Билгийн

Доллар (USD)

Улаанбаатар

Ерөнхий сайдыг огцруулах бичгийг 16 гишүүн “мутарлажээ”

Б.БИЛГҮҮН

УИХ дахь намын бүлгүүд долоо хоногийн эхэнд хуваарь ёсоор хуралддаг. Гэхдээ өчигдөр АН-ын бүлэг хуралдсангүй. Мөн бие даагчид орон нутагт ажиллаж байгаа тул мэдээлэл хийлгүй өнжлөө. Харин МАН, “МАХН-МҮАН”-ын “Шударга ёс” эвслийн бүлэг ээлжит хуралдаанаа хийж, энэ долоо хоногт хэлэлцэх зарим хуулийн төслүүдийг хэлэлцсэн байна.

Тухайлбал, УИХ дахь МАН-ын бүлэг ээлжит хуралдаанаар Эрүүгийн хуулийн шинэчилсэн найруулга, "Авлигатай тэмцэх, хариуцлага, шударга ёсыг бэхжүүлэх үндэсний хөтөлбөрийг батлах" тухай УИХ-ын тогтоолын төсөл, "2016 оны төсвийн тухай хууль баталсантай холбогдуулан авах зарим арга хэмжээний тухай" УИХ-ын тогтоолын төслийг хэлэлцжээ. Мөн тус бүлэг Эрүүл мэндийн салбарын сайдын томилгоог яралтай хийх хэрэгтэй гэж үзлээ.

С.Бямбацогт: Үндсэн хууль өөрчлөх цаг нь болоогүй

Эрх баригчид ирэх жилийн төсөвт цалингийн санг 10 хувиар бууруулах, хүүхдийн мөнгийг хүүхдүүдийн 60 хувьд нь өгөхөөр болсон. Улаанбаатар хотын гэр хорооллын айл өрхүүд, орон нутгийн амьдрал ахуйтай манай гишүүд танилцсан. Ард иргэдийн амьдрал туйлын хүнд байна. Малчдын мал үнэгүйдсэн, хонь хотондоо л гэхэд 30-50 мянган төгрөгийн үнэтэй байна. Гэр хороололд бүтэн сар мах идээгүй, бүх бичиг баримтаа зээлийн барьцаанд тавьсан, өдөр хоногийг арай ядан өнгөрөөж буй айл өрх, хүмүүс олон байна. Ард иргэдийн амьдрал ахуй муудаж байгаа нь өнөөгийн эрх баригчдын алдаатай бодлого, үйл ажиллагаатай холбоотой. Тиймээс 2016 оны төсвийн тухай хууль батлагдсантай холбогдуулан авах зарим арга хэмжээний тухай УИХ-ын тогтоолын төсөлд эдгээр тулгамдсан том асуудлуудаа тусгаж шийдэх ёстой гэж үзэж байгаа.
Харин Үндсэн хуулийн нэмэлт, өөрчлөлтийг зөвхөн МАН-ынхан дэмжихгүй байгаа мэтээр ярьж байна. Үндсэн хуульд өөрчлөлт оруулах зайлшгүй шаардлага бий юу гэвэл бий. Гэхдээ цаг хугацааны хувьд өнөөдөр боломжгүй гэж үзэж байгаа. Үндсэн хуулийн өөрчлөлтийг АН-аас Н.Алтанхуяг, Р.Амаржаргал, Х.Баттулга, Л.Болд, Ц.Оюунгэрэл нарын гишүүн, бие даагч гишүүд, "Шударга ёс" эвслээс Л.Цог гишүүн дэмжихгүй байгаа. Эрх баригч АН өөрсдөө бүрэн дэмжихгүй байгаа.

Ц.Нямдорж: Эрүүгийн хуулиар ажлын хэсгийн төвшинд ойлголцоогүй зүйлүүд бий


Эрүүгийн хуульд аливаа мөнгөний асуудлыг ярихдаа тооцооны нэгж гэж хаана ч байхгүй зүйл оруулж ирсэн. Тооцооны нэгж гэдэг зүйл Эрүүгийн хуулийн суурь болж байгаа нөхцөлд энэ хуулийг батлах ямар ч бололцоогүй. Энэ асуудлыг ажлын хэсгийн төвшинд дахиж яриагүй, нэгдсэн ойлголтод хүрээгүй байна. Тооцооны нэгжээс татгалзаж өөр хувилбар ярина гэсэн ч одоо болтол өөрчлөөгүй. Хоёрдугаарт, өнгөрсөн хавар Эрүүгийн хуулийг хэлэлцэж байгаа нөхцөлд Эрүүгийн байцаан шийтгэх тухай, Шүүх, Прокурор, Өмгөөллийн, Шийдвэр гүйцэтгэлийн тухай гэх мэт хуулийн төслүүдийн нэгдүгээр хэлэлцүүлгийг давхар хийх ёстой. Ингэхгүй бол сүүлд нь зохицуулж болохгүй нөхцөл байдал үүснэ гэж ойлголцсон.

Эдгээр хуулийн төслийн нэгдүгээр хэлэлцүүлгийг явуулж бүх тохиргоог хийсний дараа хоёрдугаар хэлэлцүүлгийг хийнэ, дотоодын ямар нэг зөрчилгүй болгож чадсан тохиолдолд хуулийг эцэслэн батална гэж тохирч, хэлэлцүүлгийг хойшлуулсан. Гэтэл Эрүүгийн хуулиас бусад хуулийн нэгдүгээр хэлэлцүүлэг хийгдээгүй байхад Эрүүгийн хуулийн төслийн эцсийн хэлэлцүүлгийг хийх гэж байгааг дэмжихгүй. Ер нь Эрүүгийн хуулийг мэргэжлийн хүмүүс хийдэг, ганц үгнээс болж нөхөж баршгүй алдаа гардаг. Зүгээр нэг санал хураалтаар хийдэг хууль биш гэдгийг цохон тэмдэглэмээр байна.

Харин УИХ дахь МАХН-МҮАН-ын Шударга ёс эвслийн бүлэг өнөөдрийн хуралдаанаараа хэд, хэдэн асуудлыг ярьжээ. Мөн маргааш бүлгийн ээлжит бус хуралдаан хийж Эрүүл мэнд, спортын сайд Г.Шийлэгдамбын талаар мэдээлэл сонсохоор болсон байна. Үнээс гадна, АСЕМ чуулганыг Улаанбаатар хотод зохион байгуулахад эдийн засгийн чадавх ямар байгаа талаар бүлгийн нэгдсэн байр суурийг гаргахаар болсон байна. Энэ талаарх мэдээллийг бүлгийн гишүүн Л.Цог, Г.Уянга нар өглөө.  

Л.Цог: Оюутолгойн гэрээнд хариуцлага тооцоох өөр аргагүй

Оюутолгойн гэрээ нь Монгол Улсад эдийн засгийн хувьд ашиггүй гэрээ. Энэ тухай найм, есөн жил ярьж байна. Оюутолгойн эхний гурван жи­лийн баримтыг шалгахад гур­ван тэрбум ам.доллар бу­юу улсын төсөвтэй тэнцэх хэм­жээний хохирол учирсан байсан. Энэ асуудлыг ярьж дуу­саагүй байтал Ерөнхий сайд Ч.Сайханбилэг Дубайн гэрээ зурсан. Нэгийг нь нө­гөөгөөс нь салгах аргагүй, хойш нь тавих аргагүй асуу­дал. Дубайн гэрээний дагуу Монгол Улс хамаг юмаа барьцаалж байгаад өч­нөөн тэрбум ам.долларыг хү­ний ком­панид авч өгөх гэж бай­на. Монгол өөрийнхөө ор­дыг барьцаалах, лицензийг барьцаалах, ашгаа барьцаалах юм хийсэн. Үүнд хариуцлага тоо­цохоос аргагүй.

Г.Уянга: 60-уулаа ийм хөлдүү дотортой гэж бодохгүй байна

Ерөнхий сайдыг огцруулах бичигт Шударга ёс эвслийн бүлгээс Л.Цог, О.Баасанхүү бид гурав, Ардчилсан намаас Р.Амаржаргал гишүүн, С.Ган­баатар, Ц.Даваасүрэн, Х.Болор­чулуун, МАН-ын бүлгээс есөн гишүүн гарын үсэг зурсан. Д.Хаянхярваа, Ц.Нямдорж, Су.Батболд, А.Тлей­хан, О.Содбилэг, Б.Бат-Эрдэнэ, Ж.Батсуурь, Ё.Отгонбаяр, Ж.Энхбаяр нар зурсан. Мөн гарын үсэг зурахаа илэрхийлсэн хэд, хэдэн гишүүн байгаа. Дубайн гэрээгээр Оюутолгойн хөрөнгө оруулалтын гэрээг эрс өөрчилсөн. Өөрт нь олгогдоогүй эрхийг эдэлж Дубайн гэрээг зурсан Засгийн газрыг огцруулах ёстой гэж бид үзэж байгаа. Огцруулах гарын үсэг дэндүү цөөхөн байгаа.  Үлдсэн 60 гишүүн нь 4.7 тэрбум ам.доллар яах вэ, бид нарт ямар хамаа байх вэ гээд явж байна. Гэхдээ 60-уулаа ийм хөлдүү дотортой гэж бодохгүй байна. Ядаж гурав олдох байхаа.

0 Сэтгэгдэл
Хамгийн их уншсан