Билгийн

Доллар (USD)

Улаанбаатар

С.Саруул-Од: Хөгжим хүнийг зөөллөж, ертөнцийг өөр нүдээр харах боломж олгодог

Э.ГАНЦЭЦЭГ

Улсын Филармонийн үзвэрийн 44 дэх жилийн нээлтийн тоглолтууд эдгээр өдөр үргэлжилж буй. Филармонийн харьяа “Баянмонгол” чуулгын “City swing” жазз тоглолт энэ сарын 20-нд болж үзэгчдэд жазз хөгжмийн гайхамшгийг мэдрүүлсэн билээ. Тус тоглолтын удирдаач С.Саруул-Одтой ярилцлаа.

-“City swing” тоглолт хоёр жилийн өмнө тоглогдсон. Харин энэ удаагийн тоглолтын онцлогийн тухайд та юу хэлэх вэ. Миний хувьд “Мандах нар” дууны жазз хувилбар сонин, содон байж чадлаа.
-“City swing” буюу “Хотын хэмнэл” жазз тоглолт одоогоос хоёр жилийн өмнө буюу 2013 онд тоглогдсон. Тухайн жилээ манай чуулга залуу уран бүтээлчдээр халаагаа сэлгэж, би ч тэр үед чуулгад орж байлаа. “City swing” тоглолтыг залуу уран бүтээлчид санаачлан, гардан хийсээр ирсэн. Жазз хөгжмийн, мэргэжлийн дуугаралттай тоглолт хийхийг зорьсон. Энэхүү тоглолт маань жил бүр өвлийн эхэн сард болдгоороо онцлогтой. “Мандах нар” дууг жазз стильд оруулах тийм ч амар байгаагүй. Гэхдээ бид хийх гэж оролдсон. Мөн хөгжмийн зохиолч, Монгол Улсын ардын жүжигчин С.Гончигсумлаа гуайн “Дэнжийн ногоо” дууг Германы хөгжмийн зохиолч Мартин Зенкэрийн “hard pop” стилиэр өөрчлөн найруулж тавилаа. Эдгээр уран бүтээл нь энэ удаагийн “Хотын хэмнэл”-д өөр өнгө байж чадсан болов уу. Үзэгчдэд хэр хүрэх бол гэсэн айдастай байсан л даа. Харин сайхан хүлээж авсанд баяртай байгаа. Ер нь, манайд жазз хөгжмийн томоохон хэмжээний, өргөн бүрэлдэхүүнтэй тоглолт тэр бүр тавигддаггүй. Тоглогдсон ч цөөн бүрэлдэхүүнтэй байдаг.
Мөн энэ удаагийн тоглолт үлээвэр хөгжимчдийн ур чадварыг харуулж чадсан гэдэгт итгэлтэй байгаа.

-“Баянмонгол” бол Монгол дахь хамгийн том жазз хамтлагийн бүрэлдэхүүн. Тэр ч утгаараа жазз оркестр юу тоглох ёстой байдгийг харуулж чадсан юм шиг санагдсан.
-Тэр тийм шүү. Дэлхийн жаззын сонгодог гэгддэг Каунт Бэйси, Сэми Нэстико, Күйнси Жонс, Бэнни Гүүдмэн, Мэнард Фэргусон нарын домог болсон зохиолчдын бүтээлийг ганц үдэш эгшиглүүлж чадсан.  Манай оркестр бол Монгол Улсад жазз хөгжмийг түгээн дэлгэрүүлэх үүрэгтэй. Энэ үүрэг, хариуцлагаа биелүүлэхийн төлөө л зорьж ажиллаж байна.

-Та уг нь үлээвэр хөгжимчин мэргэжилтэй байх аа. Яаж яваад удирдаач болов?
-Цэргийн хөгжимд үлээвэр хөгжимчнөөр олон жил ажиллаж байгаад дараагаар нь удирдаач болсон. Үлээ­вэр хөгжимдөө дэндүү хайртай. Үлээвэр хөгжмийн сайхныг мэддэг учраас энэ хөгжмийнхөө сайхныг олон нийтэд мэдрүүлэхийг  хүсдэг залуу уран бүтээлч юм.

-Жазз хөгжмийг мэргэж­лийн түвшинд авч явж, олон нийтэд энэ хөгжмийн гайхамшгийг мэдрүүлэхээр зүтгэж буй нь сайшаалтай ч хөгжимчдийн нийгмийн асуудал орхигддог тал бий. Та энэ талаар ямар бодолтой явдаг вэ?
-Үнэхээр үнэн. Манай хөгжимчид зургаан настай­гаасаа “хөгжим бүжигт” суралцдаг. Тэгээд шууд ажиллах нь ховор. Ямар нэг байдлаар гадагшаа сургуульд явж, мэргэжлээ дээшлүүлэхийг хичээдэг. Амьдралынхаа тал хувийг нэг хөгжмийн зэмсгийг эзэмшихэд зориулдаг гэхэд хилсдэхгүй.  Ингэж суралцчихаад хамгийн дээд тал нь 550 мянган төгрөгийн цалинтай л ажиллаж байна шүү дээ. Манай хөгжимчид хөгжимдөө хайртай, хөгжмийн сайхныг мэдэрч, тэр мэдрэмжээ бусадтай хуваалцахыг хүссэндээ л ажилладаг. Үнэхээр агуу  мөрөөдөлтэй, хөгжимд хайртай хүмүүс л манайд ажилладаг даа. Нуулгүй хэлэхэд, хөгжимчдийн нийгмийн асуудал үнэхээр хэцүү. Гэхдээ хэцүү гээд гомдоллоод байдаггүй.

-Урлагаар дамжуулан боловсрол олгох хэрэгтэй гэж их ярьдаг. Эцэг, эхчүүд ч энэ төрлийн сургалт, дамжаанд хүүхдээ хамруулах нь их болж?
-Энэ бол маш зөв асуудал. Хүүхдийг бага байхаас нь урлагт дурлуулах хэрэгтэй. Энэ нь ч эргээд хүүхдийн төлөвшилд сайнаар нөлөөлдөг. Хөгжмийн урлаг бол бүх урлагийн дотроос хамгийн гайхалтай нь гэж би хэлнэ. Яагаад гэхээр чихээрээ мэдэрсэн зүйлээ, сэтгэлдээ буулгаж, зүрхээрээ мэдэрдэгт л  хөгжмийн урлагийн гайхамшиг оршдог. Гадны жишгээс харахад ерөнхий боловсролын сургууль болгонд урлагийн дугуйлан хичээллэж, тэндээс агуу их авьяастнуудыг бага насанд нь таньж мэддэг. Ингэж тухайн хүүхдийн авьяасыг эрт илрүүлснээр хүүхэд зорилготой болдог. Үүнийг би алс ирээдүйрүүгээ чиглэсэн, улс орны хэмжээнд хэрэгжүүлэх шаардлагатай бодлого гэж хардаг. Намайг бага ангид байхад сургууль бүр үлээвэр хөгжмийн хамтлагтай, тэд нар нь хоорондоо өрсөлддөг байлаа. Тэндээс л миний хөгжимчний гараа эхэлсэн. Өдгөө арван жилийн ганц, хоёр сургуульд л үлээвэр хөгжмийн хамтлаг байна. Үүнийг цааш нь өргөжүүлэх юмсан гэж боддог. Хөгжим угтаа хүнийг зөөллөж, ертөнцийг өөр нүдээр харах боломж олгодог юм.

-Филармонийн дараа, дараагийн уран бүтээлээс танилцуулаач. Удахгүй шинэ он гарах гэж байна. Үзэгчдэд зориулж ямар уран бүтээл тоглохоор төлөвлөсөн нь сонин байх болов уу?
-“Сонгодог хөгжим” зорил­тот төслийн хүрээнд дэлхийн суут хөгжмийн зохиолчдын сор бүтээлийн дээжээс толилуулж байгаа. Энэ жил манай тайзнаа долоон тоглолт тавигдахаар төлөвлөгдсөн. “City swing” тоглолт “Баянмонгол” жазз найрал хөгжмийн  энэ жилийн хоёр дахь, төслийн тав дахь тоглолт болж байгаа юм. Дараагийн тоглолт “В.А.Моцартын бүтээлүүд” байх болно. Энэ сарын 27-нд тоглогдох бөгөөд симфони найрал хөгжим амьдруулна. Удирдаачаар Д.Дашням ажиллаж байгаа. Манай үзвэрийн 44 дэх жилийн хаалтын “Snow melody” тоглолт ирэх сарын 24-нд ганц удаа тоглогдоно. Энэ тоглолт шинэ жилийн баярт зориулсан, нэгдсэн тоглолт гэдэг утгаараа манай бүх уран бүтээлч оролцоно. Түүнчлэн  бид ахмад уран бүтээлчдийнхээ уламжлалыг хадгалж, мэргэжлийн дуугаралтаа улам сайжруулахын төлөө ажиллана даа. Энэхүү зорилтот төсөл нь манай байгууллагын зүгээс явуулж байгаа нийгэмд чиглэсэн  хөтөлбөр юм. Бидний зорилго бол нийгэмд хөгжмөөр үйлчлэх. Энэ үүргээ л биелүүлж байгаа хэрэг.

-Танай хамт олны олонхи нь залуучууд байна. Багаа хэрхэн бүрдүүлдэг вэ. Хүссэн болгон нь “Баянмонгол”-д ордоггүй байх?
-“Баянмонгол” чуулга мэргэжлийн гэдгээрээ бусдаас ялгардаг. Мэдээж, манай чуулгад хүссэн хүн бүр орохгүй л дээ. Манай хөгжимчид найзуудын хүрээллээс бүрддэг гэж болно. Нэг нэгнээ мэддэг, ер нь манай чуулгад тохирно гэсэн хүнээ ярилцаж байгаад авдаг. Тэр нь ч амар байдаг. Манай чуулга яг л нэг гэр бүл шиг. Маш халуун дулаан уур амьсгалтай хамт олон шүү. Тийм ч учраас манай хамт олноос сайн уран бүтэл төрдөг байх.

-Дэлхийн түвшинтэй манай хөгжимчдийн ур чадварыг харьцуулбал хаана нь явж байгаа бол?
-Манай хөгжимчдийн ур чадвар хаана ч гологдохгүй. Гагцхүү, тэдний  нийгмийн асуудлыг шийдвэрлэх шаардлага бий. Бага цалинтай хүмүүс яаж ч бодсон зөвхөн хөгжимдөө анхаарал хандуулах билээ дээ. Зөвхөн хөгжим, уран бүтээлдээ цаг заваа бүрэн зориулдаг болчихвол дэлхийн хэмжээний хөгжимчид аль хэдийнэ төрчих байсан. Ер нь хөгжимчдийг үнэлэх үнэлгээг, тэдний үнэлэмжийг нэмэгдүүлэх хэрэгтэй байгаа юм. Манай хөгжимчдийн ур чадвар дэлхийн түвшинд илүүрхэнэ үү гэхээс, дутахгүй. Харин тэдний хөдөлмөрийг үнэлэх үнэлэмжийг дэлхийд байтугай монголчуудын авч байгаа цалинтай харьцуулахад инээдэмтэй.

-Зритлийн талаар асууя. Ер нь тоглолтын танхим хэр дүүрдэг вэ. Эндээс л иргэдийн хөгжмийн боловс­ролыг харж болох байх?
-Сүүлийн жилүүдэд үзэгчдийн тоо эрс нэмэгдсэн. Ялангуяа жазз тоглолтыг илүү их сонирхож, үздэг болсон. Сүүлийн үед хүмүүсийн хөгжмийн боловсрол өндөр болж байгаа нь ажиглагддаг. Ялангуяа  хөгжмийн шинэ найруулгыг өөр, өөрийнхөөрөө  хүлээж авдаг болж. Энэ бол маш баярлууштай хэрэг. Өнөө үед нүдэнд харагддаг урлаг их хөгжиж байна. Бодох ёстой бүхнийг нь үзүүлчихээр ойлгомжтой байх нь аргагүй. Харин чихээрээ сонсож, ойлгож мэдэрнэ гэдэг маш том, мэдлэг төдийгүй боловсрол. Үүнийг л хүмүүс хүлээж авдаг болоосой гэж хүсдэг дээ.

0 Сэтгэгдэл
Хамгийн их уншсан