Билгийн

Доллар (USD)

Улаанбаатар

“Эрдэнэс Тавантолгой” 200 ажилтнаа Хятадын “TT JV CO” компанид шилжүүлснээр ямар үр дагавар гарах вэ

Б.ШИРНЭН

Захиалагч, “Эрдэнэс Тавантолгой” болон гүйцэтгэгч “TT JV CO” компанийн хооронд хийгдэх гэж байгаа “Уул уурхайн хамтын ажиллагааны гэрээний нэмэлт өөрчлөлт” бараг бэлэн болжээ. Гэхдээ гэрээг орчуулж, Гадаад хэргийн яамаар баталгаажуулан ажилчдад танилцуулаагүй байгаа учраас “Эрдэнэс Тавантолгой” компанийн ажилчид өөрсдөд байгаа гэрээний хуулбарыг барьж, гэрээний заалт эрх ашиг хөндөж байгааг засаж залруулах ёстой хэмээн суулт зарлаад хоёр хонов. Уржигдар “Эрдэнэс Тавантолгой” компанийн ТУЗ-ийн гишүүд адил тооны ажилчидтай зөвлөлдөх уулзалт хийсэн ч, “Хятадын талын компанид 200 ажилтанг шилжүүлэхгүй байх” гэсэн асуудлаар тодорхой ойлголцож чадаагүй юм. Тиймээс ажилчид өчигдөр суултаа үргэлжлүүллээ. Тэдэнтэй компанийн удирдлага уулзаагүй бөгөөд ямар нэг шинэ мэдээлэл өгөөгүй байна.

Харин бидэнд олдсон мэдээллээр хоёр компанийн хооронд хийгдэх “Уул уурхайн хамтын ажиллагааны гэрээний нэмэлт өөрчлөлт” нь өнгөрсөн есдүгээр сард бэлэн болж. Ингээд, ажилчдын эрх ашгийг зөрчиж байгаа гэх заалтууд нь гэрээний 18-ын “Хөдөлмөр эрхлэлт, хөдөлмөр” заалтаар зохицуулагдаж байгаа юм байна.

Тухайлбал, 18 дугаар зүйлийн 2-т “Захиалагчийн төлөөлөгчид тухайн ажилтай холбоотойгоор ажилд авсан аливаа ажилтныг сахилга бат зөрчсөн, чадваргүй эсвэл хайнга эсвэл аюултай байдлаар ажилладаг гэсэн үндэс суурьтай саналаар Захиалагчийн төлөөлөгчид Гүйцэтгэгчээс уурхайн газар нутгаас эсвэл ажилтай холбоотой аливаа үйл ажиллагаанаас холдуулахыг зааварчилж болно. Энэ төрлийн зааварчилгааг бичгээр ирүүлэх ёстой ба холдуулах шалтгаануудыг дурдсан байна.

Мөн 18.3-т “Гүйцэтгэгч нь Захиалагчийн (он, сар, өдөр)-с өмнө уурхайд ажиллаж байсан бүх ажилтнуудад үйл ажиллагаа эхлэх он сар өдрөөс идэвхитэй болох ажил эрхлэлтийг Хавсралт 13-т зааснаар (энэ хавсралтад одоогийн уурхайн ажилчдын нэрс байх юм-сэтгүүлч) яаралтай санал болгоно. Гүйцэтгэгч нь одоо байгаа уурхайн ажилтнуудыг Хавсралт 13-т заасны дагуу өөрийн ажилтнуудын адил цалин тэтгэмжийн түвшинд хамгийн багадаа үйл ажиллагаа эхлэх он сар өдрөөс эхлэн (12) сар авч ажиллуулна; Гүйцэтгэгч нь тухайн эхлэх он сар өдрөөс өмнө байсан одоо байгаа уурхайн ажилтуудын аливаа цалин, тэтгэмж эсвэл бусад эрхэд үүрэг хүлээхгүй. Тухайн 12 сарын хугацаанаас өмнө Гүйцэтгэгч нь одоогийн байгаа уурхайн аль ч ажилтны ажил эрхлэлтийг зогсоож болох ба Гүйцэтгэгчийн төлөөлөгчдийн үндэс суурьтай саналаар тухайн уурхайн ажилтанг сахилга бат зөрчсөн, чадваргүй эсвэл хайнга эсвэл аюултай байдлаар ажилладаг гэж үзсэн байна” гэж бичжээ.

Хэрвээ дээрх гэрээний заалтуудыг өөрчлөхгүй бол “Эрдэнэс Тавантолгой” компаниас Хятадын “TT JV CO”-д шилжин очих, монголын ажилчдад ямар асуудал үүсэх нь тодорхой бичигдсэн байгаа юм. Өөрөөр хэлбэл, нэгдүгээрт цалингийн асуудал. “Эрдэнэс Тавантолгой” компанийн уурхайн ажилчид дунджаар 1.2 сая төгрөгийн цалин авч, тэг зогсолт хийсэн үед цалингийн 60 хүртэлх хувийг авдаг. Тэгвэл “Эрдэнэс тавантолгой” компанийн ажилчид Хятадын компанид шилжсэн тэр мөчөөс эхлэн өмнө хийсэн гэрээ болоод цалингийн нөхцөл тэр чигтээ үйлчлэхгүй болж байгааг 18.3 дахь заалтаас харагдаж байна. Үүнээс гадна багадаа 12 сар ажиллуулах ёстой гэж заагаад үргэлжүүлэн ажиллуулах талаар дурдаагүй байгаа ч “TT JV CO” нь ...одоогийн байгаа уурхайн аль ч ажилтаны ажил эрхлэлтийг зогсоож болох ба...үндэслэлтэй байна... гэжээ. Энэ нь ажилчид цаашид тогтвортой ажиллах баталгаагүй гэдгээс өөрцгүй сонсогдож байна.

Угтаа, Тавантолгой бол монголын бүх ард түмний мэдлийн тэр дундаа улсынх нь иргэд хувьцаа эзэмшдэг цорын ганц орд. Мөн дэлхий дээр ашиглагдаагүй байгаа нүүрсний нөөцөөр нэгт бичигддэг билээ. Гэвч энэ ордын Зүүн цанхид үйл ажиллагаа явуулах “TT JV CO” гэх Хятад эзэнтэй компани, манай талаас төрийн өмчит “Эрдэнэс Тавантолгой” хамтран Хөдөлмөрийн тухай хууль, хамтын гэрээ зэрэг ажилчдын эрх ашгийг хамгаалсан гэрээ, шийдвэрийг дордуулж “Уул уурхайн хамтын ажиллагааны гэрээний нэмэлт өөрчлөлт” бэлтгэсэн байгаатай ажилчид тэмцэхээс аргагүй. Суулт зарлаж буй тэдний дунд ипотекийн зээлийн гэрээгээ захирлууддаа харуулахаар авчирсан уурхайчин хүртэл байсан юм. Тэрээр хэрвээ гэрээнд бичигдсэнчлэн цалин, урамшуулал болоод ажлын байрны асуудал гарвал, цаашид орон сууцны зээлээ хэрхэн барагдуулах талаар санаа зовинож буй. Үүний адилаар Хятад компанид хаяглагдсан даруйдаа хаягдах вий гэсэн ажилчид дээрх заалтыг хүчингүй болготол суултаа үргэжлүүлэхээр шийдээд байна.

0 Сэтгэгдэл
Хамгийн их уншсан