Билгийн

Доллар (USD)

Улаанбаатар

Архи хэтрүүлэн хэрэглэх хандлага ихэсч буйг сэрэмжлүүлэв

“Архигүй Монгол"  үндэсний чуулганыг өнөөдөр ЭМСЯ-нд зохион байгууллаа.

Чуулганыг нээж ЭМСЯ-ны Стратегийн бодлого төлөвлөлтийн газрын дарга Р.Оюунханд хэлсэн үгэндээ архины хэрэглээ байнга өсч, хүн амын дунд өвчлөл, нас баралт, гэмт хэргийн түвшин буурахгүй байгааг онцолсон юм.

Сүүлийн жилүүдэд архины хэрэглээ хөгжингүй орнуудад буурч, харин хөгжиж буй орнуудад нэмэгдэн, дэлхийн хэмжээнд жил бүр 3.3 сая хүн архи хэтрүүлэн хэрэглэсэнтэй холбоотой нас барж байгаа нь нийт нас баралтын 5.9 хувь, цаг бусын нас баралтын 3.2 хувийг эзэлж байгаа аж.

Архины үйлдвэрлэл, импортын хэмжээ нэмэгдэж , архи худалдаалах маркетингийн арга, хэрэгсэл нь нарийсч байгаагийн хэрээр нэг хүнд ногдох архины хэрэглээ нэмэгдэж, улмаар согтуугаар үйлдэгдсэн гэмт хэрэг, зөрчил, өвчлөл, нас баралтын түвшин нэмэгдэж буй зэрэг нь архинаас үүдэлтэй нийгэм дэх сөрөг үр дагаврыг бууруулах талаар төрийн зүгээс тавих хяналтыг сайжруулах шаардлагатай байгааг чуулганд оролцогчид хэлж байв.

Нийгмийн эрүүл мэндийн хүрээлэнгээс 2013 онд хийсэн “Халдварт бус өвчний нийтлэг эрсдэлт хүчин зүйлийн судалгаа”-аар 12-18 насны сурагчдын 26.5 хувь нь архи ууж үзсэн, 11.8 хувь нь согтотлоо хэрэглэж үзжээ. Харин насанд хүрэгчдийн хувьд архийг сүүлийн 1 сард хэтрүүлэн хэрэглэсэн хүн амын эзлэх хувь 23.5 байна. Энэ нь архийг хэтрүүлэн хэрэглэх хандлага сүүлийн жилүүдэд нэмэгдсэнийг харуулж байна хэмээн Нийгмийн эрүүл мэндийн хүрээлэнгийн захирал Б.Цогтбаатар хэллээ.

Тус чуулганд хот хөдөөгийн нийгэм хамгааллын ажилтнууд, аймгийн засаг дарга нар нийлсэн 100 гаруй хүн оролцов. Чуулганаас зөвлөмж гарган цаашид энэ чиглэлээр хийх ажлын чиглэлээ тодорхойлох юм.

0 Сэтгэгдэл
Хамгийн их уншсан