Билгийн

Доллар (USD)

Улаанбаатар

ИРГЭД ЭЭ, “ГЭМТ ХЭРЭГТЭН”-ҮҮДИЙГ БҮҮ СОНГООРОЙ

УИХ, НИТХ-ын сонгууль хаяанд ирлээ. Нэр дэвшигчид өөрсдийгөө магтан дуулах сурталчилгааны ажилдаа шамдаад тун завгүй явна. УИХ-ын ээлжит сонгуульд л гэхэд 11 нам, хоёр эвслээс болон бие дааж нийт 544 хүн нэр дэвшихээ мэдэгдээд буй. Тэднээс 354 нь сонгуулийн 26 тойрогт, 190 нь жагсаалтаар нэрээ дэвшүүлж сонгуульд оролцох нь.

Сонгуульд нэрээ дэвшүүлнэ, УИХ-д ард түмний төлөөлөл болно хэмээн мөрөөдөж, хөөрцөглөж яваад бүдэрч унасан нь ч байна. Шалтгаан нь гэмт хэрэгт холбогдож,  амьдралдаа үлдээсэн хар толбо нь ард түмний төлөөлөл болох мөрөөдөлд нь том тээг болсон гэхэд болно. Тухайлбал, “Сод Монгол” группийн захирал Ц.Анандбазар Дорноговь, Говьсүмбэрт, АМГ-ын дарга асан Д.Батхуяг Хөвсгөл аймагт УИХ-ын сонгуульд нэрээ дэвшүүлэхээр зэхсэн ч, АТГ-ынхан тэднийг гэмт хэрэгт холбогдуулан шалгаж байгаа учир “аав”-ынд хорьчихоод буй. АТГ-ын дэргэдэх Олон нийтийн зөвлөлийнхөн АТГ-т ХЗДХ-ийн сайд Ц.Нямдорж, ЗГХЭГ-ын дарга Ч.Хүрэлбаатар, ЭБЭХ-ний сайд Д.Зоригт нарыг шалгуулахаар гомдол гаргасан гэнэ.

Тус газар УИХ-ын гишүүн Ц.Батбаяр, Х.Наранхүү нарын нэр дээр аль эртнээс хавтаст хэрэг дугаарлачихсан шалгаж байгаа. Энд нэр дурдсан эрхмүүд сонгуульд нэрээ дэвшүүлчихсэн, дахин УИХ-ын гишүүний сэнтийд заларчих юмсан гэж мөрөөдөж, энхийн цагаан тагтаа болчихсон мэтээр “Би зөвхөн та нарын төлөө л ажиллана” хэмээн ард түмний тархийг угаах кампанит ажлаа хийж яваа. Тэгээд ч Сонгуулийн тухай хуулийг өөрсдөдөө тохируулаад баталчихсан. Тодруулбал, уг хуульд “Ял шийтгэлгүй хүн сонгуульд нэрээ дэвшүүлэх эрхтэй” гэсэн утгатай заалт бий. Ял шийтгэлийг зөвхөн шүүх л онооно. Тэгэхээр хэчнээн хэрэгт холбогдсон ч тухайн хэрэг нь шүүхийн шатанд очиж, хэлэлцэгдээгүй л бол тэр хүн нэрээ дэвшүүлэх эрхтэй болж байгаа юм. Магадгүй, гэмт хэрэг үйлдчихээд төрийн хамгаалалтад орохын тулд сонгуульд нэрээ дэвшүүлсэн гэдгийг ч үгүйсгэх аргагүй. Одоогийн УИХ-ын гишүүд дунд гэмт хэрэг үйлдсэн нь тодорхой болчихоод байхад “Би УИХ-ын гишүүний бүрэн эрхтэй” хэмээн даналзаж суусан бодит жишээ бий.

Тиймээс Сонгуулийн тухай хуульд “Өмнө нь ямар нэг байдлаар гэмт хэрэгт холбогдсон, хуулийн байгууллагаар шалгуулж байгаа бол сонгуульд нэр дэвшүүлэхгүй” гэсэн заалт оруулсан бол гэж бодоход ч хүргэж байна.    
АТГ-ынхан одоогоор авлига, албан тушаалтай холбоотой эрүүгийн 38 хэрэгт төрийн өндөр болон дунд шатны албан тушаалтнуудыг холбогдуулан шалгаж байна. Иргэдээс гэмт хэргийн шинжтэй 24 гомдол, мэдээлэл ирээд байгааг ч тус газрынхан хэлсэн. Хэрэгт холбогдуулан шалгаж буй хүмүүсийн дунд  УИХ-ын болон нийслэл, орон нутгийн сонгуульд нэрээ дэвшүүлж буй хүн ч цөөнгүй байгаа гэнэ. Эх сурвалжийн хэлснээр дээрх эрүүгийн 38 хэргийн тал хувьд нь сонгуульд нэр дэвшигчид холбогджээ.

АТГ-ын Мөрдөн шалгах хэлтсийн дарга Э.Амарбат “Сонгуульд нэр дэвшиж буй хүмүүсээс хэрэгт холбогдуулан шалгаж байгаа нь бий. Одоохондоо энэ талаар мэдээлэл өгөх боломжгүй. Ямар ч байсан тодорхой нам, эвсэл, хувь хүн сонгуульд оролцож байна. Ийм тохиолдолд бид энэ хүн шалгагдаж байна гэж ярих нь зохимжгүй. Учир нь, тэр хүний гэмт хэрэг үйлдсэн нь хангалттай нотлогдож тогтоогдсон юм уу, үгүй юү гэсэн асуулт гарна. Үр дүн гараагүй байхад бид нэр усыг нь зарлаж болохгүй.  Ер нь, АТГ аливаа хэргийг шалгаж дууссаныхаа дараа мэдээлэл өгдөг шүү дээ” хэмээжээ.

Уг нь, зарим нэр дэвшигч үнэхээр гэмт хэрэгт холбогдсон, тэр нь хөдлөшгүй баримтаар нотлогдоод эхэлсэн бол олон нийтэд зарлаж яагаад болохгүй гэж. Ард түмэн чухал сонголт хийх гэж буй энэ цаг үед ялангуяа, тэдний төлөөлөл болох гэж буй зарим хүн, холбогдсон хэргийнх нь тухай мэдээллийг нээлттэй болгох шаардлагатай гэдгийг ч хэлэх хүн олон бий. Хэрэв ингэвэл ард түмэнд сонголтоо зөв хийхэд туслаж байна гэсэн үг. Нөгөө талаар хууль хяналтынхан ажлаа хэвийн үргэлжлүүлэх нөхцөл ч бүрдэнэ. Ингэж хэлэхийн учир гэмт хэрэгтэн УИХ-ын гишүүн болчихоод хууль хяналтынхныг элэг барьж, ажлаа хийхэд нь саад болдог жишиг манайд тогтоод удаж байгаа шүү дээ. Ийм байдал үүсэхээс урьдчилан сэргийлэх нэг арга бол зарим нэр дэвшигчийн холбогдсон хэргийг, тэдний нэр усыг  олонд зарлах. Хууль хяналтынхан мөрдөн байцаалтын нууц гэж хууль, журам ярих байх л даа. Гэхдээ энэ удаад ард түмний эрх ашгийг нэгдүгээрт дугаарлачихаж болохгүй гэж үү.  Дэлхийн банкны зөвлөх Ричард Мейсик  “Авлигын хэрэгт нэр холбогдоогүй хүний төлөө саналаа өгөхийг монголчуудад уриалж байна” гэж ярьсан.  Ингэж гадаадынхан хүр­тэл монголчууд бидний хийх гэж буй сонголтод анхаарал хандуулж гэмт хэ­рэгт холбогдсон ялангуяа авлига, албан ту­шаалын хэрэгт нэр холбогдсон л бол тухайн нэр дэвшигчид саналаа бүү өг гэж зөвлөж байна.

0 Сэтгэгдэл
Нар бол эрх чөлөө. Эрх чөлөөг хэн ч үгүйсгэхгүй биз ээ. Бүгд нар луу нисцгээе
Хамгийн их уншсан