Х.Баттулга: Эх орончдын 1911-1919 оны түүх давтагдаж байна
2015 оны 11 сарын 19

Төмөр замыг тойрсон шуугиан тариад байгаа асуудлаар УИХ-ын гишүүн Х.Баттулгаас тодруулаа.  

 

-Та болон тантай хамт ажиллаж байсан хүмүүсийн талаар маш их шуугиан дэгдээсэн мэдээллүүд хэв­­лэ­лээр гарч эхэллээ. Өд­рийн сонины 2015 оны ар­ван­­нэгдүгээр сарын 19-ний буюу өнөөдрийн  ду­гаарт нэр бүхий та­ван хүний  дансаар мөнгө угаагдсан гэсэн мэдээллийг маш тодорхой нэр устай нь бичжээ. Таны нэр тэнд байна.

-Энэ бол гүжир гүтгэлэг гэдгийг шууд хэлье. Би тус сонинд хандаж гүтгэлэг болохыг хэлсэн, мөн шүүхэд хандаж нэр төрөө сэргээлгэх болохоо хэлсэн. Сонины зүгээс ямар нэг тайлбар хийж чадахгүй байна. Харин тус материалыг прокурорын байгууллагаас бэлтгэж гаргуулсан болохыг хэллээ. Тэгэхээр зохион байгуулалттай бөгөөд  захиалагч нь ямар ч байсан тодорчихлоо. Өмнө нь Үндэсний шуудан сонин бас цуврал гүтгэлэг нийтэлсэн. Би шүүхэд өгсөн. Үндэсний шуудан сонин шүүхэд тайлбараа ч гаргаж өгч чадахгүй байна шүү дээ. Тэр сонин захиалгаар хүнийг гүтгээд одоо шүүхэд хэлэх үггүй зугтаад л байж байна.

-Та тэгвэл өөртөө итгэлтэй байна уу ?

-Мэдээж, бүрэн итгэлтэй байна. Энэ бол улс төрийн зорилготой гүтгэлэг. Би өмнө нь хэлж байсан даа. Энэ асуудал цаашдаа улс төрийн зорилготой болж хөврөх байх гэж. Тэмээ хариулсан хүн буурынхаа занг андахгүй гэж нэг үг бий байх аа. Цаашдаа юу болохыг ч би хэлж чадна.

-Юу болно гэж ?

-Тавантолгойн ордыг төмөр замын хамт луйврын гэрээгээр авах зорилготой улс төр, эдийн засгийн бүлэглэлийн сүүлчийн улайр­сан дайралт болж байна. Тэд хүслээ хангахын тулд төрийн эрх мэдлийг ашиглаж байна. Энэ хүмүүсийг “Нүүрсчин нам” гэж улс төрийн хүрээнд нэрлээд байгаа.

-“Нүүрсчин нам” гэдгээ тодруулахгүй юу?

-АН, МАН дамжсан бү­лэглэл. Ард нь Хятадтай хам­тарсан манай нэг компани байдаг. Тэд өрөнд ороод дам­­­пуурлын ирмэгт байгаа. Эзэд нь мөнгөө нэхээд, эд нар бо­лохоор өрөө хаахын тулд Та­вантолгойн ордыг тө­мөр зам­тай нь өгөх наймаа юм даа.

-Хөрөнгө оруулалт орж ирэх юм биш үү?

-Хөрөнгө оруулалт гэдэг гоё үгээр халхавчилсан Мон­гол Улсад ашиггүй, тэр тусмаа үндэсний аюулгүй байдал, тусгаар тогтнолд хортой  үйл ажил­лагаа. Энэ бүхнийг хэлж ярьж байгаа цөөн хэдэн хү­нийг хүчний байгууллагыг ашиглаж дарж аваад дуугар­гах хүнгүй болсны дараа Тавантолгойн ордыг авна гэсэн схемээр л ажиллаж байна. Одоо хэлэхгүй бол болохгүй юм байна.

-Тухайлбал?

-Маш тодорхой бөгөөд энгийнээр хэлье. Тавантолгойн ордыг харийнханд өгч өрнөөс гарах гэсэн энэ үйлдэл нь Монгол Улсыг эдийн засгийн хувьд гадаад улсын бүрэн хараат байдалд оруулж улмаар цаашдаа улс төрийн тулгалт орж ирэх нөхцөлийг бүрдүүлэх юм. Тийм учраас л тэр хүмүүсийн хүслээр явж бо­лохгүй болоод байгаа юм. Эхлээд хуурах гэж үзээд бүтээгүй. Одоо болохоор хуурамч хэрэгт гүтгэж, цагдаагаар айлгаж байгаад зорилгоо биелүүлэх арга сонгожээ гэж харж байна.

1911-1919 он хүртэл Монгол Улсын тусгаар тогтнолын төлөө зүтгэж байсан бүх эх орончид бусдад хорлогдож дууссаны дараа тусгаар тогтнолыг устгаад, дахин 1915 оны автономит эрхийг 1919 онд  устгасан түүх давтагдаж байна. 


Эх сурвалж: www.assa.mn
LIKE бэлэглээрэй. Танд баярлалаа.
Санал болгох
Фото үзэх
Видео үзэх
Зохиогчийн эрх хуулиар хамгаалагдсан. Мэдээлэл хуулбарлах хориотой.