Билгийн

Доллар (USD)

Улаанбаатар

Тэвнээр тусалсан ч багадахгүй...


ГССҮТ-ийн Эрчимт эмчилгээний тасгийн сахиурын өрөө. 2015.10.27

Тэнхэлүүн явахад тэмээгээр туслахаар тэвдэж явахад тэвнээр тусла гэдэг. Чимхийн төдий ч хамаагүй чин сэтгэлийн тус дэм хүрч буй хүндээ хэзээд багаддаггүй нь мэдээж. Улс орны байдал, эдийн засаг хүнд үед эмнэлэг, сургууль, цэцэрлэгээс эхлээд нийгмийн салбаруудад хүнлэг сэтгэлээр хөрөнгө оруулалт хийж, нийгмийн хариуцлагаа биелүүлэх албан байгууллага олширчээ. “Төр хийх ёстой, төр өгөх ёстой” гэх үзлээр төрийн нуруунд тохсон ачааг улам бүр хүндрүүлж, ачаан дээр ачаа бололгүй өөрсдийгөө бол­го­хын зэрэгцээ өрөөлийг ч дэмжиж туслах хувийн хэвшлүүд бий.

1960 онд Клиникийн I эмнэлэгт 20 ортой гэмтлийн тасаг байгуулагдсан нь одоогийн Гэмтэл согог судлалын үндэсний төвийн үндэс суурь болсон түүхтэй. Улмаар 1976 оноос бие даасан эмнэлэг болж, хожим 2006 оны арваннэгдүгээр сард Эрүүл мэндийн сайдын тушаалаар Гэмтэл согог судлалын үндэсний төв болон өргөжжээ. Хүн ардын эрүүл мэндийг сахин хамгаалах үйлсэд 55 жил хүчин зүтгэсэн эмнэлгийг “гэмтэлтэй гэмтлийн эмнэлэг” гэх нь бий. Арга ч үгүй юм, өнгөрсөн хугацаанд эмнэлгийн барилгад олигтой засвар үйлчилгээ хийсэн нь ховор. Улсдаа цор ганц эмнэлгийн ачаалал өдгөө хоёр дахин ихэссэн ч өдийг хүртэл гал алдалгүй ажилласаар.

ГССҮТ-ийн хамгийн их ачаалалтай тасаг бол бидний “сэхээн амьдруулах” хэмээн нэрлэж заншсан Эрчимт эмчилгээний тасаг. 12 ортой эл тасаг арваад жилийн өмнөөс ачаалал нэмэгдүүлж ажилласаар өдий хүрчээ. Яаралтай хагалгаанд орсон, биеийн байдал хүнд, ухаан оролгүй удсан гээд хамгийн хүнд өвчтөнүүд эрчимт эмчилгээний тасагт эмчилгээ хийлгэдэг учир байнгын сахиуртай байх нь чухал. Мэс заслын үед үүсдэг хүлээлт, эргэлтээс гадна сахиурын ая тухыг хангахуйц орчин нөхцөл бүрдүүлэх нь эмнэлгийн хүлээх үүрэг ч гэлээ төсөв хөрөнгийн хүрэлцээ муугаас урсгал засвараа ч цаг тухайд нь хийж хүчирдэггүй аж. Эрчимт эмчилгээний тасгийн сахиурын хүлээлтийн өрөө хүний хөлөөр тасардаггүй болохоор эд хогшил нь элэгдэл хорогдох нь мэдээж. Мөн хүнд өвчтөнүүд энэ тасагт нас барах нь цөөнгүй. Ойр дотны хүнээ алдсан ар гэрийнхэн нь сэтгэл санааны хямралаас үүдэж хүлээлтийн өрөөний эд хогшлыг эвдэж хэмхлэх нь ч бий гэнэ. Түүнчлэн, 2013 онд дулааны шугам хагарснаас өрөө бүхэлдээ чийг авч, өмхий самхай ханхлах болсон байна. Энэ мэтчилэн их засварт орох шаардлагатай болсон сахиурын өрөөнд сайн санаат хамт олон иж бүрэн засвар хийж эмнэлгийн үйл ажиллагаанд хувь нэмэр оруулжээ. “Рапид” сангийн хамт олон өөрсдийн хөрөнгөөр өрөөг тохижуулж өчигдөр хүлээлгэн өгсөн юм. 33.5 мкв талбай бүхий өрөөг 30 орчим хүний сандал, өлгүүр, хоёр хүний ортой болгосноос гадна цай, кофе, түргэн хоолоор үйлчлэх боломж бүрдүүлжээ.
“Нийгмийн сайн сайхан байдал компаных нь үнэт зүйлтэй ижил буюу нийцтэй байх ёстой” хэмээн нийгмийн хариуцлага гэх ойлголтыг товчоор тодорхойлжээ. Нийгэм, нийтийн сайн сайхны төлөө үйлчилж буй ГССҮТ-ийн үйл ажиллагааны хүртээмжтэй байдлыг өөрсдийн үнэт зүйлтэй жишиж буй уг сан цаашид ч нийгэмд чиглэсэн олон сайн үйл бүтээхээр төлөвлөөд байгаа аж.

Э.Насанжаргал: Энэ бол сангаас хийж хэрэгжүүлж буй эхний ажил

Сахиурын өрөөний нээл­тийн ажиллагааны дараа “Рапид вишн” сангийн гүйцэтгэх захирал Э.Насанжаргалтай ярилцлаа.

-Юуны өмнө сангийнхаа үйл ажиллагаа, үүсэл хөгж­лийг танилцуулахгүй юу?
-Манайх “Рапид девелоп­мент” группийын дэргэдэх “Рапид вишн” гэдэг сайн үйлсийн сан байгаа юм. Компанийхаа нийгмийн хариуцлагыг биелүүлэх үүднээс өнгөрсөн зургадугаар сард байгуулагдсан. Сангаас хийж хэрэгжүүлж буй эхний ажил энэ төсөл юм. Гэмтлийн эмнэлгийн ачаал­лыг надаар хэлүүлэлт­гүй мэдэж байгаа байх. Тэр дундаа Эрчимт эмчилгээний тасаг илүү их ачаалалтай нь. Тиймээс сахиурын өрөө зайлшгүй байх шаард­лагатай гэж үзсэний үндсэн дээр манай хамт олон тасгийн сахиурын өрөөний засварыг цогцоор нь шийдэж өглөө.

-Засварын ажил хийхээс өм­нө өрөө ямархуу байсан бэ?
-2013 оноос хойш засвар хийгээгүй, 00-ийн өрөөнд нь байнга ус алддаг. Үүний улмаас бохирын эхүүн үнэр өрөөгөөр нэг үнэртдэг байсан. Сахиуруудын ая тухыг хангах сандал суудал ч хомс, хоол унд идэж уух аргагүй тийм л байлаа.

-Хэчнээн төгрөгийн өртөгтэй засвар хийсэн бол?
-Сахиурын өрөө, 00-тойгоо нийлээд 33.5 мкв талбайтай. Бид цонх, шал, хана, таазнаас өгсүүлээд цахилгааны холболт, сангийн шугам сүлжээг шинэчилж, тавиур, өлгүүр, сандал, ор гээд бүх л зүйлийг цогцоор засахыг хичээсэн. Нийт 15.5 сая төгрөгийн өртөгөөр бүтсэн. Түүнчлэн, эмнэлгийн нэг цэгийн үйлчилгээний дэргэдэх хамгаалах байрны хүүхдийн тасгийн ханыг хүүхэлдэйн баатруудын зургаар чимж, тохижуулан тоглоом бэлэглэлээ.

-Цаашид хийж хэрэгжүүлэхээр төлөвлөсөн ажил бий юу?
-Яг ийм тийм гэж ам гарахгүй ч төлөвлөсөн зүйл бий. Энэ дашрамд бусад байгууллагуудыг ч нийгмийн хариуцлагаа ухамсарлаж, нийтэд чиглэсэн ажил хийгээсэй хэмээн уриалж байна.

0 Сэтгэгдэл
Хамгийн их уншсан