Билгийн

Доллар (USD)

Улаанбаатар

Б.Отгонтүвдэн: Зарим зургаа зурж дуусгасны дараа өөрөө зурсан гэдэгтээ эргэлздэг

А.АКЭРКЭ

Орос орон тэр дундаа Санкт-Петербург хот бол урлагийн их өлгий гэдгээрээ алдартай. Энэхүү өлгий нутагт 360 гаруй жилийн түүхтэй дэлхийд нэр алдраа цуурайтуулсан И.Е.Репинийн академид монгол хүн багшилдаг гэхээр цөөхөн монголчууд бидний дунд эгэл биш эрхэм хүмүүс олон байдгийн нэг жишээ.ОХУ-ын алдарт урлаг судлаач Татьяна Тройцкая “Монголын залуу зураач Б.Отгонтүвдэн бол Оросын уран зургийн уламжлалт хөрс, реализмын мандал дээр ургасан гайхамшигтай ховор цэцэг шиг өнөөгийн уран зургийн ертөнцийн маш содон үзэгдэл” хэмээн үнэлсэн нь түүнийг ямархуу чадвартай болохыг нь илтгэх биз ээ. Ингээд уран зургийн өнгө будаг хосолсон түүний ертөнцөөр таныг аялуулъя.

-Юуны өмнө танд энэ өдрийн мэнд хүргэе. В.Пути­ний тэтгэлэгт сургалтад өр­сөл­­дөж тэнцээд хойд хөр­шийг зорьсон гэсэн. Уран зур­гийн эх оронд хэрхэн хөл тавьснаас тань ярилцлагаа эхлүүлье?
-1990 оноос хойш хойд хөрш рүү урлагийн чиглэлээр оюутнуудыг сургахыг зогсоосон байсан. Тэр цагаас хойш 2006 онд Путиний тэтгэлгээр урлагийн чиглэлээр дөчөөд оюутан  сургахаар явуулсан юм. Уран зургийн салбарт хоёр оюутан тэнцсэн. Тэрний нэг нь би. Тэгээд ОХУ-ын Воронеж хотын Уран зургийн академид суралцахаар очоод дөрвөн жил сурлаа.
Уг нь, зургаан жил сурах ёстой байдаг юм. Харин миний хувьд өөрийн хүсэлтээр Репиний академи руу шилжсэн хэрэг. Манай багш нар ч энэ академид суралцахад их тусалсан. Гол нь улсын тэтгэлгээр сургадаггүй. Тийм боло­хоор төлбөрөө хувиа­раа төлсөн. Тэгээд 2012 онд Репиний академиа дүүргээд сургуулийнхаа захирлын тушаалаар багшаар үлдсэн дээ. Өнөө хэр нь багшаараа ажиллаж байна.

-Төлбөрөө зурсан зургаа зарж олсон гэж сонссон?
-Манай ах, эгч ээж гээд гэр бүлийнхэн маань намайг зураг зурахыг их дэмждэг байсан. Тэд маань надад их түлхэц өгсөн. Эхний жилийн төлбөрийг манай гэр бүлийнхэн төлсөн. Харин дараа дараагийн төлбөрөө зураг зурж, борлуулж байж төлж билээ.

-Тухайн үед хэн хүнд танигдаагүй байсан үе. Зургаа хаана, хэнд зардаг байв. Таны зургийг авах хүн хэр олон байсан бол?
-Мэдээж хэрэг хэцүү, хүндрэлтэй зүйл олон гардаг байсан даа. Хичээл их шахуу хөтөлбөртэй байлаа. Өглөөний 8 цагаас оройн 20 цаг хүр­тэл ажлын зургаан өдөр хи­чээллэнэ. Орой хи­чээлээ тарж ирчихээд гэрийн даал­гавраа хийнэ. Дараа нь үүрийн гурван цаг хүртэл дотуур байр­ныхаа коридорт зураг зур­­на. Манай сургуулийн хятад оюутнууд өөрсдөө зу­раач хэрнээ л надад зураг за­хиалж зуруулдаг байв. Яахав, хүмүүсийн захиалсан зур­гуудыг зурна. Тэр болгоныг хүнд­­­рэлтэй гэж харж болохгүй. Их л хөдөлмөрлөж зурсны эцэст үр дүн нь гарсан болов уу.

-Хамгийн үнэд хүрч байсан нь аль вэ?
-Одоо сайн хэлж мэдэхгүй байна. Оросын алдарт зураач Айвазовский гэж мэднэ биз дээ. Далай зурдаг зураач. Түүний зургийн хуулбарыг хамгийн анхны захиалгаар зурж байсан. Нэг галарейн эзэн захиалсан санагдана. 2000 рублиэр үнэлж авч билээ. Тухайн үед ийм аргаар мөнгө олоод төлбөрөө хийх боломжтой юм байна гэж бодсон. Одоо бодоход тийм ч их мөнгө биш. Оюутан хүн анхны зургийн захиалгаа авч, төлбөрөө олох бүрэн итгэл төрж байсан болохоор их сайхан санагддаг юм.

-Репинийн академид сурах болсон таны замнал их сонин юм. Тухайн үед та ака­демийн захиралтай уулзаад шууд л дөрөвдүгээр курст оръё гэж хэлсэн нь их зоримог алхам шиг санагдсан?
-Тэр үед манай ангийн багш маань проректор байсан. Би чинь Воронежид дөрөвдүгээр курсээ төгсч байсан болохоор Репинийн академийн дөрөвдүгээр курст орох гэсэн хэрэг. Манай ангийн багш Москвагийн Суриковагийн академийг төгссөн ч бай, их, дээд сургуулийг төгссөн хүн манайд заавал нэгдүгээр курсээс шалгалт өгч орох ёстой. Харин чамайг гуравдугаар курсээс нь авъя гэдэг санал тавьж байна гэсэн. Тэгээд гуравдугаар курст ороод суралцсан. Уг нь га­даад оюутан битгий хэл орос оюутнууд хүртэл түүхэндээ шууд гуравдугаар курст орж байсан тохиолдол байдаггүй юм билээ. Миний хувьд азтай тохиолдол байсан.

-Таны ур чадвар нөлөөл­сөн байх л даа?
-Магадгүй л байх. Репи­нийн сургалтын төвшин их өндөр байдаг учраас анх гуравдугаар курст ороод ангийн оюутнууд­тай харьцуулахад нэлээд таарууханд тооцогддог байлаа. Оюут­нуудын ажлыг харж байхад маш мундаг, аль хэдийнэ зу­раач болчихсон байсан. Манай ангийн оюутнуудын зарим нь 50 орчим настай. Ер нь, насны хязгаар манай сургуульд байдаггүй. Миний хувьд монгол хүний хор шараар энэ оюутнуудын дээр нь гарах хэрэгтэй гэдэг зорилго тавиад суралцсан. Тавдугаар курст ороход бусад оюутныхаа төвшингөөс нэлээн дээгүүрт орж ирсэн. Багш нараасаа, сургуулийн удирдлагуудаас гайгүй үнэлгээ авч эхлэв. Төгсөхөд урлан урлангаас шилдэг дипломын ажил авдаг юм. Миний хувьд өөрийнхөө харьяалагддаг урлангаас шилдэг димломыг нь аваад төгсөхдөө багшаар үлдсэн хэрэг. Миний дипломын ажил багшаар үлдэхэд минь их нөлөөлснөөс гадна Союз Художников России буюу Оросын урчуудын эвлэлийн хорооны захиргаанаас хүртэл намайг автоматаар гишүүнээр элсүүлж авсан шүү. Энэ мэт том боломжууд надад өгсөн юм.

-Та хамгийн отгон гишүүн нь үү?
-Ер нь, монголчуудаас гишүүн болсон анхны хүн нь би болов уу. Зураачдын нийгэмлэгийн гишүүнд монгол зураач байхгүй. Тэр тусмаа Санкт-Путербургт.

-Орос бол уран зургийн эх орон. Гэтэл та хамгийн нэр хүндтэй сургуулийг нь төгссөнөөс гадна багшилж байна. Ингэхэд ийм агуу зураачдын өлгий нутагт багшлах ямар байдаг бол?
-Сайхан л даа. Мэдээж хэрэг мундаг алдартай зураач олон байгаа. Тэр тусмаа Санкт-Петербург бол тэр чигээрээ урлагийн хот. Нэгэнт зураач хүн болсон юм чинь бусдаас онцгойрч гэмээнэ хүмүүст үнэлэгдэж, харагдана. Адаглаад л зургаа борлуулахад хүртэл нөлөөлнө. Энэ дунд маш их өрсөлдөөн явагдаж байдаг юм. Дээрээс нь Орос их гүрэн. Хэдэн зуун мянгаараа алдартай зураач бий. Зөвхөн Орос ч гэлтгүй гадаадын олон зураач энд ажиллаж амьдарч байна.

-Анх багшаар ажиллах санал хүлээж авахад танд ямар сэтгэгдэл төрж байв?
-Репиний академид сурна гэдэн миний хувьд хийсвэр мөрөөдөл байсан. Ядаж үүдээр нь шагайж үзэх юмсан, оюутнуудынх нь зургийг харах юмсан, багш нартай нь харилцаж үзэх юмсан гэсэн маш том мөрөөдөл надад байсан. Гэтэл тэр мөрөөдлийн сургуульдаа ороод сураад дээрээс нь багшилж байгаадаа заримдаа итгэхгүй байх тохиолдол гардаг. Энэ бол ховор аз завшаан. Багш болно гэдэг нь том хариуцлагыг өөртөө хүлээж буй хэрэг.

-Манай Монголын нэртэй уран зураачид энэхүү академийг төгссөн байдаг. Гэх­дээ тань шиг шилдэг дип­­ломыг нь авч байсан то­­­­хиолдол байдаг юм болов уу.
-Шилдэг диплом авсан зураач байдаг л байх. Сайн мэдэхгүй байна. Монголоос 60 гаруй хүн энэ академийг төгссөн байдаг. Хамгийн анх 1954 онд Гаваа гуай шан татсан. Манай сургуулийн багш нар социализмын үед олон монгол залуу суралцаж байсан хэмээн ярьдаг юм. Мөн монголчууд их дайчин, сайн зурдаг гэдэг. Ерөнхийдөө их ам сайтай байдаг шүү.

-Монголын зураачдын бахархал болсон хүн бол яах аргагүй та мөн. Өнөө­дөр таны уран бүтээлийг Оросын алдартай зураачид хүр­тэл хүлээн зөвшөөрч, шууд харангуутаа Б.Отгон­түвдэнгийнх байна гэж мэд­дэг болж. Ингэж танигдах болсон нь таны арга барилтай холбоотой байх?
-Бүхий л зураачид өөрийн гэсэн арга барилтай, шийдэлтэй. Ер нь монгол хүний өнгө, бичилт нь ялгагддаг юм л даа. Тэр тусмаа Санкт-Петербург их бүүдгэр, бүрхэг тэнгэртэй, нэг л тийм саарал хот. Харин манай Монгол цэлмэг тэнгэртэй, байнгын хурц нартай байдаг учраас манай зураачдын өнгө бусдынхыг бодвол гэрэл гэгээтэй харагдаж, өөрийн эрхгүй л ялгардаг. Арга барил, бичилт маань багш нараас ялгагддаг. Тиймээс тэднийхээ арга барилыг нь ч мөн аваад өөрийнхөө боловсруулсан арга техникээ нэмээд өөрийн гэсэн өнгө аяс гаргаж буй болохоор бусдаас ялгардаг болов уу.   

-Таны зургийг авахдаа үнэ мөнгө харамладаггүй гэх юм билээ?
-Ямар ч л гэсэн зураач нар, галарейнуудын эзэд, зураг цуглуулдаг хүмүүс тодорхой хэмжээгээр намайг мэддэг, үнэлдэг болсон. Ийм монгол зураач залуу бий гэдгийг мэднэ, бас миний зургийг гайгүй таашааж байгаа шүү.

-Саяхан өөрийнхөө ур­ланг засч дуусгасан байна би­­­­­­лээ. Ингэхэд хэзээнээс өөрийн гэсэн урлантай бо­­лов?
-Намайг төгссөн жил сургуулиас маань урлан өгсөн юм. Тэндээ хоёр жил гаруй уран бүтээл хийсэн. Ерөнхийдөө аж­лын урлан хүрэлцэхгүй байсан учир сургуульдаа буцааж өгсөн. Өнгөрсөн жил өөрийн гэсэн хувийн урлантай болсон. Сургуультай ойр байдаг болохоор надад ч амар байна.

-Сүүлийн үед ямар уран бүтээл дээр ажиллаж байна вэ?
-Одоогоор бол түүхэн сэдэвтэй зураг дээр ажиллаж байна. Өнгөрсөн 2004 оноос хойш нэг төсөл хийж байгаа юм. Энэ төсөл маань “Монголын түүхийн хөлгөн судар” нэртэй. Манай Монголын түүх гэж их ярьдаг хэрнээ хийсэн уран бүтээл нь их цөөн байдаг. Манай зураачид их зурдаг ч гэсэн энэ төрлийн музей байдаггүй. Тэгээд ч “Монголын нууц товчоо”-гоор сэдэвлэсэн зураг их цөөн байдаг юм билээ. Гэтэл ОХУ-д ирээд музейн зургуудыг хараад Оросын түүхийг уншиж болдог. Түүнчлэн дэлхийн аль ч улсад очоод зургуудыг нь үзэхэд амьдрал, ахуйг нь, соёлыг нь, уламжилж ирсэн ёс заншлынх нь тухай мэдэж болдог. Тиймээс түүхэн сэдэвтэй зургуудыг музей болгож үлдээх зорилготойгоор ажиллаж байна. Ойролцоогоор 30 орчим зураг зурна даа. Зарим нь гурав, дөрөв, тав, зургаан метр. Ерөнхийдөө том хэмжээний зургууд зурж байгаа. Энэ маань ирэх оны зургадугаар сард дуусаад Монголдоо үзэсгэлэн гаргана. Зургуудаа өнгөрсөн жилээс зурж эхэлсэн.

-Мэдээж ийм том төслийн ард хамтарч ажиллаж буй олон хүн бий болов уу.
-Энэ төсөлд олон хүн хамтарч ажиллаж байгаа. “Гамма” студийн захирал Цацаа ах маань, шог зураач Цогтбаяр ах, Түүхийн хүрээлэнгийн захирал Чулуун ах, түүх судлаач Сүхбаатар ах гээд. Түүхэн сэдэвтэй учир олон талын судалгаа хэрэгтэй шүү дээ. Ийм л том ажлын ард гарах гээд барьж аваад ажиллаж байна даа. Энэ төслийг эхлүүлэхээсээ өмнө “Монголын нууц товчоо”-той холбоотойгоор Монгол Улсынхаа зүүн аймгуудаар хэдэн долоо хоног явж түүхэн холбогдолтой газрууд дээр нь очиж судалгаа материал, итүд, янз бүрийн таталбар хийж явсан. Яг одоо энэ ажил дээрээ л ажиллаж байна. Мөн Монголдоо нэг том таазны зураг зурсан. Италид бас нэг сүмийн зураг зурж байгаа. Ер нь зэрэг зэрэг олон ажил хийж сураад байна.

-Та Чингисийн хөшөөт цог­цолборын хажууханд баригд­сан зочид буудлын зур­­гийг хэлээд байна уу. Энэ ажил хэдийд хийгдсэн юм бэ?
-Энэ зун Монголдоо очиж ам­­рангаа хийсэн ажил байгаа юм.

-Дүрслэл нь их сонин юм билээ. Хүмүүст яг ямар мэдрэмж төрүүлэхийг хүссэн бэ. Танд захиалга өгсөн хү­мүүс санаагаа хэлэв үү эсвэл цэ­вэр таны өөрийн бодол са­наанаас урган гарсан бүтээл үү?
-Өөрөө их түүхэн ач холбогдолтой газар байрладаг. Цонжин болдогийн хажууханд байрлалтай буудал байсан. Тэрхүү зочид буудлын таазанд зурсан зураг л даа. Өнгөрсөн жил их нүүдлийн талаар хийвэл ямар вэ гэсэн саналаа холбогдох хүмүүст нь уламжлахад дэмжсэн. Тэр зургийн нэрийг “Их нүүдэл” гэдэг юм. Зургийн гол агуулга санааг төв хэсгээр нь нааш гаргаж өгөөд бусдыг нь хоёр, гуравдугаар планаар гаргаж өгснийг харж болно.

-Та сая Италийн сүмийн зургийн талаар яриад өн­гөрлөө. Энэ ажлынхаа талаар жаахан дэлгэрэнгүй мэдээлэл өгөөч?
-Италийн Равенна гэдэг хотын сүмийн таазны зургийг зурж байгаа юм. Гэхдээ ойрд очиж амжихгүй байна. Уг нь, өнгөрсөн аравдугаар сард явах ёстой байсан юм. Тэрхүү сүм маань үйл ажиллагаагаа хэвийн явуулж байгаа учраас цаг хугацаанд баригдсан зүйлгүйгээр надаар зуруулж байна. Жилдээ хоёроос гурван удаа очиж зурах ёстой. Ажил ихтэй байсны улмаас сүүлийн нэг жил очиж зурж чадсангүй. Аль болох хурдан дуусгахыг бодно. Гэхдээ тэр сүм маш том учраас тав зургаан жил зурах болов уу гэсэн төлөвлөгөө бий.

-Репинийн академийн сур­галтыг Монголдоо оруулж ирэх бодол бий гэж байсан. Таны энэ бодол хэвээр байгаа юу?
-Энэ ажил бол миний мөрөөдлийн нэг. Энэхүү сургалтыг Монголдоо оруулаад ирчихвэл оюутнууд маань заавал Орос явж суралцах шаардлагагүй. Миний хүсэл бол өөрөө Монголдоо багшлаад Репинийн академид баримал, уран зураг, график, театр, урлаг судлаач гэх мэт салбар салбарт нь чиглэл чиглэлээр нь тус бүр нэг оюутан авчирч сургах, тэд маань Монголдоо очоод академийн хичээлийн програмын бүх системээр дугуйлан ч юм уу, сургалт явуулмаар байдаг юм. ДУДС-тай ч гэсэн хамтарч ажиллаж болно шүү дээ. Ямар ч гэсэн үүнийгээ ажил хэрэг болгохоор холбогдох хүмүүстэй нь уулзаж байгаа. Удахгүй хэрэгжүүлж эхлэх байх. ОХУ хүртэл тодорхой хугацаанд багш нар урьж авчирч, оюутнууддаа хичээл заалгах боломж бий. Ер нь манай эрдэмтэн, доктор профессоруудаас эхлээд төрийн өндөрлөгүүд хүртэл Орос школоор сурч хүмүүжсэн. Орос школ гэдэг ерөнхийдөө  маш сайн суурь тавьдаг. Сүүлийн үед манайхан Европ ч юм уу, Азийн улс орнууд руу явж суралцдаг болсон байна. Орост сурах нь бага болж. Тэгэхээр ядаж өөрийнхөө салбарт нэмэгдүүлэх юмсан гэсэн хүсэл мөрөөдөл надад бий. Тиймээс л мөрөөдлөө биелүүлэхээр ажиллаж байна. Мөн Репинийн академид ажиллаж байгаа энэ том боломжийг минь ашиглах хэрэгтэй.
 
-Энэ сургалтыг эх орондоо нэвтрүүлэхийн тулд та зөвшөөрөл авах ёстой юу?
-Тэгэх болов уу. Гэхдээ эхний ээлжинд багш нараа бэлтгэх хэрэгтэй. Мэдээж ганц, хоёр жилийн хугацаанд хийчих ажил биш. Энэ дашрамд нэг шинэ мэдээ дуулгахад манай ангийн багш, дэлхийн хөрөг зургийн мастер Николай Блохим маань ирэх оны есдүгээр сарын дундуур Монголд үзэсгэлэнгээ гаргана. Монголын урчуудын эвлэлийн хороотой ярьж тохирчихсон. Мөн миний менежментийг хийдэг Дөлгөөн гэдэг залуу байдаг. Санкт-Петербург хотод санхүү, эдийн засгийн чиглэлээр сурч төгссөн.  Бид хамтарч энэ жил Урлагийг дэмжих сан байгуулсан. Энэ сангаар дамжуулж хүүхдүүдийг сургах, янз бүрийн арга хэмжээ зохион байгуулах, аль нэг улиралд очиж оюутнуудад лекц унших гэх мэтээр олон ажил хийхээр төлөвлөж байна. Сан маань найман хүний бүрэлдэхүүнтэй. Лондонгоос авахуулаад олон улсад их сургуульд сурч төгссөн залуус бий. Бидний санаачлан хийж буй хамгийн анхны ажил нь багшийн Монголд гаргах үзэсгэлэн болж байна.

-Та түрүүн манай багш нар Монголын уран зураач­дыг үнэлдэг гэж байсан. Ха­рин та шинэ үеийн төлөөлөл бол­­­сон зураачдыг хэрхэн харж, үнэлж дүгнэж байна вэ?
-Ер нь, манай зураач нар мундаг шүү. Гол нь орчин үеийн урлаг Монголд ч гэлтгүй дэлхий дахинд түлхэцтэйгээр орж ирсэн. Гэхдээ орчин үеийн ямар ч урлаг нь хамгийн анхны суурь нь буюу классик,  бодит уран зурагтай хамтдаа зэрэг явж хөгжих ёстой гэж боддог. Энэ нь жаахан орхигдоод байгаа юм. Тийм учраас буцаагаад сэргээх хэрэгтэй. Эхнээсээ сэргээж ч байна. Манай зураачдын хувьд авьяастай. Энд тэнд болсон уралдаан тэмцээнд амжилттай оролцдог. Шагналт байрыг нь аваад ирдэг. Манайх чинь дөрөвхөн жилийн хугацаанд боловсон хүчин болгоод гаргадаг.  Дүрслэх урлагийн дээд сургуулийн багш нар мундаг байгаагийн шинж нь энэ. Дөнгөж ерөнхий боловсролын сургуулиа төгсөөд орж буй хүүхдүүдийг сургана гэдэг амар ажил биш. Харин энд бол гуравдугаар ангиа төгсөөд, Вачилс гэдэг дунд сургуульд дахиад зургаан жил сурдаг. Дараа нь академийн бэлтгэл курст орно. Энэ мэтээр нийт 14-15 жил сурсны дараа л зураач болдог юм. Тэгэхээр манай улс сайн төгссөн мэргэжилтнүүдээ гадаадад мэргэжил дээшлүүлэх чиглэлээр дахин сургахад анхаарч ажиллах хэрэгтэй санагддаг. Тэгж байж илүү сайн уран бүтээлч гарч ирнэ.

-Гэхдээ яг л тань шиг уран зурагт дурлах хэрэгтэй байх?
-Уран бүтээл хийж буйг хөндлөнгөөс харахад амархан ч юм шиг санагддаг. Гэвч урлагийн салбар маш хатуу. Хэрвээ оргилд нь гарч чадахгүй бол ерөнхийдөө хэцүү салбар. Миний энд байгаагийн нэг учир шалтгаан бол оюутнуудад багшилж байгаа ч тэднээсээ, мөн багш нараасаа дахин суралцаж буй юм. Ер нь урлагийн хүн байнга суралцаж байх хэрэгтэй. Нэг дээд сургууль төгсөөд би зураач болчихлоо гээд хамаг зүйлээ орхих биш гарын дасгал, таталбарыг байнга хийх хэрэгтэй. Энэ нь уран бүтээл хийхэд маш том түлхэц өгдөг.

-Ер нь, манай уран бүтээлчид онгод гэж ярих дуртай. Та уран бүтээлээ яаж, ямар онгодоор хөглөж бүтээдэг вэ?
-Онгод гэж хүн хүнд өөр байдаг байх. Миний хувьд өглөө эрт босоод урлан дээрээ ирээд зургаа зураад, зурагтаа уусаад орчихдог. Зураг зурж буй процесс маань намайг нийгмээс тасалчихдаг юм. Энэ л миний онгод байх. Зурж байхдаа зургаа яаж сайхан болгох вэ, баяжуулах вэ гээд бүх анхаарлаа төвлөрүүлээд нэвт шингээд орчихдог. Тэрнээс биш “Өө онгод ороод ирлээ” гэдэг зүйл миний хувьд байдаггүй. Би онгод гэж хэлэх дургүй. Зураач хүн өөрөө таашаал авч байж, тэрэндээ хайртай, дуртай болохоороо зурдаг.

-Уран бүтээлээ дуусгасны дараа танд ямар сэтгэгдэл төрдөг бол. Ямар таашаал мэдэрч чаддаг вэ?
-Хамгийн гоё таашаал бол зургаа зурж эхлэх болоод дуусахад төрдөг тэр мэдрэмж юм. Зарим зургаа зурж дуусгасны дараа өөрөө зурсан гэдэгтээ итгэмээргүй болох үе ч гарч ирдэг. Харин заримдаа сэтгэлд хүрэхгүй тохиолдол ч бий. Ийм зургаа хоёр, гурван хоногийн дараа эргээд харахаар их гоё харагдах үе байна. Тэгэхээр хамгийн гол кайф авдаг үе нь зургаа зурж эхлэх, дуусах мөч л юм даа. Дараа нь хүмүүст үзүүлж кайф авах. Зураач нар яагаад үзэсгэлэн гаргадаг вэ гэхээр зурагнуудыг маань хүмүүс хараад сэтгэлийн таашаал авч байгааг нь хөндлөнгөөс харах бас их гоё. Бүх зураачид ийм сэтгэгдэл төрдөг байх.

-Аливаа нэг уран бүтээ­лийг тань дууссаны дараа хамгийн анхны үзэгч нь хэн байдаг вэ?
-Өөрөө л байна даа.

-Танаас гадна?
-Янз бүр дээ. Урланд хэн түрүүлж ирнэ, тэр хүн болдог юм болов уу. Заримдаа манай найз нар ирнэ, зарим тохиолдолд багш нар ч ирдэг. Харин яг л энэ хүнд харуулах юмсан гэх зүйл байдаггүй.

-Би таны гэр бүлийн хүн хамгийн анхны үзэгч байдаг байх гэж бодсон юм. Ер нь, таны уран бүтээлийг хэр их дэмжиж урам хайрладаг вэ. Ямар мэргэжилтэй хүн байдаг юм?
-Сайн дэмждэг. Урлагийн чиглэлийн хүн биш. Хүнсний технологич мэргэжилтэй. Орос бүсгүй бий.

-Таны охин их хөөрхөн юм билээ. Таны фэйсбүүкээс зургийг нь харсан?
-Охин минь монгол шүү дээ. Би хоёр хүүхэдтэй. Өмнө нь нэг амьдрал зохиож байсан юм. Энэ амьдрал маань хоёр дахь нь.

-Ингэхэд та гэр бүлдээ цаг зав зарцуулж чадаж байна уу?
-Үнэнийг хэлэхэд муу шүү. Ер нь, урлагийн хүмүүс над шиг л байдаг болов уу. Өглөө гэрээсээ гараад л орой орно. Заримдаа хүмүүс ажиллаж байхад амрах тохиолдол ч гарна. Амарч байхад нь ажиллах үе гарна. Миний хувьд өглөө гэрээсээ гараад урландаа ирдэг. Зургаа зурж байгаад өдөр сургууль руугаа яваад хичээл заана. Хичээл тарсны дараа буцаад урлан дээрээ ирээд төлөвлөсөн ажлаа дуусгаад л гэртээ харьдаг. Миний өдөр тутмын ажил ийм маягаар л өрнөдөг.

-Таны өвөөг бурхан бүтээдэг лам хүн байсан гэж сонссон. Хамгийн сонирхолтой нь таныг өвөөгийнхөө сүнс гэдэг юм байна. Дүр төрхөөр нь тэгж хэлээд байна уу, эсвэл таны уран бүтээл талаас нь ингэж хэлэх болов уу?
-/Инээв/. Харин тийм ээ, манай гэрийнхэн тэгж ярьдаг юм. Манай өвөө мундаг лам хүн байсан гэсэн. Тэр хүний сүнс юм гэдэг. Багадаа лам болно гэж их боддог байлаа. Тэгээд бүр түвд үсэг хүртэл цээжилнэ. Цэцэрлэгт байх үедээ шүү дээ. Харин ерөнхий боловсролын сургуульд орсныхоо дараа бурхан зурдаг хүн болно гэдэг байв. Жаахан байсан хэрнээ л бурхан зурдаг байлаа. Том болсныхоо дараа уран зурагт татагдах болсон.

-Та тэгвэл багаасаа л өөрийнхөө мэргэжлийг тодорхойлчихсон байх нь ээ?
-Багаасаа зураач болно гэж боддог байсан. Манай гэрийнхэн ч их дэмждэг байсан. Манай дунд ах Түвдэн намайг зураг зурахад их нөлөөлсөн. ДУДС-д сурдаг байсан юм. Их авьяастай хүн. Гэхдээ ах маань зургаа орхисон. Харин дээд талын ах маань их гоё шүлэг бичдэг. Аав маань мужаан хүн байсан. Ер нь манай гэрийнхэн чинь гарын ур дүйтэй. Бүгд л ур дүйтэй уран бүтээлч хүмүүс байдаг юм.

0 Сэтгэгдэл
Хамгийн их уншсан