Билгийн

Доллар (USD)

Улаанбаатар

Ажил хийхгүй ч цалин авдаг УИХ-ын гишүүн гэдэг зүгээр ажил юм

Ер нь л УИХ-ын гишүүн болъё. Энэ хямралын үед бие зовоож ажил хөдөлмөр хийлгүйгээр, ажил мэргэжил хамаарахгүйгээр юуны ч хамаагүй сайд болчихож болдог, төрийн зардлаар гадаад дотоодод зугаалаад байдаг атлаа цалингаа бүтэн аваад сууж байдаг үүн шиг аятайхан ажил алга. Нэгтгээд товчлон хэлбэл ийм.

Ажилдаа ирэхгүй байж болно....

“УИХ-ын Хууль зүйн байнгын хороо, Нийгмийн бодлого боловсрол соёл шинжлэх ухааны байнгын хороодын ирц өчигдөр бүрдээгүйн улмаас хуралдаагүй хойшлуулсан билээ. Тэгвэл өнөөдөр мөн л ирц хангалтгүй байна. Өнөөдөр 10 цагт хуралдах ёстой УИХ-ын Эдийн засгийн болон Төсвийн байнгын хороо хамтран  хуралдахаар тов зарласан. Гэтэл 10.15 цагийн байдлаар ирц ердөө 37,1 хувьтай байна.
Тиймээс хуралдаан эхлээгүй байна. Бусдыгаа хүлээсэн гишүүд сонин гарчиглаж сууна” гэсэн мэдээ хэвлэлд байна.

Энэ бол нэг л удаагийн жишээ. Ийнхүү гишүүд нь цуглардаггүйгээс байнгын хороо, УИХ-ын нэгдсэн чуулган хойшлох, хуралдахгүй тарах нь гэм биш зан.
Уг нь хууль тогтоох байнгын парламентын үндсэн ажил нь шат шатандаа, нэгж бүхэн нь хуралдаж, хэлэлцэж санал уралдуулж байх явдал юм гэсэн.
Гэтэл манай парламент, УИХ-ын гишүүд энэ үндсэн ажлаа хийхгүй, тааваараа таслаад явдаг нь  дээрх ганц мэдээнээс харагдаж байна.
2015 оны намрын чуулган эхлээд хоёр сар болоход манай эрхэм гишүүд эрхэлсэн ажилдаа хэрхэн хандсаныг дараах зургаас харж болно. trends.mn сайтад нийтэлсэн энэ графикт та биднийг төрд төлөөлж байгаа эрхэм гишүүд ажлаа яаж хийдгийг харуулж байна.

Ингэхээр энд ямар нэг ажил хийж, өглөө оройдоо цагаа бүртгүүлэн бүр хурууны хээгээр шүү, хоцорсон, тасалсан цаг минут тутамдаа авдаг хэдэн төгрөгнөөсөө хасуулж байснаас зүгээр л УИХ-ын гишүүн болчихвол амар юм. Өндөр цалинтай, ажилдаа ирэхгүй байсан ч  түүнийгээ бүтэн авна.

Зарим дунд сургууль хүртэл сурагчдынхаа цагийг бүртгээд тасалсан, хоцорсон цаг минутаар нь мөнгөн торгууль тавьдаг гэсэн. Харин УИХ бол хамаагүй амар.
Өнөөдөр байгууллагууд ажил тасалсан, тэр бүү хэл удаа дараа хоцорсон хүний цалинг хасч, сануулж, удаа дараа давтагдвал ажлаас халдаг бол УИХ-д ийм зүйл байхгүй, хэн ч юу ч хэлэхгүй. Сонгогчид, олон нийт яриад байдаг ч УИХ-ын гишүүнийг тэд эргүүлээд татах биш ёстой л "Намайг хэн хэлэх вэ, нохойг хэн саах вэ" дээ.

Ирсэн ч ажил хийхгүй байж бас болно


Энэ монгол улсын иргэн бүр ажил хөдөлмөр эрхэлж түүнийхээ төлөө цалин хөлс авч байгаа. Жолооч хүн бол ажилдаа ирснээ бүртгүүлэхээс гадна тээх ёстой зүйлээ тээж, ачаа хүргэж, сурвалжлагч хүн бол сонин, сайтдаа мэдээ сурвалжилга оруулж, нийтэлж, цэвэрлэгч хүн оногдсон талбайгаа цэвэр байлгаж байж цалин авна.
Харин УИХ-д бол ажлаа тасалж болно. Ажлаа таслахгүй атлаа юу ч хийхгүй байж байгаад цалингаа  авч бас болно. Өнөөгийн, өмнөх УИХ-уудад “Хэлгүй Каролио” нэр зүүсэн гишүүд нэг биш байсан. Хөөрхий тэд амин хувийн ажил, ар гэртээ зүгээр атлаа УИХ-д ирээд дугуй суусаар дөрвөн жилийг бардаг. Ирцийг нь харахаар нэгдсэн чуулган, байнгын хорооны хуралд байгаад, зүс нь харагдаад байдаг. Хөдөө гадаа, тойрогтоо болохоор бусдыгаа дагаж яваад, үзэгдээд байдаг. Гэсэн хэрнээ юу ч ярьдаггүй, хууль тогтооход хуруу хумсаа нэмэрлэдэггүй, энд тэнд нэр хавчуулагдаж явсаар дөрвөн жилийг барж бас  болно.
Яадаг юм ажил тасалсан биш, байж л байсан шүү дээ.

Тойргийн мөнгө


Хямралын үед ийм сайхан аманд ордог шар тос гэж хаана ч үгүй. Өнөөдөр ихэнх байгууллага цалингаа ч тавьж чадахгүй хэдэн сараар хойш нь сууж байхад УИХ-ын гишүүн гэдэг ажил хийхгүйгээр цалин авдаг бол дээрээс нь тойрогтоо зарцуулах мөнгө гэж сул мөнгө ороод ирнэ. Ёстой нөгөө замын цагдаагийн ”дээрээс нь бас цалин өгдөг юм уу” гэдэг шиг л.....
Хэдэн жилийн өмнө энэ мөнгөөр Эрээний захаас хямд үнэтэй casio  хөгжим авч сургууль, цэцэрлэг, сумын клубүүдэд тарааж өгөөд, үнийг нь өсгөж бичээд тайлан гаргаж  нүүр тахалдаг байсан бол одоо энэ арга хуучирсан. Гэхдээ л унацтай. Нэг сумын хуучин барилга заслаа энэ тэр гээд дундаас нь унагаад байж болно. Тэрбум гэдэг бага тоо биш. Бүгдээрээ биш юм гэхэд нэлээд хэсэг нь надад үлдэж л таараа.

Аз хүүгээр ёоз хүү......

Нэгэнт УИХ-ын  гишүүн болоод  авбал сайд болох ч юу байхав дээ. Өнөөгийн УИХ-д Засгийн газрын гишүүн, сайд хийгээгүй хүн хэдхэн үлдсэн гээд бодохоор нэгэнт л УИХ-ын гишүүн болчихоод, намын даргадаа жаахан талтай байвал юуны ч хамаагүй сайд болчихож болно шүү дээ.
Цагдаа байгаад ажлаасаа хөөгдөж байсан, гудамжны тэмцэгч З.Баянсэлэнгэ л Барилга хот байгуулалтын сайд болчихож болж байгаа биз дээ. Тэртэй тэргүй дөрвөн жилдээ хувийн амьдралаа өөд нь татахаас биш энэ улс орны төлөө УИХ нь, Засгийн газар нь, Яам нь, сайд нь ямар юм хийдэг биш. З.Баянсэлэнгэтэй сэлэнгэгүй барилгачид барилгаа бариад л  явна. Тэд чинь хувийн хэвшил, хувийн хэвшлийнхэн энэ төрөөс арай сийрэг ухаантай.
Тэгэхээр УИХ-ын гишүүн болчихсон байхад, Засгийн газар энэ олон удаа огцорч, гишүүн бүр сайд болдог энэ үед ямар нэг сайдын алба оногдож л таараа. Яахав Эрүүл мэндийн ч юм уу, Гадаад харилцааны ч юм уу,.....Зүгээр л ширээний ард суугаад байж байхад ямар ч яам яахав.
Харин ч бүр давуу. Хоёр газраас цалин авна. УИХ, Яам хоёрынхоо дунд хөөрхөн хийдүүлээд “Тэнд байгаа” гэж хэлчихээд хувийн ажлаа амжуулаад яваад байж бас болно.
Сайдын наана бас УИХ-д Байнгын хороон дарга гэж нэг, УИХ-ын  гишүүн л бол хэнийг ч томилж, сонгож болдог, хэн ч хамаагүй хийчихэж болох, тусгай том өрөөтэй, машин унадаг нэг аятайхан албан тушаал бий. Жил бүр ээлжилдэг болохоор бас нэг удаа хийгээд авна. Бас л хийгээд байх ажилгүй амар ажил. Мэдээж жирийн гишүүдээс илүү цалин авна. Байнгын хорооны хурал гэж нэг юм болно, тэртэй тэргүй бусад гишүүд нь ирдэггүй болохоор харин өөрөө сууж байж сурвалжлагч нарт харагдах хэрэгтэй.

Томилолт...

 Гадаад дотоодын томилолт гэж  нэг ажил байна аа. Төрийн мөнгөөр шүү дээ. Мөн ч сайхаан. Гадаад томилолт бол яахав, яс дагаж мах гэдэг болохоор Монгол Улс, Парламент гэдэг нэрийн дор хаана ч газардахгүй. Яриан дундаа хаяа нэг Чингис гэж хэлчихээд байхад бараг болно.  Дайлуулаад, цайлуулаад, гар бариад сайхаан сайхан. Ирээд ямар  томилолтын тайлан, ажлын үр дүн  энэ тэр, яав юу болов гэх биш. Нэг юм зохиогоод хэдэн хуудас юм бичиж өгөөд хэдэн зураг хавсаргаад болоо.
За тойрогтоо ажиллана гэдэг шиг жаргалтай сайхан зүйл байхгүй дээ. Дайлуулаад л........сөрөг намаа муу хэлээд л яваад байвал болоо. Уг нь сонгогчидтойгоо уулзах, хууль сурталчлах гэж томилолт бичүүлж авдаг л даа. Гэхдээ тэр хуулийг чинь хэвлэлийнхэн аль хэдийнээ хүмүүст хүргэчихсэн юм чинь, УИХ-ын гишүүний хувьд дайлуулахаас өөр ажил олдохгүй.  
Ганц нэгхэн газар уулзалт хийсэн болоод  нөгөө намынхан яаж муу хууль гаргасан, ямар муухай муухай санал гаргаж байсныг л дэлгээд яриад явахад болно.

Хариуцлагаас зугтааж нуугдах аятайхан газар

Муу ёрлоод ч яахав. Гэхдээ л хуулийн хариуцлагаас зугтаан нуугдаж болох хамгийн таатай газар бол УИХ. Манай шар ордон, хагас дугуй танхим олон ч гэмт хэрэгтнийг хаацайлан, нууж авч үлддэг тун сайхан газар.
Энд би ажил хийгээд, цалин авах гэж зүтгээд хажуугаар нь энэ олон хуулийг дагаж мөрдөх, зөрчвөл хариуцлага хүлээж явдаг бол УИХ-ын гишүүн болбол дархан эрхтэй.
Хуулийн байгууллага баримт нотолгоо, энэ тэр гаргаад ирсэн ч гэсэн “ангийнхан” маань аваад л үлддэг. Гэмт хэрэг үйлдэж байгаад газар дээрээ баригдвал харин барих хуультай юм гэсэн. Би хэчнээн боловсрол мэдлэг тааруу ч гэсэн цагдаа, хэвлэлийнхнийг дуудаж зогсоож байгаад банк ухахгүй л дээ.
Тэгэхээр ямар ч гэмт хэрэг өдүүлсэн ямар ч хүн хариуцлагаас зугтаан амар жимэр сууж байж болох газар бол УИХ. Тэнд өнөөдөр ч гэсэн хүн зодсон, дарамталсан, авлига нэхсэн, авсан, эд хөрөнгөө нуусан, хууль бусаар баяжиж хөлжсөн, сонгуулийн хууль зөрчиж байгаад сонгогдсон, тэр бүү хэл улсын хөрөнгө идэж завшсан гэмтнүүд бишгүй л нэг сууж байгаа. Тэд өнөөдөр ер яагаа ч үгүй юм шиг “Эх орон, ард түмэн” гээд чанга чанга дуугараад энгэр цээжээ балбаад сууж л байна. Ичих нүүр гэж байхаа больчихдог амар газар юм тэр УИХ чинь.

Өнөөдөр бид чинь цалин буухгүй болохоор нь танилаасаа хэдэн төгрөг зээлчихээд өгч чадалгүй өглөө бүр таарахдаа хэлэх үг олдохгүй ичээд, санаа зовоод байдаг юм. УИХ-ын гишүүн болчихвол ингэж байхаа болино шүү дээ.

Ер нь УИХ-ын гишүүн болъё. Ердөө л яаравчлахгүй бол  саяхан өршөөлийн хуулиар суллагдсан өнөө хэд чинь өрсчихөж мэднэ.

Яахав хэд гурван үг цээжлэх хэрэгтэй л болох байх. Гараа зүрхэн тушаагаа тавиад “Эх орон, ард түмэн.Та нарынхаа төлөө би чөмгөө дундартал зүтгэж яваа” гэх мэт......Өнөөгийн УИХ-ын гишүүд ингэдэг л юм билээ. Уг нь ч “Хуурамч зоос  жинхнээсээ илүү өнгөлөг байдаг” гэсэн хуучны үг бий л дээ. Гэхдээ яахав, өнөөгийн жишиг ийм юм чинь.

0 Сэтгэгдэл
Хамгийн их уншсан