Билгийн

Доллар (USD)

Улаанбаатар

Миний мэдэх “Женко” Баттулга

/Сэтгүүлч Д.Төрмөнх/

Сэтгүүлч Д.Төрмөнхийн “Түмний нэг” хөрөг цуврал номын эхнийх нь УИХ-ын гишүүн, МоАХ-ны дарга Х.Баттулгын тухай “Миний мэдэх “Женко” Баттулга” нэртэйгээр  хэвлэгдэн удахгүй уншигч таны гарт хүрэх гэж буй тухай манай сонин өмнөх дугаартаа нийтэлсэн билээ. Энэхүү номын 13 дугаар хэсгийг зохиогч Д.Төрмөнх өөрийн нийтлэлчийн буланд нийтэлснийг уншигч танд толилуулж байна.

АРВАН ГУРАВДУГААР ХЭСЭГ
 
Чийг ханхалсан сайхан өглөө болж байлаа. Энэ үед “Энхтайван”-ы гүүрний дэргэдэх өндөр шилэн байшин дээр төрийн тусгай хамгаалалтын нэгэн офицер дурангаар харж байх бөгөөд түүний дэргэдэх мэргэн бууч дуран хараатай буугаа онилон байх ажээ. Гэтэл офицерийн дуранд бэлтгэлийн хувцастай барилддаг байрын гурван хүн хүүхдийн парк өнгөрөөд “Энхтайван”-ы гүүр чиглэн гүйж явлаа.
Өнөөх офицер станцаараа:
-Наана чинь юун хүмүүс ороод ирэвээ, наадуулаа шалга тэгээд зогсоо!
-Ахмадаа энэ гурвыг шалгасаан...-Давтаарай-Цэвэрхээн... жүдочин Ариун-Эрдэнэ, Мөнхбаатар арслан бас гишүүн Баттулга нар байна. Бэлтгэл рүүгээ гүйж яваа юм билээ. Цэвэрхээн ...ахмадаа...
-За за явуулчих ...даа хэмээн хэлэв.
Тэр гурав яг гүүрэн дээр гүйж гарахад Хятад улсын даргын машины цуваа тэдний хажуугаар зөрж өнгөрлөө.

Тэр гурав гүйсээр Зайсан толгой хүрээд эргэж гүйгээд бэлтгэлийн зааландаа хүрч очоод жүдочдын хамт дадсан зангаараа бэлтгэлээ хийж дуусаад хамт саунд суужээ. Мөнхбаатар арслан
-Тулга ах сая харин биднийг Хятадын дарга нарын цувааны хажуугаар яагаад зогсоогоогүй юм бол? Таныг л таньсан байх даа тээ?
-Чамайг л таниа биз. Чи чинь “цагдаачин”...Хүч нийгэмлэгт байсан биз дээ...Эсвэл Ариун-Эрдэнийг таньсан юм болов уу? Улсын арван зургаан удаагийн аварга бас дэлхийн аварга ийм томчуудтай гүйж явахад юун гишүүн хачин юм ярих юм. Одууд байж...
Энэ үед зурагтаар Хятадын дарга Ши Жиньпин УИХ-ын индэр дээрээс үг хэлж байгааг шууд дамжуулж байлаа.
-...Миний бие 2008 онд БНХАУ-ын Дэд даргын хувиар Монгол Улсад айлчлахдаа Монгол Улс элбэг баян сайхан орон юм гэсэн сэтгэгдэл төрж байлаа.
Танай улсын нэрт зохиолч Д.Нацагдоржийн “Миний нутаг” шүлэгт:
“Хэнтий, Хангай, Соёоны өндөр сайхан нуруунууд
Хойд зүгийн чимэг болсон ой хөвч уулнууд
Мэнэн, Шарга, Номины өргөн их говиуд
Өмнө зүгийн манлай болсон элсэн манхан далайнууд
Энэ бол миний төрсөн нутаг Монголын сайхан орон” гэж бичсэн байдаг... хэмээн үгээ эхлэхийг сонсож суусан Ариун-Эрдэнэ ам нээж
-Тулга ах яагаад хуралдаандаа суухгүй байгаа билээ?
-Харин чи юу гэж бодож байна. Чи хардаа “Миний нутаг” шүлгийг ингээд их хурлын индэр дээрээс Хятадаар уншихад нь очиж алга таших гэж үү? хэмээн хариулаад анх Зам тээвэр, барилга хот байгуулалтын сайд болоод Бээжинд очиж Хятадын төмөр замын сайдтай уулзсанаа эргэн саналаа.

Бээжин хот 2008 он. Хятадын төмөр замын яам.
Баттулга хуучны бараг Маогийн үед барьсан бололтой саарал өнгөтэй долоон давхар байшингийн үүдэнд очоод, дотогш оржээ.
Тэрээр энэ их гүрний төмөр замын сайдтай албан ёсны уулзалт хийх хүсэлт тавиад их удсаны эцэст хариу иржээ. Хариунд дурдахдаа: ” Манайх их халуун байнаа. Манай өрөөний агааржуулалт эвдэрсэн учир “зангиагүй” уулзалт л хийе дээ” гэжээ. Нэг бодлын зангиагүй уулзалт сайн талтай илэн далангүй ярьж болно... хэмээн бодсоор тэр яамны тухай мэргэжилтнүүдийн бэлтгэж өгсөн мэдээллийг харахад:

“Өнгөрсөн жил буюу 2007 онд тэр яамны ажлыг сайжруулах үүднээс төрөөс 60 тэрбум юаний бонд гаргасан... гэх мэт мэдээлэл байх бөгөөд одоо яамыг удирдаж байгаа Лю Чжицзюнь сайд маш ажил хэрэгч хүн хэмээн цохон тэмдэглэсэн байлаа.

Сайдын Хятад туслах гарч ирээд, ЗТБХБ-ын сайд Х.Баттулга, Монгол улсаас Хятад улсад суугаа Онц бөгөөд Бүрэн Эрхэт Элчин сайд Л.Батсүх болон бусад бараа бологсдыг дагуулан нэг жижиг өрөөнд оруулж суулгав.
Өрөөнд агааржуулалт байхгүй тул халуун гэж жигтэйхэн ажээ.
Удаж удаж өнөөх сайд орж ирлээ. Удаан хүлээлгэсэндээ уучлалт ч гуйлгүй өмнөх сандал дээрээ жишүү хараад суучих нь тэрээ.
Баттулга сайд үгээ хэрхэн эхлэхээ бодож суутал өнөөх хятад сайд ам нээж:
-“Чи шинээр сайд болсон нөхөр үү? Өмнө нь бид олон удаа ярилцсан...Чи тэгээд ямар бодолтой ирэв” гэж бараг түүний нүүрлүү ч харахгүй хажуулдаж суусан чигээрээ асуужээ.

Баттулга өөрийн боловсруулсан бодлогоо танилцуулж эхэлтэл өнөөх сайд газар ширтэн хэсэг сонсоод яриаг нь шууд тасалж:

-Би яриад байгаа зүйлийг чинь огт ойлгохгүй байна. Бид эртнээс танайхантай нарийн царигийн тухай л ярилцаж тохирсон байсан... Танайхан нэг өдөрт нэг хүн солиноо тэгээд тэр нь шал өөр юм яринаа... Хэрвээ өөдтэй улс больё л гэж бодож байгаа бол үг дуугүй бидний саналыг хүлээж авах ёстой...авна ч гэж тохиролцсон байсан”... хэмээн хэлээд түүний нүүрлүү гэнэт цоо ширтжээ.
Уулзалт хорин таван минут хэртэй болоод дууссан бөгөөд ямар ч тодорхой үр дүнгүй болж жижиг гарын бэлэг солилцсоноор өндөрлөжээ.

Амар сайд нэгэнтээ “Ядуу улсын тэргүүн байснаас баян айлын тугал байсан нь дээр юм байна...” гэж хэлсэн үг түүний оройруу нь орох шиг болов. Тэр бүгчим өрөөнд хөлөрч суугаа Х.Баттулгын бие зарайж хүйт даагаад ирсэн тул элчин сайд Батсүх рүү асуух тооны харцаар харахад тэрээр түүнээс нүүр буруулах ажээ...
Энэ зуур түүний утас олон дахин дуугарсан ч, тэрээр огт хариулсангүй, хятад ярианы орчуулгыг анхааралтай чагнаж байв. Ийнхүү гурвуулаа хар цагаан дуугүй байсаар тэрхүү “саун”-аас гарч явлаа.

Түүнтэй хөндий хүйтэн уулзалт хийсэн тэр үеийн Хятадын төмөр замын сайд асан Люгийн тухай Хятад улсын “Синьхуа” агентлаг хожим мэдээлэхдээ: “ 1986- 2011 оны хооронд түүнийг хээл хахууль авсан хэргээр яллаж, Бээжин хотын Дунд шатны Ардын шүүхийн шийдвэрээр цаазаар авах ял оноосон бөгөөд бүх хувийн эд хөрөнгийг хурааж, БНХАУ-ын хуулийн дагуу эхлээд цаазаар авах ялыг түдгэлзүүлж насаар нь хорих ялаар сольсон шийдвэр гаргажээ.

Тэрээр шүүх хурал дээр “Би Хятадын мөрөөдлийг хэрэгжүүлж, төмөр замыг өөд татсан зэргийг минь бодолцож үзнэ үү” хэмээн БНХАУ-ын шинээр гарч ирж буй удирдагч Ши Жиньпинд хандан уучлал гуйгаад асгартал уйлсан талаар мэдээлсэн байлаа. Лю БНХАУ-ын төмөр замын системийг шинэчилж, 2020 он гэхэд өндөр хурдны төмөр зам 10,000 миль барих төслийг эхлүүлсэн хүн байжээ. Энэ ажлын хүрээнд хийгдсэн хурдан галт тэргийн ослоор 40 хүн амиа алдсан нь түүнийг шалгах эхлэл болжээ.

Ард иргэдээ бодолгүй хэт богино хугацаанд, хөнгөн хуумгай ажил хийснийг нь мөрдөн байцааж, нотлох явцад түүний авлигын хэрэг илэрчээ.
Мөн “Бээжин таймс” сонины мэдээлсэнээр сайд Лю нь хувьдаа 16 машинтай, 350 гаруй орон сууц эзэмшдэг болох нь тогтоогджээ. “Global Times” 2011 онд мэдээлсэнээр, түүний нууц амрагууд нь жүжигчин, сувилагч, галт тэрэгний үйлчлэгч нар байсан төдийгүй 18 татвар эмтэй байсан тухай бас нэмж мэдээлжээ. Хэдийгээр түүний амийг анхны удаагийн шүүхээр өршөөсөн ч хоёр жилийн дараа түүний цаазын ялыг гүйцэтгэсэн ажээ.
Гадаа гарч ирэхэд нар гарч тэнгэр цэлмэсэн байлаа.

Миний мэдэх "Женко" Баттулга номын 13-р хэсэг
АРДЧИЛАЛ СОНИНООС

0 Сэтгэгдэл
шуугиан тарих нь дээ
Хамгийн их уншсан