Билгийн

Доллар (USD)

Улаанбаатар

Сэлэм эргүүлсэн төр

Төр сэлмээ эргэлдүүлээд эхэллээ. Нэг эргэлдээд эхэлчихээрээ нэлээдгүй хүнийг гайтуулж байж зогсдог жамтай. Өршөөлийн хуулийн араас их баривчилгаа эхэлнэ гэж учир мэдэх хүний хэлж байсан үг ортой болов. Өөр өөр шалтгаантай гурван баривчилгаа шил шилээ даран явлаа. Эрүүл мэнд, спортын сайд Г.Шийлэгдамба авлига авч байгаад газар дээрээ баригдсан гэх албаны тайлбар бий. Цаанаа шал өөр шалтгаан, нууц байгаа гэсэн хардлага одоо ч хагараагүй байна. “Монголын төмөр зам” ТӨХК-ийн захирал Б.Батзаяаг баривчилсан. Бас л  цаанаа улс төрийн агуулгатай гэж шуугисан. Дараа нь С.Зориг агсны гэргий Д.Булганыг баривчилсан нь мөн л олон таамаг, хардлагыг нийгэмд үүсгээд байна.

Энд аль нэг талыг баримтлахгүйгээр, хэн нэгнийг өмгөөлөхгүйгээр, гагцхүү үйл явдлын цаад агуулга, зорилго, түүнийг хэрэгжүүлж буй арга замын талаар өгүүлэх гэсэн юм. Юу гэвэл, эдгээр баривчилгааг анзаарвал өмнөх баривчилгаануудтай адил технологитой. Технологи гэдэг нь тодорхой зорилго, дэс дараалал, арга барилтай гэсэн үг. Юун түрүүнд нууц боловч нээлттэйгээр гэнэтийн баривчилгаа зохион байгуулна. Ингэсний дараа интернэт, олон нийтийн сүлжээгээр маш хүчтэй сенсаац, мэдээллүүд тархаж эхэлнэ. Хэнийг яагаад, юуны учир баривчлав гэх мэт. Удалгүй энэ нь олон таамаг, сэжиг, сэжим, шалтгаан, нотолгоо, баримтуудаар баяжиж, олон нийтийн дунд жинхэнэ хөөс бий болно. Хөөс гэдэг нь хэтрүүлсэн, сүр оруулсан, нэмсэн, хачирласан мэдээллүүд юм. Хөөс их байх тусам усан доторх мөн чанар бага харагдана. Гэвч ингэж хөөсрүүлсний дүнд баривчилгааны жинхэнэ зорилтот бай буюу улс төрийн ашиг сонирхол хангагдах нөхцөл бололцоо бий болно. Өөрөөр хэлбэл, түүнийг ийм шалтгаанаар баривчилсан бололтой, цаашид тийм тийм албан тушаалтан энэ хэрэгт холбогдох бололтой гэх мэт мэдээллүүд гарч эхэлснээр мөнөөх технологи гээч нь үүргээ гүйцэтгэж буй хэрэг юм.

Технологийн зорилго нь нийгэмд сенсаац тарих замаар олон нийтийн санаа бодлыг бусниулах, баривчилгаанд өртсөн хувь хүн, бүлгийн ашиг сонирхол, санаархлыг нухчин дарах, айлган сүрдүүлэх, том эздэд бага тушаалын хамсаатнаар нь дамжуулж дохио, сануулга өгөх гэх мэт нэлээд хорон санаатай байдаг бололтой. Их чулуутай дайтах гэхийн оронд ивээс болж буй бага чулуудаар нь оролдох замаар хандыг нь дарж авдаг гэж орчуулан ойлгож болох юм.

Үүний хамгийн том баталгаа нь урьд өмнөх хэргүүдийн сүр дуулиан хийгээд хэрхэн замхран сарнидгийн жишээ баримтууд юм. Эхний жишээгээр С.Зориг агсныг хөнөөсөн хэргийн бүх үеийн мөрдөн байцаалт, шалгалт, баривчилгаануудыг нэрлэж болно. Сонгууль болох ойртмогц л энэ хэргийг илрүүлэх амбиц, чимээ шуугиан нэмэгдээд эхэлдэг. Тэр хэргийг илрүүлэх гэж байгаа хичээл зүтгэл нь чухал болохоос жинхэнээсээ илрэх эсэх, хэнийг холбогдуулан барьж хорих нь үнэндээ чухал байгаагүй. Өнгөрсөн хугацаанд хэчнээн ч хүнийг энэ хэрэгт холбогдуулан барив даа. Хүн амины хэрэгт сэжиглэн баривчилж авчраад, эцэст нь нэг хуурамч паспортын хэрэг тохоод л өнгөрдөг эмгэнэлтэй жишээ бий шүү дээ. Мөн Дамирангийн Энхбатыг Франц улсаас хулгайлан баривчилж авчраад, гэм буруутай эсэхийг нь ч тогтоогоогүй байж шоронд хорьсоор байгаад амь нас нь хохироход хүрсэн. Төр төмөр нүүртэй гэх хэдий ч ямар ч иргэнээ шалгах нэрийдлээр хэлмэгдүүлэн хорьж цагдаж таарахгүй байх. Сүр дуулиантай баривчилчихаад зүгээр л “Уучлаарай, та гэмт хэрэг хийгээгүй байна” гээд сулласан жишээ ч олон. Анхны баривчилсан хэргээсээ шал өөр хэрэг тохоод өнгөрөх ч тохиолдол бий. Энэ бүхэн нь ямар нэг зорилго хангахын төлөө хэрэг босгож ирдэг, баривчилдаг гэх хардлагыг улам баталгаажуулж өгдөг. Яг үүний бодитой жишээ бол “Сод Монгол” компанийн захирал Ц.Анандбазарыг баривчилсан явдал гэдгийг уншигчид санаж буй биз ээ. Сонгуульд нэр дэвшихээр болсон тэр өдөр нь баривчлаад, нэр дэвших цаг хугацааны боломжгүй болсны дараа мөнөөх “Уучлаарай” гэх үгээ хэлээд сулласан байдаг. Энэ бол улс төрийн сонгуульд өрсөлдөгчөө намнахын төлөө зохион байгуулсан баривчилгаа гэж харагдаж, хардагдсан нь зүй ёсных юм. Аймгийн Засаг дарга нарын хэрэг, “Нүүрс” хөтөлбөрөөр шалгуулсан зөвлөх Л.Гансүх, УИХ-ын гишүүн Ё.Отгонбаярын эхнэрийн нууц данс гэх мэтээр улс төрийн ашиг сонирхол ханхалсан олон хэрэг өдгөө зорилгоо хэдийнэ бүтээсэн байх магадлалтай.

Улс төрд нэг муухай нохой арга байх шиг байна. Тэр нь юу гэвэл, улс төрийн акулыг нь гогодохын тулд түүний зараалын жараахайг нь элдэвлэж, дэгээ үмхүүлж зовоодог бололтой юм. Олны үг ортой гэдгээр томьёолж хэдэн жишээ татъя. Хамгийн сүүлээс нь эхлэн нэрлэвэл Эрүүл мэнд, спортын сайд Г.Шийлэгдамбын баривчилгааны цаад бай Н.Энхбаяр болон түүний МАХН гэх. Г.Шийлэгдамбад нам нь санхүүжилт олгохыг даалгасан хэмээх эзэнгүй бор шувууд нисэлдээд байгааг хүмүүс анзаарсан л байх. Тэдгээр жив жув, элий балай цуу салхинд чинь л улс төрийн зэвүүн хорын ерөндөг зуулттай явж байдаг гэх юм байна билээ.

Түүнээс өмнө “Монголын төмөр зам” ТӨХК-ийн захирал Б.Батзаяагийн баривчилгаа. Үүгээр нарийн төмөр замаар баялгаа Хятад руу түүхийгээр нь зөөхийг эсэргүүцсэн “Женко” Х.Баттулгыг онилсон гэх буудлага хаа сайгүй. Энэ хэрэг эхлэхдээ мөн л их бүрхэг, хаалттайгаар нийгэмд зарлагдсан. Б.Батзаяа Солонгосын “Самсунг”-ын охин компанийг хуурамчаар байгуулж, 200 сая ам.доллар завшиж гэнэ гэх мэт цуу хэлбэрийн мэдээлэл л нийгэмд байв. Тиймд хүссэн зохиолоо бичих бололцоог сошиал ертөнцийнхөнд нээлттэй орхисноор Б.Батзаяагийн араас Х.Баттулга нарын олон улстөрч баригдаж магадгүй боллоо гэсэн мөнөөх л бор шувууд дэвсэн юм. Эцэстээ энэ хэргийн хөөс эргэн бууж, “Самсунг” компанийг хуурамчаар байгуулаагүй болж таарч, 200 сая нь 42 сая болж буурав. Ингэсээр энэ хэргийн хувь заяа яаж төгсөх бол гэдэг сонирхол татаж байна. Хөөс замхраад алга болчихдог жамтай шүү дээ, Монголд.

Дахин нэг жишээ. Ерөнхий сайд асан Н.Алтанхуягийг унагахын тулд түүний хүргэн Г.Дэнзэнд хэрэг өдүүлсэн гэх. Мөн зөвлөх Л.Гансүхэд нь “Нүүрс” хөтөлбөрөөр ял тулгасан ч гэх. Тэгснээ Н.Алтанхуягийг өөрийг нь орон сууцжуулах найман хувийн зээл, 888 төсөл хөтөлбөр, аймгуудыг нийслэлтэй холбосон авто зам, “Бумбардай” хүүхдийн цуврал ном, “Гудамж” төсөл зэрэг бүтээн байгуулалтын ажлыг хэрэгжүүлэхдээ албан тушаалаа урвуулан ашиглаж улсад хохирол учруулсан байж болзошгүй хэмээн шалгаж эхлээд байгаа гэх мэдээлэл гарснаа нам жим болов. Дээр өгүүлсэн тех­нологи хэрэгжсэн юм болов уу даа, бодоход.  Н.Алтанхуяг яг энэ талаар уг нь ноцтой байр суурь илэрхийлсэн. Тэрээр “Би АТГ-ын үйл ажиллагааг эртнээс шүүмжилж байсан. Одоо Прокурорын дэргэдэх мөрдөн байцаах албыг дэргэдээ авснаар дийлдэшгүй эрх мэдэлтэй, нэг ёсондоо шүүх, прокурорынхон хүртэл АТГ-ын хараат шахуу болчихлоо. Энэ мэт нам дамжсан бүлэглэлүүдийн зорилготой үйл ажиллагаа нь өнөөдөр ямар үр дүнд хүргээд байгааг шүүмжлэхээр намайг ч гэсэн эргэн тойрныхноор нь дамжуулаад машиндчихаж байгаа юм. Энэ машин эр бяраа үзүүлж биднийг, бизнес эрхлэгч нараа машиндаад, дараа нь нийгэмд айдас хүйдсээс өөр ямар үр дүн бий болгов оо” гэж онцолж байсан удаатай. Хүчний байгууллагууд улс төр, эрх ашигт үйлчилдэг, бизнесийнхнийг дарамталж, нийгмийг шоронжсон сэтгэлгээгээр айлгахаа болимоор байна гэсэн түүний бухимдал мэдээж хоосноос бий болоогүй. Төрийн өндөр албанаас дөнгөж буусан хүний үгэнд цаад учрыг гадарлаж буй өнгө аяс илхнээ буугаа байлгүй.

Улс төрийн шинжтэй бүх баривчилгаа, бүхий л мөрдөн байцаалтыг анзаарахад санамсаргүйгээс үүдсэн нэг ч хэрэг санаанд торохгүй байна. Авлигатай тэмцэх нийгмийн захиалга дээр эсрэг намынхаа Засаг дарга нарыг түүвэрлэн хэрэг үүсгэсэн бэлээхэн жишээ бий. Аймгийн Засаг дарга нарын гэх тодотголтой хэргүүдийн ихэнх нь нотлогдоогүй ч баривчилгаа, сүр дуулиан нь улс төрийн агуулгаараа том хүрээ хамарсан юм. Өмнөговь аймгийн Засаг дарга Б.Бадрааг дөрвөн тэрбум орчим төгрөг шамшигдуулсан, төсвөөс 180 сая төгрөг хувьдаа завшсан гэж эрүүгийн хэрэг үүсгэн шалгаж, яллах дүгнэлт үйлдэж, шүүхэд шилжүүлэхээр прокурорын байгууллагад шилжүүлсэн. Гэвч прокуророос энэ хэргийг хэрэгсэхгүй болгох шийдвэр гарсан юм. Өвөрхангай аймгийн Засаг дарга Д.Тогтохсүрэнг албан тушаалаа хэтрүүлэн ашигласан үндэслэлээр шалгаж, гэм буруутай нь тогтоогдоогүй учир хэргийг нь хэрэгсэхгүй болгосон. Энэ технологи саяхан бий болсон юм биш. 2012 оноос өмнө аймаг, дүүргийн Засаг даргаар ажиллаж байсан хүмүүсийг ийм байдлаар хэрэгт холбогдуулж байв. Тухайлбал, Налайх дүүргийн Засаг дарга асан Б.Баяндэлгэрийг 320 га газрыг БНСУ-ын компанид их хэмжээний мөнгөөр зарахыг завдсан гэх үндэслэлээр шалгаад, мөн л хэрэгсэхгүй болсон. Говь-Алтай аймгийн Засаг дарга асан Ш.Амгаланбаярт 100 сая төгрөгийг тендергүйгээр шилжүүлсэн, үлдсэн 100 саяыг хувьдаа завшсан хэмээн буруутгасан ч шүүхийн шатнаас буцсан. Сонгинохайрхан дүүргийн Засаг дарга асан Ц.Болдод төсөвлөсөн хөрөнгөөс 300 сая төгрөг завшсан гэсэн үндэслэлээр шалгаж, учруулсан хохирол нь тогтоогдохгүй байна гээд мөн буцаагдсан.

Энэ мэт сүржин баривчилгааны эцэст шалдан хэрэг тохоод өнгөрөх, эс бөгөөс усанд хаясан чулуу шиг мартагнуулан сураг чимээ тасрах тохиолдол олон. Нийгмийн халамж үйлчилгээний ерөнхий газрын дарга асан Д.Баярсайхан, Санхүү бүртгэл төлөвлөлтийн газрын дарга асан Ч.Эрдэнэбулган, түүний төрсөн дүү болох Ч.Эрдэнэсувд нарыг их хэмжээний мөнгө завшсан байж болзошгүй хэмээн хорьж, цагдаж, хэсэгтээ л бөөн сүр болсон. Гэтэл жил орчмын дараа чимээгүй болж, хэрхэн яаж шийдэгдсэн нь ч тодорхойгүй сураг алдарчээ. УИХ-ын гишүүн асан Х.Наранхүүгийн хэрэг гэж мөн л дуулиан шуугиан болсон. Зургаан тэрбумын хохирол учруулсан байж болзошгүй гэх хэрэг одоогоор хэрхсэн эсэх нь тодорхойгүй. УИХ-ын гишүүн асан, “Эрдэнэс-Таван­толгой” ХХК-ийн захирал асан Я.Батсуурийг “Говь Повер” компанитай холбоотой асуудлаар сүр дуулиантайгаар итгэл төгс баривчлан саатуулж гурван сар болсон. Ингээд сүүлд түүнийг батлан даалт нэрээр өнгөрсөн тавдугаар сард чимээгүйхэн сулласан юм. Баривчилсан хэргийн хувь заяа чухам хэрхсэн нь өдгөө ч бүрхэг хэвээр. Дараа нь УИХ-ын гишүүн Ё.Отгонбаярын холбогдох авлигын хэрэг. Эхнэр нь дөрвөн банкин дахь 26 дансаараа их хэмжээний мөнгөн гүйлгээ хийсэн, “Тавин лан” компанийн захирал Х.Цогнойжамцыг дарамтлан “Ланд круйзер 200” маркийн автомашиныг нь дээрэмдэж, хахууль авахыг завдсан гэх хэрэгт буруутган шалгаж эхэллээ гэсэн. Гэтэл энэ хэрэг одоогоор АТГ-т шалгагдаагүй болохыг УИХ-ын танхимд мэдэгдсэнээр эцэслэх шив. Энэ бүхний дүгнэлт нь тэгвэл юу байх вэ. Манай төрийн далайлт нь сүртэй, буулт нь зөөлөн гэсэн үг үү. Эсвэл дуутай тэнгэр хургүй гэдэг нь энэ үү.

Гэвч төр нэгэнт сэлмээ эргэлдүүлээд эхэлбэл нэжгээд аюултай. Төрийн өмнө хэнбугай ч хүчин мөхөсдөж, толгой бөхийнө. Үүний бэлээхэн нотолгоо нь өнгөрснөөс гэвэл Ерөнхийлөгч асан Н.Энхбаяр, өдгөөгөөс гэвэл “Женко” Х.Баттулга юм. Төрийн машинд өртөхөө хүрвэл эрх мэдэлтэй, хүч бяртай байсан ч өртөж болдгийн бас нэгэн саяхны жишээ бол Ерөнхий сайд асан Н.Алтанхуяг болоод түүний ойр дотны хүмүүс, охин, хүргэн, зөвлөхүүдэд тохсон хэрэг байна. Төр ийм л хүчтэй эд. Тиймдээ ч хүн төрөлхтөний сэтгэж олсон байгууллага, нийтлэгүүдээс хамгийн хүчтэй нь төр. Ийм хүчирхэг аппаратын эрэг шураг, эрх мэдэл, сэлэм сэлтийг ямар нэгэн зорилгын төлөө нижигнүүлэн хөдөлгөвөл түүнийг сөрөх юу ч байхгүй. Гагцхүү зорилго нь үнэн, үйл нь шударга байгаасай л гэж төрийнхөө сүлдэнд залбирахаас.

Д.ДАМДИНЖАВ

0 Сэтгэгдэл
ardiin namaas hun alga Ardiin nam avilgachgui hulgaichgui tsevershsen nam bolj chadjee
АН улс орныг өр зээл,хямралд оруулж сүүлдээ тусгаар тогтнолыг маань ч худалдаад бх шигг
ene niitleliin gol sanaa n Battulgaa ayataihan baigaarai ***** min genee haha
юу л болоод байна даа энэ улс оронд
Хамгийн их уншсан