Билгийн

Доллар (USD)

Улаанбаатар

Т.Хасбаатар: Японы “Гадаад худалдааг дэмжих банк” 200 сая ам.долларын зээл олгоно

Т.ЖАНЦАН

Монгол, Японы Хөдөө аж ахуйн хамтын ажиллагааны нийгэмлэг, Хоккайдо мужийн хөрөнгө оруулагчдын семинар өчигдөр Улаанбаатарт болов. Энэ үеэр албаны зарим хүмүүстэй уулзлаа.


/Монгол, Японы хөдөө аж ахуйн хамтын ажиллагааны нийгэмлэгийн тэргүүн/

-Манай улсад Японы талаас хэдий хэмжээний хөрөнгө оруулалт орж ирэх боломж байна. Ямар чиглэлийн бизнес эрхлэх сонирхолтой байгаа юм бол?
-Монгол, Японы эдийн засгийн түншлэлийн гэрээ байгуулагдсанаар олон боломж нээж өглөө. Тэр дундаа хөдөө аж ахуйн чиглэлээр бизнес эрхлэх, техник, технологи  нэвтрүүлэх өргөн боломж нээгдсэн гэж үзэж байна.  Мөн  Японы Засгийн газар болон олон улсын хамтын ажиллагааны байгууллагуудын тусламж, хөтөлбөр хэрэгжиж байгаа. Үүнд хөдөө аж ахуй, эрчим хүч, барилга, дэд бүтцийн салбарт тус улсын “Гадаад худалдааг дэмжих банк”-ны зээлийн нэн таатай хөнгөлөлттэй нөхцөлийг бид ашиглах ёстой. Одоогоор 200 орчим сая ам.доллартай тэнцэх хэмжээний иенийн гадаад урсгал уг банкинд нээгдсэн.

-Хөрөнгө оруулах сонир­холтой компаниуд манай бизнесийн орчинг хэрхэн дүгнэж байна вэ?
-Ер нь, гадаадын хөрөнгө оруулагчид Монголд бизнес эрхлэх таатай орчинг хараахан бүрдүүлж амжаагүй байна. Гэвч бид олон улсын хөрөнгө оруулагчид Монгол Улсад хөрөнгө оруулах, хамтын ажиллагааг өргөжүүлэхийн төлөө ажиллах хэрэгтэй гэж үзэж байгаа. Хамгийн гол нь өндөр хөгжсөн орнуудын техник, технологийг нэвтрүүлэх шаардлагатай юм. Ингэснээр ОХУ, БНХАУ-ын хүн амын суурьшил их томоохон бүс нутгуудад бүтээгдэхүүнээ нийлүүлэх боломж бүрдэнэ гэж харж байна.

-Тэгвэл манай орны байгаль цаг уур, нөхцөл байдал эдийн засгийн ямар ямар салбарт  тохирсон технологи байна вэ?
-Манай улсад хөдөө аж ахуйн салбарт эрчимжсэн мал аж ахуйг хөгжүүлэх шаардлага бий. Мөн хүнс, хүнсний ногоо, үр тарианы аж ахуй хөгжүүлэхэд Японы технологи манайд тохирно гэж үзсэн. Ингээд тус улсын технологиудыг туршиж буй юм.

-Шинэ технологи нэвтрүү­лэх өртөг зардал ямар байх бол?
-Аливаа бизнесийн эхний шатанд чамгүй хөрөн­гө оруулалт ордог. Иймд санхүүжилтийн өндөр өртөг, хөрөнгө оруулалт хэрэгтэй. Өндөр хөгжилтэй орны шилдэг технологиор үйлдвэрлэсэн бүтээгдэхүүнд зах зээл мундахгүй олдоно гэж харж байгаа.  Японы газар тариалангийн технологи нь нэгж талбайгаас хураах бүтээгдэхүүний үр шим, чанар нь сайн. Ийм учраас манайх шиг эмзэг хөрстэй, байгаль цаг уурын хүндрэлтэй оронд бага талбайгаас өндөр үр ашигтай бүтээгдэхүүн хурааж авах нь тохиромжтой. Ялангуяа тус улсын техник, технологийн үйлдвэрлэл өндөр хөгжсөн.

-Тэгэхээр манай хөдөө аж ахуйн салбарт шилдэг технологи орж ирэх боломж байх нь. Японы хөдөө аж ахуйн салбартай хэдийнээс хамтран ажиллаж байна вэ?
-Өнгөрсөн зургадугаар сард Монгол, Японы Хөдөө аж ахуйн салбарын анхны форум зохион байгуулсан. Тэгээд хоёр орны энэ чиглэлийн байгууллага, компаниудыг танил­цуулах, техник, техно­логи нэвтрүүлэх арга хэмжээ болсон юм. Ингээд хоёр дахь арга хэмжээг Японы Хоккайдо мужид дахин зохион байгуулах хүсэлт гаргасан. Саяхан энэ уулзалтыг товлоод байна.

Ёшимүра Шинжи: Хөдөө аж ахуй, барилгын салбарт хөрөнгө оруулна

/Японы Хоккайдо мужын олон улсын харилцааны төвийн судалгааны хэлтсийн мэргэжилтэн/

-Японы Хоккайдо мужийн бизнес эрхлэгчид Монголд эдийн засгийн ямар салбарт хөрөнгө оруулах сонирхол байна вэ?
-Хөдөө аж ахуйн салбарыг сонирхож байгаа. Энэ удаагийн уулзалтад оролцогчдын дийлэнх нь хөдөө аж ахуйн салбарт үйл ажиллагаа явуулдаг компани байна. Мөн барилгын салбарт хөрөнгө оруулах сонирхол бий. Энэ талаар бид нэлээд анхааран ажиллаж байна.

-Одоогоор хэдэн компани хэдий хэмжээний хөрөнгө оруулалт хийсэн бол?
-Нийт хөрөнгө оруулалтын хэмжээг сайн мэдэхгүй. Монгол, Япон орны хамтын ажиллагааны хүрээнд “Жайка”-гийн олон төсөл хөтөлбөр хэрэгждэг. Эдгээр төсөл хөтөлбөрөөс тусдаа хувийн хэвшлийн  таван компани хөрөнгө оруулсан. Тухайлбал, хөдөө аж ахуй, барилга, эрчим хүчний салбарт Хоккайдо мужийн компаниуд Монголд үйл ажиллагаа явуулж байна.

-Монголд бизнес эрхлэх, хөрөнгө оруулах орчинг хэрхэн дүгнэж байна. Ямар бэрхшээл тулгардаг вэ?
-Ер нь, Монголд хөрөнгө оруулж хамтарч үйл ажиллагаа явуулах сонирхол манай компаниудад их бий. Гэвч түүнийгээ цаашид хөгжүүлж бизнес болгон авч явахад Монгол жижиг зах зээлтэй. Энэ нь нэг гол асуудал. Мөн хоёр орны соёлын болон байгаль орчны ялгаа их гардаг.  

Кишида Ёшисүкей: Манай компаниуд тэжээлийн үйлдвэрийн төхөөрөмж нийлүүлэх сонирхол бий

/“Shinnorishya” компанийн захирал/

-Танай компани Монголд ямар үйл ажиллагаа эрхлэх сонирхолтой байна вэ?
-Манай компани 1933 онд байгуулагдсан. Бид хөдөө аж ахуйн шинэ техник, технологи танилцуулах сонин, сэтгүүл гаргадаг. Одоогоор Монголд үйл ажиллагаа эрхлээгүй. Гэвч Монгол, Япон хоёр орны хамтын ажиллагаа өргөжин тэлэхэд түүний гүүр болох, мэдээллээр хангахын төлөө ажиллаж байна.

-Тэгвэл хөдөө аж ахуйн ямар техник, технологи Монголд нэвтрэх боломж байна вэ?
-Энэ уулзалтад оролцож буй компаниудыг бид Монголд танилцуулсан. Тухайлбал, хөдөө аж ахуйн тоног төхөөрөмж үйлдвэрлэдэг “IHI” компани бий. Монголд уламжлалт мал аж ахуй өндөр хөгжсөн. Гэвч цас их орж зуд болохоор мал их хорогдож эрсдэл хүлээдэг. Иймд хадлан өвсийг үр ашигтай хураах, тэжээлийн үйлдвэрлэл хөгжүүлэх нь чухал. Тэгэхээр энэ удаа хөдөө аж ахуй тэр дундаа хадлан хадах тоног төхөөрөмж үйлдвэрлэдэг компаниудыг танилцуулж хамтын ажиллагаагаа өргөжүүлэх сонирхолтой байгаа юм.

0 Сэтгэгдэл
Хамгийн их уншсан