Билгийн

Доллар (USD)

Улаанбаатар

15 мянган өрхийн 3,5 сая мал аймаг дундын отрын бүст өвөлжинө

Л.БААТАР

Засгийн газраас энэ өвлийн нөөцөнд аймаг, нийслэл, сум, дүүргийн өвс, тэжээлийн аюулгүйн нөөцөд 29.4 мянган тонн өвс, 11.1 мянган тонн тэжээл бэлтгэхийг холбогдох газруудад нь даалгасан. Говьсүмбэр, Дархан-Уул, Орхон, Өмнөговь, Дорноговь, Хэнтий аймгууд хадлан, тэжээлийн нөөцөө сайн бэлтгэсэн гэж Шадар сайд Ц.Оюунбаатар “Сайдын цаг” уулзалтад оролцохдоо хэлсэн юм. Бэлчээрийн даац хэтэрсэн Увс, Баян-Өлгий, Архангай, Өвөрхангай, Булган, Баянхонгор, Ховд, Говь-Алтай, Хөвсгөл, Төв, Хэнтий аймгийн зарим сумын 15 мянган өрхийн 3.5 сая малыг сум болон аймаг дундын отрын бүс нутаг, хилийн зурвас, байгалийн тусгай хамгаалалттай бүс нутгуудад өвөлжүүлэхээр гэрээ хийжээ.

Харин эрчим хүчний салбарын өвлийн бэлтгэл хангах ажлын хүрээнд 1700 орчим нэр төрлийн ажил хийхээр төлөвлөсөн нь 93 хувийн гүйцэтгэлтэй байгаа аж.
Ус, цаг уур, орчны шинжилгээний газраас гаргасан цаг агаарын урьдчилсан  мэдээгээр 11 дүгээр сард Алтай, Хангайн нуруугаар, 12 дугаар сард ихэнх нутгаар олон жилийн дунджаас их хэмжээний цас орох төлөвтэй байна. Иймд улсын чанартай авто замын бэлэн байдлыг хангахад онцгой анхаарах шаардлагатай болоод буй. Хот хоорондын нийтийн тээврийн хэрэгслийн бэлэн байдлыг хангах, онцгой үед ажиллах шуурхай хэсэг, нөөцийн болон хяналтын цэгийг тодорхой зайны хуваарилалттайгаар бий болгох хэрэгцээ үүсч болзошгүй байна гэж Шадар сайд хэллээ.

Их цас, цасан шуурганы улмаас  зам, даваа хаагдаж иргэдэд эрүүл мэндийн болон нийгмийн халамж үйлчилгээ үзүүлэх, малын бэлчээр гаргах, эрэн хайх, аврах ажиллагаа зохион байгуулах, шаардлагатай тохиолдолд нүүлгэн шилжүүлэх зэрэгт туулах чадвар сайтай техник хэрэгсэл, бензин шатахууны хангалтад хүндрэл гардаг. Аймаг, нийслэлийн Эрүүл мэндийн газар, Бүсийн оношилгоо, эмчилгээний төв өвөлжилтийн бэлэн байдлыг хангах, эрүүл мэндийн тусламж, үйлчилгээнд гарах хүндрэлээс сэргийлэх зорилгоор зудын гамшигт өртөж болзошгүй бага насны хүүхэд, хөгжлийн бэрхшээлтэй болон өндөр настан иргэд, отроор явах малчдын судалгааг гаргаж эхэлжээ. Мөн яаралтай тусламжийн үйлчилгээ үзүүлдэг эмч, сувилагч, жолооч нарыг дулаан хувцас, хэрэгслээр хангах, шаардлагатай эм, эмнэлгийн хэрэгсэл, ороох боох материалын нөхөн хангалтыг бүрдүүлэх ажлыг хийж байна хэмээн Шадар сайд ярив.

0 Сэтгэгдэл
Хамгийн их уншсан