Билгийн

Доллар (USD)

Улаанбаатар

“Эрдэнэт” нэг тонн цэвэр зэс үйлдвэрлэх зардлаа 1600 ам.доллараар бууруулжээ

Т.ЖАНЦАН

Монгол Улсын санхүү, эдийн засгийн байдал хүндхэн хэвээр байна. Ирэх хоёр жилд ашигт малтмалын үнэ өсөхгүй гэдгийг эдийн засагчид ч баталж буй. Иймд манай улсын эдийн засаг ч ирэх жилүүдэд илааршихгүй байх төсөөлөл гарч буй юм. Уул уурхайгаас шууд хамааралтай байгаа манай эдийн засагт Уулын баяжуулах “Эрдэнэт” үйлдвэр томоохон байр суурь эзэлдэг. 

Тус үйлдвэр сүүлийн хоёр жилд улсын төсөвт 991 тэрбум төгрөгийн орлого оруулсан бол энэ оны эхний арван сард улс болон орон нутгийн төсөвт 239 тэрбум төгрөг төвлөрүүлэв. Эндээс үзвэл тус үйлдвэрийн борлуулалтын орлогын 30-40 хувь нь улсын болон орон нутгийн төсөвт төвлөрдөг гэж болно. Уг үйлдвэр өнгөрсөн онд 1.3 их наяд төгрөгийн орлоготой ажилласан бол энэ оны эхний арван сарын байдлаар 893.8 тэрбум төгрөг “олсон” тооцоо гарлаа. Зэсийн үнэ өнөөдөр огцом уна­сан ч тус үйлдвэр зард­лаа бууруулж чад­сан учраас ашигтай ажиллажээ. Тухайлбал, 2013 онд нэг тонн цэвэр зэс 7326 ам.доллар байв. Энэ үед тус үйлдвэр 125 тэрбум  төгрөгийн цэвэр ашигтай ажилласан. Өнгөрсөн онд зэсийн үнэ 6859 ам.доллар болж буурсан үед уг үйлдвэр 167.5 тэрбум төг­рөгийн цэвэр ашиг олсон аж.

 Зэсийн зах зээлийн үнэ ханшаас гадна ашигт ажиллагаа буурахад нөлөөлж буй хэд хэдэн хүчин зүйл бий. Жишээ нь, цахилгаан эрчим хүчний үнэ нэмэгдэв. Мөн валютын ханшийн өсөлт нь импортоор авч буй материал түүхий эд, барааны үнийг өсгөжээ. Гэвч хэмнэлтийн бодлого хэрэгжүүлж буй нь үр дүнгээ өгснийг тус үйлдвэрийн удирдлагууд онцолсон юм. “Эрдэнэт “ үйлдвэр үйлдвэрлэлд шаардлагатай зарим бараа бүтээгдэхүүнээ өөрсдөө хийдэг болсноор өнгөрсөн онд 26.4 тэрбум төгрөг хэмнэж чаджээ.  Тэгвэл энэ оны эхний арван сард 28.2 тэрбум төгрөгийн хэмнэсэн тооцоо гараад байна. “Эрдэнэт”  үйлдвэрийн удирд­лагууд энэ онд хийж хэрэгжүүлж буй ажлынхаа тайланг тавих үеэр тус үйлдвэрийн ерөнхий захирал Ц.Даваацэрэн ”Дэлхийн зах зээл дээр зэсийн үнэ огцом унасан. Манай үйлдвэрийн төлөөлөгчид саяхан Шанхайн биржийн чуулга уулзалтад оролцоод ирлээ. Энэ хуралд зэс үйлдвэрлэгчид оролцсон.  Мөн Лондонгийн металлын бирж  дээр аравдугаар сард зэсийн үнэ, чиг хандлагын талаар уулзалт танилцуулга хийсэн. Энэ бүгдээс үзэхэд ирэх оны нэгдүгээр улиралд зэсийн үнэ өнөөгийн төвшнөөс  өсөхгүй байх төсөөлөл бий. Хятадын эдийн засаг хүндхэн байгаа нь зэсийн үнэд нөлөөлж байна. Зэс үйлдвэрлэгчид өнөөдөр хэмнэлтийн бодлого хэрэгжүүлэх ёстой гэж буй. Өнөөдөр нэг тонн цэвэр зэс 4500-5000 ам.долларт хэлбэлзэж байгаа. Манай эдийн засгийн хэлтсийн хийсэн судалгаагаар нэг тонн зэсийн үнэ 4500 ам.доллараас доош орвол “Эрдэнэт” үйлдвэр ашиггүй ажиллана гэж үзсэн. Өнгөрсөн хоёр жилд хэмнэлтийн бодлого хэрэгжүүлсний ачаар “Эрдэнэт” үйлдвэр хэвийн, ашигтай  ажиллаж байна.  2013 онд нэг тонн цэвэр зэсийн өөрийн өртөг 6625 ам.доллар гэж тооцсон байсан. Тэгвэл энэ оны эхний есөн сарын байдлаар нэг тонн цэвэр зэсийн үйлдвэрлэж буй өөрийн өртөг нь 5035 ам.доллар болж буурсан. Өөрөөр хэлбэл, хоёр жилийн хугацаанд нэг тонн цэвэр зэс үйлдвэрлэх зардлыг 1600 орчим ам.доллараар бууруулж чадлаа. Энэ бол манай үйлдвэрийн хамт олны хамгийн том амжилт гэж бодож байна” гэлээ.

Орхон аймгийн Засаг дарга С.Дангаасүрэн тайлангийн хурлын үеэр “Орхон аймаг “Эрдэнэт” үйлдвэрийн хамтын ажиллагаа бол Монголын уул уурхайн салбарт үлгэр жишээ юм. Уул уурхайн компаниуд тухайн орон нутагтай ингэж хамтарч ажиллаж чадвал улс орны хөгжил дэвшил хурдасна.  Тухайлбал, “Эрдэнэт” үйлдвэр Эрдэнэт хотын дэд бүтцийг сайжруулах, орон нутгийн аж ахуйн нэгжүүдийг дэмжих, нисэх буудал барих, эмчилгээ оношлогооны төв гээд олон зүйлээр тусалж хамтран ажиллаж байна. Ирэх онд Эрдэнэт хот үүсгэн байгуулагдсны 40 жилийн ой болно. Хамтын ажиллагааны хүрээнд түүхт ой угтсан олон ажил хийнэ гэж бодож байна” хэмээн хэлэв.

Хэдийгээр зэсийн үнэ унаж, хямралт байдал үргэлжилж байгаа ч “Эрдэнэт” үйлдвэр энэ онд олон бодит бүтээн байгуулалт хийжээ. Тухайлбал, зургадугаар сард Өөрөө нунтаглах үйлдвэрийн өргөтгөл ашиглалтад оруулав. Тус өргөтгөл жилд зургаан сая тонн хүдэр боловсруулах хүчин  чадалтай юм. Ингээд “Эрдэнэт” үйлдвэр жилд 32 сая тонн хүдэр боловсруулах хүчин чадалтай болсон билээ. Одоо төслийн бүрэн хүчин чадлаараа ажиллаж байна. Мөн Хаягдлын аж ахуйн ус хуримтлуулах хоёрдугаар коллекторыг ашиглалтад энэ сарын 23-нд оруулав. Уг коллекторын нээлт дээр “Эрдэнэт” үйлдвэрийн Үйлдвэрлэл эрхэлсэн орлогч захирал Д.Даваасамбуу “Хаягдлын аж ахуйг өргөтгөх ажлыг арван жилийн өмнөөс дөрвөн үе шаттай хийж ирсэн. Өнөөдөр Хаягдлын аж ахуйн ус хуримтлуулах хоёрдугаар коллектор ашиглалтад орсноор манай үйлдвэр 20-25 жил хаягдалд санаа зоволтгүй ажиллах боллоо. Уг худагт хуримтлагдсан усыг эргүүлээд үйлдвэрлэлд ашиглана. Мөн хаягдлын аж ахуйд 3.6 метр урт 14 дүгээр даланг ашиглалтад оруулсан. Даланг 7.6 тэрбум төгрөгийн хөрөнгө оруулалтаар барьсан” хэмээн онцлон тэмдэглэв.


Ч.Түмэнбаяр: Уул уурхайн салбар төсвийн орлогын 20 хувийг бүрдүүлж байна

Уул уурхайн сайдын зөвлөх.

-Уул уурхайн салбар болон “Эрдэнэт” үйлдвэр хэр ашигтай ажиллаж байгаа хэмээн салбарын яамны зүгээс дүгнэж байна вэ?
-Уул уурхайн салбар манай эдийн засгийн өсөлтөд гол нөлөө үзүүлсэн хэвээр байна. Ийм  ч учраас үндэсний нийт бүтээгдэхүүний 20, экспортын 80-90 орчим хувийг тус тус бүрдүүлдэг. Өнөөдөр ч улсын төсвийн орлогын 20 хувийг бүрдүүлж байгаа Эрдэнэт үйлдвэр байгуулагдсан цагаасаа төсөвт гол эх үүсвэр нь байсаар ирсэн.
 Дэлхийн зах зээл дээр уул уурхайн бүтээгдэхүүний үнэ унасан, эдийн засаг хүндэрсэн хэдий ч тус үйлдвэрийн хамт олон нөөц бололцоогоо ашиглаж өртөг зардлаа бууруулах, технологи шинэчлэх ажил хийж буй нь маш том амжилт. Ялангуяа Хаягдлын аж ахуйгаа өргөтгөж байгаа нь цаашид аюулгүй ажиллах боломж бүрдүүлж байна.

-Дэлхийн зах зээл дээр зэсийн үнэ унаж байна. “Эрдэнэт” үйлдвэрийн орлого ямар хэмжээнд байна вэ?
-Эрдэнэт” үйлдвэрийн улсын төсөвт оруулах орлогын хэмжээ буураагүй. Харин ч өссөн. Үйлдвэрлэлийн өртөг зардал нь буурсан учраас бүтээгдэхүүний үнэ унасан ч ашиг нь өсч байна. Үйлдвэр хэвийн ашигтай ажиллаж байгаа юм.
Тухайлбал, хэрэгцээний ган бөмбөлгөө импортоор авдаг. Үүнд асар их хэмжээний валют зарцуулдаг байсан. Одоо өөрсдөө үйлдвэрлэдэг болж байгаа тул нэг тонн зэсийн баяжмалын өөрийн өртгийг бууруулах, валют хэмнэх болж буй юм.


Д.Даваасамбуу: Дулааны станцаа өргөтгөж, 50 МВт-ын цахилгаан үйлдвэрлэнэ

“Эрдэнэт” үйлдвэрийн үйлдвэрлэл эрхэлсэн орлогч захирал Д.Даваасамбуутай үйлдвэрийн өнөөгийн байдал, цаашдын зорилгын талаар ярилцлаа.

-Дэлхийн зах зээл дээр зэсийн үнэ унаж байна. Энэ хүнд үед “Эрдэнэт” үйлдвэр хэрхэн ажиллаж байна вэ?
-Нэг тонн цэвэр зэсийн үнэ 4669 ам.доллар болж уналаа. Зургаан жилийн өмнө бас ингэж унаж байв. Манай хамт олон зэсийн үнэ унасан үед бүсээ чангалж үйлдвэрлэлийн өртөг зардлаа хэмнээд хүндрэлийг даван туулж ирсэн. Манай үйлдвэр өнөөдөр нүүрсний хий ашиглах зуухыг ашиглалтад орууллаа. Ингэснээр жилд 1.8 тэрбум төгрөг хэмнэх тооцоо бий.

-Цаашид хийхээр төлөвлөсөн ажлаасаа товчхон сонирхуулаач?
-Цаашид хэрхэн ажиллах зорилгоо тодохойлдог үндсэн чиглэлээ одоо хэлэлцэж байна. Урд нь хоёр удаа үндсэн чиглэлээ тодорхойлон хэрэгжүүлсэн. Ойрын үед дулааны станцаа өргөтгөж, 50 МВт-ын цахилгаан үйлдвэрлэх юм. Энэ төслийг Харбины компанитай хамтран хэрэгжүүлэх болсон. “Эрдэнэт” үйлдвэр цагт 100 гаруй МВт цахилгаан хэрэглэж байгаа. Дулааны станцаа өргөтгөснөөр нийт хэрэглэх цахилгааныхаа тавин хувийг өөрсдөө хангана. Уг төслийг 1.6 жилийн хугацаанд хэрэгжүүлэх зорилт тавьсан. Цахилгааны үнэ нэмэгдсээр байгаа. Энэ онд гэхэд дөрөв дэх удаагаа нэмэгдлээ. Үүнээс гадна тээвэрлэлтэд туузан дамжуурга ашиглах болсон. Ингэснээр тээврийн зардал тавин хувиар буурах нөхцөл бүрдлээ.

-Ирэх оны төсвийн орлого зэсийн үнэ ханшаас ихээхэн шалтгаална. “Эрдэнэт” үйлдвэр улсын төсөвт жилд хэдэн төгрөг төвлөрүүлэх вэ?
-Манай үйлдвэр Ашигт малтмалын нөөц ашигласны татварыг таван хувиар төлдөг. Нэг тонн цэвэр зэсийн үнэ 5000 ам.доллар байвал 16, 6000 давбал 17 хувиар татвар төлнө. Гэтэл сүүлийн хоёр сард зэсийн үнэ унаж, 5000 ам.доллараас доош орлоо. Энэ бол хүндрэлтэй зүйл. Гэвч жилийн дунджаар нэг тонн цэвэр зэс 5000 ам.доллараас дээш гарах байх гэж найдаж байна. Манай үйлдвэр өнгөрсөн онд улсын төсөвт 467 тэрбум төгрөг, 2013 онд 525 тэрбум төгрөг улсын төсөвт төвлөрүүлсэн.

-“Эрдэнэт” үйлдвэр хаалт хөгжлийн менежментээ хэрэг­жүүлж буй. Энэ хүрээнд ямар ажил хийгдэж байгаа вэ?
-Уул уурхайн  үйлдвэрлэл эхлэхэд түүнтэй зэрэгцээд хаалт хөгжлийн менежментээ цуг хийх ёстой. Ингэснээр тухайн нөөц баялаг дуусахад тэнд тухайн үйлдвэр, суурьшлын бүс нь балгас болж үлдэхгүй. Одоогоор манай уурхайн үлдсэн нөөцийг  41 жил ашиглах тооцоо бий. Нэмэлт хайгуул хийж байна. Зэсийн агуулга багатай хүдэр бүхий орд байгаа. Үүнийг бас ашиглана. Ингээд манай үйлдвэр 100 жил ажиллах боломж бий гэж хардаг. Бид дорвитой олон ажил хэрэгжүүлж байна.
Тухайлбал, Засвар механикийн заводыг  машины үйлдвэрлэл болгох юм. Үүний тулд Германы “МК” компанитай хамтарсан тунхаг бичигт гарын үсэг зурлаа. Мөн дотоодын эрэлт хэрэгцээгээ хангах, цахилгааны тоног төхөөрөмжөө өөрсдөө  засварлах болсон. Эмнэлэг оншилгоо, сувиллын төвийг ирэх сард ашиглалтад оруулна.

-Тэгвэл нэмэлт хайгуулд хэдий хэмжээний хөрөнгө зарцуулж байна. Нөөцийн талаар мэдээлэл өгөөч?
-Өнгөрсөн онд найман сая ам.доллар хайгуулын ажилд зарцуулсан. Энэ онд эцсийн дүн нь гарна. Одоо нөөц тогтоох ажил ид хийж байна. Мөн Шандын ордыг судалсан. Энд нэг сая гаруй тонн цэвэр зэс бий гэж үздэг.

0 Сэтгэгдэл
Хамгийн их уншсан