Билгийн

Доллар (USD)

Улаанбаатар

27 насандаа хорвоог орхисонд домог Курт Кобайн

Нирвана. Энэ үгийг сонссон уу? Ариусч, гэгээрч, бурханы хутгийг олох гэсэн утгатай санскрит үг. Харин энэ үг өнөө үед монголчууд бидний сайн мэдэхгүй боловч шинэ үеийн хөгжим нөлөөнд нь байсаар байгаа нэгэн хамтлагийн нэрээр алдаршсан байдаг. Тэр бол Нирвана. Гранж рокоор дуулж, шинэ хөгжмийн суурь ойлголтуудыг тодорхойлолцсон хамтлаг. Харин тэр хамтлагийг түүний ахлагч, дуучин, гитарчин Курт Кобайны, амжилтынхаа хажуугаар амиа хорлосон гунигт түүх дагаж явдаг. Тэр 1994 онд амиа хорлосноор хамтлагийн уран бүтээл зогссон. Харин үлдээсэн бүтээлүүд нь бусад шоу группуудынх шиг бүдгэрэн хуучирсангүй, эсрэгээрээ, он жилүүд өнгөрөх тусам түүний шүтэн бишрэгчид нэмэгдэж, цомгууд нь хэдэн жил болоод л худалдаандолдохоо больдог, тэгээд ахин хэвлэдэг байх юм. Бүүр хожим, 2001 оны 7 дугаар сард Курт Кобайны бэлэвсэн эхнэр Куртнэй Лоов нь хамтлагийн гишүүн асан Крис Новосэлик, Дэйв Гроол нартай “You Know You’re Right” дууны зохиогчийн эрхийн төлөө шүүхээр заалдаж байв.

Бас Нирванагийн You Know You’re Right цомог нь Куртийг үхсэнээс хойш 8 жилийн дараа, 2002 онд Биллбоардын Модерн Рок жагсаалтыг дөрвөн долоо хоногийн турш тэргүүлж байлаа. Аль 1993 оны In Utero буюу монголоор “үтрээн дотор” гэсэн нэртэй цомог нь өнөөг хүртэл чадалтай цомог хэвээр. Тэгвэл тэр үзэгдлийн гол дүр, Нирвана хамтлагийн ахлагч, дуучин, амиа хорлогч, домогт Курт Кобайн гэж хэн бэ?

Нирванагийн дуучин, гитарчин Курт Кобайн 1967 оны 2 дугаар сарын 20-нд Хокуам хэмээх бяцхан хотод төржээ. Түүнийг төрсний дараахан гэр
бүл нь Вашингтоны Абэрдийнд нүүж очив. Куртийн хүүхэд нас аз жаргалтай байсан боловч эрүүл мэнд нь маш муу байлаа. Түүний уушиг, ходоод
нь өвчлөлтэй байв. Гэсэн ч Курт, 7 настай байхад эцэг эх нь салах хүртэл маш их аз жаргалтай байжээ.

Гэр бүл салснаар нэг хамаатныхаасаа нөгөө хамаатныхаа гэрт шилжин амьдрах болж, “Энэ явдал түүний амьдралыг өөрчилсөн.
Тэр бүрмөсөн өөрчлөгдсөн. Тэр маш бүрэг болж, нүүр нь байнга ичиж улайдаг болсон” гэж түүний ээж Вэнди дурсан ярьжээ.
Тэр аавынхаа гэрт байхдаа хөгжимд нэвт орж, Аэросмит, Лэд Зэппэлин ба Блак Саббат нарын рокийг сонсож өнжинө.
Аав нь Куртэд бэйсбол санал болгосон ч, Курт тоглоомонд санаатайгаар саад хийнэ. Харин Курт гитар, басс тоглодог Скотт ба Энди гэдэг хөвгүүдтэй танилцаж, Куртын амьдрал эндээс хөгжимтэй холбогдож эхэлсэн байна.

Хүүхэд нас нь саарал, бүрэг зөрчилдөөн дунд өнгөрсөн Курт рок хөгжмийн гайхамшгийг мэдэрч, 1985 онд хэсэг хугацаанд бие хамгаалагч хийж байхдаа 19 настай, югослав гаралтай Крис Новосэликтэй танилцаж, 1987 онд хамтарч тоглож үзээд хамтлаг байгуулахаар шийдсэн байна. Тэр дотоод сэтгэлийн зөрчил, нийгмийн талаар өөрийн бодлыг илэрхийлэхээр шийдсэн байлаа.
Хүмүүсийн утга учиргүй хүчирхийлэл, оюун санааны дайсагнал, бузар булай бүхэн 1987 онд Крис, Курт хоёр хамтлагаа Нирвана гэж нэрлэхэд хүргэлээ. Ийнхүү Америкийн агуу нийгэм өөрийнхөө арчаагүйгээс Нирвана хамтлагийг төрүүлэв.

Тэд анхандаа мөнгө хөөж Олимпийн үдэшлэгт тоглодог байв. Харин 1987 онд продюсер Жак Эндиногийн хамт арван дуу бүтээлээ. Дуунаас дуунд, концертоос концертод Нирвана эрс чадваржсаар 1989 оны хавар, анх ердөө л 600 доллараар бичигдэж цацагдсан “Bleach” дэбют цомог нь коллежийн радиогоор хитүүдийн жагсаалтанд алгуур орж ирлээ. “Bleach” цомог 35 000 хувь зарагдаж, Нирвана хамтлаг коллежийн радионууд, Британийн долоо хоногийн хөгжмийн хэвлэл, Соник Залуучууд, Мудхонэй, тэгээд Динозавр зэрэг группуудын сонирхлыг татаж эхлэв.

Зун нь Нирвана “Sliver” цомгоо гаргаж, бас авъяаслаг бөмбөрчин Дэйв Гроол үндсэн бөмбөрчнөөр ирлээ. Мөн хамтлаг DGC компанитай 287 000 $-ын гэрээ байгуулж, харин DGC-гээс тэдний цомгийг 100 000 хувь борлуулж, удалгүй ахин 50 000 дахь хувь борлогдож, тэгээд 1992 он гарангуут “Smells Like Teen Spirit” дуу нь тэр гурвыг алдар хүндийн оргилд хүргэв.

Америкийн Топ-10-ын жагсаалтанд домогт Майкл Жексоны “Dangerious” цомгийг шахаж, Атлантын далайг алгасан Британийн Топ10-т орж эхэллээ.

1992 оны 2 дугаар сард тэдний цомог гурван давхар цагаан алтаар бүрэгдэв.

Нирванагийн амжилт хөгжмийн ертөнцийг цочролд оруулж, гайхал төрүүллээ. Тэдний дуунууд хөгжмийн ертөнцөд цоо шинэ үзэгдэл байлаа.
Гайхамшигтай энгийн аяз, цочир түрхрээн, амьдралын тухай ухаалаг хараалын үгс, гранж рокийн туйлын эрх чөлөө тэдний бүтээлд нэвт шингэжээ. Тэдний дуу болгонд тэр бүтээлээ чин сэтгэлээсээ тоглож буй нь илэрдэг байв. “You Know you’re right”, “Sliver”, “Smells Like Teen Spirit” зэрэг дуунууд нь орчин үеийн хөгжмийн сэтгэлгээний үнэт зүйлсээр аймшиггүй оролдсон бүтээлүүд болж
хувирсан байлаа.

Хачин дэмий мөртлөө итгэл үнэмшил болчихсон ойлгомжгүй системүүд үнэхээр байдаг нь т??гээр нотлогдож, оюун санааны эрх чөлөө хичнээн явцуу болж байсан нь тэгж харагдлаа.
Куртын үгс аймшигт хашгираан, эсвэл үхлийн гунигт шивнээ нэвт шингэсэн гранж рок хөгжмөөр хүмүүст хүрч, түүнийг рок хаан болгож, харин багаас нь салахгүй дагаж, олон жил тарчлаасан архаг, хууч үвчин нь Куртийг геройны хэрэглэгч болгов.
Курт найз бүсгүй Куртнэй Лоовтой цагийг өнгөрөөх болж, 1992 оны 2 дугаар сарын 24-нд Куртнэйтэйгээ Хавайд гэрлээд, удалгүй 1992 оны 8 сарын 18-нд охин Фрэнсис Бийн Кобайн Лос Анжелост төрлөө. Харин Куртэд геройноос салах бодол төрсөн ч нэг л завдсангүй.

Есдүгээр сард МTV Видео Мюзик Авардс ёслолын ажиллагаан дээр “Smells Like Teen Spirit” дууны клип нь Шилдэг алтернатив Видеогоор, хамтлаг өөрөө Шилдэг Залуу хамтлагаар шалгарч, Нирвана шүтэн бишрэгчдийнхээ сэтгэл зүрхэнд төдийгүй хөгжмийн ертөнцөд мөнхрөв.
1993 оны хавар, 3 дугаар сарын 2-нд Кобайн геройныг хэтрүүлсэн тунгаар хэрэглэсэн явдал гарч, түүнийг хэвлэлээс тас нуужээ. Дараа сард нь Кобайн амиа хорлохоор завдан угаалгын өрөөнд өөрийгөө түгжиж орхисонд Лоов Сиэтлийн цагдааг дууджээ.

Хэцүү байсан ч удалгүй гайхамшигт “In Utero” цомог мэндлэхэд, удахгүй бүх юм сайхан болно гэж үзэсгэлэнт Куртнэй итгэж байлаа.
Нирванагийн алдар хүнд зогсолтгүй өссөөр, хөгжмийн мэдрэмж, төгс зохилдлогоо нь улам б?р хөгжсөөр, 1993 оны 11 дүгээр сард хүний хөгжмийн түүхэнд урлагийн авъяас ба хөгжмийг чин сэтгэлээсээ тоглохын гайхамшигт бэлэгдэл болж үлдсэн алдарт Нью-Йоркийн Анплаггедаа тоглолоо. Шүтэн бишрэгчид нь галзуурахаа дөхөж, танхим далайн давалгаа шиг л давалгаалж байв. Хөгжмийн шүүмжлэгчид бөөн сенсааци дэгдээж, Анплаггедын нэр алдар дэлхий даяар түглээ.

1994 оны 1 дүгээр сард Америкийн аялан тоглолтоо дуусгахад Нирванаг рокийн эх нутаг Герман орон, дараа нь шинэ соёлын өлгий Италиийн хотууд тэвчээртэй хүлээж байлаа. Нирвана 2 дугаар сарын 29-нд Мюнхэнд бут авч, тэгээд Кобайн Лоовын хамт амрахаар Ром хотод хүрлээ. Харамсалтай нь, олон олон эзэнт гүрэн, суут сэтгэгчдийн мөнх бусыг үзсэн, соёлын эцэг болсон их хотууд Нирвана хамтлагийнхан гурвуул хамт тайзан дээр байгааг эцсийн удаа харжээ.

1994 оны 3 дугаар сарын 4. АНУ-ын Сиэтл хот. Нирвана хамтлагийн ахлагч Курт Кобайн рохипнол хэрэглэж, дарс ууж,тэгээд амиа хорлохоор завдаж, Сиэтлийн цагдаагийн газар Куртыг амиа хорлохоор завдсанд нь буруутгав.

3 дугаар сарын 30-нд Куртнэй Лоов болон Нирванагийн менежерүүд байныг хар тамхины албадан эмчилгээнд оруулсан ч тэр нэг хоноод л эмнэлгээс оргож хэнд ч хэлэлгүй Сиэтл дэх гэртээ ирлээ. Түүнийг улс даяар эрэн сурвалжлав.
Хэн ч үл мэдэх шалтгаанаар, эсвэл огт шалтгаангүй ч байж магадгүй, ямар ч байсан Кобайн үхэлтэйгээ уулзлаа.
Нирванагийн богинохон боловч гал халуун эрин үеийг төгсгөл болгож буун дуу тасхийх хүртэл тэр бүх өвчин зовлон түүний туурвиж байсан хөгжимний цаана халхлагдсан байжээ.

4 дүгээр сарын 5-нд Курт Кобайн Сиэтл дэх гэртээ толгой руугаа бууджээ. Түүний цогцсыг 4 дүгээр сарын 8-нд л олов.

Ройтерс агентлагаар “Дэлхийн алдарт рок хамтлаг Нирванагийн дуучин Курт Кобайн 1994 оны 4 сарын 8-нд Баасан гарагийн өглөө 27 настайдаа Сиэтл хот дахь гэртээ амиа хорлосон байдалтай үхсэн байжээ. Түүнийг засварын ажлаар явж байсан цахилгаанчин олов. Биеийнх нь ойролцоо буу, мөн амиа хорлохдоо бичсэн зурвас олдсон” гэж мэдээллээ.

“Бид бүхэн чадварлаг авъяастан, дотны анд, хайрт нөхөр ба ааваа алдсандаа гүнээ харамсан гашуудаж байна” хэмээн Куртын менежментийн компани Голд Моунтэйн Энтертайнмент хэллээ. Хамтлагийн ахлагч Курт Кобайн үхсэнээр Нирвана хамтлагийн, шатаж дүрэлзэж байсан амжилтын зам нь тасарч, тайзан дээр ахин хэзээ ч үзэгдэхгүй болсон билээ.

Хамтлагийн хоёр гишүүн нь Курт-Нирванагийн хөгжмийг үргэлжлүүлж чадсангүй. Түүний тоглож байсан урсгалд ахин илүү хөгжүүлэх хөгжмийн элемент үлдсэнгүй. Тэд бүхнийг хийсэн. Нирванагийн цомгууд тэр үеэс хойш өнөөг хүртэл борлуулалтаараа дээгүүр байранд байсаар байна. Курт Кобайныг шүтэн бишрэгч зарим фанатикууд түүнийг бурхны элч, Мэссиа байсан гэж итгэж, сүмхүртэл байгуулсаар. Нирванагийн бөмбөрчин Дэйв, гитарчин Крис хоёрыг, оддыг тойрч бүчдэг тэр л хэл ам, цуу үг, хараал ерөөл дагасаар…

Курт дэндүү их юм үлдээжээ. Тэр гранж рокийг туйлд нь хүртэл хөгжүүлээд, панк, пост-панк, инди рокийг дэлгэрүүлж,өмнө нь дэлхийд ямар ч хамтлагийн тоглоогүй урсгалыг гаргасан юм. Тэдний дуунууд гал дөл нь дүрэлзсэн мөртлөө яруу тунгалаг байлаа. Нирванагаас хойш рок хүний сэтгэлгээнд жинтэй байр суурь эзлэх болсон.
Нирваанд хүрэх зам гагцхүү сэтгэлгээний эрх чөлөөгөөр дамжиж байж л боломжтой гэдгийг, түүний тулд хүнд эрх чөлөөнд шунасан агуу их хайр байх ёстой гэдэг үгийг бидэнд хүргэх гэж л Курт Кобайн бүтээж, дуулж, Анплаггед тоглож байжээ.

Нирванагийн үнэ цэнэ нь чухам үүнд байж, түүний дуунуудыг сонсох бүрт Курт Кобайны үгс, Крисийн басс, Дэйвийн нүжигнээн холилдон сүлэгдэж амьдралын утга учрын тухай гашуун мэдрэмж төрүүлнэ. Тэд капитализмд цэг тавьсан тавиад оны оюун санаа ба урлагийн Хиппи эргэлт, уламжлалын хүлээсийг тас татсан наяад оны Сексийн хувьсгалын мөн чанарыг үргэлжлүүлж, хүн төрөлхтний
XX зууны сэтгэлгээнд тод ул мөрөө үлдээсэн постмодерн философийн урлагийн нэгэн илрэл болж байжээ. Чухам тиймээс, өнөөг хүртэл үргэлжилж буй оюун санаан дахь эрх чөлөөний хувьсгалыг талархан дэмжигчид Нирвана хамтлагийн цомгуудаас заавал авч сонсдог учиртай аж.

Харин монголчууд бид урлагийн тухай юу мэдэх вэ? Хүний сэтгэлгээний нэг оргил болсон рок хөгжмийн тухай, түүгээр хүч түрэн илэрдэг оюун санааны эрх чөлөөний тухай, тэр утгаараа өнөө үеийн олон нийтийн философи сэтгэлгээний тухай бид юу хэлж чадах вэ?

Эх сурвалж : Wikipedia

0 Сэтгэгдэл
Гоё нийтлэл байна. Миний шүтээн
Kurt shig setgelgeetei shiniig erelhiilsen zaluusiig doogloj doromjilood bhd ene niigem yaj hugjih ym?
янзын дуутай шүү
тасархай хамтлаг даа одооч дууг нь сонссоор байдаг. Хаяа ганцаараа чихэвч хийгээд чангалаад алхахад янзтайшд
Хамгийн их уншсан