Билгийн

Доллар (USD)

Улаанбаатар

”Golden Grand prix”-д оролцох тамирчид тодорчээ

Энэ оны арван нэгдүгээр сарын 28-29-ний өдрүүдэд Азербайжан улсын нийслэл Баку хотын “Baku Sport Hall” спортын ордонд болох Г.Алиевийн дурсгалд зориулсан “Голден Гран-При” олон улсын уламжлалт тэмцээний чөлөөт бөхийн төрөлд оролцох манай багийн нэрс тодорхой болжээ.

IX дэх удаагаа болж байгаа энэхүү олон улсын тэмцээнд манай улсаас эрэгтэй чөлөөт бөхийн төрөлд 6, эмэгтэй чөлөөт бөхийн төрөлд 4 нийт 10 бөх уригдсанаас эрэгтэй 2, эмэгтэй 4 бөх оролцохоор болжээ. Үүнд эрэгтэй 57 кг-ын жинд олон улсын хэмжээний мастер Э.Бэхбаяр, 65 кг-ын жинд Гавьяат тамирчин Г.Мандахнаран, эмэгтэй 58 кг-ын жинд Гавьяат тамирчин С.Цэрэнчимэд, 63 кг-ын жинд Гавьяат тамирчин С.Батцэцэг, 69 кг-ын жинд олон улсын хэмжээний мастер Э.Цэвэгмид, 75 кг-ын жинд олон улсын хэмжээний мастер Б.Одончимэг нар барилдана. Дасгалжуулагчаар эрэгтэй үндэсний шигшээ багийн ахлах дасгалжуулагч, Гавьяат тамирчин Ц.Цогтбаяр, эмэгтэй үндэсний шигшээ багийн дасгалжуулагч, Гавьяат дасгалжуулагч З.Дүвчин, шүүгчээр МЧБХ-ны Шүүгчдийн зөвлөлийн дарга, олон улсын шүүгч Ц.Сэрээтэр оролцоно.

Тэмцээнд 44 орны, жин тус бүрт 20 гаруй бөхчүүд өрсөлдөнө. Жин тус бүрт түрүүлсэн бөхөд 10 мянга, түүнээс 2 мянгыг нь дасгалжуулагчид нь, мөнгөн медаль хүртсэн бөхөд 5 мянга, хүрэл медаль хүртсэн бөхөд 2 мянган ам.долларын урамшуулал олгох юм байна. Өмнөх жилийн тэмцээнүүдэд жин тус бүр түрүүлсэн бөх бүрийг алтан бөгж юм уу алтан цагаар шагнаж байжээ.

Энэ тэмцээнээс өнгөрсөн жил П.Орхон, Б.Одончимэг нар мөнгө, Э.Нарангэрэл, Д.Хүдэрбулга нар хүрэл медаль авсан байна.

0 Сэтгэгдэл
Хамгийн их уншсан