Билгийн

Доллар (USD)

Улаанбаатар

Тогтворгүй засаглалын хохирогч байх уу эсвэл...

Л.НОМИН

Төрийн өндөрлөгүүд гэдгийг Ерөнхийлөгч, УИХ-ын дарга, Ерөнхий сайд гэж ойлгодог нь цөөнгүй. Уг нь хуульч, судлаачид хууль тогтоох байгууллага /Монгол Улсын их хурал/, гүйцэтгэх засаглал /Засгийн газар/, шүүх засаглалыг төрийн гурван өндөрлөг гэж тодорхойлдог. Харин бид төрийн өндөр албан тушаал хашиж буй гурван хүнийг өндөрлөг мэтээр ойлгож, түүнийг нь хашсан албан хаагчдыг хүндлэн дээдлэх юм шиг төсөөлсөөр ирж. Эцэстээ мянгантаа хэлсэн үг үнэн болж, гурван толгойтой мэт улс болчихоод байгаа нь үнэн. Ерөнхийлөгч, УИХ-ын дарга, Ерөнхий сайд нь төрийн өндөрлөг байх ёстой хэмээн бодож сүүлдээ эрх мэдлийн зөрчилдөөн ч үүсэх болов. Зарим эрх мэдэл, хариуцлагыг зааглаж, тодорхой болгохгүй бол нэгдүгээр гарын үсэг бүхий гурван даргатай байгууллага шиг л болчихоод буй нь заримдаа ажиглагддаг. Төсөв батлах үеэр бол 76 сайдтай болдог гэсэн ёгтлол ч явсаар ирлээ.

Сүүлийн хоёр удаагийн сонгуулиар байгуулагдсан УИХ олонхигүй, Засгийн газраа дангаараа байгуулж чадахгүй хамтарч томилсон нь яваандаа мухардалд хүрнэ гэж судлаачид хэлж байсан. 1992 оны Үндсэн хуулийг боловсруулахад туршлага судалсан Германы хуульч, судлаачид анх нэг л буруу тогтолцоо сонгочихлоо гэж сануулж байсан гэдэг. Ардчилсан нийгэм сонгосон улс орнууд янз бүрийн тогтолцоо сонгосон ч явцын дунд өөрчлөх, сайжруулах арга замыг сонгож чадсанаараа биднээс ялгаатай аж. Монгол шиг Ерөнхийлөгчөө ард түмнээсээ сонгодог 11 улс байдаг ч бүрэн эрхийг нь тодорхой хэмжээнд хязгаарлаж өгчээ. Өөрөөр хэлбэл, манайх шиг өргөн эрхтэй төрийн тэргүүнтэй, парламентын засаглалтай улс байхгүй гэнэ. Зарим улс орны шинжээч, судлаачид манай улсыг Ерөнхийлөгч, парламентын хосолмол засаглалтай гэж үздэг байна. Гадаадынхан байтугай өөрсдөө ч ойлгохгүй болсон тогтолцоо, засаглалын хэлбэрийг тодорхой болгох шаардлагатай. Үүний тулд гол хуульдаа өөрчлөлт оруулах хэрэгтэй.

Ерөнхий сайдыг парла­ментаас шууд томилдог 79, Ерөн­хийлөгч нь томилж, пар­ламент баталгаажуулдаг 21, Ерөн­хийлөгч нэр дэвшүүлж парла­мент баталдаг 6, парла­мент шууд томилдог 14, сонгуулиар гүйцэтгэх засаг­лалыг томилдог 6 орон бай­даг. Харин манайд Ерөнхий сайдыг парламент шууд томи­лох хэвээрээ. Хэрэв огцруулах санал оруулбал дараагийн Ерөнхий сайдыг хамт өргөн барьж, УИХ-аар гурав хоно­гийн дотор хэлэлцэж, батлах өөрчлөлт Үндсэн хуульд оруулахаар тусгасан. Үндсэн хуулийн өөрчлөлтөд Засгийн газрын бүтэц, бүрэлдэхүүний тоог тогтоож өгөх юм.

Ирэх оны төсвийн хэлэлцүүлгийн үеэр УИХ-аар яамдын тоог цөөрүүлж, ес байх нь оновчтой гэж ярьж байсан. Үндсэн хуулийн нэмэлт өөрчлөлтийн тухай хуулийн төсөлд есөн яамтай байхыг нэр зааж оруулж байгаа. Хэрэв шаардлагатай гэвэл Засгийн газрын гишүүнийг гурваас илүүгүйгээр нэмэх эрх Ерөнхий сайдад өгнө. Түүнээс гадна тодорхой эрх мэдэл Ерөнхийлөгчөөс Ерөнхий сайдад шилжүүлж байгаа. Үндсэн хуульд тогтолцоог нь сайн суулгаж өгөх үүднээс өөрчлөлтийн төсөлд гүйцэтгэх засаглалын эрх, үүргийг ингэж тусгасан. Ерөнхий сайд Засгийн газрын гишүүнээ томилох, чөлөөлсөн, огцруулсан шийдвэрийг Ерөнхийлөгчид толилуулж, УИХ-д танилцуулснаар уг шийдвэрийг батламжилсан УИХ-ын тогтоол батлагдсанд тооцох аж. Ерөнхий сайдад сайд нараа томилох, чөлөөлөх, огцруулах эрх хадгалагдана гэсэн үг. Танхимын сайд нарыг нэг нэгээр нь “шууд сугалан” огцруулахаа болино. Мөн Улсын Ерөнхий прокурорыг Ерөнхийлөгч УИХ-д танилцуулж, батлуулдаг байсан бол энэ эрх Ерөнхий сайдад шилжинэ. Үндсэн хуулийн цэцийн гурван гишүүн, бүх шатны шүүхийн шүүгчийг Ерөнхийлөгчөөс санал болгодог байсныг Ерөнхий сайдад шилжүүлж өгнө гэж төсөлд бий. Засгийн газрын тогтвортой байдлыг хангахын тулд танхимаа өөрөө бүрдүүлж, улс төрийн зорилгоор сайд нарыг нь сэлгэхгүй байх, дэвшүүлсэн бодлогоо, хөтөлбөрөө хэрэгжүүлэх боломж олгох учиртай.

Судлаачид, хуульчид ч гэсэн төрийн эрх мэдлийн хуваарилалтыг өөрчлөх шаардлага үүссэнийг хүлээн зөвшөөрдөг. Өнгөрсөн долоо хоногт УИХ-ын гишүүн, Хууль зүйн шинжлэх ухааны доктор, профессор, гавьяат хуульч Д.Лүндээжанцан “Монгол Улс дахь Үндсэн хуульт ёсны төлөвшил, Үндсэн хууль дахь парламентын эрх мэдэл” сэдвээр лекц уншихдаа ч зарим зүйлийг тодорхой хэлсэн.  “УИХ, Ерөнхийлөгч, Засгийн газар гэсэн хууль тогтоох, гүйцэтгэх эрх мэдлийн дээд институцийн төрийн тогтолцоонд эзлэх байр, гүйцэтгэх үүрэг, хариуцлага, маш тодорхой байхаас төрийн тогтолцоо ч, улс орны хөгжил дэвшил ч шууд хамааралтайг умартаж болохгүй цаг үетэй тулж байна. Ерөнхий сайд нь Засгийн газрын гишүүдээ Ерөнхийлөгч болон УИХ-д танилцуулснаар УИХ-ын тогтоол батлагдсанд тооцогдож танхимаа бие даан бүрдүүлэх байдлаар өөрчлөлт оруулах зүйтэй” гэсэн.

Үндсэн хуульд өөрчлөлт оруулах асуудлыг “парламент 99 гишүүнтэй болж, таван жилийн хугацаатай байх нь” гэж өнгөц ойлгуулж энэ өнцгөөс шүүмжилж байгаа. Уг нь агуулгаар нь харвал өөрчлөлт дотор засаглалын зааг ялгааг салгаж, хамгийн чухал нь тогтвортой байдлыг хуулиар хангаж өгөхийг эрмэлзсэнээ хуулийн төсөл санаачлагч тайлбарласан. 25 жилийн хугацаанд 14 Засгийн газартай байсан. 14 Засгийн газрынхаа долоог огцруулсан гэхээр нэг танхим дунджаар хоёр жилээс илүүгүй хугацаанд ажилласан болж байгаа юм. Засгийн газар нь тогтвортой ажиллаж, бодлогоо хэрэгжүүлж чадаагүй учир хохирогч нь Монгол Улс, Монголын ард түмэн болоод байна.

Өөрчлөлт оруулах ёстой парламент нь энэ удаагийн УИХ мөн үү гэдэгт эргэлзэх нь цөөнгүй. Аль ч нам олонхийг бүрдүүлээгүй ч улс төрийн бүхий л төлөөлөл УИХ-д багтсан. Олон суудал авсан хоёр нам төрийн эрх барьж байсан туршлагатай, улс төрийн хүчний эвслийн бүлэг, бие даагчидтай гэдгийг бүх төлөөлөл гэж үзэж байгаа. Хэрэв энэ удаагийн парламент Үндсэн хуулиа өөрчилж чадахгүй бол дараагийн дөрөв цаашлаад найман жилд гар хүрч чадахгүй байдалд орно гэж зарим хуульч тайлбарлав. Үндсэн хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төсөл санаачлагч УИХ-ын гишүүн Н.Батбаяр мөн цаг хугацаа нь ирсэн гэж буй. Өөрчлөх эрх одоогийн парламентад байгаа юу, үгүй юу гэдгийг Ард нийтийн санал асуулгаар шийдэх хэрэгтэй болоод байна. Засаглалын тогтворгүй байдлын хохирогч улс байсаар үлдэх үү, цэгцэлж авах уу гэдэг түүхэн цаг үеийн сонголтын өмнө бид иржээ.  

0 Сэтгэгдэл
ОДОО Л ЭНЭ ӨӨРЧЛӨЛТИЙГ ХИЙСЭН ШИГ ХИЙЖ ТҮҮХЭНД НЭРЭЭ МӨНХӨЛ ДӨӨ МАН-ын ХААН ан БОЛ ХИЙЖ ЯАГААД Ч ЧАДАХГҮЙ тЭД ДОТООД ЗӨРЧИЛ ЧИ ИХИЙГ АВСАН БИ ӨАГЫГ АВСАН ОДОО БИ ТЭГЖ АВАХ ЁСТОЙ ГЭЖ Л ЯРИХААС МОНГОЛ ОРНЫГ ХӨГЖҮҮЛЭХ ТУХАЙ ЯРИХ Ч ҮГҮЙ ТИЙМ Ч ЧАДВАР ТЭДЭНД БАЙХГҮЙ
Alin ch heregui yalanguya MAN.AN bur heregui.Erenhiilegchiin zasaglaltai bolood Ganbaatar shig huniig tavih heregtei.Yagad gevel MANAN ambiclaad frakclaad huivaldaad ideed salahgui
Хамгийн их уншсан