Билгийн

Доллар (USD)

Улаанбаатар

Солонгост авдаг цалингаар хөдөлмөрөө үнэлүүлэх боломжтой

Ж.ГЭРЭЛЧУЛУУН

Манай эриний 995 онд Курео улсын Сонг Жун хааны үед арван солонгос оюутныг Монголд сургахаар томилсон тухай түүхэн эх сурвалжид тэмдэглэн үлдээсэн байна. Энэ үйл явдлаас хоёр зууны хойно буюу 1219 оны туулай жил Солонгосын хэл соёлыг судлуулахаар Монголоос хэсэг бичгийн хүн илгээсэн нь хоёр орон соёл, боловсролын салбарт өнө эртний харилцаатайг илтгэх аж.

Харин албан ёсны дипломат харилцаа тогтоосон түүхийг сөхвөл 25 жилийн түүх яригдана. 1990 оны гуравдугаар сарын 26-ны өдөр Монгол-Солонгос улсын хооронд дипломат харилцаа тогтоосон нь социалист гэгдэх орнуудаас анх удаа дипломат харилцаа тогтоосон түүхэн үйл явдал байлаа.

Энэ үеэс хойш соёл урлаг, боловсрол, эдийн засаг гээд бүхий л салбарт хамтын ажиллагаагаа өргөжүүлсээр ирсэн түүхтэй. Энэ онд тохиож буй дипломат харилцаа тогтоосны 25 жилийн ойн хүрээнд Монголд суугаа Солонгосын Элчин сайдын яамнаас цөөнгүй үйл ажиллагаа санаачлан зохион байгуулж байна.
Эдгээрийн нэг нь “Солонгос хэлний мэргэжлээр төгссөн болон суралцаж буй оюутан залууст зориулсан хөдөлмөр зуучлалын өдөрлөг” байв. Өдөрлөгт Бүгд найрамдах Солонгос улсаас Монгол Улсад суугаа Элчин сайд У Сун, Элчин сайдын яамны I нарийн бичгийн дарга Шин Сан Кюун болоод 500 гаруй оюутан залуус оролцов.

Элчин сайдын яам, Монголд үйл ажиллагаа явуулж буй Солонгосын хөрөнгө оруулалттай компаниудтай хамтран Монголын их, дээд сургуулиудад солонгос хэлний мэргэжлээр сурч байгаа болон төгссөн оюутан залууст дэмжлэг үзүүлэх, ажлын байраар хангах зорилгын дор энэхүү өдөрлөгийг зохион байгуулсан юм.
Элчин сайдын яамны I нарийн бичгийн дарга Шин Сан Кюун өдөрлөгийг нээж хэлсэн үгэндээ “Анхны юм алдаа оноотой байдаг. Хөдөлмөр зуучлалын өдөрлөг анх удаа зохион байгуулж байгаа болохоор эхний ээлжинд 10 компани л оролцлоо. Гэвч ирэх жилүүдээс энэ тоо өснө гэдэгт итгэлтэй байна. “Хэлтэй бол хөлтэй” гэдэг. Монголчууд хэл сурах төрөлхийн авьяастай ард түмэн. Тиймдээ ч гадаад хэлийг өөрсдийн хэл мэт өндөр төвшинд эзэмшдэг. Тиймээс Монголд үйл ажиллагаа явуулдаг Солонгос компаниудад солонгос хэлтэй монгол залуусын хэрэгцээ шаардлага байгааг хангах, мөн оюутан залуусыг дэмжих, ажлын байраар хангах зорилгоор эл өдөрлөгийг зохион байгуулж байна” хэмээсэн юм. Түүнчлэн, ажил олгогчдын төлөөлөлтэй уулзаж ярилцаж байхад “Эх орондоо эзэмшсэн мэргэжлээрээ ажиллаад Солонгост авдаг цалингаар хөдөлмөрөө үнэлүүлнэ гэдэг сайхан боломж” хэмээж байлаа.

Өдөрлөгт “LGI Sigma”, “NES Oil”, “BBQ”, “Hanssem” гэхчлэн газрын тос, хүнс, барилга угсралт, тээвэр тэргүүтэй салбарт үйл ажиллагаа явуулдаг 10 компани оролцож залууст нийт 500 гаруй ажлын байр санал болгосон юм.
Түүнчлэн, “Монгол дахь Солонгос иргэдийн нийгэм­лэг”-ийн тэргүүн, “New energy star” компанийн захирал Күг Жүн Ёл, “BBQ” компанийн захирал Ким Ил Хан нар оюутан залууст чадварлаг боловсон хүчний үнэлэмж бусад улс оронд ямар байдаг тухай лекц уншсан юм.

Күг Жүн Ёл: 100 гаруй монгол хүнийг ажлын байраар хангасан

Энэ үеэр “Монгол дахь Солонгос иргэдийн нийгэмлэг”-ийн тэргүүн Күг Жүн Ёлтой ярилцлаа.

-Манай оюутан залуус хөдөлмөрийн өдөрлөгт идэвхтэй оролцож байна. Та бүхний зүгээс ямар шаардлага тавьж ажлын байраар хангаж байна вэ?
-Дэлхий ертөнц асар хурдтай хувьсан өөрчлөгдөж байна. Энэ үед залуу хүн бүр өөрөөсөө өөрчлөлт шинэчлэлтэй хөл нийлүүлж чадаж байгаа эсэхээ асуух хэрэгтэй. Орчин үед гадаад хэлний мэдлэггүй бол дээрх өөрчлөлт шинэчлэлтээс хүссэн хүсээгүй хоцорно. Солонгос хэлээр суралцаж байгаа болон сурч төгссөн залуус өнөөдрийн өдөрлөгт оролцлоо. Тиймдээ ч тэдэнд боломж байгаа гэж ойлгох хэрэгтэй. Бидний зүгээс хэлний мэдлэгийн төвшинг гол шалгуур болгон үзэж байна. Мөн давхар өөр мэргэжил эзэмшсэн бол давуу тал хэмээн үзнэ.

-Танай компани хэчнээн монгол ажилтантай, ямар чиглэлээр үйл ажиллагаа явуулдгийг сонирхож болох уу?
-Манай компанийн хувьд Солонгос болон Оросоос газрын тосны бүтээгдэхүүн буюу бензин, шатахуун, тос, тослох материал импортоор оруулж ирдэг. Улмаар бөөний болон жижиглэнгийн үнээр Монголд борлуулдаг юм. Одоогоор 100 гаруй монгол хүнийг ажлын байраар хангачихаад байна. Өнөөдрийн өдөрлөгт оролцсоны хувьд цаашид энэ тоо өснө гэж бодож байгаа.

-Монголчуудтай хамт­ран ажиллахад ямар байдаг вэ?
-Монголчууд аливаа ажилд тууштай хүмүүс. Махруу гэж ярьдаг даа, тийм л хүмүүс. Ямар ч юмыг асар богино хугацаанд сурч, бүрэн эзэмшиж чаддаг. Мөн хурдан шаламгай, шинийг санаачлахдаа сайн. Харин цаг барих тал дээр жаахан дутагдалтай. Бусдаар бол тэргүүлэх зэргийн ажилчид монголчууд л байдаг даа.

-Нийгэмлэгийнхээ тухай товч танилцуулахгүй юу?
-“Монгол дахь Солонгос иргэдийн нийгэмлэг” бол байгууллага гэхээс илүү нийгмийн статус юм. Манай нийгэмлэгт Монголд ажиллаж, амьдарч буй солонгос иргэд, компани, албан байгууллагууд орчуулагчаас өгсүүлээд ажилтан авах зэрэг хүсэлт ирүүлж бид зуучилж өгдөг юм. Нэг талаар өнөөдрийн өдөрлөг шиг зуучлалын үүрэг хүлээдэг. Мөн Солонгосын нэртэй эмнэлгүүдэд эмчлүүлэх боломж бүрдүүлэх үүднээс эндээс өвчтөний өмнөөс холбоо тогтоож өгдөг.

0 Сэтгэгдэл
Хамгийн их уншсан