Билгийн

Доллар (USD)

Улаанбаатар

Энэ өдөр бид юунд баярлах ёстой вэ

Л.БАТБААТАР

Арчилсан хувьсгал ирэх сарын 10-нд 25 жилийн ойн хаалтаа хийх гэж байна. Арчилсан хувьсгалын энэ ойн өдөр бидэнд баярлах зүйл юу байгаа гэж та бодож байна вэ.

Хан-Уул дүүргийн иргэн С.Мөнхбат

Ардчилсан хувьсгалын ойг тэмдэглэх ёстой. Гэхдээ нүүр бардам тэмдэглэж чадах болов уу. Төрийн өндөрлөгт байгаа улстөрчид бахархалтайгаар бид Ардчилсан хувьсгалыг хийсэн, өнөөдөр “үүнд хүрлээ” гэж иргэддээ хэлж чадах болов уу. Би хувьдаа чадахгүй л байх гэж бодож байна. Өнөөдөр АН-ын Ерөнхийлөгч, АН-ын Ерөнхий сайд, УИХ-ын гишүүдийн ихэнх нь бас л АН-ых байна. Гэвч, эхнээс нь бүтээлцсэн, зорьж босгосон энэ нийгмээ тэд залж удирдаж чадахгүй байна гэж бодож байна. Хөрөнгөтний нийгмийг халлаа гэдэг ч харин ч улс төрөөс хөрөнгөтөн их гарч байгаа юм биш үү. Баян ядуугийн ялгаа улам л алсарч бидний амьдралд эрээн бараан нь илүүтэй байх шиг.  
Хэдийгээр ардчиллын явцад дэлхийн хөгжингүй орнуудад зорчиж, адил гар утас, ижилхэн цахилгаан бараа, хүнс  зэргийг эдэлж хэрэглэж байгаа ч энэ бол ардчиллын хэмжүүр биш гэж боддог. Гэтэл улстөрчид үеийн үед л хилээр нэвтэрдэг болсон, малаа хувьчилсан, иргэд гоё ганган гар утас барьж байна гэж ярих болж. Хувь хүний “Iphone”, “Samsung” утасны хэрэглээгээр ард түмний, улс орны амьдралыг хэмжиж болохгүй биз дээ. Тиймээс төр засгаас жижиг сажиг зүйл биш, тогтвортой бодлого, тогтвортой үнэ, тогтвортой эдийн засаг л хүсмээр байна. Ер нь бол сайхан амьдарч байгаа гэж өөрийгөө хуурч байгаа ч бөөн зовлон л байна даа.

Б.Болд “Бизнес таймс “ сонины сэтгүүлч

-Өдгөө харах нь ээ сайн, муу хоёр талтай байна. Сэтгүүлч бид ардчиллын арын фронтод явж байсан. Тэр цагаас хойш өнөөдөр харах нь ээ эрх чөлөө бөгөөд хөгжлийг монголчуудад авчиралцсан.
Баярлах юм гэвэл энэ. Харин учир дутагдалтай тал нь манайд ардчиллын боловсрол алга. Эхнээс нь сайн хөгжүүлж ирээгүйн гай нь одоо гарч байна.
Би бол үнэндээ  Бирмийн буюу Непалийн ардчилагч хатагтай Аун Сан Су Чи Монголд ирээд хэлсэн үгэнд итгэдэг. "Дутуу ардчилал тун аюултай.." гэсэн санааг тэр хэлсэн шүү дээ. Манайд үнэндээ ардчиллыг дутуу хийчихсэн гэдэгтэй санал нэг байдаг. Зарим хүн үгүй гэдэг.
Яг тэр өдөр баярлах зүйл бидэнд бий шүү дээ. Хэзээ монголчууд Америк явж ажиллаж сурна гэж байсан билээ. Мөрөөдөл л байсан шүү дээ. Өнөөдөр хүн бүр гар утастай, унаатай, хувийн байшинтай болж байгаа нь ардчиллын л буян.

Доктор Ш.Пүрэвсүрэн

-Хил хязгаар нь дэндчихсэн л болохоос эрх чөлөө бол энэ өдөр бидний тэмдэглэх ёстой ганц зүйл.

Л.Дарьзав /65 настай, Сүхбаатар дүүргийн иргэн/

-Бидний амьдарч байсан үетэй харьцуулбал амьдралын нөхцөл муудсан. Ардчилал буруу замаар явж байна. Ардчиллын ил тод байдал нь ард түмэнд хэрэгтэй. Өнөөдрийн байдлаар тэтгэвэр, тэтгэмжийн мөнгө амьдралд хүрэхгүй байна. Социализмын жилүүдэд бүх хүн ажилтай, орлоготой, ядуу хоосны ялгаа байхгүй, айж эмээх зүйлгүй амьдарч байсан. Тодорхой хэмжээнд хүний үг хэлэх эрхийг зөрчиж байсан байх. Гэтэл өнөөдөр бидэнд тэмдэглэх юу байгаа юм бэ.

Г.Баяраа /52 настай, Сонгинохайрхан дүүргийн иргэн/

-Ардчилал ялснаар амьдралд нааштай олон өөрчлөлтүүдийг авчирсан нь тодорхой. Мөн дутагдалтай тал ч байна. Хүмүүс янз бүрээр л ярьж байна. Эх орноо худалдлаа ч гэх шиг. Би сайн мэдэхгүй байна. Энэ өдөр үр хүүхэд маань гадаад дотоодод суралцдаг, эрх чөлөөтэй зорчдог болсон учраас бид ардчиллынханд баяр хүргэх хэрэгтэй гэж үзэж байна. Гэвч өнөөдөр дээрээ суудлаа олохгүй тэмцэлдэж байгаа нь ард түмний нүдэнд ил байна. Тиймээс ардчилсан хувьсгал хийгчид маань өөрсдөө төлөвшиж чадахгүй байгаа нь ард түмэнд үнэхээр муухай харагдаж байгааг мэдрэх хэрэгтэй.

0 Сэтгэгдэл
Хамгийн их уншсан