Билгийн

Доллар (USD)

Улаанбаатар

Д.Отгонбаяр: Ном сэлбэн засагчаар ажилласнаас хойш олдохгүй байгаа нэг л ном бий

Ж.ГЭРЭЛЧУЛУУН

“Мэргэжил бүхэн сайхан” буландаа Д.Нацагдоржийн нэрэмжит Улаанбаатар хотын төв номын сангийн Сэлбэн засах лабораторын мэргэжилтэн Д.Отгонбаярыг онцоллоо. Хуучин ном сэлбэн засдаг цөөн хүний нэг болохын хувьд түүний ажил мэргэжил сонирхол татсан юм. Улсын хэмжээнд гарын таван хуруунд багтах сэлбэн засагч, сэргээн засагч байдаг нь Үндэсний номын сан, Улаанбаатар хотын номын сан, ШУТИС, МУИС-ийн номын санд ажиллаж байна. “Арын албаны” хэмээн тодотгож болох эл мэргэжлийн онцлог хийгээд сайн муугийн тухай ярилцсанаа хүргэе.

-Ном сэлбэн засах сэр­гээн засахын ялгаа юунд байдаг тухай манай уншигчдад товч тайлбарлавал?
-Ном сэргээн засна гэдэг товчхондоо анх ямар байсан тэр хэвэнд нь оруулж нэг ёсны шинэ ном шиг болгохыг хэлээд байгаа юм. Сэргээн засах ажил алт, мөнгөний орцтой, ховор, нэн ховор хуучны ном, гар бичмэл, судар, газрын зургуудад ихэвчлэн хийгддэг бол хамгийн их уншигддаг буюу өөрөөр хэлбэл эрэлт, хэрэглээ ихтэй номыг сэлбэн засах нь олон. Хүмүүс номын сангаас хамгийн их авч уншдаг номууд хавтас нь салахаас өгсүүлээд хуудас дутах, урагдах ханзрах гээд элэгдэл хорогдол их байдаг. Тиймдээ ч богино хугацаанд тухайн номыг бүрэн бүтэн болгохыг сэлбэн засах гээд байгаа юм. Яахав, сэргээн засах ажил урт хугацаа шаарддаг, нарийн ажиллагаа ихтэй бол сэлбэн засах ажил аль болох хурдан хийгдэх шаардлагатай байдгаараа онцлог. Учир нь, номын санд таван ширхэг ч юмуу байгаа номоос нэг нь дутахад тэр хэрээр дараа дараагийн уншигчдын хүлээлт ихэсдэг муу талтай.

-Сэлбэн засах ажлыгл аль болох хурдан хийх ёс­той гэлээ. Энэ талаараа ачаа­­лал ихтэй байдаг байх?
-Тийм шүү, ачаалал ихтэй. Өдөрт хэчнээн ч ном ирж болно. Тэр болгоноос зааланд хамгийн их гардаг, их уншигддаг номуудаа эхэнд нь засахыг хичээдэг. Ер нь, тухайн номын байдлаас л болно. Үзүүрээсээ өмрөөд урагдчихсан, хэсэг хэсгээрээ хуудас дутсан бол ажиллагаа их орно.

-Өдөрт дунджаар хэчнээн ном засдаг вэ?
-Их засвартай бол 2-3 ном л гарна. Харин хавтас нь салсан, ганц нэг хуудас дутсан, урагдсан бол өдөртөө 10 орчим ном засаад гаргачихна. Анзаараад байхад сүүлийн үед номны чанар муудаад л байна. Ном, хэвлэлийн хэрэглээ их болохыг дагаад хэвлэх үйлдвэрүүд ч олширч. Тэр хэрээр тооны олон чанаргүй гэдэг шиг номын чанар муудаад байгаа тал бий. Ширүүхэн эргүүлэхэд л хуудас нь урагдчихдаг номууд өдөр бүр өөр өөр хүний гар дамжиж уншигдахаар засах шаардлагатай болдог. Шинэ хэвлэгдэж буй номууд хавтас, цавуудалт, оёдол, наалт гээд олон талаараа чанар нь муудсан даа. Дээр үеийн, 1960, 1970-аад онд хэвлэгдсэн номууд эдэлгээ сайн, ядаж л барьцтай, бядтай байдаг шүү.

-Ном сэлбэн засахад хэчнээн арга хэрэглэгддэг вэ. Мөн тоног төхөөрөмжийн хэрэглээ ч их байдаг байх?
-Оёно, наана, үднэ, нөхнө, цоолборлоно гээд засах арга ажиллагаа их. Тухайн ном анх ямар байдлаар хийгдсэнээс хамаарч засах арга барил ч өөр өөр байдаг. Наад зах нь хавтас хүртэл хатуу зөөлнөөрөө ялгаатай. Зөөлөн хавтастай номын нүүрийг хувилаж сэлбэ­дэг бол хатууг нь бүрж хав­тас­­лах жишээтэй. Энэ мэт засах ажил, ажиллагаа олон янз л даа. Үүнээс ха­маарч ашиглагддаг тоног төхөөрөмж ч олон янз. Манай лаборатор 35 жилийн өмнө номын сан байгуулагдахад л тавигдсан хуучин тоног төхөөрөмжүүдээ ашиглаж байна. Мэ­дээж Оросын, хуучны төхөөрөмжүүд болохоор гар ажиллагаа ихтэй. Наад зах нь багцалж үдэх сониныг дарж нягтаршуулдаг пресс машин, хайчны, огтлооны машин гээд гар ажиллагаа ихтэйн дээр асар хүнд жинтэй. Хөдөлмөр хөнгөвчлөх багаж цаг үеэ дагаад улам бүр боловсронгуй болсоор л байна. Гэтэл бид 35 жилийн насжилттай, хуучны төхөөрөмжүүдээ хэрэглэж байгаа нь нэг талаас номын санд хандуулах анхаарал муу байгаагийн илрэл. Энгийн жишээ хэлэхэд хуудас сэлбэхэд өнгөт хэвлэгчийн хэрэглээ маш их байдаг. Сүүлийн үеийн номууд хавтаснаас аваад дотор хуудас нь ч өнгөт гарах нь ихэсч. Нүүр, хуудас бүр нь зурагтай ном ч байна. Саяхныг хүртэл бид ном үдэхдээ гар дриллээр нүхлэдэг байсан гээд бод доо. /инээв/ Одоо л цахилгаан дриллтэй болсноос биш ихэнхдээ гар ажиллагаатай байна даа. Хуучин бол “Анна Каренина”, “Зүрхний хилэн”, “Манан будан” гээд өрөм нэвтэлж гардаггүй зузаан номнуудыг үдэх гэж хоёр хоног зууралддаг байлаа.

-Дутуу хуудсуудыг гүйцээж хийхэд бүх хуудас нь бүрэн гүйцэт номноос хуулдаг байх. Хэрэв хуулах ном олдохгүй бол яах вэ?
-Мэдээж эх хувиас нь хуулж гүйцээдэг. Номын сан гэдэг үйлчилгээний байгууллагаас гадна нэг талаас архив, фондын үүрэг гүйцэтгэдэг. Манайд байгаа номнууд хэвлэгдсэн тооноос хамаарч тодорхой тоогоор номын сангийн архивт хадгалагддаг. Шаардлагатай үед тэдгээрийг гаргаж хуудас хуулбарлахаас өгсүүлээд олон талаар ашигладаг.Юун түрүүнд бусад номын сангаас асууж лавлана. Хэрэв байхгүй бол хувь хүн, албан байгууллага гээд байж болох бүх л газар шүүж, хайлт хийнэ дээ. Гэхдээ ихэвчлэн олдоно доо. Намайг ном сэлбэн засагчаар ажилласнаас хойш олдохгүй байгаа нэг л ном бий. “Оюутнуудад зориулсан химийн бус математикийн гарын авлага” гэж ном хуудас дутсаныг нь сэлбэх гэтэл өөр хувь байдаггүй. Одоо ч хайгаад л байгаа. Үндэсний номын сан­­гийн фондоос шүүж үзэх байх.

-Хамгийн их сэлбэн засал­тад ордог номуудыг дурдвал сонирхолтой байх болов уу?
-Уран зохиол, шүлэг яруу найргийн номууд хамгийн их засварт ирдэг. Мөн түүхийн номууд байна. Жишээ нь, “Дэлхийн түүх I, II”, “Эдийн засгийн ухааны онол” гэх мэт номууд хамгийн их урагддаг. Ер нь тэгээд уншлагад их гардаг номууд л их ирдэг дээ. Дунд сургуулийн хүүхдүүд даалгаварт цээжлэх ёстой шүлэг, богино өгүүллэгтэй номуудыг хуудсаар нь ураад авчихдаг юм. Зааланд гарсан хэрнээ л голоос нь хэд хэдэн хуудсаар нь салгаад авчихсан байдаг. Гэхдээ нэг үеэ бодвол хүн бүр ухаалаг утастай болж.Хэрэгтэй хэсгийнхээ зургийг авчихдаг болсноос хойш хуудас дутах ном хулгайлах нь арай багассан. Хуучин бол хуудас хуудсаар нь ураад авчихдаг байсан.

-Таныг 10 гаруй жил но­мын санчаар ажилласан гэж сонссон. Өдөржин ганцаа­раа лабораторт суудаг сэл­бэн засагчийн юунд нь тэгж их татагдсан юм бэ?
-Анх номын санчаар ажиллаж байхдаа ном засч сэлбэх тухай ямар ч ойлголтгүй байлаа л даа. Урагдаж ирсэн номыг онгойж байхаар умайж байг гээд л өөрийнхөөрөө наачихна. Хүмүүст ч гэсэн уранхай номоор үйлчлээд байх тийм ч сайхан биш шүү дээ. Тэгээд л ном сэлбэж засах тухай ойлголттой болж эхэлсэн. Ер нь тэгээд ном засч сэлбэнэ, хүнд бүрэн бүтэн ном уншуулна гэдэг буянтай ажил л даа. Анх номын санч байхад урагдаж салбайсан номнууд шинэ юм шиг л болчихоод эргээд ирэхэд нь яаж ингэж засч сэлбэдэг юм бол гээд л гайхдаг байлаа. Тэгж явсаар эцэст энэ ажилдаа орсон доо. Яахав, өдөржин лабораторт суудаг ч гэлээ сонирхолтой, сайхан мэргэжил. Хуруу гаранд орсон өргөсийг авч чадахгүй яваад байх хэцүү байдаг даа. Үүнтэй адил урагдаж гэмтсэн ном ширээн дээр овоороод байхаар сэтгэл нэг л тогтож өгдөггүй юм. Хурдхан шиг бүрэн бүтэн болгоод авбал санаа амарна. Өөрийн өмч мэт нямбайлан зассан номуудаа өрж тавь­чихаад харж суух сайхан шүү.

-Хүн төрлийг олсон бол гурван дээд буян үйлддэг гэдэг. Мод тарих, хүүхэд төрүүлэх мөн ном хэвлэн гаргах гэж. Тэгэхээр таны ажил мэргэжил нэг талаас маш том буяны үйл юм шиг?
-Хүмүүс тэгж хэлдэг л юм. Би л хувьдаа сэлбэж зассан номоо хараад сэтгэл их ханадаг. Ном унших, ном цуглуулах, ариг гамтай эдэлж хэрэглэх, бусдад түгээх гэдэг бурхан бүтээсэнтэй адил буянтай ажил. Би зөвхөн номын сангийн номнуудаас гадна хувь хүмүүст ч ном сэлбэн засч өгдөг юм. Урагдаж салбайсан номоо бүрэн бүтэн болсныг хараад баярлаж талархаж буй хүмүүс ямар аз жаргалтай байдаг гээч. Тэр хүмүүс бол оюуны үнэт зүйлийг эрхэмлэж чаддаг, номын соёлд суралцсан, номонд хайртай жинхэнэ уншигч. Номыг цэвэрхэн уншиж хэрэглэдэг хүмүүс харваас андашгүй.

-Тантай адил ажил мэргэжилтэй хүн цөөн байгаа нь ямар шалтгаантай юм бол?
-Дээхнэ үед цавуу, жонхуу буцалгаад л сурах бичиг, ном хэвлэлээ наадаг байсныг санадаг юм. Тухайн үед хүмүүс номыг гамтай хэрэглэдэг байж, тэр үеийн номууд ч чанартай байж. Номын санч нар хэлэхдээ 2000 оноос хойш номын чанар эрс муудсан гэдэг.
Унших хэрэглэхээс гадна хадгалалтад ч анхаарч хэвлэх хэрэгтэй санагддаг. Зөөлөн хавтастай, муу цаастай номыг босоогоор нь өрөхөд үзүүрээсээ эхлээд нугарч урагдаад эхэлдэг. Чийг авах нь амархан гээд сүүлийн үеийн ном хэт хээнцэрээс цаашгүй болчихсон санагддаг.

-Таны хэлдгээр чанар муу­даад байвч үнэ нь өсөөд л байдаг. Хүмүүс номын үнэ өн­дөр байгаад шүүмжлэлтэй ханд­даг ч авч уншсаар л байна?
-Яахав, ховор сайхан ном­­ноос мөнгө харамлах хүн байхгүй. Үүнтэй адил ун­шигч­дын дунд эрэлттэй байгаа шинэ номууд ч өндөр үнэтэй гарч байгаа нь нууц биш. Номын дэлгүүрүүд ашгийн төлөө ажилладаг, хувийн байгууллага болохын хувьд хэвлэлтээс гарсан номонд өөрсдийн өртгийг шингээх нь зүйн хэрэг. Гэвч аль аль талдаа ашигт хэт анхаараад байна. Зохиогч ч тэр дэлгүүрүүд ч ялгаагүй. Эцсийн эцэст үнэндээ дүйх чанартай номонд хүмүүс мөнгө харамлахгүй шүү дээ.

0 Сэтгэгдэл
Хамгийн их уншсан