Билгийн

Доллар (USD)

Улаанбаатар

Монгол туульчдын залгамж тасрахгүй

Э.ГАНЦЭЦЭГ

Өглөөн жингээр униартаж л байдаг
Өдөр дундаа суунаглаж л байдаг
Үеийн үедээ өнөтэй тарган байдаг
Өргөн өндөр, хүдэр баяхан буурал Алтай Хангай хоёр минь ээ...
Ийн морин хуур, цуур хөгжмийн татлагаар Ховд, Увс, Баянхонгор, Дорноговь аймгаас ирсэн туульч, цуурчид “Алтайн магтаал” хайлж эхлэв. Үүний дараа туульчид нутаг, усныхаа онцлогийг харуулсан ерөөл, магтаалаа хайллаа. Туулийн хайлаанд Их хотыг маань уул, ус, лус савдаг баяссан биз ээ. Учир нь “Алтайн магтаал” хайлах үест муу бүхэн арилж, сайн сайхан дэлгэрдэг хэмээн эртнээс уламжлагдан үеэс үед дамжуулан уламжлан үлдээдэг байсан билээ. “Монгол туулийн уламжла­лыг хадгалж хамгаалах, сэргээн амилуулах нь” төслийн хүрээнд туульчдын залгамж халааг шавь сургалт хэлбэрээр бэлтгэхээр болсон юм.

Хоёр жилийн өмнөөс хэрэгжиж эхэлсэн төслийн дүнд хуруу дарам цөөрөөд байсан соёлын энэхүү өвийг тээгчид өдгөө 100 гаруй болжээ. Ийнхүү шавь сургалтын аргаар бэлтгэгдэж буй залуу туульчдын “Монгол туульчид” хэмээх бэсрэг тайлан тоглолт Богд хааны ордон музейн “Туульсын өргөө”-нд өчигдөр болов. Энэ үеэр үе уламжлагдан энэхүү соёлын өвийг залгамжилж ирсэн туульчид, тэдгээрийн шавь нартай ярилцлаа.

Д.Болд: Туульчдын залгамж халааг бэлдэж байгаа нь чухал

Баян-Өлгий аймгийн Буянт сумын “Төрийн титэмт” туульч Б.Болд

-Хоёр жилийн хугацаанд та хичнээн шавьтай болов?
-Төсөл хэрэгжснээр би гарын таван шавь бэлтгэж эхэлсэн. Газар хол болохоор ганц шавьтайгаа хотод ирлээ.

-Тууль хайлах соёл нь удам дамждаг гэлцдэг. Ер нь шавь сургалтаар туульч бэлдэх боломжтой юм байна гэж та бодож байна уу. Үр дүн нь хэр мэдрэгдэж байгаа вэ?
-Ер нь туульч болно гэдэг хэцүү. Туулийн язгуур болсон “Алтайн магтаал”-ийг бүрэн хайлж сурахын тулд 2-3 жил зарцуулдаг. Түүнчлэн 2-3 мянган мөрийг өөрийн болгож, түүнийгээ айзам хэмнэлд оруулж, хоолойн чадал, аман аялгуугаар амьдруулах чадвартай болсны дүнд туульч болдог. Зөвхөн бэсрэг туульс эзэмшихэд ийм хугацаа зарцуулна шүү дээ. Цаашлаад 8000 мөртэй дэлгэр туульсийг доод тал нь 4-5 цаг, бүр 20-30 цаг ч тасралтгүй  хайлах үе бий. Тиймээс тууль хайлж туульч болно гэдэг хэн хүний чадах зүйл биш юм.

-Та аль удмын хэд дэх үеийн туульч билээ?
- Өвөөгийнхөө талаас дамжсан туульч, цуурчийн удамтай. Тиймээс намайг удам дамжсан туульч гэж болно. Би гуравдахь үеийн туульч.

-Та “Алтайн магтаал” хайллаа. Таны урын санд өнөөдөр хичнээн тууль байна вэ?
- 7-8 тууль бий. Дурдвал, “Таван зуун хатантай Тансангэрэл хаан”,”Зээ хоо нэртэй Зэргэлдэй мэргэн баатар”, “Алтайч мэргэн хаан”, “Алтайн Чингэл баатар”, “Алтайн хөх мөрний  Сэтэр”, “Баянцагаан өвгөн” зэрэг туульс бий. “Баянцагаан өвгөн” туулийг л гэхэд долоон цаг хайлдаг.

-Ер нь туульчдыг төрөөс бодлогоор бэлтгэхийн ач холбогдолыг та юу гэж ойлгож байна вэ?
- Саяхныг хүртэл Баян-Өлгий аймгийн ганц туульч нь би байлаа шүү дээ. Энэ хөтөлбөрийг хэрэгжүүлснээр өөрийн мэдлэг, чадвараа хойч үедээ өвлүүлэх боломжтой боллоо. Туульчдын залгамж халааг бэлтгэхэд төр анхаарал хандуулж байгаа нь чухал юм. Шавь сургалтын хүрээнд ЕБС-ийн 6-10 дугаар ангийн дөрөв, таван шавьтай болсондоо баяртай байгаа.

Ө.Батхүү: Би туульч болно

Түүний шавь Баян-Өлгий аймгийн Буянт сумын бүрэн дунд сургуулийн 11А ангийн сурагч Ө.Батхүү багшийнхаа тууль хайлж байгааг анх харж сонсоод туульч болохоор шийдэж, шавь орсон гэнэ. “Манай  ээжийн  удамд туульч бий. Туулийн утга агуулгыг судалж, мэдэх тусам сайхан  санагддаг. Одоо би “Алтайн магтаал” сурч байгаа” хэмээн хүү ярьсан юм.


Э.Баатаржав: Өв соёл, угсаа гарвалаа хайрлаж, авч үлдэх гэсэн нь шалгарлаар туульч болдог

/Ховд аймгийн Дуут сумын “Төрийн титэмт” туульч Э.Баатаржав/

-Та ирээдүйн туульчдыг бэлтгэж байна. Хэцүү байна уу?
-Тууль хайлах бол урлаг. Энэ урлагийг өвлүүлнэ гэдэг бусад төрөлтэй харьцуулахад хэцүү бас өвөрмөц. Ганц үлгэр цээжлүүлж байгаа мэт харагддаг ч, эртний үг хэллэгт олон мянган мөр шүлгийг, хөг аялгуу, айзам хэмнэлд тааруулж, мөн шавийнхаа хоолойг бэлтгэх гээд амаргүй ажил.

-Та хэчнээн шавьтай болоод байгаа вэ?
-Би 30  гаруй жил тууль хайлж явахдаа 40 гаруй шавьтай болжээ. Ховдын Мөнххайрхан, Дуут, Ховд суманд миний шавь бий. Тэдгээрээс 10 гаруй нь туульч болж, бусад нь өөр өөрсдийнхөө түвшинд туулиа хайлж яваа.

-Та аль удмын туульч вэ?
-Би “Баян-Алтайн өвгөн” удмын дөрөвдэх үеийн туульч.

-Амнаас ам дамжиж үлдсэн 200 гаруй тууль бий. Та эдгээрээс хэдийг нь хайлж өвлүүлж байгаа вэ?
- Бүгдийг өөрийн болгоно гэдэг бараг боломжгүй. Миний урын санд 15 тууль бий. Тэдгээрээс 13-ыг нь хальсанд буулгаж, Шинжлэх ухааны академийн Хэл зохиолын хүрээлэнд хүлээлгэж өгсөн. Мөн АНУ-ын Харвардын их сургуульд зочилж, тууль хайлж байсан удаатай. Монгол туургатны нутгаар,  мөн гадаадын олон оронд тууль хайлж явсан.

- Хүүхэд залуус туулийг хэр сонирхож байна вэ?
-Хүүхэд гэлтгүй хүмүүс эхлээд маш их сонирхдог. Харин хоёр өдрийн дараа гэхэд сонирхол нь буурчихдаг. Хүмүүс гүйлгээд уншчих, түргэн цээжилчих тууль байна уу гэж асуух нь холгүй. Одоогийн хүмүүсийн барил нь тийм болчихож дээ. Өв соёл, угсаа гаралаа хайрлаж, авч үлдэх гэсэн нь байгалийн шалгарлаар туульч болж үлддэг дээ.

Б.Амгаланбаатар: Заяа нь эвлэлдэх тэнгэрийн дор уулзах
хүмүүс уулздаг


/Э.Баатаржавын шавь, санхүүч Б.Амгаланбаатар/

Би жилийн өмнө ёс журмын дагуу багшдаа шавь орсон. “Чин үнэнч сонирхолтой байж л энэ урлагийн оройд хүрнэ. Сонирхол төдий бол гарч чадахгүй” хэмээн багш минь сургадаг. Би “Бөх алтан нудрам” хэмээх Алтай-Урианхайн баатарлагийн туулийг багшаасаа өвлөн сурч байгаа. Цаашид их туульсийг өвлөж авахаар шамдаж байна. Заяа нь эвлэлдэх тэнгэрийн дор уулзах хүмүүс уулздаг гэдгээр багштайгаа уулзсан.

0 Сэтгэгдэл
Хамгийн их уншсан