Билгийн

Доллар (USD)

Улаанбаатар

Дэнчингийн тэрбумыг төлөөд долоон тэрбумаас дуудаад аваарай

Н.БАТ

Нэгэн цагт МАН-ын удирдлагуудын  халаасанд эргэлдэж байсан Д.Сүхбаатарын нэрэмжит хэвлэх үйлдвэр буюу нийслэлийн төв хэвлэл “Улаанбаатар таймс” сонины байр өнөөдөр долоон тэрбум төгрөгөөс дуудагдана. Тэртээ 1929 онд хэвлэлийн комбинатын зориулалтаар баригдсан тус байшинд Монголын бүхий л хэвлэмэл бүтээгдэхүүн үйлдвэрлэж байсан цаг ердөө 20 гаруй жилийн өмнө. 2000 онд л тугалган үсэг, хуучны хэвлэх машинууд нь хадгалагдаж байсан тус байшин өдгөө балгас болоод нэлээн хэдэн жилийг үдэж буй. Н.Энхбаяр, М.Энхболд, Т.Бадамжунай, Т.Билэгт, Сү.Батболд, Ц.Мөнх-Оргил, Ц.Батбаяр гээд МАН-ын бүхий л фракцын сонирхлыг татан төвлөрүүлж байсан энэ байшин менежмэнтийн хувьчлал нэрээр нөлөө бүхий хүмүүсийн халааснаас халаас дамжиж явсан ч Л.Сэргэлэн гэх залуугийн гараар ороод байнд ч үгүй банзанд ч үгүй гэгчээр балгас болоод хоцорсон. Гэвч МАН-ын дарга нарыг авлигын хэрэгт татах, бүүр “аавынд” хорих шалтаг нь ч болсоор  ердөө хэдхэн жилийн өмнө Улаанбаатар хотын эзэмшилд эргэн шилжсэн билээ. “Хангарьд” хэмээх онгоцгүй ч нисэх компани хэмээх нэр зүүж явсан компанийн эзэн Л.Сэргэлэн гэгч залуугийн балгас болгоод орхичихсон энэхүү байшинг  өнөөдрийг хүртэл өөд нь татчих зоригтон олдохгүй л байгаа.  Өөрийн эзэмшлийн 2692 ам.метр талбайтай, 5244 ам.метр талбай бүхий хоёр дав­хар балгасыг  хувьчлах шийд­вэрийг нийслэлээс гар­гаж, өнгөрсөн сарын сүү­лээр дэн­чинг 715 сая 500 мян­ган төгрөгөөр, дуудлага худал­дааны доод үнийг долоон тэрбум 155 саяар тогтоод байгаа. Өнгөрсөн долоо хо­ногт энэхүү дуудлага ху­дал­­­­даанд оролцох санал гар­гах хүн гараагүй байгаа ту­хай нийслэлийн өмчийн харил­цааны газраас мэдээлж байсан билээ.

Учир нь, дуудлага худалдааны доод үнэ өндөр байгаа төдийгүй одоогоор тухайн барилгыг ахин ашиглах ямар ч боломжгүй учраас нурааж, газар доогуурх дэд бүтцийг ахин шинэчлэх шаардлагатай. Тиймээс эдийн засгийн хямралд эр­чим­­­­­­­­­­тэй өртөөд байгаа, уул уурхайд түшиглэсэн манай бизнесийнхэнд ийм боломж тэр бүр байхгүй. Өөр нэг хувилбар нь дуудлага худалдааны үнийг өндөр тогтоосноор цаашид үнэгүйдүүлж, хэн нэгний халаасанд орох нь тодорхой байгаа гэсэн хардлага ч нийгэмд үүсээд байсан юм.
Нэг хэсэг парламентын ордонг энэ газарт барина хэмээн ярьж байсан бо­ловч Н.Энхбаярынх гээд ойртуулаагүй ч гэдэг. Гурван тэрбумд тухайн үед хүрч байсан гэдэг энэхүү газар ямартаа ч өнөөдөр долоон тэрбу­маар үнэлэгдэж дуудагдана.

Хэдийгээр энэ газрыг гадныханд өгчихвөл үндэсний аюулгүй байдалд заналхийлж болзошгүй нөхцөл байдал үүснэ гэх нэгэн байдаг ч долоон тэрбумаас дуудаж авчихаад  байшин барих монгол хөрөнгө оруулагч хэд байгааг тооцоолж үзэхээс өөр аргагүй. Тэгвэл бизнесийнхэн энэ газрыг авах бас тэнд юу барьж босгох төлөвлөгөөгөө ч ил танилцуулж эхлэв. “ХАС”-ын буюу “Ард санхүүгийн нэгдэл”-ийн гүйцэтгэх захирал Ч.Ганхуяг өнгөрсөн долоо хоногт  Сүхбаатарын нэрэмжит хэвлэх үйлдвэрийн дуудлага худалдаанд оролцох сонирхлоо илэрхийлж, дэнчингийн мөнгийг хамтран босгох сая төгрөгтнүүдийг уриалж эхэлсэн байна.  Хэвлэх үйлдвэрийн барилгын хажууд анх өөрийн офиссоо барьж, түүнийгээ бараадан үйл ажиллагаа явуулж эхэлсэн “ХАС”-д ийм сонирхол байх нь гарцаагүй. Таван жилийн өмнө гаргаж байсан зураг төслөө ч олонд дэлгэв.

Хотын А зэрэглэлийн энэ газарт хэрвээ үл хөдлөх хөрөнгөтэй болчихвол гэх бодол зөвхөн түүнд төрнө гэж үгүй. Олон мянган залууст ийм мөрөөдөл бий. Гэвч долоон тэрбумд хүрэх мөнгө тэдэнд үгүй. Залуусын энэ хүслийг нэгтгэн тэрээр 10 цагийн дотор бараг хоёр тэрбум төгрөг цуглуулсандаа өөрөө ч үл итгэн суугаа аж.  Тэрээр дуудлага худалдаанд оролцохоос илүүтэйгээр хотын захиргаатай тохиролцож, хамтрагч болохыг илүү ойр боломж гэж харж байгаа учраас Э.Бат-Үүл даргад хандсан гэнэ. Гэхдээ тэд тохиролцсон эсэх, хамтрагчид болж чадах тухай мэдээлэл алга. Энэ талаар Ч.Ганхуяг захиралтай холбогдож мэдээлэл авахыг хүссэн боловч, амжилтгүй болов. Ямар ч байсан тэрээр өөрийн фейсбүүкээр дамжуулж, 877 хүн хандаж, 1,722 тэрбум төгрөг амласан талаар мэдээлэл цацсан байлаа. Хэдийгээр газар худалдаж авахад долоон тэрбум гэдэг багагүй мөнгө мэт санагдаж болох ч зарим нэг хүний хувьд хотын А зэрэглэлийн газарт үл хөдлөх хөрөнгөтэй болохын тулд гаргаж болох зардал биз. Зөвхөн Шангри-Ла гэхэд 500 сая ам.долларын хөрөнгө оруулалт орсон гээд бодвол долоон тэрбум төгрөг гэдэг арван хувьд нь ч хүрэхгүй тоо байж  мэднэ.
Дуудлага худалдаанд орол­цох хүсэлт ирүүлэгч нь хэр­­вээ авч чадвал 14 хоногийн до­тор худалдан авсан хөрөн­гийн­хөө үнийг шилжүүлэх ёстой.
“Дуслыг хураавал да­лай” гэгчээр дуудлага худал­­­­даанд оролцохоо ил тодоор илэрхийлээд байгаа Ч.Ган­хуягийн хувьд ямар ч байсан дэнчингийн үнээ шилжүүллээ гэхэд дараагийн алхам нь юу байх вэ гэдэг сонирхолтой. Магадгүй “ХАС”-ын өөрсдийн халааснаас гаргах ч юм билүү. Өнөөдөр дуудлага худалдаанд 1000 залуусын нэгдэл ХАС-ыг Ч.Ганхуягаар толгойлуулж орох нь тодорхой боллоо. Харин түүнтэй өрсөлдөхөөр хэн хэн тодрох бол...

0 Сэтгэгдэл
Хамгийн их уншсан