэн хуульд оруулах нь

Л.НОМИН

УИХ-ын даргын захирамжаар Үндсэн хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төсөл боловсруулах үүрэг бүхий Ажлын хэсгийг байгуулан ажилласан. Ажлын хэсэг боловсруулсан төсөлдөө яамдаас санал авахаар Засгийн газарт хүргүүлснийг өнгөрсөн долоо хоногт хэлэлцээд зарим саналыг төсөл санаачлагчдад уламжлахаар тогтсон юм. Төслийг удахгүй УИХ-д өргөн барьж, хэлэлцүүлэхэд бэлэн болжээ. Гэвч ямар өөрчлөлт оруулахаар тусгасан нь тодорхойгүй байгаа. Иймээс парламентын гаднах намуудын саналыг авалгүй боловсруулсан гэх Үндсэн хуульд ямар нэмэлт, өөрчлөлт оруулсан талаар Хөдөлмөрийн үндэсний намын гишүүн, хуульч, судлаач Д.Үүрцайхтай ярилцлаа.

-Үндсэн хуульд өөрчлөлт оруулах асуудлыг удахгүй УИХ-аар хэлэлцэж эхэлнэ. Төслийг боловсруулахын өм­нө хэлэлцүүлэг явуу­лаа­гүй, санал аваагүй гэх мэт шүүмжлэлтэй байр суу­ринаас та хандаж буй гэлээ?
-Үндсэн хууль дахь төрийн эрх мэдлийн хуваарилалт болохгүй байна. Үүнээс болоод засаглалын, эдийн засгийн хямрал, бүр цаашилбал итгэлцлийн хямрал үүсээд байна. Өнөөдөр болж байгаа хямралтай нөхцөл байдлын уг шалтгаан нь Үндсэн хууль дахь төрийн эрх мэдлийн учир дутагдалтай хуваарилалтад байна гэдэг шүүмжлэл эртнээс өрнөсөн. Үндсэн хуулийг өөрчлөх шаардлагатай гэдэг ерөн­хий зөвшилцөл улс тө­рийн хүчнүүд, нийгэмд бий. Парламентат ёсыг төгөл­дөршүүлэхийн тулд Үндсэн хуулийг өөрчлөх ёстой гэдэгт ч санал нэгддэг. УИХ-ын дарга Үндсэн хуулийн өөрчлөлтийг боловсруулах ажлын хэсэг байгуулсан. Ажлын хэсэг төслөө бэлэн болгоод яамдаас санал авч, Засгийн газар дээр хэлэлцсэн гэдэг мэдээлэл авсан. Бид ч Үндсэн хуулийг өөрчлөхийн эсрэг зогсоогүй. Харин одоогийн Үндсэн хууль бол түүхэн үүргээ биелүүлсэн,  Монгол Улсыг тогтолцооны хувьд шилжилт хийх, улс орон өдий зэрэгтэй явахад хувь нэмрээ оруулсан гэдгийг хүлээн зөвшөөрдөг. Ялангуяа хүний эрх, эрх чөлөөний тухай заалтуудын хувьд агуулгыг нь зөв тайлбарлавал маш сайн Үндсэн хууль. Харин төрийн эрх мэдлийн хуваарилалтын хувьд тухайн үед ардчилал, ардчилсан ёс, эрх зүйт төрийн талаар төр барьж байсан улстөрчдийн мэдлэг чадвар дутсан байх. Манай улсын хувьд цоо шинэ тогтолцоо байсан шүү дээ. Энэ талаасаа алдаа гаргаж, буруу зохицуулалтууд хийсэн зүйл бий. Үүнийг засах шаардлагатай. Засахдаа цөөн хэдэн улстөрчид сэм хуйвалдах байдлаар бус, ард нийтээр өргөн хэлэлцүүлэг явуулж, улс үндэстнийхээ нийт­лэг ашиг сонирхлыг ба­римт­лан, зөвшилцлийн үнд­сэн дээр өөрчлөлт хийх ёс­той гэдэг л байр суурийг ба­римтлаж, шаардаж байгаа юм.

-Жишээлбэл, яаж засах нь зөв гэж?
-Төрийн эрх мэдлийн хуваарилалтыг парламентат ёсны эрх зүйт төрийн шаард­лагад нийцүүлэн өөрчлөх зайлшгүй шаардлагатай гэж үзэж байгаа. Хэрхэн, яаж өөрчлөх талаар ард түмнээс асууж, өргөн хэлэлцүүлэг явуулах шаардаж байгаа юм. УИХ-ын ажлын хэсэг төслийг өргөн барьсны дараа нэг сарын хугацаанд хэлэлцүүлэг явуулна гэсэн. Үндсэн хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай журмын тухай хуулийн дагуу ингэж хандаад байгаа бололтой. Хэлэлцэж эхлэхээс өмнө нийгэмд зөвшилцөл явуулж, хэлэлцүүлэг өрнүүлэхийг хориглосон хууль уг нь биш шүү дээ. Тэгэхээр Үндсэн хуулийг өөрчлөх гэж байгаа бол ийм шаардлага бий эсэхийг хэлэлцүүлэх хэрэгтэй. За хүлээн зөвшөөрлөө гэж бодоход яаж өөрчлөх вэ гэсэн хэлэлцүүлэг явуулах ёстой. Тэр хэлэлцүүлэгтээ үндэслэж ажлын хэсэг төслөө боловсруулах байсан юм. Ийм хэлэлцүүлэг явуулаач ээ гэдгийг бид удаа дараа шаардаж буй юм. Гэтэл Үндсэн хуульд нэмэлт өөрчлөлт оруулах төсөл нь нууц байсаар ирсэн. Яамдаас санал авахаар Засгийн газарт хүргүүлсэн учраас зарим нэг байдлаар ил болж байна. Боловсруулсан төслийг олон нийтийн дунд хэлэлцүүлэг явуулаагүй, хэдхэн хүн зөвхөн улс төрийн сонирхлоороо хийсэн нь хэд хэдэн заалтаас харагдаж байгаа.

-Та энэ төслийг олоод харчихсан юм байна гэж ойлгож болох уу?
-Албан бус байдлаар олж үзсэн. Судлаачийн хувьд эртнээс л энэ төслийг хайсан. Олон удаа шаардсан ч олдоогүй. Манай намын зүгээс Үндсэн хуулийн өөрчлөлтийг ард түмнээр хэлэлцүүл гэж жагсаал хийж ч байсан. Үндсэн хуулийн өөрчлөлтийн төслийг боловсруулах ажлын хэсгийн ахлагч, УИХ-ын гишүүн Батбаяртай манай намын хэсэг нөхөд уулзсан. Удахгүй төслөө танилцуулна гэснээс нь хойш бараг хоёр сарын хугацаа өнгөрлөө. Танилцуулсан төсөл байхгүй учраас албан бус байдлаар олж үзлээ.

-УИХ-ын ажлын хэсэг төсөлдөө ямар өөрчлөлтүүд тусгасан байна вэ. “Дор­дуулсан долоо” гэдэг өөрчлөлтүүдээ засч зал­руулсан зүйл байх юм уу?
-Үндсэн хууль бол Монголын нийгмийн үндсэн тоглоомын дүрэм гэсэн үг. Үүнийгээ байнга өөрчлөөд байх боломжгүй. Өөрчлөхөөр бол ул суурьтай хандах хэрэгтэй. Төрийн эрх мэдлийг хуваарилах онол, үзэл санааг баримталж, харилцан тэнцвэртэй, хяналт тавих боломжтойгоор өөрчлөх нь чухал. Харамсалтай нь, энэ бүхэн төслөөс харагдахгүй байгаа. Төслийг бүхэлд нь харахаар төрийн эрх мэдлийн хуваарилалтын тэнцвэрийг алдагдуулсан. Магадгүй муугаар бодоход Ерөнхий сайд гэдэг дарангуйлагчтай болох, УИХ-д ямар ч хязгаарлалт байхгүй, Ерөнхийлөгчийн эрх мэдэл тун хязгаарлагдмал байдлаар туссан Үндсэн хууль болохоор харагдаж байна.  

-Эрх мэдлийг нэг талд нь хэт төвлөрүүлнэ гэж үү?
-Одоогийн манай төрийн эрх мэдлийн хуваарилалтын гол бэрхшээл бол УИХ Засгийн газрын гишүүдийг нэг бүрчлэн хэлэлцэж томилдог.  Ерөнхий сайдын эрх мэдэл хязгаарлагдаад Засгийн газар кабинетын зарчмаар ажиллах боломж алдагддаг. Нөгөө талаас нэг нэгээр нь огцруулж байгаад Засгийн газрыг бүрэн бүрэлдэхүүнээр нь унагаахыг оролддог. Үүнээс нь шалтгаалж улс төрийн намууд дотор бүлэглэл үүсэх, намуудын төлөвшилд муугаар нөлөөлөх сөрөг үзэгдэл гарч байгаа. Энэ байдлаа засах оролдлого хийжээ. Гэхдээ нуухыг нь авах гээд нүдийг нь сохлов гээч болчих вий. Алдаагаа засахын тулд төрийн эрх мэдлийн хуваарилалтын тэнцвэрийг алдагдуулаад хэмжээгүй эрхтэй дарангуйлагч төрийн институци бий болгочихож болохгүй. Тэгэхээр хянуур, няхуур хандаж үндэсний зөвшилцөлд тулгуурлаж өргөн нийтийн хэлэлцүүлэх явуулах л ёстой.

-УИХ-д суудалтай на­мууд энэ ажлын хэсэгт орж ажиллаад санал нэг­дээд өөрчлөлтийн төсөл бэлэн болсон. Төсөл боловс­руулахаас өмнө парла­мен­тын гаднах намуудаас ер нь санал авсан юм болов уу?
-Манайхаас лав санал аваагүй. Өөр бусад намаас санал авсан гэхэд эргэл­зэж байна. Үндсэн хууль бат­лалцсан гишүүд, парламентад суудалтай намуудын төлөөлөл гээд нийт долоон гишүүн төслийг боловсруулсан. Ерөн­хийлөгчийн эрх мэдлийг багас­гах, УИХ өөрийнхөө эрх мэдлийг бэхжүүлэх, Ерөн­хий сайдыг хэзээ ч огц­рох боломжгүй болгохыг л голчлон төсөлд тусгасан байна.

-Ерөнхий сайдыг байнга өөрчилж, унагаах нь хор уршигтай гэж үзээд өөрчлөх гэж байгаа юм биш үү. Засгийн газрын тогтвортой байдлыг бүрдүүлэх нэг хэлбэр гэж ч тайлбарлаж байгаа?
-Засаглалын тогтвортой байд­лыг хангаж чадахгүй агуул­гатайгаар орж ирж бай­гаа юм. Ерөнхий сай­даа огцруулчихаад то­милж чадахгүй удаад, үүрэг гүйцэтгэгчтэй яваад байдаг. Энэ төслөөр Үндсэн хуульд өөрчлөлт оруулбал парламентын олонхийн дэмжлэг аваагүй цөөнхийн Засгийн газар байгуулагдаад яваад байж болох нөхцөл үүснэ. Эсвэл Засгийн газраа парламент нь нэгмөсөн бүхэлд нь унагаад дараагийн Засгийн газраа бүрдүүлээд яваад байх нь. Германы Үндсэн хуульд байдаг коструктив буюу бүтээлчээр итгэл эс үзүүлэх санал хураалт гэж бий. Өөрөөр хэлбэл шинэ Ерөнхий сайдыг томилох байдлаар өмнөх Ерөнхий сайд ба түүний Засгийн газрыг огцруулдаг. Үүнийг төсөлд оруулсан байна билээ. Харин нөгөө талаас Ерөнхий сайд парламентаас намайг дэмжиж байгаа олонхи байна уу, ийм хуулийн төсөл оруулбал дэмжих үү гэж асуух эрх бий. Олонхи дэмжихгүй байвал энэ парламентад Засгийн газрыг дэмжих олонхигүй байна, цаашид тогтворгүй байдал үүсэх нь гэж үзэн Ерөнхийлөгчид хандаад тараах хүртэл эрхтэй байдаг. Энэ боломжийг нь хассан байсан. Одоогийн Үндсэн хуульд парламентыг тараах байдлаараа биш ч итгэл үзүүлж буй эсэхийг асуух зохицуулалт байсан. Үүнийг хассан байна. Манай одоогийн Үндсэн хуулиар УИХ нь өөрөө өөрийгөө тараадаг эрхтэй супер парламенттай шүү дээ.

-Парламентыг хэн ч хянах, хариуцлага тооцох боломжгүй болох нь ээ?
-Тийм. Зарим зүйлийг зассан нь сайн талтай ч парламентын засаглалтай байна гэж үзсэн бол эргүүлээд хариуцлага тооцдог боломжийг оруулж өгөх ёстой байлаа. Парламентын гишүүдийн тоо манайд хэт цөөн. Судалгаанаас харахад манайд парламентын гишүүн нь 140 байх зайлшгүй шаардлагатай. Төлөөлөх чадвар, шийдвэр гаргах процессын үүднээс харахад ч дор хаяж 100, ер нь 140 байх нь зүйд нийцнэ. Үндсэн хуульд нэмэлт өөрчлөлт оруулах журмын тухай хуулийн 5.2.1-т заасан Үндсэн хуульд нэмэлт өөрчлөлт оруулах төсөл Үндсэн хуулийн суурь үзэл баримтлалд харшлахгүй байх заалттай ч зөрчилдөж байх шиг.

-Суурь үзэл баримтлалаа зөрчсөн байна. Өөр нэг зүйл ан­хаарал татаад байгаа. Орон нутагт намаас нэр дэв­шүүлэхгүй гэж Үндсэн хууль­даа оруулна гэж үнэн үү?  
-Орон нутагт улс төрийн намаараа талцдаг байдлыг арилгахын тулд намаас нэр дэвшүүлэхгүй байхаар зохицуулалт оруулсан байна. Баг, хорооны Иргэдийн нийтийн хурлаас сум, дүүргийн Иргэдийн хурлын төлөөлөгчид сонгоод, тэдгээр нь дээд шатныхаа хурлын төлөөлөгчдийг сонгох байдлаар оруулсан харагдсан. Улс төрийн намууд оролцохгүй гэхээр тэнд олон ургальч үзэл байхгүй. Ардчилсан тогтолцоо ажиллахгүй. Судлаачийн хувьд миний үзэж байгаагаар тухайн баг хороонд хамгийн олон хамаатан садантай, бүлэглэл эрх барьдаг болох нь. Манай хамаатан садан олуулаа бол суманд эрх мэдлийг байнга атгах нь байна шүү дээ. Төлөөлөгчид сонгоод муу ажиллаж байвал сольж болдог нь ардчиллын хамгийн гол зарчим, давуу тал. Гэтэл хамаатан садан, жалга довоороо хуваагдаад явбал цаашлаад үндэсний хагарал, тэмцэлд хүргэж болзошгүй. Үндэсний аюулгүй байдал, тусгаар тогтнолын асуудал ч болох эрсдэлтэй.

-УИХ-ын гишүүд “Дав­хар дээл”-ийг тайлуу­лах гэхээр Үндсэн хуулиа зөр­чих гээд байна гэж тайл­барласан. Үндсэн хуу­лийн өөрч­лөлтдөө энэ асуудлаа нэг тийш нь шийдэж чадах уу?
-Судлаачийн хувьд “давхар дээл”-тэй байхыг дэмждэггүй. Манайх хэтэрхий цөөн гишүүдтэй парламент. Засгийн газрын гишүүд ороод ирэхээр дордуулсан долоон өөрчлөлтөд багтсан ирцээр асуудлыг шийдэж байгаа. Байнгын хороо 20 гишүүнтэй байлаа гэхэд 10 нь ирж хуралдаад л тав нь шийдээд явчихдаг. Байнгын хороонд УИХ-ын гол гол асуудал шийдэгддэг. Шинэ хуулиараа 12 сайдтай байхаар болж байх шиг. Тэгэхээр 12 сайдын дөрөв нь Байнгын хороонд ороод ирвэл олонхи нь болж шийдвэр гарах нь. Засгийн газарт парламентын хяналт үгүй болох нь гэсэн үг. “Давхар дээл”-ийг эсвэл огт байлгах ёсгүй. Ерөнхий сайд парламентын олонхиос сонгогдож байгаа учраас Засгийн газрын гишүүн заавал орж санал өгч байж парламентын уялдаа хангагдана гэсэн зарчим байхгүй шүү дээ. Германд байдаг жишгийг манайхан дуурайдаг. Гэтэл Эстони улс манайхтай адил парламентын засаглалтай мөртлөө давхар хашихыг зөвшөөрдөггүй байх жишээтэй. Эсвэл Засгийн газрын гишүүн болбол оронд нь нөхөж өөр гишүүн томилоод явж болдог.

-Яамдын тоог тогтоож, зааж өгсөн байна гэлээ. Ингэж хуульдаа суулгаж өгөх нь хэр оновчтой шийдэл юм бэ?
-Тухайн үеийн эдийн засаг, нийгмийн нөхцөл байдлын шаардлагаар тухайлсан шинэ бүтцээр ажиллаж болдог. Ерөнхий сайдын үйл ажиллагааны хүрээ, чиглэлийг Үндсэн хуулиар тодорхойлчихоор нийгэм, эдийн засгийн шинэ шаардлагууд гарвал яах вэ. Үндсэн хуулиа дахиад өөрчлөх гээд сууж байх уу. Гурваас илүүгүй сайдыг нэмж болно гэсэн. Гэхдээ л энэ нь хангалттай биш. Зарим чухал салбаруудыг нийлүүлээд, нэгтгэсэн байх жишээтэй.

-Иргэдийн хэлдэг хотын статусыг сэргээхийг өөрчлөлтөд оруулсан гэж сонссон л доо?
-Хот гэдэг нэгж үүсгэсэн. Тэгэхдээ хоёр өөр хот бий болох нь. Улаанбаатар, Дархан, Эрдэнэт гээд Үндсэн хуулиар тогтоогдсон хот. Нөгөө нь аймгийн төвүүдийг хот болгох. Хоёр өөр статустай хот, эрх зүйн байдал нь ч өөр. Улаанбаатар хот гээд шууд хороонд хуваагдчихсан байгаа юм.

-Дүүрэг гэж байхгүй юу?
-Тийм, дүүрэг байхгүй шууд хороо. 1,3 сая хүн амтай хотод төрийн удирдлагыг яаж хэрэгжүүлэх вэ. Хороодоос санал гараад шууд нийслэл дээр очно гэсэн үг.

-Тэгэхээр хороод нь намаас сонгогдох биш төлөөллөө шууд хот руугаа явуулах нь ээ дээ?
-Дунд шатанд төлөөлөл байхгүй болох нь. Түүнээс гадна Үндсэн хуулийн цэц, шүүгчдийг томилдог Ерөнхийлөгчийн оролцоог хязгаарласан. Энэ нь зарим талаар зөв боловч ҮХЦ-ийн гурван гишүүнийг Ерөнхийлөгч биш Засгийн газар санал болгохоор оруулж. Үүнийг ч гэсэн судлаачийн хувьд дэмжихгүй байгаа. Нөгөө талаас ҮХЦ бол улстөржсөн байгууллага болж хувираад байгаа. Үндсэн хуулийн асуудлыг шийдэхдээ аль нэг нам, бүлэг, албан тушаалтны эрх ашиг, байр суурины үүд­нээс шийддэг байж бо­лох­гүй. Үндсэн хуулийн суурь агуулгыг барьж, Цэц Үнд­сэн хуулиа тайлбарлаж, хөг­жүүлэн баяжуулах гэсэн би­чиг­дээгүй чиг үүргээ өдийг хүр­тэл хангалттай биелүү­лээ­гүй. ҮХЦ хуулийг үгчилж тайл­барладаг. Ийм байдлаар хан­даж ирсэн нь засаглалын хям­ралд тодорхой хэмжээгээр нө­лөөлсөн гэж хувьдаа боддог.

-Яамдаас саналаа аваад УИХ-д өргөн бариад хэлэл­цүү­лэг эхэллээ гэж бодоход энэ явцад нь саналаа уламж­­лаад тусгуулах бо­ломж хэр байгаа гэж үзэх вэ?
-Бид саналаа илэрхийлнэ. Хамгийн гол нь нийгмийн гэрээгээ, суурь хэм хэмжээгээ өөрчлөх гэж байхад нийт монголчуудаасаа анхаарлаа хандуулаач гэж хүсч байна. Мөн улс төрийн намууд анхааралтай судалж байр сууриа илэрхийлээч ээ. Ардчиллын оршин тогтнох суурь асуудал яригдана шүү. Хэвлэл мэдээллийн байгууллагууд ч гэсэн зөвхөн нэг талын биш олон талын байр суурийг хүргэж, нийгэмд өргөн хэмжээний хэлэлцүүлэг явуулахад дэмжлэг үзүүлэхийг хүсч байна.

2 Сэтгэгдэл
БҮГДЭЭРЭЭ САЙН УУ!!!!! Бид олон нийтэд мэдээлэхийг хүсч байна Та бөөрийг худалдахыг хүсч байна уу? Та санхүүгийн хямралын улмаас бөөрийг зарж борлуулах боломжийг эрэлхийлж байна уу, юу хийхээ мэдэхгүй байна уу? Дараа нь бидэнтэй холбоо бариад DR.PRADHAN.UROLOGIST.LT.COLGMAIL.COM хаягаар бид танд бөөрнийх нь хэмжээгээр санал болгох болно. Яагаад гэвэл манай эмнэлэгт бөөрний дутагдалд орж, 91424323800802. имэйл DR.PRADHAN.UROLOGIST.LT.COLGMAIL.COM Yнэ 780, 000 Долоон зуун, Наян мянган доллар APPLY NOW
БҮГДЭЭРЭЭ САЙН УУ!!!!! Бид олон нийтэд мэдээлэхийг хүсч байна Та бөөрийг худалдахыг хүсч байна уу? Та санхүүгийн хямралын улмаас бөөрийг зарж борлуулах боломжийг эрэлхийлж байна уу, юу хийхээ мэдэхгүй байна уу? Дараа нь бидэнтэй холбоо бариад DR.PRADHAN.UROLOGIST.LT.COLGMAIL.COM хаягаар бид танд бөөрнийх нь хэмжээгээр санал болгох болно. Яагаад гэвэл манай эмнэлэгт бөөрний дутагдалд орж, 91424323800802. имэйл DR.PRADHAN.UROLOGIST.LT.COLGMAIL.COM Yнэ 780, 000 Долоон зуун, Наян мянган доллар APPLY NOW
Хамгийн их уншсан