Билгийн

Доллар (USD)

Улаанбаатар

Э.АМАРТҮВШИН:БИ ЧИНЬ ОДОО ЮУНД ИРЧИХЭВ ЭЭ ГЭЖ БОДСОН ШҮҮ


Дуурийн олимп гэж нэрлэж болохоор Пласидо Домингогийн нэрэмжит тэмцээний тэргүүн байрыг өвөртлөн нутагтаа ирсэн УДБЭТ-ын гоцлол дуучин, Монгол Улсын гавьяат жүжигчин Э.Амартүвшинтэй ярилцлаа.

-Пласидо Доминго бол дэлхийн дуурийн домог болсон дуучин. Энэ хүний нэрэмжит тэмцээнд түрүүлнэ гэдэг олимпын аварга болсонтой л адил. Танд баяр хүргэе?
-Баярлалаа. Пласидо Доминго дэлхийн домог болсон тенор хоолойтой дуурийн дуучин гэдэгтэй маргах хүн үгүй. Энэ хүний нэрэмжит тэмцээнд  түрүүлнэ гэдэг  чиний хэлснээр олимпод аварга болохтой адил зүйл л дээ. Уралдааны хувьд  бүх зүйл нь намайг гайхашруулж чадсан. Ёстой л нэг зангарагатай гэж ярьдаг даа. Яг тийм л уралдаан боллоо. Ач холбогдлын хувьд  залуу дуучдыг дэлхийд гаргах, таниулах зорилготой уралдаан болсон.

-Тэргүүн байрт шалгарах  мөчид ямар сэтгэгдэл төрж байв?
-Өөртөө ерөөсөө  итгээгүй. Худлаа сонсчихлоо гээд  хэсэг шоконд орчихсон. Шагналаа авчихаад тайзнаас бууж байхдаа ч гэсэн итгэж өгөхгүй байсан.

-Бэлтгэл  сайн хангагдсан байсан гэж сонссон. Өөртөө тийм итгэлгүй байсан хэрэг үү?
-/Инээв/ Мэдээж тэмцээн уралдаанд хожигдоно  гэж орохгүй шүү дээ. Аз байвал ёозоор цохихыг л бодно. Эндээс өөртөө итгэлтэй явсан ч гэсэн очоод маш их дарамтад орсон. Миний бодож байснаас тэс өөр орчин наймаг угтсан.

-Юу таныг тэгтлээ дарамтад оруулчихав?
-Дэлхийн акулууд нэг дор цугласан байсан л даа. Тэгээд л надад би чинь хаана, юунд ирчих вэ гэсэн бодол төрөхгүй юу. Энэ байдал намайг их сэтгэл санааны дарамтанд оруулсан. 

-Тэгвэл таныг хамгийн их дарамтад оруулсан дуучин хэн байсан бэ?
-Энэ уралдаан нэгдүгээр байрыг нэг хүнд л өгдөг юм.  Гэтэл энэ жил нэгдүгээр байрыг хоёр хүнд өгсөн. Миний төрөлд надтай нэгдүгээр байрт орсон АНУ-ын дуучин үнэхээр агуу.  Түүний хоолой хөгжим л гэсэн үг.  Контор  тенор хоолойгоор дуулдаг. Энэ  нь  эрэгтэй хүн эмэгтэй хүн шиг дуулна гэсэн үг л дээ. 13 наснаасаа дуулж эхэлсэн техник, мэдрэмж сайтай дуучин байсан. Бусад нь иймэрхүү олон улсын тэмцээн уралдаанд байнга оролцож байдаг мундаг дуучин байлаа.

-Та сая АНУ-ын дуучныг маш сайхнаар дүрсэлж хэллээ. Харин таныг уралдааны комисс хэрхэн дүгнэсэн бол?
-Бас нөгөө л өмнөх уралдаанууд дээр асуудаг асуултаа асууж байсан. Хаана боловсрол эзэмшсэн хэдэн жил хичээллэсэн гээд л. Сүүлд сонсох нь ээ  Пласидо Доминго Б.Сэргэлэн захиралд  “Танай дуучныг “Риголеттог” дуулахаар биеэр нэг юм гүйгээд байна” гэсэн байна билээ. Надад бас Доминго “Чиний хоолойд итгэмээргүй нэг сайхан тембр байна” гэж хэлсэн.

-Өмнө нь П.И.Чайковскийн тэмцээнд оролцохдоо ч гэсэн Риголеттогийн ариг дуулж байсан. Яагаад энэ  ариг сонгож дуулаад байдаг юм бэ?
-Риголеттог 40 гарсан тенор л дуулдаг. Хоолой нь суугаад сайхан болсон үедээ л дуулдаг гэсэн үг л дээ. Би СУИС-д байхаасаа л багштайгаа энэ ариг маш их сургуулилсан. Доминго хэлэхдээ “Би чамайг энэ насан дээрээ Риголлетог дуулж чадах болов уу гэж их айж байлаа. Харин чи маш сайн дуулсанд би баяртай байна. Бас гайхаж байна” гэсэн. Риголлетог хэр баргийн дуучин дуулдаггүй юм. Өөрөө маш их эрсдэл дагуулдаг. Сайн л дуулахгүй бол дуучны хоолойг ч гэмтээж  болохоор тийм л дуурь. Тиймээс  тэмцээнд сонгож дуулдаг.

-Энэ уралдаанд түрүүлснээр “Дэлхийн номер нэг” болох мөрөөдөлдөө  нэг шатаар ойртлоо. Мөн  тэргүүн байраас гадна их олзтой ирсэн байх?
-Тэгэлгүй яахав. Пласидо Доминго намайг “Чи итали, англи хэлийг төгс эзэмших хэрэгтэй. Тэгвэл чиний өмнө дэлхий нээлттэй байна”  гэсэн. Энэ уралдааны үеэр дуучдын олон улсын агентлагууд их ирдэг юм билээ. Цаасан дээр гарын үсэг зурагдаагүй ч гэсэн их олон хамтран ажиллах санал хүлээж авсан.

 -Э.Амартүвшинд оролцох олон улсын томоохон уралдаан үлдсэнгүй гэж ярих юм?
- Ингэж хэлж арай болохгүй байх аа.  Домингогийн уралдаантай  эн зэрэгцэх хоёр, гурван ч,  наадам байна. Эдгээр уралдаанд ч оролцоно гэж боддог.

-Дэлхийд танигдчихлаа. Гадаадын театруудаас хамтран ажиллах санал ирвэл хэрхэн хүлээж авах вэ?
-Тухайн саналын  нөхцөл байдлыг харж байж  зөвшөөрнө дөө.

0 Сэтгэгдэл
Bid hen negniig, esvel ali neg namiig songoh heregtei bol ter hunee, ter namaa uursdiinhuu tuluu yug yaj hiihiig ni sudlah heregtei shuu zaluusaa. Bidnii ireedui zuvhun bidnii gert baigaa shuu zaluusaa... oluulaa songoltoo zub hiine gedegt itgeltei baina shuu zaluusaa....
ardchilsan nam yalah bolnoo
BIG LIKE
Хамгийн их уншсан