Билгийн

Доллар (USD)

Улаанбаатар

Дөрвөн өөр автортой сонгуулийн хуулийн төслүүд эхний босгоо давлаа

Л.НОМИН

УИХ-ын баасан гарагийн чуулганаар сонгуулийн тухай дөрвөн хуулийн төслийн хэлэлцэх эсэхийг шийдлээ. Үндсэндээ дөрвөн автортой сонгуулийн хуулийг нэгтгэж хэлэлцэх үүднээс нэгдсэн ажлын хэсэг байгуулахаар болсон. УИХ-ын гишүүн Х.Тэмүүжин нарын өргөн барьсан УИХ-ын сонгуулийн тухай хуульд өөрчлөлт оруулах тухай хуулийн төсөлд төрийн үйлчилгээний албан хаагчдыг сонгуульд нэр дэвших боломжоор хангах асуудлыг тусгасан. Үндсэн хуулийн цэцээс төрийн үйлчилгээний албан хаагчдад тэгш бус боломж олгож байгаа нь Үндсэн хууль зөрчсөн гэж үзсэн. Төрийн үйлчилгээний албан хаагчид эмч, багш нар ажлаасаа чөлөөлөгдөж байж сонгуульд нэр дэвшдэг байсныг өөрчлөх юм.

УИХ-ын даргын захирам­жаар байгуулсан ажлын хэсэгт парламентад суудалтай бүх намын төлөөлөл болсон нийт 19 гишүүн оролцож Сонгуулийн нэгдсэн хуулийн төслийг боловсруулсан. Ажлын хэсгийн ахлагч УИХ-ын гишүүн Р.Бурмаагийн автортой Сонгуулийн хуулийн төсөлд Ерөнхийлөгч, УИХ, Орон нутаг, нийслэлийн сонгуулийн хуулийг нэгтгэсэн юм. Сонгууль зохион явуулах эрх зүйн орчинг боловсронгуй болгохоор бүхэлд нь маш олон өөрчлөлт оруулахаар тусгаад буй. Сонгуулийн маргааныг богино хугацаанд шийдэх, хууль эрх зүйн чухал зохицуулалтыг тусгаж өгсөн гэдгээрээ онцлогтой.

Су.Батболд тэргүүтэй УИХ-ын зургаан гишүүний өргөн мэдүүлсэн УИХ-ын сонгуулийн тухай хуульд нэмэлт өөрчлөлт оруулах хуулийн төсөлд тогтолцооны асуудлыг илүүтэй хөндсөн.

Өөрөөр хэлбэл, УИХ-ын 48 тойргийг аймаг, нийслэл, сум, дүүргийн хүн амын тоо, засаг захигаа, нутаг дэвсгэрийн нэгжийн хуваарийг харгалзаж байгуулах. Сонгуулийн хороодод төрийн албан хаагчид биш улс төрийн нам, эвслийн төлөөллийг тэгш оролцуулах хэрэгтэй гэсэн. Гадаадад байгаа монголчуудыг цахимаар санал өгүүлэхийг нэмэлт, өөрчлөлтдөө тусгажээ. Энэ бол МАН, МАХН-ын гишүүдийн боловсруулсан хуулийн төсөл.

Харин УИХ-ын гишүүн О.Баасанхүүгийн өргөн барьсан УИХ-ын сонгуулийн тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах хуулийн төсөлд тойрог хэрхэн хуваарилахыг багтаасан байна. Тухайлбал, 26 тойргоос 38 хүн нэр дэвших, 38-д нь нам, эвслийн нэр дэвшигчийн авсан саналын тоог үндэслэн жагсаалтаар эрэмбэлэх аж. Бүх хэсэгт гар аргаар давхар тоолох, сонгуулийг санал авах өдрөөс 70-аас доошгүй хоногийн өмнө зарлаж, суртал­чилгааны хоногийг 43, тойргийн хороодын 75 хувь нь намуудын төлөөлөл, 25 хувь нь төрийн албан хаагч байх зэргийг төсөлдөө тус­гаад байгаа юм. Үндсэндээ “Шу­дар­га ёс” эвслийн бүлгийн за­рим гишүүний дэмжиж буй сонгуулийн хувилбар гэж болно. 

Төрийн байгуулалтын байнгын хороо эдгээр төс­лүүдийг хэлэлцэхийг дэмж­сэн. Сонгуулийн суртал­чилгаатай холбоотой асуулт л чуулганы үеэр гарав. УИХ-ын гишүүн Д.Сарангэрэл “Ард түмнийг сонголт хийхэд нөлөөлдөг том зэвсэг бол сонин. Гэтэл Сонгуулийн нэгдсэн хуулийн төсөлд сонинд сурталчилгаа нийтлэхийг тусгаагүй байна. Өдөр тутмын сониноос бид мэдээлэл авдаг. Гэтэл Сонгуулийн хуулиас сонинг хасчихаад юу бодож суух вэ. Эсвэл бичихдээ алдаа гарсан байх гэж бодож байна. Улс төрд олон жил явсан эсвэл энэ 76 өөрсдийгөө дархлах хардлага байна. Өмнөх Сонгуулийн хуульд сурталчилгааны хоног 75 хоног байсан. Дараа нь 21 болгосон. Одоо 14 хоног болох нь. Шинээр орж ирэх гэж байгаа хүмүүс яаж танигдах юм бэ” гэж асуув. Сонгуулийн нэгдсэн хуулийн төслийг боловсруулсан ажлын хэсгийн ахлагч Р.Бурмаа гишүүн ийм хариулт өгсөн. Тэрээр “Нэр дэвшигч гурван хэвлэлийн хуудас сонингоос хэтрүүлэхгүй  сурталчилгаа хийхийг заасан. Тэгэхээр өдөр тутмын, орон нутгийн сонингоор дамжуулаад гурван хэвлэлийн хуудаст багтааж сурталчилгаа хийлгэж болно. Сонингоор сурталчилгаа хийх хуулийн дагуу багтаж байгаа. Өмнөх сонгуулийн жишгийг бариад ажлын хэсэг дээр сурталчилгааны хугацааг тогтоосон. Сонгуулийн хуу­лийн нэгдсэн ажлын хэсэг дээр энэ хугацааг ярих боломжтой” гэлээ. Ингээд Д.Сарангэрэл гишүүн сониноор сурталчилгаа хийхийг тусгайлан хуулийн төсөлд оруулах саналтай байгаагаа илэрхийлэв. Өөр асуулт гараагүй нь сонгуу­лийн хуулийн төслүүдэд пар­ламентад суудалтай намууд ерөнхийдөө санал нэгдсэнийг харуулав. 

Үүний дараа гишүүд сана­лаа хэлсэн юм. УИХ-ын гишүүн О.Баасанхүү “Сонгуулийн сурталчилгаанд зарцуулах мөнгөний дээд хязгаарыг тогтоож өгье. Хар машин биш програмд нь итгэхгүй байгаа болохоор гараар тоолох санал гаргасан юм шүү. Тиймээс автомат машинаар тоолохоор дүн нь үнэн гарч байна уу, худлаа байна уу гэдгийг хөндлөнгийн байгууллагаар хянуулах хэрэгтэй. Үндсэн хуульдаа энэ сонгуулийн хуулиудтайгаа нийцүүлж өөрчлөлт оруулъя. Намын жагсаалтын 38 нэр дэвшигчээ ард түнээр эрэмбэлүүлэх нь зөв. Миний өргөн барьсан хуулийн төсөл бусадтай нь өрсөлдүүлсэн биш алдааг нь зассан” гэж тайлбарласан.

УИХ-ын гишүүн Н.Батцэрэг “Энэ дөрвөн төслийг бүгдийг нь дэмжиж байгаа. Нэгдсэн том ажлын хэсэг байгуулаад сайн хууль гаргах нь зөв. Бид өнгөрсөн 25 жилийн хугацаанд байж болох бүх хувилбараар сонгуулиа явуулж туршиж үзсэн байна” гэсэн бол хуулиа байнга өөрчлөөд байж болохгүй гэж үзэх ганц нэг гишүүн байв. Х.Болорчулуун гишүүн “Ер нь гурван сонгууль дамнан хэрэглэж болох сайн хуультай болох хэрэгтэй. Үндсэн хууль зөрчиж намын нэрээр УИХ-д суусан. Тойргийг жижиг болгохын эсэрг байр суурьтай байна. Нэг аймгийг олон тойрог болгож хуваавал жинхэн мөнгөөр уралдаад явчих байх. УИХ, орон нутгийн сонгуулийг зэрэг явуулахыг дэмжихгүй Сурталчилгааны хоногийг 14 гэж заасан нь хэтэрхий богино. Шинэ орж ирж байгаа хүмүүст танигдах боломж өгөхгүй байна. Хэсгийн хороо­дын 30-50 хувьд нь хянал­тын гар тооллого хийх хэрэг­тэй” гэлээ. Хяналтын тоол­логын асуудлыг гишүүд янз бүрээр ойлгож байгаа. Автомат машинаар тоолсон саналыг дахин тоолох нь үр дүнгүй, цаг үрсэн ажил гэх нь бий. Өнгөрсөн сонгуулиар санамсаргүй аргаар хэд хэдэн хэсгийн хороонд гар аргаар санал тоолоход нэг ч санал зөрөөгүй. Дэвшилтэд хүрчихээд буцаад гар аргаар санал тоолдог хэлбэр рүү явахыг нь зарим гишүүн эсэргүүцсэн. Хар машинд итгэхгүй гэдэг гишүүдийн нэг Б.Бат-Эрдэнэ Сонгуулийн хуулийн төслүүдэд давхар тооллогыг тодорхой оруулах хэрэгтэй гэж байлаа. Тэгэхээр ажлын хэсэгт орох гишүүд хяналтын тооллогын асуудлаар нэлээд зөвшилцөх шаардлагатай аж. 

Дөрвөн өөр автортой Сонгуулийн хуулийн төслүү­дийг чуулганд оролцсон гишүү­дийн олонхи нь хэлэл­цэхийг дэмжиж, анхны хэлэл­цүүлэгт бэлтгүүлэхээр Төрийн байгуулалтын байн­гын хороонд хүргүүлэв. УИХ-ын сонгууль болохоос зур­гаан сарын өмнө өөрчлөлт оруулах ёстой. Энэ хугацаа нь арванхоёрдугаар сарын 31-нээр дуусна. УИХ-д суудалтай нам, эвслийн төлөөлөл сонгуулийн хуульд өөрчлөлт оруулахаа саналаа төсөл болгож оруулж ирснийг гишүүд элдэв хэл амгүйгээр дэмжив. Түүнчлэн энэ долоо хоногийн УИХ-ын Байнгын хороод, чуулганы хэлэлцэх асуудлын хуваарьт сонгуулийн хуулиуд багтаагүй байна. Сонгуулийн хуулийн дөрвөн төслийг нэгтгэж нэг хууль болгон батлахаар ажлын хэсэг байгуулахаар болсон учир зөвшилцөж санал нэгдсэний дараа анхны хэлэлцүүлэгт нь оруулж, цааш хэлэлцэж батлах нь бололтой.  

0 Сэтгэгдэл
Өршөөлийн хуулийн хориг маш зөв басан бшүүү
Өршөөлийн хуулийн хориг маш зөв басан бшүүү
Өршөөлийн хуулийн хориг маш зөв басан бшүүү
эрх мэдэлтэн биш энгий иргэд мин чухал. Ерөнхийлөгчийн санаачилга үргэлж зөв бдг
эрх мэдэлтэн биш энгий иргэд мин чухал. Ерөнхийлөгчийн санаачилга үргэлж зөв бдг
Эбиг дэмждэг шүү. үлдсэн хугацаандаа сайн ажллаарай
Эбиг дэмждэг шүү. үлдсэн хугацаандаа сайн ажллаарай
Эбиг дэмждэг шүү. үлдсэн хугацаандаа сайн ажллаарай
Хамгийн их уншсан