Билгийн

Доллар (USD)

Улаанбаатар

Монголын Сэтгүүлчдийн Нэгдсэн Эвлэл эмгэнэл илэрхийллээ

Лунтангийн БОЛОРМАА

Монголын Сэтгүүлчдийн Нэгдсэн Эвлэлийн гишүүн, нэрт сэтгүүлч, шилдэг нийтлэлч Лунтангийн БОЛОРМАА 2015 оны арваннэгдүгээр сарын 20-нд зуурдаар таалал төгсч Монголын сэтгүүл зүйн салбарт нөхөж баршгүй гарз тохиолоо.

Л.Болормаа нь “The Mongolian Mining Journal”, Үүсгэн байгуулагч, Эрхлэгчээр ажиллаж байсан юм. Тэрээр шинэ цагийн сэтгүүл зүйн салбарын шилдэг төлөөлөгч, эдийн засаг, бизнес, уул уурхайн сэдвээр дагнан бичдэг мэргэшсэн сэтгүүлч байв. Германы Олон улсын сэтгүүл зүйн (IIJ) хүрээлэн, АНУ-ын Олон улсын сэтгүүлчдийн институтэд  эдийн засаг, бизнесийн сэтгүүл зүйн чиглэлээр мэргэжил дээшлүүлсэн, “Washington Post” болон “Grand Forks Herald” сонины редакцуудад  туршлага судалсан арвин туршлагатай, салбартаа манлайлагч, үнэний дуу хоолой байлаа.

Л.Болормаа нь 1998 оноос Үндэсний өдөр тутмын “Өнөөдөр” сонинд сэтгүүлчээр ажлын гараагаа эхлүүлж,  2001-2008 онд “Өнөөдөр” сонины  Орлогч эрхлэгч, Нэгдүгээр орлогч эрхлэгчийн алба тус тус дэвшин хашихдаа өдөр тутмын сонины сонгодог загварыг Монголд төлөвшүүлэх, барууны сэтгүүл зүйн бичлэгийн хэв маягийг Монголын сэтгүүл зүйд анх нутагшуулахад  хүч бололцоогоо дайчлан ажилласан юм. Тэрээр Монголын шинэ сэтгүүл зүйд тохиолдож байсан сорилт, туршлагынхаа талаар  өгүүлсэн “Даашинзтай сурвалжлагууд” номоо 2007 онд хэвлүүлсэн нь уншигчдын талархлыг зүйё соор хүлээж байв. Энэхүү номонд НҮБ-ын Ерөнхий нарийн бичгийн дарга  Кофи Аннанаас авсан  ярилцлага, Афганистанаас хийсэн сурвалжлага зэрэг мэргэжлийн өндөр түвшинд боловсруулсан сэтгүүл зүйн бүтээл байлаа. 2013 онд шинэ сэтгүүл зүйн хэвлэлийн менежментийн талаар өгүүлсэн “Завгүй” номоо хэвлүүлсэн юм. Эдгээр номнууд нь сэтгүүл зүйн оюутан залууст сургах бичиг, эрдэмтэн багш, судлаачдад судалгааны бүтээл, сэтгүүлч редакторуудад ширээний ном, практик зөвлөгч нь  болсон юм.

Л.Болормаа нь “Монголын  2003 оны сонины салбарын шилдэг сэтгүүлч” шагналыг хүртэжбайв.
Түүний 2008 онд үүсгэн байгуулсан “The Mongolian Mining Journal” сэтгүүл нь Эдийн засаг, уул уурхайн сэдвээр англи ба монгол хэлээр хэвлэгдэж, аль нэг байгууллага, хувь хүнээс хараат бус, мэдээллийн эрэлт хэрэгцээнд тулгуурлан ажилладаг бие даасан мэргэжлийн редакц юм. Монголын сэтгүүлчдийн нэгдсэн эвлэлээс түүний үүсгэн байгуулж, эрхэлж байсан “The Mongolian Mining Journal” сэтгүүлийг 2008, 2012, 2013 оны “Үндэсний шилдэг сэтгүүл”-ээр шалгаруулж байв. Тэрээр сэтгүүл зүйг мэргэшүүлэн төлөвшүүлэхэд “The Mongolian Mining Journal” хэмээх бүхэл бүтэн загвар, институтыг бий болгосон гавьяатай.    
Тэрээр “The Mongolian Mining Journal” сэтгүүлээс гадна  эдийн засаг, уул уурхайн мэдээллийн зөвлөгөө өгөх, мониторинг хийх ажлуудыг “Завгүй” компаниараа дамжуулан эрхэлж байв.

Л.Болормаа нь залуу сэтгүүлчдийг давтан сургах, эдийн засаг, уул уурхайн сэдвээр мэргэшин бичихэд нь дэмжлэг үзүүлдэг “Хөгжлийн төлөө сэтгүүл зүй” төрийн бус байгууллагыг ажиллуулдаг байлаа. Мөн Эдийн засаг, уул уурхайн мэдээллийн хөтөлбөр бэлтгэдэг “Хөгжил” телевизийн студийг 2011 онд байгуулж, Eagle, С1, 25 дугаар суваг телевизүүдээр “Хөгжил” хөтөлбөр тогтмол цацагдаж, олны танил нэвтрүүлэг болж чадсан юм. Түүний баримтад тулгуурлан бичсэн нийтлэл, сурвалжлага нь Монголын чөлөөт сэтгүүл зүйг төлөвшүүлэн хөгжүүлэхэд үнэтэй хувь нэмэр оруулсан төдийгүй хойч үе болсон залуу сэтгүүлчдэд үлгэр дуурайл болохуйц сонгодог гарын авлага болж үлдэх болно.
Түүний гэгээн дүр, хүсэл мөрөөдөл, зорьж тэмүүлж, зүтгэж бүтээж байсан бүхэн үзэг нэгт сэтгүүлч бидний сэтгэл зүрхэнд үүрд үлдэх болно.
Талийгаачийн гэр бүл, үр хүүхэд төрөл төрөгсөд болон Монголын нийт сэтгүүл зүйн салбарын хамтран зүтгэгч, ажлын хамт олон, найз нөхдөд нь гүн эмгэнэл илэрхийлье.

Ум сайн амгалан болтугай.   
    
МОНГОЛЫН СЭТГҮҮЛЧДИЙН НЭГДСЭН ЭВЛЭЛ

0 Сэтгэгдэл
Хамгийн их уншсан