Билгийн

Доллар (USD)

Улаанбаатар

Засгийн газрын зээл тэрбум ам.доллараар тэлэв


-Энэ мөнгийг Эгийн гол төсөлд зарцуулах нь зөв үү-

Засгийн газрын өр нь ДНБ-ий 40 хувиас давж болохгүй гэдгийг эдийн засгийн аюулгүй байдалтай холбогдуулан хуулиар зохицуулсан байдаг ч өрийн таазыг нэмэхээс өөр аргагүй гэдэг нь оны эхээр ил болж, УИХ өрийн таазыг нэмсэн байдаг. Тиймээс ДНБ-ий 58.4 хувьд тулсан Засгийн газрын өрийг 2018 онд буцаан 40 хувь болтол бууруулах зайлшгүй шаардлагатай тулгарч байгаа билээ. Харин өчигдөр ДНБ-ийхээ 58.4 хувьтай тэнцэх хэмжээний зээлтэй Засгийн газар дахин нэг тэрбум ам.долларын зээл авахаар боллоо. Өчигдөр УИХ-ын чуулганы нэгдсэн хуралдаанаар Засгийн газар Хятадын “Экспорт-Импорт” банкнаас нэг тэрбум ам.долларын зээл авах ерөнхий хэлэлцээрийг баталсан тул зээлийн хэмжээ нь дээрх хэрээр өсч таарч байгаа юм. Ингээд Засгийн газар Хятадын “Экспорт-Импорт” банкнаас тэрбум ам.доллар авснаар бид том хэмжээний гурван зээлтэй болж байна.

Өөрөөр хэлбэл, иргэдийн анхаарлын гадуур шахуу ава­хаар болсон нэг тэрбум ам.долларын зээл нь Японы зах зээлд амжилттай босгосон “Самурай” бондын хэмжээнээс их байгаа юм. Гэхдээ, УИХ өнгөрсөн нэгдүгээр сард Төсвийн тогтвортой байдлын тухай хуульд өөрчлөлт оруулахдаа эрчим хүч, төмөр зам зэрэг төслөөрөө эргэн нөхөгдөх боломжтой төслийг Засгийн газрын өрөнд тооцохгүй байхаар болсон. Тиймээс энэ зээл эрчим хүчний салбарт зарцуулагдах буюу өрийн таазанд тооцогдохгүй гэж ойлгож болно. Гэвч, энэ мөнгийг эрчим хүчний салбарт зарцуулах шаардлагагүй гэж үзэх гишүүн байгаа юм.
Тухайлбал, УИХ-ын ги­шүүн Н.Алтанхуяг “Монгол Улсын Засгийн газар Хятадын “Экс­порт-Импорт” банкнаас нэг тэр­бум ам.долларын зээл авах гэж байна. Энэ бол их мөнгө. Би УИХ-ын гишүүдийг унтаа байдлаасаа гарч, энэ мөнгийг зохистой зарцуулахад анхаарлаа хандуулаасай гэж хүсч байна. Шуудахан хэлэхэд, Эгийн голын усан цахилгаан станцад хөрөнгө оруулалт хийхийг дэмжихгүй. “Чингис бонд” 1.5 тэрбум ам.доллар байсан. Гэтэл одоо нэг тэрбум ам.доллар авах гэж байна. “Чингис” бондын 100 гаруй сая ам.доллараар гурав, дөрөвдүгээр цахилгаан станцын 173 мегаваттын өргөтгөлийг бид хийсэн. Гэтэл 310 мегаваттын хүчин чадалтай Эгийн голын усан цахилгаан станцыг нэг тэрбум дөхсөн ам.долларын зээлээр хийх гэж байгаа нь буруу. Би энэ мөнгийг авах нь зөв гэж байгаа ч бараг бүх мөнгийг Эгийн гол төсөл рүү оруулах нь ашиггүй, тийм хэрэгцээ шаардлага, цаг үе нь ч биш гэж бодож байна. Усан цахилгаан станц хэрэгтэй ч одоо биш” гэсэн юм. Нөгөөтэйгүүр, зээлийн хэлэлцээрийг УИХ-аар ярьж байхад Засгийн газрын хөрөнгө зарцуулалтын асуудлыг давхар ярьж байгаа нь үндсээрээ буруу зүйл боллоо гэж Засгийн газрын хэрэг эрхлэх газрын дарга С.Баярцогтыг тэрээр буруутгаж байсан.

Гэхдээ Засгийн газар нэг тэрбум ам.долларын хэлэлцээрийг УИХ дахь байнгын хороод хэлэлцэж дууссаны дараа зарцуулалтыг хэдийнэ тооцсон бөгөөд өнгөрсөн даваа гарагийн Засгийн хуралдаанаар нэг тэрбум ам.доллараас санхүүжих зарим төслийг танилцуулсан юм.

Энэ талаар Засгийн газрын хэрэг эрхлэх газрын дарга С.Баярцогт чуулганы хуралдааны үеэр “Эгийн голын усан цахилгаан станц УИХ-аар гурван удаа, Засгийн газрын төвшинд гурван удаа яригдсан. 10, 10 жилийн хугацаатай яригдсан ч унаж байсан. ТЭЗҮ нь хамгийн сүүлд 2010 онд шинэчлэгдсэн. Бүх тооцоо судалгаа гарсан. Цахилгаан станцыг зургаан жилийн дотор барина, 11 жилийн дотор өртгөө нөхнө” гэж хэлсэн юм. Үнэхээр, албан ёсоор “Эгийн голын усан цахилгаан станц” гэж нэрлэгдэж байгаа төсөл нь нийт 827 сая ам.долларын өртгөөр босох бөгөөд өнгөрсөн 20 жилийн хугацаанд яригдаж байгаа ч биеллээ олоогүй байсан билээ.

Тухайлбал, манай улс 1959 оноос хойш 13 усан цахилгаан станцын төсөл эхлүүлж байсан ч ашиг олсон, амжилттай дууссан төсөл цөөн. Харин Эгийн голын усан цахилгаан станцын төслийг 1991 оноос ярьж 1997, 2007 онд хоёр удаа хөрөнгө оруулалт шийдэгдэх шахсан ч тухайн үеийн эдийн засгийн байдлаас шалтгаалан өнөөдрийг хүргэсэн юм. Өөрөөр хэлбэл, ганцхан усан цахилгаан станц барихад Улаанбаатар хотын автозамыг дахин нэг давхарлах хэмжээний буюу 800 гаруй сая ам.доллар зарцуулах боломж болоод эрх баригчдын шийдвэр нийцэж байсангүй. Тиймээс Засгийн газар Хятадын “Экспорт-Импорт” банкнаас зээлэх нэг тэрбум ам.долларын 80 гаруй хувийг Эгийн голын усан цахилгаан станцын төсөлд оруулах ёстой цаг нь болсон гэж үзэж байгаа юм.

Хэдийгээр УИХ-ын зарим гишүүн аж үйлдвэрийн, импорт орлуулах төсөлд энэ их мөнгийг зарах ёстой гэж байгаа ч бидэнд ойрын жилүүдэд бага хүүтэй, эрчим хүчний салбарт ашиглаж болох зээл авах боломж олдохгүй байх магадлалтай. Тухайлбал, Энэтхэг улс нэг тэрбум ам.долларын зээл өгөх  боломжтой гэж байгаа ч манай хоёр улсад зээлийн түүх гэхээр зүйл байхгүйгээс гадна зээл олгох салбараа зээлдүүлэгч тал мэддэг жишиг бий. Жишээ нь, Япон улсаас зээл авч байгаа бол Японы техник хэрэгсэл, хүн хүчийг ашиглан түлхүү байгаль орчны салбарт хөрөнгө оруулалт хийх япончууд илүүд үздэг. Бидэнд Хятадтай адил нэг тэрбум ам.долларын зээл өгөх боломжтой гэдгээ өнгөрсөн дөрөвдүгээр сард дуулгаад буцсан Энэтхэгийн Ерөнхий сайд Н.Модиг ч энд жишээлж болно. Тэрээр ирээд буцахдаа нэг тэрбум ам.долларын хөнгөлөлттэй зээлийг олгох шугам нээсэн гэдгээ сүр дуулиантай зарласан ч 18 сарын дотор багтаан өөрийгөө нөхөх чадвартай дэд бүтцийн салбарын төслөө өгөхийг шаардаж буй. Өмнө нь 20 сая ам.долларын зээлийг маш удаан хугацаанд ярилцаж байж тус улсаас авч байсан гээд ер нь л зээлийн түүх маш муу. Гэтэл БНХАУ-ын дарга Си Жиньпин манай улсад айлчлахдаа хоёр талт эдийн засгийн хамтын ажиллагааг өргөжүүлэх зорилгоор нэг тэрбум ам.долларын зээл олгох боломжтой гэж мэдэгдээд түүнээс нэг жилийн дараа гэхэд талууд бүрэн ойлголцож, зээлийн асуудлыг шийдсэн байгаа юм. Дээрээс нь Хятадын талаас нь эрчим хүчний салбарт энэ зээлийг ашиглах боломж олгож байна. Тиймээс энэ тохироо бүрдсэн мөчийг Засгийн газар Эгийн голын усан цахилгаан станцын ажилд ашиглах гэж буй юм.

Тэгвэл одоо тус төслийн нэгжийн захирлаар УИХ-ын гишүүн асан Д.Одхүү ажиллаж байна. Түүний ярьж буйгаар бол “Манай улс ОХУ-аас жил бүр 25-26 сая ам.долларын өртөг бүхий эрчим хүч импортоор авдаг” байна. Мэдээж, эрчим хүчний салбар нь хөрш улсаас хамааралтай байна гэдэг цахилгаан тасрах, эд ачааллын үед эрчим хүчгүй болох зэрэг наад захын аюул үргэлж байгаа гэсэн үг. Гэхдээ Эгийн голын усан цахилгаан станцыг барьж байгуулбал үйлдвэрлэсэн цахилгаан эрчим хүчийг 220 кВт-ын хоёр хэлхээ бүхий цахилгаан дамжуулах агаарын шугамаар Эрдэнэт дэд станцаар дамжуулан Монгол Улсын төвийн эрчим хүчний системд нийлүүлэх бүрэн боломжтой гэдэг нь ТЭЗҮ-д тусгагдаж. Өөрөөр хэлбэл, Эгийн голоос-Эрдэнэт хооронд 72.3 км урт цахилгаан дамжуулах шугам, 71.9 км автозам барьж байгуулах аж. Төслийг 2020 он гэхэд ашиглалтад оруулснаар 10-15 жилд анхны хөрөнгө оруулалтаа нөхөх юм байна. Мөн дулааны цахилгаан станцууд үйлдвэрлэсэн эрчим хүчнийхээ 20 хүртэл хувийг дотоод хэрэгцээндээ зарцуулдаг бол Эгийн голын усан цахилгаан станц нь ердөө нэг хувийг зарцуулах боломжтой байхаар ТЭЗҮ хийгдсэн байна. Энэ нь жилдээ 96 сая кВт цаг цахилгаан эрчим хүч буюу дунджаар 4.7 сая ам.доллар хэмнэх боломжтой гэсэн үг юм. Энэ тооцоог дэлхийн 200 гаруй усан цахилгаан станцын ТЭЗҮ-г боловсруулж байсан Францын “Трэстэбэл Инже­неринг” компани хийсэн аж.

Өнөөдөр төвийн эрчим хүчний системийн нийт цахилгаан эрчим хүчний хэрэглээний 92.7 хувийг дан ганц нүүрсээр ажилладаг станцууд, үлдсэн хувийг ОХУ-аас импортоор авч хангадаг. Энэ нь нүүрсээр ажилладаг станцууд эрчим хүчний хэрэглээний өөрчлөлтийг да­гаж үйлдвэрлэлээ тохи­руулан богино хугацаанд өөрчлөх чадвар, техникийн боломж хязгаарлагдмал гэсэн үг. Мөн ОХУ-аас авдаг импортын цахилгаан эрчим хүч нь системийн оргил ачааллыг хааж, системд тохируулагчийн үүргийг гүйцэтгэдэг бөгөөд үүнээс хамааралтай байдал улам бүр нэмэгдэж байгаа аж. Тиймээс Эрчим хүчний салбарт эзлэх усан цахилгаан станцын байр суурь илүүтэй нэмэгдэж байгаа аж. Нөгөөтэйгүүр, эх газрын тэгш өндөрлөгт оршдог манай орны цаг уурын нөхцөлөөс хамаарч салхины чиглэл, хурд байнга хувьсдаг тул үйлдвэрлэлийн цахилгаан эрчим хүчний хэмжээ шөнөдөө ихэсч, өдөртөө буурах зэргээр жигд бус тул салхины эрчим хүч дутагдалтай байдаг аж. Мөн нарных ч ялгаагүй зөвхөн цэлмэг үед эрчим хүч үйлдвэрлэдэг тул системийн тохируулгад оролцох боломжгүй байдаг байна. Харин эх үүсвэрээ нөөцөлдөг, хамгийн уян хатан тохируулгыг хийдэг тул эрчим хүчний системийн оргил ачааллыг хаах, тохируулгыг бүрэн гүйцэтгэх, маневарлах чадвар сайтай эрчим хүчний үйлвэрлэл нь усны эрчим хүч гэж тооцогддог аж.

0 Сэтгэгдэл
Хамгийн их уншсан