Билгийн

Доллар (USD)

Улаанбаатар

Петер Георгиев: Биологийн чиглэлээр үзүүлж буй Германы хамгийн том буцалтгүй тусламж гэдгийг дурдах хэрэгтэй

Л.БАТБААТАР

2013 онд Монгол, Герман Улсын Засгийн газар хооронд байгуулсан буцалтгүй тусламжийн хэлэлцээрийн хүрээнд Германы Сэргээн босголтын зээлийн банкаар дамжуулан “Биологийн олон янз байдлыг хамгаалах, уур амьсгалын өөрчлөлтөд дасан зохицох” төслийг 2015-2020 онд хэрэгжүүлэхээр болсон.  Төслийн нээлтийн ажиллагаа өчигдөр Чингис зочид буудлын хурлын танхимд боллоо.

Энэхүү төсөл нь Санхүүгийн хамтын ажиллагааны төсөл гэдгээр өмнөх Засгийн газар хооронд байгуулсан төсөл, хөтөлбөрүүдээс ихээхэн онцлоготой. Хамрах хүрээ болон санхүүжилтийн хувьд ч тусгай хамгаалалттай газар нутгийн хэмжээнд хэрэгжиж буй хамгийн том төсөл гэж хэлж болно. Тодруулбал, Герман улсын буцалтгүй тусламж нь техникийн болон санхүүгийн гэж хоёр янз байдаг аж. Санхүүгийн тусламж нь   Германы Сэргээн босголтын банкаар дамжуулан олгогддог.

БОНХАЖЯ-тай хамтран таван жилийн хугацаанд хэрэгжих  төсөлд Германы Засгийн газраас 11.5 сая еврогийн буцалтгүй тусламж үзүүлнэ.

“Биологийн олон янз байдлыг хамгаалах, уур амьсгалын өөрчлөлтөд дасан зохицох” төслийн нээлтийн ажиллагаанд БОНХАЖЯ-ны Төрийн нарийн бичгийн дарга Ц.Цэнгэл оролцож үг хэлсэн. Тэрээр “Герман улсын Засгийн газрын буцалтгүй тусламжийн хүрээнд томоохон хөрөнгө оруулалттай төсөл эхлэх гэж байна. Тусгай хамгаалалттай газрын хамгаалалтын нөхцөлийг сайжруулах, тоног төхөөрөмж, хувцас хэрэглэлээр дэс дараатай хангах арга хэмжээг хэрэгжүүлнэ. Хүний буруутай үйл ажиллагаанаас болж байгаль орчин доройтож байна. Донор орнуудаас хамгийн их зээл, буцалтгүй тусламж  олгодог улс бол Герман.
Энэхүү төслийн зорилго нь Тусгай хамгаалалттай газар нутгийн хамгаалалтын техник хэрэгсэл, тоног төхөөрөмжийг дэлхийн жишигт ойртуулах явдал юм. Уур амьсгалын өөрчлөлтөд хамгийн их өртсөн 10 орны тоонд Монгол Улс багтаж байна. Энэ нь цөлжилт, хуурайшилт болон бидний буруутай үйл ажиллагаатай шууд холбоотой. Ийм учраас донор орнуудын буцалтгүй тусламжийг үр ашигтай хэрэгжүүлэх хэрэгтэй” хэмээн онцолсон.

Таван жилийн хугацаанд хамтран хэрэгжүүлэх төслийн санхүүжилтийг Германы Сэргээн босголтын банкаар зээл дамжуулан олгох тухай дээр дурдсан. Тус банкны Монгол дахь Суурин төлөөлөгч Петер Георгиев “Герман улсын Засгийн газраас олгож буй 11.5 сая евро нь Германы Сэргээн босголтын зээлийн банкаар дамжин олгогдоно. Энэхүү буцалтгүй тусламжийг 2015-2020 оны хооронд үе шаттайгаар олгох юм. Бид бүхэн хамтран ирэх таван жилийн хугацаанд хийх ажлаа ярилцъя. Төслийн нэгдүгээр үед Тусгай хамгаалалттай газар нутгийн  захиргаадын менежментийн үр ашигтай байдлыг сайжруулна. Мөн Тусгай хамгаалалттай газрын тогтвортой байдлыг хангана.

Зөвхөн Тусгай хамгаалалттай газар гэлтгүй орчны бүс нутгийг цогцоор нь хөгжүүлнэ. Тусгай хамгаалалттай газар нутгийн орчимд амьдарч буй иргэдийн амьжиргааг дээшлүүлэх үйл ажиллагааг дэмжиж ажиллана. Төслийн хүрээнд ховордож буй амьтан, ургамлын тоо толгойг тодорхойлж, тогтворжуулах чиглэлээр ажиллана” гэв.

Мөн тэрээр “Тусгай хамгаалалттай газрын захиргаадтай хамтран менежментийн болон бизнес төлөвлөгөө боловсруулах үйл ажиллагааг хэрэгжүүлнэ. Тусгай хамгаалалттай газар нутгийн чиглэлээр хэрэгжиж буй тогтвортой хөгжлийн төслүүдийг санхүүжүүлнэ. Эцэст нь Тусгай хамгаалалттай газар нутгийн талаарх ойлголтыг иргэдэд сурталчлах чиглэлийн үйл ажиллагааг санхүүжүүлнэ. Герман улсын Засгийн газраас үзүүлж буй биологийн олон янз байдлыг хамгаалах чиглэлийн хамгийн том тусламж, хөрөнгө оруулалт гэдгийг дурдах нь зүйтэй” хэмээсэн.

Монгол Улс нь газар нутгийнхаа 17 хувийг тусгай хамгаалалтад авсан байдаг. Харин орон нутгийн тусгай хамгаалалтад 64 сая га газар байдаг ажээ. Мөн улсын хэмжээнд 30 гаруй Тусгай хамгаалалттай газар нутгийн  захиргаа байгуулагдан  үйл ажиллагаа явуулж байна. Тусгай хамгаалалттай газрын захиргаадаас нэжгээд төлөөлөгч төслийн нээлтийн үйл ажиллагаанд оролцсон. Говийн их дархан цаазат газрын “А” хэсгийн хяналт шалгалт хариуцсан мэргэжилтэн Б.Анхбаяр ажлын онцлогийн талаар “Тусгай хамгаалалттай газрын байгаль хамгаалагчдад нэн түрүүнд дуран, GPS, бие хамгаалах хэрэгсэл болон сайн чанарын мотоцикл хэрэгтэй байна. Манай Тусгай хамгаалалттай газар 4.6 сая га газрыг хамардаг бөгөөд, улсын хэмжээнд хамгийн томдоо орно.  Эдийн засгийн хүндрэлээс болж бензин, шатахууны хүрэлцээ муу байна. Хулгайн ангийн асуудал Тусгай хамгаалалттай газар нутагт харьцангуй гайгүй. Орчны бүс нутагт энэ асуудал гардаг. Мөн алтны нинжа нар хамгаалалтын бүс нутагт орж газар ухах асуудал мэр сэр гаргадаг. Сүүлийн үед уур амьсгалын өөрчлөлтөөс болж ан амьтад шилжилт хөдөлгөөн хийх болсон. Дархан цаазат бүс нутгийн доторх уст цэгүүдийн хооронд энэ мэт шилжилт хөдөлгөөн гарч байна” гэлээ.

Төслийн зорилго, үр дүнгийн талаар Төслийн зохицуулагч Б.Оргилоос тодруулахад “Улсын хэмжээнд үйл ажиллагаа явуулж буй 99 тусгай хамгаалалттай газар нутгийг хариуцдаг 33 захиргаа төсөл бичин санхүүжилт авах зарчмаар ажиллана. Төслийн гол зорилго нь Тусгай хамгаалалттай газрын болон орчны сав газрыг цогцоор нь менежмент үр ашигтай байдлыг дээшлүүлэх явдал юм. Мөн ховордсон ан амьтан, ургамлын тоо толгойг тогтворжуулах, бүс нутагт амьдарч буй иргэдийн амьжиргааг дээшлүүлэх зорилготой. Монгол орны улаан номд орсон, ховордсон болон ховордож буй амьтан, ургамлын зүйлүүд байгаа. Хамгаалалтын захиргаадыг байгуулж эдгээр амьтан, ургамлын зүйлийг хамгаалалтад авсан байдаг” гэлээ.

Тусгай хамгаалалттай газрын орчны бүс нутагт амьдарч буй малчин өрхүүдэд дэлхийн дулаарал, цаг уурын өөрчлөлтаас шалтгаалж төрөл бүрийн хүндрэл учирдаг. Дээрх төсөл хэрэгжснээр  малчин өрхөд учирдаг байгалийн сөрөг нөлөөлөл тодорхой хэмжээгээр багасах нь. Мөн Тусгай хамгаалалттай газрын захиргааны ажилтнууд дэлхийн жишигт нийцсэн техник хэрэгслээр албан үүргээ гүйцэтгэх аж. Ингэснээр хойч үедээ атар дагшин газар нутгийнхаа нэгээхэн хэсгийг үлдээх боломжтой болно.

0 Сэтгэгдэл
Хамгийн их уншсан