Билгийн

Доллар (USD)

Улаанбаатар

“Эрдэнэт” хэрэгцээт ган бөмбөлгийнхөө 90 хувийг үйлдвэрлэдэг болов

Т.ЖАНЦАН

Уулын баяжуулах үйлдвэрийн хамгийн том зардлын нэг нь ган бөмбөлөг байдаг. Тэгвэл дэлхийн зах зээл дээр ашигт малтмалын үнэ унасан, эдийн засгийн хямрал нүүрлэсэн өнөө үед “Эрдэнэт” үйлдвэр хэмнэлтийн бодлого хэрэгжүүлж үр дүнд хүрч байна. Тухайлбал, 2012 онд 23.9 сая ам.долларын ган бөмбөлөг импортоор авч хэрэглэж байж. Мөн тус үйлдвэрийн Ган бөмбөлөг цувих цех 12.3 сая ам.долларын  бэлдэц гадаадаас авчээ. Ингээд тухайн жилд 36.2 сая ам.доллар ган бөмбөлөг болон бэлдцийг нь авахад зарцуулжээ.  Тэгвэл 2013 онд 5.7 сая ам.долларын ган бөмбөлөг импортолж 23.3 сая ам.долларын ган бөмбөлөг үйлдвэрлэх бэлдэц гадаадаас авч хэрэглэсэн тооцоо гарав. Иймд бэлдэц авч ган бөмбөлөг өөрсдөө үйлдвэрлэснээр жилд 7.2 сая ам.доллар хэмнэх боллоо. Өөрөөр хэлбэл, нэг тонн зэсийн баяжмалын өөрийн  өртөг зардал энэ хэмжээгээр буурч буй юм. Үйлдвэрлэлийн өртөг зардал буурна гэдэг нь ашиг нэмэгдэж хямралаас урдчилан сэргийлнэ гэсэн үг.

Үүнээс гадна “Эрдэнэт” үйлдвэр сүүлийн жилүүдэд аль болох дотоодын аж ахуйн нэгжүүдээс ханган нийлүүлэлт авч байна. Жишээ нь “Дарханы Төмөрлөгийн үйлдвэр”-ээс хоёр жилийн хугацаанд 80 тэрбум төгрөгийн бүтээгдэхүүн худалдан авчээ. 2013 онд 22600 тонн ган бөмбөлгийн бэлдэц 47 тэрбум төгрөгөөр авсан аж. Мөн  өнгөрсөн онд ч дээрх хэмжээнээс буурсангүй. Эдгээр бүтээгдэхүүний өртгийг импортын үнэтэй харьцуулбал 38 тэрбум төгрөгийн хэмнэлт гарсан тооцоо бий. Уулын баяжуулах “Эрдэнэт” үйлдвэрийн Ган бөмбөлөг цувих цехийг Италийн “Даниел центро машин” нэгдлийн  хамгийн сүүлийн үеийн төхөөрөмж авч тоногложээ.

Тус цех жилд 50 мянган тонн ган бөмбөлөг үйлдвэрлэх хүчин чадалтай. Үйлдвэрлэж буй ган бөмбөлөг нь 40, 60, 80, 100 мм-ийн голчтой юм. Өөрөөр хэлбэл “Эрдэнэт” үйлдвэрийн жилийн хэрэгцээний ган бөмбөлгийн 90 хувийг хангах боломж бүрдсэн байна. Уг цех ган бөмбөлгийн бэлдэц халаах зуухыг хоногт 18-20 сая төгрөгийн үнэтэй 10 тонн дизель түлшээр халаадаг байж. Тэгвэл 1.1 тэрбум төгрөгөөр нүүрс хийжүүлэх хоёр шатлалт зуух барьж саяхан ашиглалтад оруулсан.  Энэ зуух ашиглалтад орсноор нэг тонн ган бөмбөлөг үйлдвэрлэх зардал 33 хувиар буурав. Өөрөөр хэлбэл, дизелийн түлш, нүүрсний үнийн зөрүүнээс хоёр, үйлдвэрлэлийн зардал жилд нэг тэрбум төгрөгийн хэмнэлт гарах тооцоо байгаа юм. Иймд технологийн шинэчлэлд зарцуулсан хөрөнгөө нэг жилийн хугацаанд нөхөх аж.  Ган бөмбөлөг цувих цехийн нүүрс хийжүүлэх хоёр шатлалт зуухны нээлтийн үеэр “Эрдэнэт” үйлдвэрийн ерөнхий захирал Ц.Даваацэрэн “Монгол Улсын төр засаг импортыг орлох бүтээгдэхүүн үйлдвэрлэх, ажлын байр нэмэгдүүлэх бодлого баримталж байгаа. Энэ хүрээнд  “Эрдэнэт” үйлдвэр тодорхой хувь нэмэр оруулж буй юм.

Иймд үйлдвэрийнхээ бүтээлч, бүтээгч хамт олонд талархаж байна. Бид хэрэгцээт ган бөмбөлгөө импортоор авдаг байсан цаг саяхан. Өнөөдөр өөрсдөө үйлдвэрлэж  улс орны болон үйлдвэрийнхээ эдийн засагт гадаад валютын хэмнэлт авч ирсэн бодит ажил боллоо. Хямралыг бид нэмүү өртөг шингэсэн бүтээгдэхүүн үйлдвэрлэж байж давна” хэмээн хэлэв. Уул уурхайн сайдын зөвлөх Ч.Түмэнбаяр “Уул уурхайн салбар Монгол Улсын эдийн засгийн гол тулгуурын нэг. Ийм учраас эрдэс баялгийн салбарт нэмүү өртөг шингээж үйлдвэрлэлийн нэр төрөл, тоо хэмжээг нэмэгдүүлэх зорилт төр засгаас тавьж буй. Үүний нэг жишээ нь “Эрдэнэт” үйлдвэрийн Ган бөмбөлөг цувих цех болж байна. Мөн энэ онд үйлдвэрлэлийн өргөтгөлийг ашиглалтад оруулж жилд 32 сая тонн хүдэр боловсруулах хүчин чадалд хүрлээ. Улс орны эдийн засаг хүндрэлтэй энэ цаг үед үйлдвэрийн хүчин чадлаа нэмэгдүүлэх, импорт орлох бүтээгдэхүүн үйлдвэрлэх болсон та бүхний цаашдын ажилд өндөр амжилт хүсье” гэв.
 
Цаашид “Эрдэнэт” үйлдвэрийн хэрэгцээг хангаад зогсохгүй цахилгаан станцууд, Хөтлийн цемент шохойн, Оюу толгой зэрэг уул уурхайн хүнд үйлдвэрүүдэд ган бөмбөлөг нийлүүлэх зорилт тавьжээ. Ингэснээр гадаад руу урсах валютыг эх орондоо шингээж үлдээх боломжтой болох юм.

0 Сэтгэгдэл
Хамгийн их уншсан