Билгийн

Доллар (USD)

Улаанбаатар

Ганга нуур - Монгол Улсын Үндэсий цогцолборт газар

Сүхбаатар аймгийн Дарьганга сумын төвөөс зүүн урагш 11 километрт Молцог элсний зүүн хойд захад орших  4 хавтгай дөрвөлжин километр талбайтай,  элсэнд боогдон тогтсон нуур юм. Эрт үеэс шүтэж ирсэн Дарь уул, Ганга нуур хоёрын барилдлагыг бэлгэдэн Дарьганга гэдэг нэрийг энэ газар нутагт хайрлажээ. Ганга нуур нь талбай бага хэдий ч цэнгэг устайн дээр өвөрмөц бичил уур амьсгалыг бүрдүүлдэг. Ганга нуур, Молцог элс, түүний захаар орших Холбоо, Сүмт зэрэг нууруудыг хамарсан 32860 га талбай бүхий нутгийг 1993 онд улсын хамгаалалтанд авчээ. Ганга нуурын эрэг дагасан хайлаасан ой, тэхийн шээг, моносон төгөл бүхий улаан бургасанд хун шувуу зай завсаргүй ирж буухаас гадна цэн тогоруу ирнэ.

Хун шувуу бол Ганга нуурын бэлгэдэл юм. Монголчуудын дунд “Мянган хунгийн чуулган” хэмээн алдаршжээ. Ганга нуурыг усыг 21 булаг тэтгэн тэжээдэг бөгөөд тэдний гол амин судас нь Дагшин оргихын булаг юм. Тэр булаг нуурын зүүн хойно 50 метр зайд газрын гүнээс оргилон гардаг бөгөөд маш тунгалаг хүйтэн устай. Нарийн ширхэгтэй элсний доороос даргилан буцалж байгаа юм шиг оргилон гарах бөгөөд чангаар дуугарах тусам улам ихээр элс бужигнан оргилдог онцлогтой билээ. Гэвч Ганган нуур мөхөхийн даваан дээр иржээ. Сүүлийн жилүүдэд нөгөө л дулаарал, цөлжилт, уул уурхайн хөгжил, хулгайгаар мод бутыг нь огтолсноос үүдэн нуурын ус эрс татарч, 21 булаг нь цөөрч, зарим жил хун шувууд чуулахгүй болсон гэж ч ярьдаг болжээ. Ганга нуурын тухай ийм нэгэн домог бий. Халхын То вангийн харъяат ардуудаас хэсэг мөргөлчид Энэтхэгийн Ганга мөрний уснаас амсахаар явах болжээ. То ван тэрхүү мөрний уснаас хоёр дашмагийг авчруулан энэ нуурт хийлгэснээр Ганга нуур хэмээн нэрийдэх болсон ажээ.  Ганга гэдэг нь үүрд ширгэшгүй ундран оргилдог мөнх гэсэн утгатай үг ажээ. Өөр бас нэгэн домогт, хэзээ ч юм нэгэн цагт Энэтхэг оронд номын мөр хөөж одоод нутагтаа эргэж ирсэн нэгэн мөргөлчин Ганга мөрний рашаанаас бумбанд хийж залаад түүнийгээ нуурын хажууд орших Молцог элсний хормойд булсан юм гэнэ. Хожим түүнээс булаг оргилж,  Ганга нуур үүссэн гэсэн домог бас бий.

Хунгийн чуулган: Усны шувууд дэлхийн бөмбөрцгийн хойд талаас эхлэн сэрүүсэхээр хүйтэнд шахагдан хоол тэжээл, дулаан нутаг бараадан намрын турш аажмаар урагшилдаг. Энэ урагш чиглэсэн нүүдэл нь Өмнөговь, Дорноговь, Баянхонгор чиглэээр нисэх боломж бараг байдаггүй байна. Яагаад гэвэл тэнд цөл, говийн бүс үлэмж их үргэлжилж нуур цөөрөм байхгүйтэй холбоотой. Монголын нутаг дээгүүр шувууны гурван их зам гардгийн нэг нь Сүхбаатар аймгийн өмнүүр гарах бөгөөд тэнд байх олон нуур цөөрмүүд ажээ. Түүний нэг нь Ганга нуур юм.  10 дугаар сард Сүхбаатар аймаг руу ирэх дотоодын аялагч нарын тоо эрс нэмэгддэг. Жуулчдын үзэх дуртай зүйлүүдийн нэг болоод байгаа үзэсгэлэнт хун шувуудын чуулганыг харах арга хэмжээг сүүлийн үед нэгдсэн зохион байгуулалттай болгохоор тус аймгийн Байгаль Орчин Аялал Жуулчлалын хэлтэс, Дарьганга сумын захиргаа зорьж байгаа ажээ.

Буцаж буй шувуудын хойноос сүү сааль өргөдөг заншил Монголд огт байгаагүй байна. Шувуудын араас нулимс унагах, харж гиюүрэх зэрэг нь муу ёр гэж үзсээр иржээ. Явж байгаа амьтан үлдэж байгаа бүхний хамаг сайн сайхныг хаман оддог хэмээн үзэж хаалга үүдээ хүртэл хааж түгждэг заншилтай.

Эх сурвалж: Ч.Буянбадрах "Монгол орны лавлах" эмхэтгэл ном

1 Сэтгэгдэл
Unheer goy ym bn
Хамгийн их уншсан