Билгийн

Доллар (USD)

Улаанбаатар

Кесар хагалгааны дараах нөхөн сэргэлт

Кесар хагалгааны дараах нөхөн сэргэлт нь тухайн эмэгтэй нас, биеийн галбир төдийгүй хагалгаа хийлгэх болсон нөхцлөөс шалтгаална. Тиймээс нөхөн сэргэх хугацаа энэ бүхнээс шалтгаалаад янз бүр байдаг.

Өвдөлт

Ямар ч байлаа гэсэн кесар хагалгаа хийлгэсэн эхчүүд нь тодорхой хугацаанд өвдөлт мэдэрнэ гэдэгт бэлтгэлтэй байх хэрэгтэй. Өвдөлт нь оёдол, шархнаас гадна төрсний дараах умайн агшилтаас  үүсдэг. Мөн гэдэс дүүрэх нь өвдөлт өгч болно. Иймд эхний үед өвчин намдаагч эм өгдөг. Гэхдээ амаржих газраас гарсны дараа ч өвчин намдаагч эм уудаг тохиолдлууд байдаг аж.

Хагалгааны дараах эхний нэг хоногийн туршид эмэгтэйн биеийн тогтмол хяналтанд байлгана. Умайг агшааж, цус алдалтыг багасгах зорилгоор гэдсэн дээр мөстэй сав тавьдаг. Мөн умайн агшилтыг идэвхжүүлдэг, ходоод гэдэсний замын үйл ажиллагааг сэргээх эм уух заалт өгнө. Зарим тохиолдолд антибиотикууд өгч, цус алдалтыг нөхөхийн тулд физиологийн уусмар судсаар хийдэг.

Кесар хагалгааны дараах эхний хэдэн хоногууд хамгийн хэцүү. Хажуу тийш харж хэвтэх, ханиалгах, гүнзгий амьсгаа авах, гараа сунгаж юм авах зэрэг хамгийн энгийн хөдөлгөөн хийхэд ч хэцүү байдаг. Иймд хагалгааны дараах эхний хоногуудад төрөх эвгүй мэдрэмжүүдийг бага ч гэсэн хөнгөлөх зөвлөгөөг түүвэрлэн хүргэж байна. Зөвлөгөөг дагахын өмнө эмчлэгч эмчээс зөвлөгөө авах хэрэгтэйг мартуузай.

Хажуу тийш эргэх

1.Тавхайгаараа хэвтэж байгаагаа гадаргуйгаа тултал нь хөлөө өвдгөөр нь нугална.
2.Тавхайгаараа тулж байгаад биеэ өвдөгнөөс мөр хүртэл тэгширтэл нь гуяа өргөнө.
3.Дараа нь гуяа харах гэж байгаа тал руугаа эргүүлээд буулгана.
4.Дараа нь их биеэ мөн адил тал руу эргүүлнэ.

Хөдөлгөөнийг энэ дарааллын дагуу хийснээр оёдлыг гэмтэх, тохойгоо ойр ойрхон даавуунд үрж өвтгөхөөс сэргийлнэ.

Ханиалгах

Ханиалгах өвдөлт өгдөг ч ерөнхий мэдээ алдуулалт хийлгэсэн бол уушгинд хуримтлагдсан салстыг гадагшлуулахыгн тулд ханиахаас өөр аргагүй болдог.

Ийм нөхцөлдд дараах техникийг ашиглана:
1.Оёдлоо гар, дэрээр дарж, эсвэл алчуураар ороож бэхэлнэ.
2.Уушгийг дүүртэл нь гүнзгий амьсгаа авна.
3.Гэдсээ татаж байгаад төвийлгэлгүйгээр огцом, гэхдээ болгоомжтойгоор амьсгалаа гаргана.
4.Амьсгаа гаргахдаа “хафф-хафф” гэсэн авиа гаргана. Цагин дотор хэд хэдэн удаа давтана, ялангуяа цээж хэрчигнэж, шуугиаж байгаа үед. Харин цээж хэрчигнэхгүй цэвэр, өөрөө орноос тогтмол босдог бол энэ дасгалыг ойр ойрхон хийх шаардлагагүй.
5.Ерөнхий мэдээ алдуулалттайгаар кесар хагалгаанд орох гэж байгаагаа мэдэж байгаа бол энэ дасгалыг хагалгаанд орохоос өмнө хийж туршиж үзэх хэрэгтэй.

Босч зогсох, явах

Хагалгааны дараагаар эмчийн зөвшөөрлөөр, сувилагч, асрагчийн тусламжтайгаар орноос босч зогсоно. Үүний тулд:
1.Дээр дурдсан аргын дагуу хажуу тийш эргээд хөлөө унжуулаад өндийж сууна.
2.Өндийснийхээ дараа хэсэг хугацаанд хөлөө хөдөлгөн сууна.
3.Ингээд босч зогсоход бэлэн болсноо мэдэрмэгц хөлөө газар буулгаад асрагч, сувилагчийн тусламжтайгаар босно. Аль болох цэх зогсохыг хичээгээрэй. Анхлан өндийхэд толгой өргөх, дотор эвгүйрэх зэрэг шинж илэрч магадгүй. Үүнд айж гайхах хэрэггүй. Хэвлийн хөндийн хагалгаа хийлгэсэн хүнд ийм зүйлс мэдрэгдэх нь зүйн хэрэг. Тиймээс өндийхийн өмнө хөл гараа болгоомжтой хөдөлгөх зэргээр биеэ халааж өгвөл зүгээр. Хамгийн гол нь яарах хэрэггүй. Шат болгонд биеэ дасган аажмаар хийх хэрэгтэй.
4.Зогсоо байдалд дасаад ирэхээрээ аажмаар урагш бага зэрэг алхаж үзнэ.
5.Энэ мэтээр орноос босч зогсох тоолонд дараа дараагийн удаад өмнөхөөсөө илүү хөнгөн шингэн босдог болсноо өөрөө мэдэрнэ. Үүний хэрээр алхалах хугацаагаа бага багаар нэмэгдүүлэхийг хичээ.

Гэдэс дүүрэх

Хэвлийн хөндийн бүх төрлийн хагалгааны адилаар кесар хагалгааны дараах нөхөн сэргэх үед гэдэс дүүрэх нь нэлээд асуудал үүсгэдэг аж. Дүүрсэн хийх гаргах хүртэл гэдэс дүүрч, өвдөлт өгнө. Хагалгааны улмаас гэдэсний үйл ажиллагаа удааширдаг болохоор ийнхүү гэдсэнд хий хуримтлагдаж дүүрдэг.

Хэвтэж байхдаа дээш доош холхиж хөдлөх, гүнзгий амьсгаа авах, сандал дээр суухдаа ганхуулах зэргээр хий хуримтлагдахаас сэргийлэх, эсвэл багасгах боломжтой.

Мөн эмчээс лавлаж байгаад гэдсэндээ зөөлөн, болгоомжтой иллэг хийж болно.  Үүний тулд цавьны баруун хэсгээс эхлэн цээжний хөндийн зүүн хэсэг рүү хэвлийгээр ташуулдаад, тэндээсээ цавьны зүүн хэсэг рүү илнэ. Ингэж хэд хэдэн удаа давтвал хуримтлагдсан хийг бүдүүн гэдсээр гадагшлахад нь тус болно.

Мөн ямар нэг байдлаар өөрөө хийгээд гадагшлуулж чадахгүй бол асрагч, сувилагчид хэлээд клизм, эсвэл хий гадагшлуулах гуурс тавиулах боломжтой.

Сүүтэй цай гэх мэт гэдэс дүүргэдэг зүйлс уухаас зайлсхийх. Хагалгааны дараах өдөр шингэн цай, давсгүй хар шөл зэрэг зөвхөн шингэн зүйлс иднэ. Дараагийн өдрөөс “кааш”, нухаш, зутан шөл зөөлөн, хурдан шингэдэг, гэдэс дүүргэдэггүй хоол идэж болно.

Шээх

Шээсний судалд катетер тавих, мэдээ алдуулах, хэвлийн хөндий хагалгаа зэргийн дараа шээхтэй холбоотой бэрхшээл гарч магадгүй. Кесар хагалгаа хийлгэсний дараагаар ийм асуудал үүсвэл сувилагчид хандаж зөвлөгөө авах хэрэгтэй.

Хөхөөр хооллох

Кесар хагалгааны дараагаар хүүхдийг хөхүүлэх эвтэйхэн байрлал олох нь анхандаа хэцүү байдаг. Оёдлыг хүүхдийн жин, санамсаргүй хөдөлгөөнөөс хамгаалахын тулд хажуу тийш харах, дэргэдээ дэр тавьж өндөрлөх, эсвэл хүүхдээ гар дээрээ авахын өмнө оёдлынхоо дээгүүр дэр тавьж болно.

Гэрийн нөхцөлд

Кесар хагалгааны дараагаар гэртээ гарахын өмнө хүнд юм өргөх, гэр орны хүнд ажил хийх зэргийг хийх болохгүй зэрэг мөрдөж дагах шаардлагатай зөвлөгөөг өгч анхааруулдаг. Эдгээр зөвлөгөөг тууштай дагах ёстой. Эдгэрэлт гол төлөв 4-6 долоо хоног үргэлжилдэг. Эдгэрч байх явцдаа дараах зөвлөгөөг дагахыг хичээ:
-“Нервтэх” хэрэггүй. Өөрт болон хүүхдэд хэрэг болох зүйлсийг ойрхон, гарын дор байлгаж байхыг хичээ. Жингээрээ хүүхдээс чинь хүнд зүйл өргөж болохгүй.
-Гэдсээ хамгаалан, дэмж. Өндиж босох, явах зэрэгт юм түшиж бай. Ханиах, найтаалгах, нусаа нийх, инээх зэрэг огцом хөдөлгөөн хийх үедээ оёдлын орчим гэдсээ дарж, барих зэргээр хамгаалж бай.Хүүхдээ хөхүүлэхдээ гэдсээ хамгаалахын тулд дэр ашиглаж болно.
-Шингэн юмыг шаардлагатай хэмжээгээр ууснаар хагалгааны дараах усны тэнцвэрээ сэргээж, өтгөн хаталтаас сэргийлнэ. Шээсээ барилгүйгээр хүрсэн даруйд нь давсагаа суллаж байх хэрэгтэй.
-6 долоо хоног орчим сексийн харьцаанд орохоос зайлсхийх.
-Цээжин биеэ эргүүлэх, гар хөлөө огцом хөдөлгөх зэрэг машин жолоодоход шаардлагатай хөдөлгөөнийг биедээ хор хүргэлгүй, зовиургүйгээр хийж чаддаг болтлоо жолооны ард суухгүй байсан нь дээр.
-Элдэв эм бэлдмэл хэрэглэхийн өмнө эмчээс зөвшөөрөл ав.
-Гэдсээр хүчтэй өвдөх, зүсэлт хийсэн газар улайх, хавагнах, халдвар орсон байж болзошгүй ямар нэг шинж тэмдэг илрэхэд эмчтэйгээ цаг алдалгүй холбогдон үзүүлж, зөвлөгөө авах хэрэгтэй.

2 Сэтгэгдэл
bayrlalaa zondoo zvil medlee
Таалагдлаа
Хамгийн их уншсан