Билгийн

Доллар (USD)

Улаанбаатар

Алдарт “Ромео, Жульетта” 19 жилийн дараа...

Ж.ГЭРЭЛЧУЛУУН

Улсын драмын эрдмийн театр 85 дахь үзвэрийн жилийн нээлтээ алдарт Уильям Шекспирийн “Ромео, Жульетта” жүжгээр эхлүүлж байна. 19 жилийн дараа их театрын тайзнаа эргэн ирж буй эл жүжиг олны дунд хүлээлт үүсгээд байгаа.
Өнөө үдэш үзэгчдэд хүрэх жүжгийн сургуулилтаар өчигдөр ороод гарав. Шинэ баг, орчуулга, найруулга, хөгжим, дуу, залуу жүжигчид гээд шинэ бүхнийг өөртөө багтааж буй орчин цагийн “Ромео, Жульетта”-г үзэгчийн хувиар хүлээж төвдөлгүй театрын хаалга татсан минь энэ.

Тайзны засал чимэглэлч, гэрэлтүүлэгч бололтой хүмүүс нааш цааш гүйлдсэн урт хонгилоор уруудан явсаар тайзны арын хаалгаар орвол УДЭТ-ын жүжигчин О.Дөлгөөн буюу отгон Жульетта амраг хайрт Ромеогоо хүлээн тагтан дээрээ санаашран зогсоо харагдав. Энэ бол хоёрдугаар үзэгдэл.

Төд удалгүй гал халуун хайрандаа шатсан Ромео олны нүднээс нуугдан байж Жульеттагийн цонхон доор очиж хагацашгүй хайр сэтгэлээ илчлэн бүжнэ. Отгон Ромеог УДЭТ-ын залуу жүжигчин Б.Шинэбаяр амилуулж буй.

Сүүлийн сургуулилт болоод ч тэр үү тайз засал, гэрэлтүүлгээс аваад жүжигчдийн хувцас хэрэглэл гээд бүх зүйлийг жүжиг тоглож байгаа байдлаар зэхжээ. Үзэгчдийн суудлын нэлээн хойгуур хэсэгт хүмүүс суусан нь харанхуй зааланд бүдэг бадаг харагдана. Өнөөх хүмүүсийн нэг нь үе үе тайзны гэрлийн тавилт, засал чимэглэл, жүжигчдийн тоглолтын тухай товч хэр нь тодорхой зааварчилгаа өгөх аж. Дууных нь өнгөнөөс театрын ерөнхий найруулагч Н.Наранбаатар болохыг таньж, шинэхэн дэглэсэн уран бүтээлээ эцсийн байдлаар хянаж суугааг ойлгов.
Найруулагч болоод хяналтын бүрэлдэхүүний өмнө бүтэн зургаан үзэгдэл тоглосон жүжигчид ийнхүү эрхэм хүндэт үзэгчдэдээ дэлхийн сонгодгийг хүргэхээр бэлтгэж байгаа нь энэ.

Улс үндэстний театрын урлагийн хөгжил, жүжигчдийн чансааг тайзнаа тавигдаж буй сонгодог бүтээлээр нь хэмждэг бичигдээгүй хуультай. Дэлхий дахинд алдар нь түгсэн эл бүтээл манай тайзнаа гурав дахиа тавигдаж байгаа нь Монголын театрын урлаг болоод найруулагч, жүжигч­дийн ур чадвар, хөдөлмөр бүтээлийн үнэлэмж гэлтэй.
Ариун хайр дурлалын бэлгэдэл болсон алдарт “Ромео, Жульетта” жүжиг өнөөдрөөс эхлэн үзэгч олны мэлмийг арвантай хужирлана. Хайр сэтгэлийг хэчнээн хорьж цагдлаа ч хоёр биедээ тэмүүлэх хос зүрхийг үхэл ч салгаж чаддаггүйг өгүүлэх “Ромео, Жульетта”-г олон үзэгч хүлээсэн биз ээ. Өчигдөрхөн үзчихсэн атлаа өнөөдрийн тасалбар авчихсан.., би ч гэсэн хуруу даран хоног тоолж байлаа...

Н.Сувд: Эрсдэл хүлээхгүй юм бол аливаа уран бүтээлийг шинээр тавих хэрэггүй

Найруулагч Н.Наранбаатарын өнцгөөр үзэгчдийн хүртээл болж буй “Ромео, Жульетта” жүжгийн тухай УДЭТ-ын дэд захирал, Төрийн соёрхолт, Ардын жүжигчин Н.Сувдтай ярилцлаа.

-Улсын драмын эрдмийн театр 85 дахь үзвэрийн жилээ Шекспирийн “Ромео, Жульетта”-аар нээж байна. Үүнээс хойш ямар ямар уран бүтээлээр үзэгч олонд бэлэг барих бол?
-2015 оны уран бүтээ­лийн төлөвлөгөөний дагуу Шекс­пирийн “Ромео, Жульетта” жүжиг театрын тайзнаа тавиг­даж, үзвэрийн жилээ нээж бай­­на. Энэ жүжиг орчин үеийн залууст хандсан уран бүтээл гэж болно. Ер нь, сонгодог бүтээл гэдэг тухайн цаг үедээ зориулагддаг. Энэ уламжлалаар өнөөгийн залуусын сонирхон таашааж буй чиг хандлагыг баримталж хийсэн гэж болно.

-Сая жүжгийн бэлтгэл үзлээ. Үзэгчийн нүдээр харахад залуучуудад илүү ойр санагдлаа. Жүжигчдийн уран чадварлаг биеийн хэл, хувцас хэрэглэл, тайз декраць гээд орчин цагийн “Ромео, Жульетта”-тай танилцлаа. Гэвч нэг талаар багагүй эрсдэл хүлээж байгаа байх?
-Тийм, гэхдээ эрсдэлгүй бол уран бүтээлийг шинээр тавих хэрэггүй. Уран бүтээл болгон тодорхой хэмжээнд эрсдэл дагуулдаг. Шинийг нээхгүй, шинэ юм хэлэхгүй, эрсдэл үүрэхгүй бол уран бүтээл хийх хэрэг байхгүй.

-Дүр сонголтын тухайд таны бодол?
-Сонголтыг найруулагч бие даан шийдсэн. Ер нь гол, үндсэн дүрүүд ихэвчлэн залуус байгаа. Гэхдээ мэдээж ахмад, дунд үеийнхнээс оролцолгүй яахав. Жүжгийн дүрүүдийн насыг бодож үзсэн ч тэр залуу жүжигчдээ түлхүү оролцуулах нь хамгийн оновчтой шийдвэр байсан. Угтаа, Ромео, Жульетта гээд 14, 15-тай 20 ч хүрээгүй хүүхдүүд шүү дээ. Иймээс л дүр сонголт нүдээ олсон, бодит амьдралд илүү ойр болсон гэж бодож байгаа.

-Урлаг гэгч зүйл нийг­мээс нэг алхам түрүүлж явах учиртай гэдэг. “Ромео, Жу­льетта” гэх дэлхийн сонго­дог бүтээлийг гурав да­хиа тавьж байгаа нь цаг үеийн шаардлага байв уу эс­­вэл театрын бодлого байв уу?
-Аль аль нь. Цаг үе, үзэгчид, нийгэм шаардаагүй жүжгийг бид тавихгүй шүү дээ. Тийм учраас цаг үеэ олсон уран бүтээл гэж үзэж байна. Нөгөө талаас хайр сэтгэл, залуусын харилцааны асуудал гэдэг мөнхийн сэдэв юм даа.

0 Сэтгэгдэл
Хамгийн их уншсан