Билгийн

Доллар (USD)

Улаанбаатар

Ерөнхий сайд Ч.Сайханбилэг олон нийтэд хандаж үг хэллээ БҮРЭН ЭХЭЭРЭЭ


Монгол ахан дүүс ээ,
Манай орны иргэд ээ,


Та бүхэн тавтай сайхан өвөлжиж байна уу. Манай Засгийн газар нэг жилийн хугацаанд хийсэн ажил, шийдсэн асуудлаа нэгтгэн дүгнэж, телевизийн 11 цуврал нэвтрүүлэг, сонин хэвлэл, сошиал ертөнцөөр Та бүхний анхааралд толилуулж дэлгэж тайлагнасан учраас энэ удаад зөвхөн чухлыг нь  хөндөж ярих болно.

Улс төр, эдийн засаг, бизнес, хөрөнгө оруулалтын амаргүй нөхцөлд Засгийн газар нэг жилийн хугацаанд ажиллаж ирлээ.

Улс орны болоод улс төрийн эрх ашгийн эрэмбэ дарааг уялдуулан зохицуулж чадаагүйгээс бид
 
Засгийн газарт хамтрагчаа сөргөлдөгч болгон хувиргасан.

Дэлхий дахинд түүхий эдийн үнийн уналт, тэр дундаа манай голлох экспортын бүтээгдэхүүн болох  зэс, алт, нүүрсний үнийн эрс хямдрал үргэлжилсэн хэвээрээ л байна. Үүнээс шалтгаалан гадаадын шууд хөрөнгө оруулалт сэргэж чадахгүй байсаар байна. Тэр бүхнээс авдаг татвар багасч,  тэр хэрээр татвараас бүрддэг төсвийн орлого төлөвлөсөн хэмжээндээ орохгүй байна. Өөр хоорондоо шууд холбоотой ийм хүчин зүйлс, гинжин хэлхээ бодитой оршиж, байдал хүнд байгаа ч бид боломж нөөцөө дайчлан ажиллаж, багагүй асуудал, чамгүй даалгаврын ард гарч чадлаа.

Хэцүү нөхцөлд хийсэн ажил багагүй байна. Бид хийсэн ажил, шийдсэн асуудлаа 5 үндсэн багц болгон хувааж болохоор байна.

1.    Төсвийн бодлогоо шинэчилж чадлаа. 2015 оны төсвийн хоёр ч тодотгол, 2016 оны төсвийн хуулиа хэлэлцэн батлах явцад улсын нэгдсэн нэг төсөвтэй болох, төсвийн алдагдлаа бууруулах, төсвийн хэмнэлтийн бодлого баримтлах, орлого зарлагаа бодитой төлөвлөх, халамжийн бодлогоо хэрэгтэй хэсэгт нь буюу зорилтот бүлэгт онож чиглүүлэх зэрэгт томоохон ахиц дэвшил гаргаж чадлаа. Ийм үндсэн зарчим, дэвшилттэй хандлагаа цаашид хадгалж чадвал улсын төсвөө ирэх онуудаас алдагдалгүй батлах боломжтой болно.

2.   Томоохон төслүүдээ хөдөлгөж, бүтээн байгуулалтаа амжилттай үргэлжлүүллээ. Оюутолгойн гүний уурхайн бүтээн байгуулалт гацаанаас гарч, бодит ажил хэрэг боллоо. Та бүхэнд шинэ сэргэг, эерэг сайн мэдээ дуулгая. Олон улсын банкууд 4,2 тэрбум ам.долларын төслийн санхүүжилт олгохоор энэ 7 хоногт эцэслэн шийдвэрлэсэн байна. Ирэх 12 сарын 16-нд УБ хотод албан ёсоор баталгаажуулж, олон улсад зарлахаар товлолоо. Гүний уурхайн их ажил эргэн сэргэж, эрчтэй хөдөлсний эхний үр дүн татварын орлого 70 сая ам.доллар буюу 140 шахам тэрбум төгрөг төрийн сангийн дансанд шилжин орохоор боллоо. Нэг том төслийн эргэн сэргэлт бусад том төслүүдийг хөдөлгөөнд оруулж байна. Их ажилтай байна, энд тэндгүй их бүтээн байгуулалт дахин эхэлнэ гэдэг нь эдийн засгийн сэргэлтэд хөтөлнө. Эдийн засаг сэргэнэ гэдэг нь эцсийн дүндээ монгол хүн ажилтай, авах цалинтай, монгол компаниуд олох ашигтай, Монгол Улс авах татвартай байхын эх үүсвэр, үндэс суурь билээ. IV цахилгаан станцын хүчин чадал 123 мвт-аар нэмэгдэж, Амгалангийн 348 мвт дулааны станц айл өрхөд дулаанаа түгээж эхэллээ. Жил бүр 70-100 тэрбум төгрөгийн алдагдалтай ажилладаг эрчим хүчний салбар системийн зангилаа, бүрдэл хэсэг болгон дээрээ хэмнэлттэй ажилласнаар энэ онд анх удаа нэг ч төгрөгийн алдагдалгүй ажиллалаа. Хөтөлийн цементийн үйлдвэрийн араас жилд 1 сая тонныг үйлдвэрлэх хүчин чадалтай Монцементийн үндэсний үйлдвэр Засгийн газар, хувийн хэвшлийн хамтын ажиллагааны бодитой үр дүн болон үүд хаалгаа нээлээ. Ирэх онд Засгийн газрын дэмжлэгтэйгээр МАК компанийн шинэ үйлдвэр цементээ нийлүүлж эхэлнэ. Монгол Улс барилга барих, зам тавих цементээ өрөөлөөс гуйхаа бүрэн зогсоож, өөрсдийгөө бүрэн хангана. Хөрөнгө санхүүжилтийн хүндрэлтэй байсан ч 12 чиглэлд 1061 км зам тавихаас 900 илүү км урттай шинэ замаа энэ жил тавьж чадлаа. Холын зам уртсахын хэрээр хот, хөдөө ойртож байна. Инженерийн хийцтэй, иж бүрэн 5 бетонон гүүрийг ашиглалтад орууллаа. 21 аймгийн төвтэй холбогдох бүх чиглэлийн замын бүрдэл хэсэг бүхэн буух эзэнтэй, буцах мөртэй болсон. Ирэх онд цаг нартай уралдан, замаа тавьж, 21 аймгийн төвөө нийслэлтэй засмалаар холбох түүхэн зорилтдоо хүрнэ. Мянганы, бас мянгуужингийн гэж нэрлэгддэг байсан мөрөөдөл биелэх цаг, газар ойртлоо.  Мөрөөдөл биелж болдгийг тавьсан замын урт, цагаа, түлшээ хэмнэж, нутагт нь ойртсон хүмүүс өөрсдөө хэлнэ. 2012-2015 онд, сүүлийн 3 жилд Шинэчлэлийн болоод Шийдлийн Засгийн газрын үед барьсан замын урт, нэмсэн эрчим хүчний хэмжээ 1990 оноос хойших бүтэн 25 жилийн нийт хэмжээнээс илүү гарлаа. 25 жилд тавиагүй урт замыг сүүлийн 3 жилд тавьж амжлаа. 8 дахин өндөр хурд. 25 жилд үйлдвэрлээгүй эрчим хүч нэмлээ. 8 дахин илүү хүч.

Буянт-Ухаагийн Чингис хаан олон улсын нисэх буудалд шинээр транзит танхим нээлээ. Хөшигийн олон улсын нисэх буудлын бүтээн байгуулалт төлөвлөсөн хугацаанаасаа илүү хурдацтай, өнөөдөр 60 хувийн гүйцэтгэлтэй явж байна. Өөдлөх айл үүднээсээ гэдэг.  

3.Хөрөнгө оруулалтын орчин нөхцөлийг сайжруулахад онцгой анхаарал хандууллаа. Монголчуудын нэр хүнд, Монгол дахь бизнес орчныг байнга уруу татаж ирсэн 106 лицензтэй холбоотой он жилүүд дамнасан маргааныг эцэслэн шийдвэрлэж дууслаа. Урт нэртэй хуулийн хэрэгжилтэд гарсан элдэв хүндрэлийг арилгалаа. Нэг орсон бол буцаад гарч болохгүй гэж гадаадын хөрөнгө оруулагчдыг үргээсэн “Нotel Mongolia” хэмээх нэр хоч, сөрөг буруу ойлголтыг засч залрууллаа. Төрийн 9 байгууллага тус тусдаа, дур дураараа хилээр орж гарахыг хориглох, нэг ёсондоо хүний хөлийг, хөрөнгө оруулалттай нь, эрх чөлөөтэй нь, эцсийн дүндээ эдийн засгийн хөдөлгөөнийг туших чөдөрлөх эрх дархтай байсныг бүрэн зогсоож, зөвхөн Прокурорын байгууллага шийдэж байхаар болголоо. Олон жил гацаж царцсан  хайгуулын ажлыг эхлүүллээ. Нутгийнх нь хишиг буянаас нутагт нь ахиу үлдээдэг шинэ хууль баталлаа. Газрын баялгаас орон нутагт нь үлдээдэг татваруудыг нь нэмснээр уул уурхайн салбарыг огт дэмждэггүй байсан орон нутгийн засаг захиргаа ч, нутгийн ард иргэд нь ч асуудалд наанатай, цаанатай, олон талаас нь нухацтай ханддаг болж, одоогоор 600 гаруй хайгуулын лиценз олгогдоод байна. Хөрөнгө оруулах сонирхолтой, хөрөнгө оруулалтын сан байгуулах гадаадын хөрөнгө оруулагчид Монголыг эргэн сонирхож эхэллээ. Монгол Улсын Засгийн газартай хөрөнгө оруулалтын тогтворжуулалтын гэрээнд хувийн компаниуд гарын үсгээ зурж эхэллээ.

4. Бизнес, баялаг бүтээгчиддээ хаяглаж хандсан бодлого, үйл ажиллагааг идэвхжүүллээ.  Эдийн засаг хүндрэлтэй үед зохион байгуулалттай, хавтгайруулж кампаничилсан бүх хяналт шалгалт явуулахыг зогсоолоо. Хяналт шалгалт хэтрэхээрээ хяхалт хавчилт болдог. Эдийн засгийн ил тод байдлын тухай хуулийг батлан гаргалаа. Энэ оныг дуустал хүртэлх хугацааг ашиглан ил тодын тайлангаа гаргах нээлттэй, хуульчилсан боломжийг аж ахуйн нэгж, компаниуддаа олголоо. Он удаан жил хурсан татварын маргаанаа цэглэх боломжийг бүрэн дүүрэн ашиглаж шинэ оноо угтахыг Та бүхэндээ хандан дахин уриалж байна. НӨАТ-ын 20%-иа буцаан авдаг шинэ хууль шинэ оны эхний өдрөөс хэрэгжиж эхлэх гэж байна. Нэг жилд санхүүгийн тайлангаа нийтдээ 34 удаа гаргадаг байсан ААН-үүд одоо 4 удаа гаргадаг болсон. Иргэд төрөөс үзүүлдэг 25 ажил үйлчилгээг одоо цахимаар оочер дараалалгүй авч байна. Хүнээс хамаардаггүй, хүнд сурталгүй, цаг, мөнгө хэмнэх цахим үйлчилгээг бүр өргөн нэвтрүүлнэ. Ирэх онд нэмж төрийн 167 үйлчилгээг цахим хэлбэрт оруулж, төрийн үйлчилгээний цахим хуудас болон ТҮЦ машинд нэгмөсөн шилжүүлнэ. Цахим гарын үсэг анх удаа хэрэглэгдэж эхлэхэд бэлэн боллоо. Дэлхийн банк, Олон Улсын Санхүүгийн Корпорациас жил бүр гаргадаг “Бизнес эрхлэхүй” үзүүлэлтээр Монгол Улс дэлхийд 76-р байрнаас 56-р байр руу урагшилж, бүс нутагтаа анх удаа 5-р байрт эрэмбэлэгдлээ. Үндэстний бизнес эрхлэгчид болон эдийн засагчдын санал, санаачилгыг төрийн бодлогод тусгах зорилгоор Ерөнхий сайдын дэргэд хувийн хэвшлийнхнээс голлон зонхилж бүрдсэн Эдийн засгийн зөвлөл тогтмол ажиллаж байна.

5. Монгол Улс олон улсын тавцанд амжилт арвинтай байна. Япон улстай анхны чөлөөт худалдааны гэрээг амжилттай байгууллаа. Ерөнхийлөгч, УИХ-ын дарга, Ерөнхий сайдын хоёр хөрш болон гуравдагч хөрш орнуудад хийсэн айлчлал амжилттай болж аяны богц дүүрэн ирж, ажлын бодит үр дүн авчирлаа. НҮБ-ын Хүний эрхийн комисст Монгол Улс хамгийн олон санал авч анх удаа сонгогдлоо. АСЕМ-ийн 20 жилийн ойгоор, дээд хэмжээний 11 дэх удаагийн уулзалтыг Монгол Улс анх удаа зохион байгуулах эрхээ авч, бэлтгэл ажлаа ид хийж байна. Ази, Европын 53 орон, байгууллагын тэргүүн нар, дэлхийн  шийдвэр гаргагчид манай эх оронд ирэх жил цуглана. АСЕМ-ийн дээд түвшний уулзалт Монголоо дэлхийд сурталчлах шинэ боломжийг нээж байна. Мянганы Сорилтын Сангийн /цаашид МСС/ 2 дахь компакт гэрээнд хамрагдах цөөхөн орны тоонд Монгол Улс багтаж, эдийн засгийн ач холбогдол бүхий томоохон төсөл хэрэгжүүлэхээр боллоо.

Бидэнд хийсэн ажил, шийдсэн асуудал, хүрсэн үр дүн багагүй байна. Бидэнд хийх ажил, шийдэх ажил ч их байна.

Төсвийн хууль, мөнгөний бодлого батлах үеэр яригдсан "Макро эдийн засгийн шинэ тэнцвэр” бодлогын хүрээнд Засгийн газраас төлбөрийн тэнцлийг ашигтай байлгах, Улсын төсвийг алдагдалгүй болгох, Улсын өрийг тогтвортой байлгахад чиглэсэн үйл ажиллагааг цаашид явуулна.

Эдийн засгийн агшилт нэг талаас аж ахуйн нэгж, иргэдэд хүндээр тусч байгаа ч, нөгөө талаас тодорхой үр дүнгээ өглөө. Бид нэлээд хичээл зүтгэл, их үнэ цэнээр төлбөрийн тэнцлээ ашигтай гаргаж, төлбөрийн урсгал тэнцлээ 27-гоос 6 хувь руу буулгаж, инфляцийг 14- өөс 3,4 хувь хүртэл бууруулж чадлаа.

Их үнэ, их хичээл зүтгэлээр олдсон энэ тааламжтай үеийг ашиглан, аж ахуйн нэгжүүдэд шинэ боломж олгох зорилгоор мөнгөний бодлогыг зөөлрүүлэх,  зээлийн бодлогын  хүүг тодорхой хэмжээгээр буулгах арга хэмжээг Монголбанктай хамтран авч хэрэгжүүлнэ.

Орон сууцны ипотекийн зээл амжилттай хэрэгжүүлсэн, олон айл өрхөд үр дүн нь хүрсэн туршлага, нэгэнт үүссэн тогтолцоо, зохион байгуулалт дээрээ үндэслэн жижиг дунд бизнест зориулсан хугацаа нь урт, хүү нь бага бизнесийн моргейжийг хэрэгжүүлэхээр Засгийн газар ажиллаж байна.

Эдийн засгийн хүндрэлтэй байдлыг харгалзан Иргэдийн 100 сая хүртэлх төгрөгийн хадгаламжийн орлогод ногдуулах татварын хуулийн 2016 оны нэгдүгээр сарын 1-нээс үйлчилж эхлэх хугацааг хоёр жилээр буюу 2018 он хүртэл хойшлуулах хуулийн төслийг Засгийн газраас  өргөн барина. Ирж байгаа 2016 оныг “Хэрэглэгчийн жил” болгон зарлаж, тодорхой үр дүнтэй ажлууд зохион байгуулахаар Засгийн газраас төлөвлөн бэлтгэлээ хангаж байна.

Доллар, валютын ханшид чухал нөлөөтэй, сар бүр 100 сая хүртэл доллар зарцуулдаг бензинийн импортын ханшийн сөрөг нөлөөллийг арилгах үүднээс Оросын ВТБ банкны эх үүсвэрт шилжүүлэх ажлыг Хөгжлийн банк хариуцан 2016 оны нэгдүгээр сарын 1-нээс зохион байгуулахаар Оросын талд санал тавин, хэлэлцэн тохиролцож чадлаа.

Баруун, зүүн аймгууд, алс хязгаар нутагт аж төрөн суугаа ард иргэддээ дуулгах сайн мэдээ байна. Удахгүй 12 дугаар сарын эхнээс түлш, шатахууны үнэ баруун 3 аймагт литр тутамд 230-260 төгрөгөөр, зүүн аймгуудад 130-150 төгрөгөөр буурна. Газрын хол, замын км-ийн заалтаас үл хамааран Улаанбаатарынхтай ойролцоо ханштай болно. УИХ-аас Засгийн газарт олгосон татварын эрх мэдлийн хүрээнд зохих тохируулгуудыг хийсний үр дүн ийнхүү гарна. Түлш, шатахууны үнэ буурах нь хязгаар нутгуудад хүнс, өргөн хэрэглээний бараа, үйлчилгээний ханшид эергээр нөлөөлөх нь эргэлзээгүй.  Дэлхийн зах зээл дээр нефтийн үнэ огцом өсөх хүртэл бид хот, хөдөөд ойролцоо үнэтэй байх энэхүү хандлагаа барих болно.

Танил тал, онцгой эрхийг халж, чөлөөт өрсөлдөөнд оруулж чадсанаар бид дэлхийн ханшаас 2-3 дахин нугалсан, дамын, шагийн ч гэмээр үнэтэй байсан онгоцны түлшний үнийг буулгаж чадлаа. Одоо биржийн үнэ ханш дээр зардлаа нэмж тооцсон, 50-иадхан ам.долларын илүү үнээр бид онгоцнуудаа сумалж эхэллээ.

Бүтээн байгуулалтынхаа том төсөл хөтөлбөрүүдийг идэвхтэй үргэлжлүүлнэ. Тавантолгойгоос урагш болон зүүн тийш тавих төмөр замын бүтээн байгуулалтаа хавраас эхлүүлнэ. Төмөр замын бүтээн байгуулалтаа Япон, Хятадын талын хөрөнгө оруулалт, шаардлагатай бол олон улсын банкны санхүүжилтээр шийдвэрлэх болно. Улаанбаатар Төмөрзамд дохиолол холбоог шинэчилж буй ажлаа эрчимжүүлэн дуусгаж, ачаа нэвтрүүлэх хүчин чадлаа 6 сая тонноор нэмнэ. Ирэх онд манай нутаг дэвсгэрээр 3 сая тонн нефть бүтээгдэхүүн дамжин өнгөрүүлэх гэрээг ОХУ-ын Роснефть компанитай байгуулж чадлаа. Сүүлийн хэдэн жил ачаа эргэлт нь саарч байсан Монголын төмөр зам эргэн сэргэх галт тэрэг хөдөллөө.

Улаанбаатар хотод анхны хурдны зам Хөшигийн олон улсын нисэх буудлаас орж ирнэ. УБ хотоос зүүн тийш гардаг гол урсгал, ачаалал ихтэй чиглэл болсон Баянзүрхийн товчооноос Налайхын уулзвар хүртэл өргөн, шинэ зам барих ажлыг ирэх хавар Хятад Улсын хөнгөлөлттэй зээлээр эхлүүлнэ. Замын хөгжлөө даган хот хоорондын зорчигчдыг тохь тухтай, унтаж амрах боломжтой шинэ 200 автобусаар хангах ажлыг зохион байгуулна.

“Монгол цэрэг-Бүтээн байгуулалтад” хөтөлбөрийг шинэ төсвийн жилээс эхлэн хэрэгжүүлнэ. Энэ хөтөлбөрийн гол ач холбогдол нь бүтээн байгуулалтдаа ч гол нь бус, төмөр зам, авто зам барьж, цэргийн алба хаалгах гээд байгаадаа ч бус, хийх ажилгүй, нийгмийн унтаа байдалд байгаа, хөдөлмөрлөх, хийх, бүтээх бололцоотой, бүхэл бүтэн нийгмийн нэг шинэ үеийг хөдөлгөөнд, идэвхтэй, утга учиртай амьдралд татан оруулахад оршиж байгаа юм аа. Аль ч нийгэмд хүн ажиллаж бүтээж амьдардаг. Ямар ч эрин үед хөдөлмөр моодноос гардаггүй. Аливаа их үйлсийн тэргүүн эгнээнд үргэлж залуучууд байж ирсэн түүхтэй. Энэ хөтөлбөрийн хүрээнд Батлан хамгаалах яам, Зэвсэгт хүчний жанжин штабтай хамтран бусад улс оронд амжилттай хэрэгжүүлсэн явуулын барилгын үйлдвэр оруулж ирэн ажиллуулах, уг төслийн хүрээнд Сумын төвийн шинэчлэлийн төслөө хийж гүйцэтгэх нь манай Засгийн газрын анхаарах нэг чухал ажил байх болно.

Бөөрөлжүүт, Тавантолгойн Цахилгаан станц, Эрдэнэтийн Дулааны цахилгаан станц, Эгийн голын Усан цахилгаан станцын бүтээн байгуулалтын нөр их ажлыг ирэх барилгын улирлаар эхлүүлнэ. Албаны үгээр бол өөрийн хэрэгцээгээ өөрөө хангана. Энгийн үгээр бол Монгол гэдэг айл хүнээс гэрэл гуйхгүй, гал царайчлахгүй, доллараар цахилгаан авдаггүй болно. Усны эх үүсвэртэй эрчим хүчтэй болсноор эрчим хүчний систем аюулгүй, бие даасан байдлаа анх удаа найдвартай хангаж, дотооддоо системийн тохиргоогоо хийх, удирдах бүрэн боломжтой болно.

Улаанбаатар-Мандалговийн 330квт-н цахилгаан дамжуулах шугам барих шийдвэрээ Засгийн газар гаргалаа. Ингэснээр Улаанбаатар хот Оюутолгойтой цахилгаанаар шууд холбогдоно. БНСУ-ын хөнгөлөлттэй зээлийн үлдэгдэл хэсгээр Сүхбаатар аймагт баригдсан аймгийн төвийн дулааны станцыг сайжруулан шаардлагатай байгаа 10 аймгийн төвд барихаар Засгийн газар шийдвэрлэлээ.

Эдийн засгаа солонгоруулах, уул уурхайн давуу хамаарлаас гарах, нэг ёсондоо олон морьтой байх чиглэлийн ажлаа бид орхигдуулж болохгүй. Энэ чиглэлд манай хөдөө аж ахуйн салбарт том бололцоо бий. Эхний ээлжинд махны экспортод бид анхаарлаа хандуулах учиртай. Олон жил хөшүүн байсан хоёр хөрш маань энэ талаарх байр сууриа ч зөөллөж байна. Урд нь бид ОХУ-д экспорт хийх эрхтэй ердөө хоёрхон үйлдвэртэй байсан бол одоо Орос руу 26, Хятад руу 7, Вьетнам улсад 8 үйлдвэр мах экспортлох эрхээ худалдан авагч талаасаа аваад байна. ХХААЯ зохион байгуулж, Монголын махны холбоо урд хөрштэй 6 тэрбум юанийн буюу 800 орчим сая ам.долларын мах нийлүүлэх гэрээ хийгээд байна. Одоо гол нь импортлогч тал хүлээн зөвшөөрөх стандарт, техник технологи нэвтрүүлэх шаардлага урган гарч байна. Иймд Засгийн газраас Хятад улсын хөнгөлөлттэй зээлийн хүрээнд 12 аймгийн хилийн боомтуудад ойролцоо нутагт чанарын шаардлага хангасан мах боловсруулах үйлдвэрүүд байгуулах төслөөр хэлэлцээ хийж байна. Монгол малынхаа буяныг монголчууд нь илүү хүртэхэд экспортын шинэ давалгаа эрс нөлөө үзүүлэх болно.

Манай Засгийн газар энэ жилээс анх удаа улаан буудайн үнийг улсаас зарладаг зах зээлийн бус аргаас татгалзсан. Зах зээл, чанар, чөлөөт өрсөлдөөний зарчмаа цаашдаа ч баримтлан ажиллана. Харин төсвөөс зарцуулдаг урамшууллын мөнгөө газар тариалангийн компаниудын банкнаас авч байгаа зээлийн хүүг бууруулахад дэмжлэг үзүүлэхэд зориулна.

Төсвийн хөрөнгө оруулалтаас гадна концессын зарчмаар 76 шинэ сургууль барина. Хятадын буцалтгүй тусламжаар үлгэр жишээ 8 сургууль босно. Бид Ерөнхий боловсролын сургуулийн багш нараа 25 000 ширхэг зөөврийн компьютерээр хангалаа. Боловсролын чанар, салбарт цоо шинэ бололцоо нээх шинэ сүлжээний эхлэлийг тавьж чадлаа. Одоо сургууль бүрийг ухаалаг самбар, ангиар хангасан шинэ сүлжээ бий болгох төслийг эхлүүлнэ. Дэлхийд инженерчлэл, технологиор тэргүүлэгч МIT сургуультай Монгол Улс хамтарч ажиллах гэрээнд өнгөрсөн 7 хоногт гарын үсэг зурлаа.

Эрүүл мэндийн салбарт их өөрчлөлт авчрах эрүүл мэндийн даатгалын хууль батлагдаж, тусламж үйлчилгээний хууль батлагдах шатандаа байна. Эрүүл мэндийн байгууллагын удирдлага менежментийг улс төр, засгаас ангид байлгах шинэ эрх зүйн орчныг энэ хуулиар мөн бүрдүүлнэ.

Эдийн засаг хүндрэлтэй байгаа ч халамжийн болон асаргааны тэтгэмжийг 10 хувиар нэмэгдүүллээ. Ингэснээр бүрэн тэтгэврийн доод хэмжээг 230 мянган төгрөг, хувь тэнцүүлсэн тэтгэврийн доод хэмжээг 195 мянган төгрөгөөр тогтоолоо. Засгийн газраас санаачилсан Хамтарсан тэтгэврийн хуулийг УИХ-аар энэ өдрүүдэд хэлэлцэж байна. Засгийн газар  Монголын Үйлдвэрчний эвлэлийн холбоо, Ажил олгогч эздийн холбоотой гурван талт зөвшилцөх уулзалтаар цалин хөлсний асуудлаар нэгдмэл байр сууринд очиж чадлаа.

6400 өрх, 2 сургууль, 4 цэцэрлэг бүхий “Буянт-Ухаа-2” хорооллын эхний 1860 өрхийн орон сууцыг улсын комисс энэ өдрүүдэд хүлээн авч байна. Залгуулаад 4000 өрх,  сургууль, МСҮТ бүхий Яармаг хорооллын бүтээн байгуулалт эхэлнэ. Нийслэл хотын хамгийн хүнд асуудлын нэг болсон шинэ цэвэрлэх байгууламжийн санхүүжилт, барих эзнийг сонгон шалгаруулах ажлаа Засгийн газар энэ өдрүүдэд хийж байна. Шинэ цэвэрлэх байгууламж болон Харгиагийн үйлдвэрийн зориулалттай цэвэрлэх байгууламжуудыг барьж байгуулах ажлыг ирэх хавраас эхлүүлнэ.

Төвийн бүсийн байгаль экологи, УБ хотын хэрэглээний усны асуудалд шинэ хувьсгал авчрах Туул, Гацууртын голын сав газарт усан сан байгуулах ажилд Засгийн газраас тэргүүлэх ач холбогдол өгөн МСС-с хэрэгжүүлэх 2 дахь компакт гэрээний хүрээнд хэрэгжүүлэхээр идэвхтэй хамтран ажиллана.

Агаарын бохирдол утаатай тэмцэх гол 2 стратеги бол хийн хэрэглээнд шилжих, орон сууцжуулах явдал билээ. Үндэс сууриас нь шийдэх үндсэн хоёр том стратеги бүрэн хэрэгжих хооронд, ойрын хугацаанд бид 3 чиглэлээр дараах ажлыг хийнэ. 1. Нүүрснээс хий гаргах туршилтын үйлдвэрийн санхүүжилтэд туслана. 2. Агаарын бохирдлыг бууруулах санд төвлөрөх 5 тэрбум төгрөгийг 10 хүртэл мянган өрхийн шахмал түлш авах татаасанд зориулна. 3. Утаа гаргахгүй, цахилгаан халаагуур ашиглахыг бодлогоор урамшуулж, гэр хорооллын хэрэглэгчдийн цахилгааны шөнийн тарифийг 50 хувиар бууруулж, 1 квт/цагийн үнийг 77 төгрөгийг 38,5 төгрөг болгож энэ 12 сарын 1-ний өдрөөс эхлэн мөрдөнө.

ТТ-н ордыг эдийн засгийн эргэлтэд оруулах бэлтгэл ажлаа Засгийн газар хангаж байна. Энд 3 зүйлийг онцлоё. 1. ТТ-н төмөр замын хувьд би дээр тодорхой хэлсэн. 2. Гашуун сухайт, Шивээхүрэнгээс экспортлох Монголын нүүрс нэг үнэ, нэгдсэн нэг цонхны бодлогоор гарах ёстой. Нийтлэг үнэ, нэг цонхны бодлого, нэгдсэн зохион байгуулалтаа хангасны дараа хөрөнгө оруулалтын хэлэлцээгээ Засгийн газар үргэлжлүүлнэ.  3.Эрдэнэс Таван Толгой компаниас 1072 хувьцааг эзэмшигч иргэддээ илүү үр ашигтай хувилбарыг судлан сонгохоор Засгийн газрын ажлын хэсэг ажиллаж байна. Эдгээр гурван асуудлаа шийдмэгц Засгийн газраас УИХ-д оруулна. Тэр хүртэл Засгийн газарт ажиллах бололцоог нь олго. Тавантолгойгоо Монголын нэгдмэл эрх ашгийн дор хөдөлгөөнд оруулж чадна гэдэгт  Засгийн газар итгэлтэй байна.

Тээр тэнд ууланд байгаа булш хамгаалах нэрээр эх орончийн дүр эсгэцгээх зуур алтыг нь аваад авдрыг нь хаясан мэт ухсан нүх хоосон онгойж, татварын орлогогүй, нөхөн сэргээлт ч үгүй гэмт хэрэг л үлдэж үржиж байна. Эсхүл далд биш илээр, буух эзэнтэй буцах мөртэй, үүрэх хариуцлагатай, хөрөнгө оруулагч ажиллуулж, орлого, татвараа ч улс, орон нутаг нь авч, алтны нөөцөө ч нэмж, байгаль орчныг нь ч нөхөн сэргээлгэх, булш бунхнаа ч хамгаалах ёстой. Энэ бол Гацууртын ордын эсрэг тэсрэг хоёр салаа зам. Шийдэх, шийдэхгүйн хооронд өнгөрсөн хугацаанд,  мянгаас илүү нинжа өм цөм цөлмөж, үнэндээ бол дээрэмдэж байхад эх орон, Ноён уул минь гэж хамгийн чанга хашгирч байсан хатан зүрхтнүүд, хараа нь хурц хүмүүс хаашаа алга болчихов оо?

Ууланд, булшинд учир шалтгаан нь байсангүй. Улс төрийн оноогоо ухаж авчихаад тарчихсан байна. Засгийн газраас санал болгосны дагуу хоосон улс төр, хуурамч эх орончдод авталгүйгээр Гацууртын ордыг ил тодоор, хууль ёсоор, харилцан ашигтайгаар, төлөх татвартайгаар, нөхөн сэргээлттэйгээр ашиглах шийдвэрээ эцэслэн гаргана гэдэгт УИХ-ын гишүүдэд итгэж байна. Нинжа нарын ухаад, зөөгөөд, нураагаад, ачаад дуусгасан Өвөрхангай аймгийн Уянга, Төв аймгийн Заамар, Архангай аймгийн Цэнхэр, Өмнөговь аймгийн Хүрмэн сумын Цагаан хайрхан толгой, Дорноговь аймгийн Хатанбулаг сумын Модон шандын толгойн гунигтай түүхийг бид Гацууртаар үргэлжлүүлэх ёсгүй. Монгол бол түмэн нь сонгосон төртэй, төр нь баталсан хуультай улс.

Өнөөдөр 11 сарын 26. Шинэ түүхийн Бүгд найрамдах засаглалын анхны Үндсэн хуулиа баталсан өдөр өө. 1924, 1940, 1960, 1992 онд Үндсэн хуулиудыг харахад улс төр, нийгэм, эдийн засгийн хэрэгцээ шаардлагаар дунджаар 23 жил тутамд өөрчилж байжээ.  Үндсэн хууль маань өөрөө тогтвортой юм шиг ч, улс төр маань тогтвортой байж, Үндэсний хөгжлөө хангаж чадсангүй.

Үндсэн хуулийн өөрчлөлтийн 3 багц асуудлын Засгийн газарт хамааралтай зөвхөн нэг хэсгийг Ерөнхий сайдын хувьд товч тайлбарлая. Эдийн засгийн тогтвортой, хурдацтай өсөлт улс төрийн тогтвортой орчинд хангагдаж ирснийг олон орны туршлага тодорхой харуулж байна. Ардчилсан Үндсэн хуулийн 23 жилийн хугацаанд нийтдээ 13 Засгийн газар ажилласнаас 2-хон л бүрэн эрхийн 4 жилийн хугацаагаа дуусгасан байх юм. Арваннэгэн Засгийн газар ажилласан дундаж хугацаа 1,3 жил. Энэ 23 жилийнх нь талаас илүү хувь буюу 12 жил нь сонгуулийн жил байжээ. Аливаа Засгийн газрын байгуулагдсанаас хойш 100 хоног өнгөрмөгц  Монголын онцлог улс төр эхэлдэг. Үүнийгээ бид улс төрийн тоглолтынхоо оргил үзэгдэл гэж үнэлдэг бөгөөд  Засгаа унагаах, эсхүл аль нэг сайдыг огцруулах улиг болсон шантаажийн улс төр эцэс төгсгөлгүй үргэлжилдэг. Зөвхөн энэ бүрэн эрхийн хугацаанд Засаг огцруулах санал 3 удаа, тухайн сайдыг огцруулах саналыг давхардсан тоогоор 12 сайд дээр гаргасныг УИХ-аар хэлэлцжээ. Энэ бол бидний өнөөдрийн бодит дүр зураг. Монголын улс төрийн эмгэнэл. Манай Засгийн газрын ч биш бүх Засгийн газрын эмзэг байдлын давтагдсан түүх. Унагах, нураах биш бүтээх дэмжих, өсгөх ажил хэрэгтэй байна.

Ийм бодит дүр зурагтай болохоор үе үеийн УИХ-ын нэр хүнд ч, үе үеийн Засгийн газрын нэр хүнд ч сонгогч иргэдийн дунд сайн байж ирж чадсангүй. Ийм ч учраас энэ 23 жилийн хугацаанд сонгуульд ялсан нам дараалан 2 дахь удаагаа олонх  болж ялж чадаагүй нь үүнийг шууд нотлон харуулна.

Ардчилсан цаг үеийн 13 Засгийн газрын ажлын 2 өдөр тутмын 1 нь сонгууль бодоостой, улс төрийн сөргөлдөөний дарамтад байж ирсэн. Компани, хувь хүн, айл өрх ажлын цагийнхаа талыг хамтарч бүтээхэд бус хоорондоо хэрэлдэхэд, өөрийгөө магтах, өрөөлийг муулахад зарцуулбал юу болох вэ?

Үндсэн хуулиа өөрчилсөн ч үйлчлэх хугацаа нь манай Засгийн газарт хамааралгүй ээ. Манай, танайдаа биш Монгол Улсын Засгийн газруудын цаашдын тогтвортой, итгэлтэй ажиллах боломжийг нээх нийтлэг эрх ашиг, ирээдүйн төлөө ярьж байна. Эрүүл бус нөхцөлд ажилласан сүүлчийн кабинет байгаасай гэж, Монголын хөгжлийг хангах үндсэн чанартай өөрчлөлт дахин 5, 10 жилээр бүү гацаасай гэж хүссэндээ сүүлийн 23 жилд ийм бэрхшээлтэй тулсан, туулсан Монгол Улсын 11 Ерөнхий сайдын нэгний хувьд би өөрийн байр сууриа илэрхийлж байна.

Үндсэн хуульд өөрчлөлт оруулах эсэхийг аль нэг улс төрийн нам, хэсэг бүлэг улс төрчид, сонгуульд зориулсан суртал ухуулга шийдэх ёсгүй. Монголын ард түмэн өөрчлөх саналаа илэрхийлж, ард нийт олонхоороо, санал асуулгаараа зөвшөөрлөө өгвөл УИХ дахь олонх, цөөнх зөвшилцлийн ажлын хэсэг байгуулж, парламентын өндөр босгыг давсан санал хураалтаар Үндсэн хуулийн нэмэлт өөрчлөлтөө хийх боломж Та бидэнд байсаар байна. Үндсэн хуулийн өөрчлөлт өндөр босготой. Ард түмний, УИХ-ын саналын өндөр босго, өндөр шалгууртай. Цаг бага үлдлээ гэдэг нь шалтгаан биш шалтаг. Үндсэн хуулийн нэмэлт өөрчлөлттэй холбоотой аливаа процедурын болон зохион байгуулалт, хөрөнгө санхүүжилтийн асуудлыг Засгийн газар бүрэн дэмжиж ажиллах болно.

Эрхэм нөхөд өө,

Энэ нэг жилийн хугацаанд эдийн засгийн амаргүй нөхцөл байдалд Засгийн газарт байнгын бодлогын дэмжлэг үзүүлж ирсэн Монгол Улсын Ерөнхийлөгчид, нэгэн үйлсийн төлөө мөр зэрэгцэн хоёргүй сэтгэлээр зүтгэсэн УИХ дахь АН-ын бүлгийн гишүүддээ, МАХН-МҮАН-ын Шударга ёс эвслийн бүлгийн гишүүдэд, ИЗНН-ын төлөөлөлд, манай засгийн бүрэн эрхийн хугацааны 2/3-д хүндрэл бэрхшээлийг огоорон хамтран зүтгэсэн МАН бүлгийн гишүүд, сайд нартаа талархснаа илэрхийлье.

Хөрөнгө мөнгө дутмаг ч хүн бүл ихтэй хот хэмээх их айлыг авч яваа Улаанбаатар хот, дүүргүүдийн удирдлагууддаа, улс төрийн харъяаллаа биш улс орны эрх ашгаа тэргүүнд нь тавьж, улс даяар нэгэн багт хүчин зүтгэж байгаа аймаг, сумын бүх Засаг дарга, Тамгын газрын хамт олонд хийж бүтээснээ улам бататган, хийж бүтээхээ эрхэмлэн, зорьсон зорилгодоо хүрэхийн ерөөл дэвшүүлье.

Оюутолгой, Тавантолгой, Цагаан суварга, стратегийн бусад орд, усан болон дулааны цахилгаан станцууд, авто зам, төмөр зам, барилгын салбар дахь их бүтээн байгуулалт, их ажил, оруулж байгаа хөрөнгө болгон, доллар, төгрөг бүхэн Та бидний Монгол  Улсын эдийн засаг, Монгол айл өрх бүрийн амьдралд үр өгөөжөө өгнө.

Бид төгс төгөлдрийн туйлыг хайсаар, түүндээ төөрч хий эргэсээр, 100 хувийн сэтгэл ханамж эрсээр, эргэж ирэхгүй алтан цаг, эгнэгт алдагдсан боломж, огт олж аваагүй ашиг, орлого, цалин болгон үрэгдүүлж асгасаар байна. Энэ дэлхийд төгс төгөлдөр зүйл байхгүй. Тэр тусмаа хөрөнгө оруулалт, хоёр талын ашиг сонирхол тулдаг бизнесийн төсөл, гэрээ хэлцэлд бүрэн дүүрэн сэтгэл ханамж, бүтэн төгс төгөлдрийн тухай ойлголт бүүр ч байхгүй. Харин сайн гэрээ хамгийн сайндаа харилцан ашигтай л болж байж үр дүнд хүрдэг.  Ийм болохоор утга учиргүй улс төржилт, эцэс төгсгөлгүй маргаан хийх орон зай, өө сэв үргэлж олдоно. Бид энэ орон зайдаа маргасаар, өөрсдийнхөө ирээдүйг өдөр өдрөөр гацаасаар сууна.

Хоёр хөрш маань, бусад хөгжиж буй орнууд биднээс ялгаатай нь чухамхүү хэрэгтэй шийдвэрээ алдаж оносон ч гаргаж, алхаа цохиж чадаж байгаад л байна. Алдаа онооны дундуур улс үндэстнээрээ, эдийн засгаараа, амьдралын түвшнээрээ урагшилж байна. Бид хэн шийдвэр гаргах, хэзээ шийдвэрээ гаргах, хэрхэн яаж гаргахаараа талцсаар, хэнийг ч олж чадаагүй байгаа, чадах ч үгүй  төгс төгөлдрийн эрэлдээ төөрсөн хэвээрээ байсаар байна.

Монголчууд бид уг нь бодит байдлыг байгаагаар нь үнэлж чаддаг, өөрчлөлтийг шуурхай мэдэрч, дасан зохицож чаддаг хүмүүс. Хэрэгтэй үед ямар ч изм-д баригдалгүй, амьдралын хар ухаанаар, прагматик шийдвэр гаргаж чаддаг хүмүүс. Хийсвэрээс бодит амьдралыг ялгаж хардаг улс. Нэг айлын авдраас бүх намын батлах олдох нь дэлхийд ховор, манайд ердийн зүйл, аюулаас түргэн салж, амжилт өөд түрхрэн нүүж чаддаг нь нийтлэг уламжлал. Цаг үе, өөрчлөлт шилжилт, шинэ хэрэгцээг хурдан мэдэрч, хөдөлж нүүж чаддаг үүх түүхтэй, өв уламжлалтай өвөг дээдсийн үр сад.

Гүйцэтгэх эрх мэдлийг хэрэгжүүлж байгаа, зоригтой шийдэх үүрэг даалгавартай Ерөнхий сайдын хувьд, Засгийн газрын хувьд бодитой ажил, тодорхой шийдлийн төлөө шаардлагатай шийдвэр гарган цаг хугацаатай уралдан бид ажиллах болно.

Улс төрд хийрхэл багатай, урагшлах ажилд амжилт ихтэй хамтдаа зүтгэцгээе.

Монгол орныг минь мөнх хөх тэнгэр нь үргэлж ивээж байх болтугай.

0 Сэтгэгдэл
УЯНГА ЭГЧЭЭ САЙХАНБИЛЭГИЙГ ОГЦРУУЛАХ АЖЛАА ҮРГЭЛЖЛҮҮЛЭЭРЭЙ. ТАНЫГ ДЭМЖИЖ БАЙНА. ЭНЭ ШИЙДВЭРЭЭСЭЭ УХРАХГҮЙ ГЭДЭГТ ИТГЭЖ БАЙНА.
хэдийгээр эз-н хүндрэлтэй, хэл ам талцал хуваагдал их байгаа ч гсн юм хийе гээд зүтгээд байгаа танд урам зориг хайрлая даа. Сайн ажиллаараай
Амжилт хүсье танд
Хамгийн их уншсан