Билгийн

Доллар (USD)

Улаанбаатар

Энэ жилийн буудай 27-35 хувийн цавуулагтай байна

Л.БАТБААТАР

Намрын тариа хураалтын талаар Хүнс, хөдөө аж ахуйн яамны Газар тариалангийн газрын мэргэжилтэн Б.Одонхүүгээс тодрууллаа.

-Намрын тариа хураалтын ажлын гүйцэтгэл ямар байна.  Төлөвлөсөн ургацаа хурааж авч чадсан уу?
-2015 онд 300 мянган га талбайд улаан буудай тарьж, 460 орчим мянган тонн үр тариа хураах төлөвлөгөө гаргаж аймгийн Засаг дарга нартай ХХААЯ-ны сайд гэрээ байгуулсан. Сүүлийн 20-иод жилд тариалж байгаагүйгээр буюу улсын хэмжээнд 500 мянган га талбайд хаврын тариалалтын ажил хийсэн. Тав, зургадугаар сард хүйтэн сэрүүн байсан. Долдугаар сарын турш олон хоногоор үргэлжилсэн халалт буюу ган болсон. Найм, есдүгээр сард дулаарч хур тунадас их орсон. Аравдугаар сарын дундуур хоёр ч удаа тариалангийн бүс нутагт их хэмжээний цас орсон. Эдгээр байгаль, цаг уурын  бэхшээл нь ургац хураалтын ажилд саад учруулж хурааж авах ургацын хэмжээг бууруулсан. Наймдугаар сарын 25-нд улсын хэмжээгээр ургац хураалтын урьдчилсан төлөв гарсан. Энэ төлвөөр 252 мянган тонн буудай, 117 мянган тонн төмс, 75 мянган тонн хүнсний ногоо хураах боломжтой гэсэн урьдчилсан тоо гарсан юм.
Гэтэл газар тариалангийн бүс нутагт ес, аравдугаар сард бий болсон цаг уурын хүндрэл нь ургац хураалтын ажилд сөргөөр нөлөөллөө. Өнөөдрийн байдлаар улсын хэмжээнд 211 мянган тонн үр тариа, үүнээс буудай нь 200 мянган тонн, 164 мянган тонн төмс, 71 мянган тонн хүнсний ногоо хураасан гэсэн статистик тооцоо гарснаар  ургац хураалтын ажил дуусч байна.
Балансаар 252 мянган тонн буудай хураахаар тусгасан. Ургац хураалтын эцсийн дүнгээс  харахад буудайн хураалтын хэмжээ 50 орчим мянган тонноор буурсан. Харин төмс 40 мянган тонныг нэмж хураасан. Мөн хүнсний ногооны хураалт дөрвөн мянган тонноор буурсан үзүүүлэлттэй гарсан.

-Монгол Улсын улаан буудайн жилийн хэрэгцээ 300 мянга орчим тонн байдаг. Ургац хураалтын гүйцэтгэлээс үзэхэд хурааж авсан улаан буудай дотоодын нэг жилийн хэрэгцээг хангаж чадахгүй нь. Тиймээс улаан буудай импортлох уу?
-Манай орны улаан буудайн жилийн хэрэгцээ 320 мянган тонн байдаг. Энэ 320 мянган тонн улаан буудайгаар 240 мянган тонн гурил үйлдвэрлэдэг.
Монгол Улсын нэг жилийн хэрэгцээний гурил 240 мянган тонн орчим. Долоо хоногийн өмнө 108 мянган тонн буудайг гурилын үйлдвэрүүдэд нийлүүлсэн. Тооцоо хийж үзэхэд 180 мянган тонн буудай дутна. Энэ 180 мянган тонн буудайг гурилд шилжүүлэхэд 135 мянган тонн болно. Сүүлийн таван жилийн хугацаанд дотоодын нэг жилийн хэрэгцээт гурилын 30 орчим хувийг импортолж ирсэн.
Энэ жил 300 мянган га талбайд уринш хийсэн. Ийм хэмжээний талбайд буудай тариалъя гэвэл 48 мянган тонн үр шаардлагатай. Наймдугаар сарын урьдчилан балансаар аж ахуйн нэгжүүд 28 мянган тонн үр нөөцлөх боломжтой гэж мэдэгдсэн. Тооцоолбол, 2016 оны тариалалтад 20 мянган тонн үр дутна. Тийм учраас 125 мянган тонн буудай, 40 мянган тонн гурил, 20 мянган тонн үрийн буудай импортлох нь гарцаагүй байна гэсэн тооцоо урьдчилсан байдлаар гарч байна.

-Манай тариаланчдын хураасан буудайн цавуулаг  чанарын шаардлага хангадаг уу. Энэ талаар асуудал их гардаг?
-Гурил үйлдвэрлэгчид болон хөндлөнгийн хүмүүс дотоодод тариалсан улаан буудайн цавуулаг чанарын шаардлага хангадаггүй гэж ярьдаг. Энэ бол өрөөсгөл дүгнэлт. Монгол Улс 1959 оноос хойш шинжлэх ухааны үндэслэлтэйгээр газар тариалангийн салбар эрхэлж байна. Тэр үеэс хойш өнөөдрийг хүртэл байгаль цаг уурын давагдашгүй хүчин зүйлийг эс тооцвол, дотоодынхоо хэрэгцээг ямар нэгэн байдлаар хангаж ирсэн. Энэ яриа өнгөрсөн жил гарсан нь ийм учиртай.
Эрдэмтдийн баталж буйгаар буудайн цавуулаг долоо, наймдугаар сард бүрэлддэг. Буудайн цавуулаг бүрдэх хугацаа нь  өдөр шөнийн температурын хэлбэлзэл их үетэй давхацдаг.  Өөрөөр хэлбэл, шөнөдөө нэмэх 10 хэмээс доош байвал буудайн цавуулгын нийлэгжилт бүрэлдэх нь саармагждаг. Өнгөрсөн жилийн наймдугаар сард сэрүүхэн байсан учраас буудайн цавуулаг буурсан байж болох талтай. Өнгөрсөн жил буудайн цавуулаг буурсан асуудал ганц Монголд биш, хоёр хөршид ч гарсан. Энэ жилийн хувьд буудайн цавуулаг чанар сайн байгаа. Зарим хүн Монголд тариалсан буудайн цавуулаг 25 хувиас  дээш гарахгүй гэж батлах гээд байдаг. Тэгвэл энэ жилийн хувьд буудайн цавуулгын доод хэмжээ  25 хувь, дээд тал нь 37 хувьтай байна.  108 мянган тонн буудай гурилын үйлдвэрүүдэд нийлүүлэгдсэн нь буудайн цавуулаг чанар сайн байгааг харуулж байна.

-Төрөөс газар тариалан­гийн компаниудад олон төрлийн дэмжлэг үзүүлдэг. Энэ жил тариалан эрх­лэлтийг дэмжих сан бас зээл олгох уу?
-Газар тариалангийн салбар хувьчлагдаж, зах зээлийн харилцаанд шилж­сэнээс хойш өнөөдрийг хүртэл газар тариалангийн компаниудад арилжааны банкууд зээл олгоогүй. Учир нь, газар тариалангийн салбар эрсдэл өндөртэй. Банкууд газар тариалангийн салбарт их хэмжээгээр  урт хугацаатай, бага хүүтэй зээл өнөөдрийг хүртэл олгоогүй байна. Томоохон компаниуд барьцаа хөрөнгө тавьж, арилжааны зээл авсан явдал бий. Дунд болон жижиг аж ахуйн нэгжид арилжааны зээл банк олгодоггүй.

Эдгээр жижиг аж ахуйн нэгж нь банк бус санхүүгийн байгууллага болон найз нөхдөөсөө мөнгө зээлж үйл ажиллагаа явуулдаг. Ийм учраас яамны зүгээс газар тариалангийн салбарыг хөгжүүлэх бодлогын үүднээс “Тариалан эрхлэлтийг дэмжих сан”-гаар дамжуулж тариаланчдад хөнгөлөлттэй нөхцөлөөр хаврын тариалалт, уринш боловсруулалт, нам­рын тариа хураалтад нь төрөл бүрийн дэмжлэг үзүүлдэг. Жишээлбэл, “Тариа­лан эрхлэлтийг дэмжих сан” энэ хаврын тариалалтад дутах үрийн 20 орчим хувийг урьдчилгаа болгон, намрын ургацаас эргэн төлөх, шатахууныг 50 хувийн урьдчилгаатай, ургамал хамгааллын бодисыг 30 хувийн урьдчилгаатайгаар эргэн төлөгдөх нөхцөлтэйгээр байгуулсан. Мөн  өндөр хүчин чадалтай техник тоног төхөөрөмжийг 20 хувийн урьд­чилгаатайгаар 4-5 жил төлөх нөхцөлтэйгээр “Тариа­лан эрхлэлтийг дэмжих сан” зээлийн гэрээ хийж байна. Тариаланчид авсан зээлээ бүтээгдэхүүн буюу ургацаар төлнө.

-Зээлийн эргэн төлөл­тийн явц ямар байна вэ?
-2015 онд 12 тэрбум төгрөгийн зээлийн дэмжлэг үзүүлсэн. Өнөөдрийн байдлаар “Тариалан эрхлэлтийг дэмжих сан” дээр аж ахуйн нэгжүүд тооцоо нийлж байна. “Тариалан эрхлэлтийг дэмжих сан” долоон мянган тонн улаан буудай, зургаан мянган тонн үрийн буудайг аж ахуйн нэгжүүдээс зээлийн өрөндөө тооцож авсан. Тариаланчдын зүгээс “Байгаль цаг уурын давагдашгүй хүчин зүйлийн улмаас төлөвлөж байсан ургацаа алдсан. Тиймээс 2015 онд “Тариалан эрхлэлтийг дэмжих сан”-гаас авсан зээлийг 2016 он хүртэл хойшлуулаач” гэсэн хүсэлт тавьж байна. “Тариалан эрхлэлтийг дэмжих сан”-гаас олгогдсон зээлийн төлөлтийн асуудлыг шийдвэрлэх эрх ХХААЯ-ны сайдад бий.

Саяхан “Тариалан эрхлэлтийг дэмжих сан”-гийн Удирдах зөвлөл хуралдаж зарчмын үүрэг, чиглэл өгсөн. Аж ахуйн нэгжүүдтэй тооцоо нийлж дуусгах, ургац алдсан хэмжээг тогтоох ажлууд хийгдэж байна. Ингээд 2015 оны арванхоёрдугаар сарын эхээр шийдвэр гарч, тодорхой хэмжээний  өр авлагыг 2016 он хүртэл хойшлуулна. Ер нь “Тариалан эрхлэлтийг дэмжих сан”-гаас өнгөрсөн хугацаанд өгсөн зээлийн эргэн төлөлт улаан буудайгаар хийгддэг. Зээлийн хугацаагаа хэтрүүлсэн аж ахуйн нэгж болон найдваргүй зээлдэгч байхгүй.

0 Сэтгэгдэл
Хамгийн их уншсан