Билгийн

Доллар (USD)

Улаанбаатар

Зэс хайлуулах үйлдвэрийн төсөлд гадаадынхан оролцох хүсэлтээ илэрхийлжээ

Л.НОМИН

УИХ-ын баасан гарагийн чуулганаар УИХ-ын гишүүн Л.Цог, О.Баасанхүү, Г.Уянга, Д.Сумъяабазар, Ё.Отгонбаяр нарын асуулгыг хэлэлцлээ. Аж үйлдвэрийн сайд Д.Эрдэнэбат Засгийн газрын 2015 оны 247 дугаар тогтоолын хэрэгжилтийн талаар танилцуулсан юм. Уг тогтоолд Зэсийн баяжмал хайлуулах, цэвэршүүлэх үйлдвэр байгуулах ажлыг эрчимжүүлэх тухай тусгажээ.

Д.Эрдэнэбат сайд танил­цуулгадаа  “УИХ-ын 2015 оны 62 дугаар тогтоолоор баталсан “Төрөөс аж үйлдвэрийн талаар баримтлах бодлого”-ыг хэрэгжүүлэх ажлын хүрээнд Засгийн газраас зэсийн баяжмал хайлах, цэвэршүүлэх анхны үйлдвэр байгуулах ажилд онцгой ач холбогдол өгч, уг ажлыг эрчимжүүлэхээр ажиллаж байна. Зэс хайлуулах үйлдвэр барих асуудал сүүлийн 30 гаруй жил яригдаж, энэ чиглэлээр олон төрлийн судалгаа, урьдчилсан ТЭЗҮ хийж, УИХ, Засгийн газрын шийдвэр гарч байсан. Гэвч орчин үед хүнд үйлдвэрийн салбарыг хөгжүүлэхэд эрдэс түүхий эдийн тогтвортой нийлүүлэлт, техник, технологийн лиценз, өндөр түвшинд бэлтгэгдсэн инженер, техникийн ажилт­нуудаас бүрдсэн хүний нөөц, их хэмжээний хөрөнгө оруулалт шаардлагатай тул зэс хайлуулах, цэвэршүүлэх үйлдвэр байгуулах ажлыг төрийн тууштай дэмжлэгтэйгээр зохион байгуулах нь зүйтэй.

Засгийн газар тодорхой хэмжээний хувь буюу 34 хүртэл хувийг энэ төсөлд эзэмшсэнээр зэс хайлуулах, цэвэршүүлэх үйлдвэрт хөрөнгө оруулах дотоод, гадаадын хөрөнгө оруулагчдын сонирхол нэмэгдэж, өрсөлдөөн бий болох бөгөөд улмаар зэс хайлуулах, цэвэршүүлэх үйлд­вэрийн дайвар бүтээгдэхүүн хүхрийн давхар исэл агуулсан хийг боловсруулах, хүхрийн давхар ислээс хүхрийн хүчил гарган авах төслийг хэрэгжүүлэх, хүх­рийн хүчлийн дотоодын хэрэглээг дэмжих замаар хи­мийн үйлдвэрлэлийг хөгжүүлэх зэрэг олон давуу талтай. УИХ-ын 2015 оны 41 дүгээр тогтоолоор баталсан Эдийн засгийн хүндрэлийг даван туулах хөтөлбөрт зэсийн баяжмал хайлуулах, цэ­­вэр­шүүлэх үйлдвэрийн төс­лийн санхүүжилтийг шийд­­вэр­­лэ­­хээр заасан. Зэ­сийн баяжмал хайлуулах, цэвэршүүлэх үйлд­вэрийн төсөл нь эдийн зас­гийн хувьд үр ашигтай, гадаад зах зээлээс хамаарал багатай, харьцангуй богино хугацаанд хэрэгжүүлэх боломжтой зэрэг нь хөрөнгө оруулагчдын сонирх­лыг татаж, төслийн санхүү­жилтэд оролцох сонирхлоо илэрхийлээд байгаа” гэлээ. Ингээд асуулгын үеэр УИХ-ын гишүүдэд Аж үйлдвэрийн сайд ийм хариулт өгсөн юм. 

УИХ-ын гишүүн Н.Батбаяр: Монгол Улс хэзээ нефть нэрэх үйлдвэртэй болох вэ. Хэдэн компанид зөвшөөрөл өгсөн бэ. Хүчин чадал, хөрөнгө санхүү нь ямар байгаа бол. Энэ асуудлыг шийдэхэд ямар хүндрэл бэрхшээл тулгараад байна. Алийн болгон бид Монгол Улсынхаа баялгийг гадагш нь зөөгөөд гадаадаас бадар барьж явах юм бэ. Газрын тостой орон шүү дээ, Монгол. Машинаар зөөж байна гэх юм. Одоо хоолойгоор, дараа нь төмөр замаар газрын тосоо зөөх юм байна. Дотооддоо боловсруулах үйлдвэр бариад өөрсдөө боловсруулдаг болмоор байна.

Аж үйлдвэрийн сайд Д.Эрдэнэбат: УИХ-ын тог­тоо­­лын дагуу Засгийн га­зар тогтоол гаргаж хоёр газар байршилтай нефть боловс­руулах үйлдвэр барих нь зүйтэй гэж шийдвэрлэсэн. Үндэсний аюулгүй байдлын зөвлөм­жийг баримталж дотоо­дын түүхий эдэд тулгуурлаж, барих стратегийн үйлдвэр гэдэг чиглэлийг өгсөн. Зүүн бүсэд 300 мянган тонн хүр­тэл хүчин чадалтай нефть боловсруулах үйлдвэрийг кон­цессын гэрээгээ байгуулаад ажлын хэсэг ажиллаж байна. Энэ ондоо багтааж ямар технологи сонгох шийдлээ гаргаад ирэх хавраас эхлүүлнэ гэж төлөвлөсөн. Говийн бүсэд бол нефть боловсруулах үйлд­вэрийн урьдчилсан ТЭЗҮ-г гаргаад үндсэндээ төлөвлөлт дуусч байгаа. Таван компани оролцсоноос Унгарын “Евро ойл” гэдэг компани шалгараад манай яаманд урьдчилсан ТЭЗҮ-ээ хүлээлгэж өгөхөд бэлэн болсон. Энэ урьдчилсан ТЭЗҮ-ийн мөнгийг сая УИХ-аар 2016 оны төсөв хэлэлцэх үеэрээ хассан. Засгийн газраар хэр­хэн шийдэхээ ярилцаад явах байх. ТЭЗҮ болон хөрөн­гө оруулагчдыг хамтад нь ший­дээд явах бодлоготой байгаа. Урьд нь нефть боловс­­руулах үйлд­вэрийн 15 ком­панийн тө­сөл явж байсан ч нэ­гийг нь хийгээгүй байсан. Тө­­рийн бод­логотой уялдахгүй бол хэрэг­жихгүй төсөл гэж бид үзсэн.

УИХ-ын гишүүн Ж.Бат­зандан: Боловсруулах үйлдвэр­тэй бо­лохгүй бол Монгол Улс хөгжихгүй нь тодорхой бол­лоо. Эгийн голын усаа  цахил­­гаан станцад хятадуудаас 800 сая ам.долларын зээл авахаар бол­чих­­лоо. Энэ мөнгөний талыг нь зэс хайлуулах үйлдвэрт оруу­лах боломж байсан уу. Зэ­сийн баяжуулах үйлд­вэрийн хө­­рөнгө санхүүг яаж тусгасан юм бэ.

Аж үйлдвэрийн сайд Д.Эрдэнэбат: Зэс баяжуулах, цэвэршүүлэх үйлдвэрүүдийн асуудлаар үндсэн ТЭЗҮ-ээ хийж дуусгаад хөрөнгө оруулагчдад хандана. Төрийн оролцоо байх уу, үгүй юу гэдгээ бид шийдэх ёстой. Тэгэхдээ төр, хувийн хэвшлийн оролцоо хувь хэмжээ тогтоох тухай Засгийн газрын тогтоол гарсан. Төрийн оролцоо байна гэж үзвэл бусад зээлээс хөрөнгө босгох нөхцөл бололцоо үүснэ гэж харж байгаа. Эгийн голын УЦС-ын оронд зэс баяжуулах үйлдвэрийг оруулъя гэдэг үндсэн нөхцөл бүрдээгүй учир тавиагүй. Угаасаа Хятадын зээл цахилгаан, эрчим хүчний төсөлд хөрөнгө оруулах ёстой нөхцөлтэй. Оюутолгой бол зэс хайлуулах үйлдвэр барих үүрэг гэрээгээр аваагүй гэж ойлгож байгаа. Харин Мон­­голд зэс хайлуулах үйлд­вэр байгуулахад зөв­лөмж зөвлөгөө, техникийн туслалцаа үзүүлэхэд бэлэн гэж гэрээнд туссан.

УИХ-ын гишүүн Г.Уянга: Үйлдвэр түүхий эдийнхээ дэргэд байвал сайн. Гэтэл яагаад заавал Бор-Өндөр рүү чирээд байгаа нь сонин байна. Сайд солигдох тоолонд зэс хайлуулах үйлдвэрийн байршил өөрчлөгддөг нь хардалтыг нэмэгдүүлж байгаа юм. Ашигт малтмал олборлох Монголд ашиггүй байгаа учир зогсоох шаардлагатай. 34 хувиа зээлнэ, төр яаж оролцох вэ гэж яриад байх юм.
Аж үйлдвэрийн сайд Д.Эрдэнэбат: Монголд зэсийн үйлд­­вэр барих нь ашигтайг хэлье. Зээл авах асуудал яригдаж эхлээгүй байхад битгий урьдчилж бухимдаач ээ. Зэсээ цэвэршүүлэх нь Монгол Улсын амин чухал асуудал гэдэгтэй та бид хоёр санал нэг байгаа бол хэн хэнийгээ хоосон хардалгүй урагшаа явмаар байна. Энэ төсөл хэрэгжих юм бол есөн жилд багтаагаад хөрөнгө оруулалтаа нөхөх нөхцөл ТЭЗҮ-д бий. Оюутолгой, Эрдэнэтээс дагалдан гарч байгаа бусад ашигт малтмалаа авч үлдэх нь Монголын эрх ашиг. Бид энэ төслийг зогсоож болно. Тэгвэл та “Энэ төслийг зогсоо. Бүгдээрээ малаа маллаж амьдаръя” гэж уриалчих юм бол УИХ шийдвэр гаргаад дэмжвэл би тэгж явахад бэлэн. Тиймээс хардах хэрэггүй.

Үндэсний хувийн хэвшлийн аж ахуйн нэгжүүдийн хувьд аж үйлдвэрийн төсөл, түүнийг дэмжих болон дагалдах үйлд­вэрүүдэд хөрөнгө оруулах замаар төсөлд оролцох бо­ломжтой аж. Үйлдвэрээс гарах катодын зэсийг гүн боловс­­руулж цахилгаан тех­ник, цахим техникийн эд анги болон ахуйн хэрэглээний бүтээгдэхүүн үйлдвэрлэх төслүүдийг хэрэгжүүлэх боломж мөн нээлттэйг хэл­лээ. Цаашид зэсийн гүн боловс­руулалт хийж, катодын зэс, цэвэр алт, цэвэр мөнгө зэрэг тээвэрлэлтийн зардал харь­цангуй бага эцсийн бүтээг­дэхүүн үйлдвэрлэх, экспортлох боломж нээгдэнэ гэж үзжээ.

0 Сэтгэгдэл
Хамгийн их уншсан