Билгийн

Доллар (USD)

Улаанбаатар

С.Соронзонболд: Байгаль хамгаалагч манаач өвгөн биш шүү дээ, уг нь

Л.БАТБААТАР

Улаанбаатар хотын ногоон бүс болон байгаль хамгаалагчдын ахуй хангамжийн талаар нийслэлийн Байгаль орчин ногоон, хөгжлийн газрын Захиргаа удирдлагын хэлтсийн дарга С.Соронзонболдтой ярилцлаа.

-Нийслэлийн Байгаль орчин, ногоон хөгжлийн газар ямар чиг үүрэгтэй ажилладаг вэ?
-Нийслэлийн Байгаль орчин, ногоон хөгжлийн газар нь Улаанбаатар хотын ногоон бүс болон нутаг дэвсгэрийн байгалийн баялагийг хамгаалах, зүй зохистой ашиглуулах, нөхөн сэргээх чиглэлээр  ажиллах чиг үүрэгтэй байгууллага. Тодруулбал, Улаанбаатар хотын байгаль орчны газрыг манай байгууллага хариуцан ажилладаг. Хойд зүгт Хандгайт, Жигжид, Шарга морьт, зүүн тийшээ бол Гачуурт, баруун зүгт Партизаны сангийн аж ахуй, 52-ын даваа хүртэл, урд зүгт Биокомбинат хүртэлх газар нутаг нийслэлийн нутаг дэвсгэрт харьяалагддаг юм. Эхний ээлжинд одоо байгаа ногоон бүс, ой мод, уул, усыг байгаа байдлаар нь хамгаалах, хадгалж, хойч үедээ үлдээх зорилготой ажиллаж байна. Ногоон бүсээс байгалийн баялагийг зөв зохистойгоор  хуулийн дагуу ашиглуулна. Нийслэлийн төвөөс Улаанбаатар хотын зах хүртэл багаар бодоход 60 километр. Өдөр бүр 60 километрийн цаана хяналт та­­­вих боломжгүй. Иймд, 24 цагийн турш тасралтгүй хяналт тавихын тулд байгаль хам­­гаалагчийг тухайн га­зар нутагт байршуулж ажиллуулдаг.

-Байгаль хамгаалагчдыг хэрхэн сонгон авч ажиллуулдаг вэ. Дээхэн үед ойн цагдаа гээд ихэвчлэн настай хүмүүс ажилладаг байсан санагдана?
-Байгаль хамгаалагчийн ажлын байрны тодорхойлол­тод  дээд боловсролтой  (экологич, байгаль хамгаалагч чиглэлээр бол сайн), эсвэл хуулийн чиглэлээр дээд сургууль төгссөн хүн байгаль хамгаалагчаар ажиллана гэж заасан байдаг.
Мөн Төрийн албаны шалгалтад тэнцсэн байх шаардлагатай. Төрийн албаны болон Хөдөлмөрийн хуульд заасан насны ангилалаар 60 хүртэлх насны хүмүүсийг ажилд авдаг. 60 нас хүрвэл тэтгэвэр тогтоолгох хуультай. Байгаль хамгаалагч бол Төрийн жинхэнэ албан хаагч юм. ТЗ-2 гэсэн цалингийн хамгийн бага сүлжээгээр цалинж­даг. Байгаль хамгаа­лагчдад ажлын тогтсон цаг гэж байдаггүй. Өөрөөр хэлбэл, өдрийн найман цаг ажиллаад гэртээ харьчихвал байгаль дэлхий эзэнгүй орхигдоно. Ийм учраас тухайн газарт нь суурьшуулж ажиллуулахын тулд байгууллагаас хашаа байшин барьж өгдөг.

-Нийслэлийн ногоон бүсэд 38 байгаль хам­гаа­лагч ажилладаг гэсэн. Эдгээр байгаль хамгаа­лагч ажлын байрны тодор­хойлолтод тэнцсэн үү. Байгаль хамгаалагчдыг ажилд авахдаа ямар сонгон шалгаруулалт хийдэг вэ?
-Төрийн албаны зөвлөлд захиалга өгдөг. Үүний дагуу Төрийн албаны шалгалт зарлагдаж, тэнцсэн хүмүүс байгаль хамгаалагчаар ажилладаг. Манай байгаль хамгаалагчдын ихэнх нь дээд боловсролтой. Ний нуугүй хэлэхэд дээд сургууль төгссөн боловсролтой залуучуудад,  уулын мухарт суурьшин 400 мянган төгрөгийн цалинтай, халуун хүйтэнд даарч хөрөн байгаль хамгаалагчийн ажлыг хийх сэтгэл байхгүй. Байгалиа хайрлах сэтгэлтэй хүнийг байгаль хамгаалагчаар ажиллуулах хэрэгтэй. Байгалиа хайрлах сэтгэлгүй хүнийг ажилд авбал, чононд хонь хадгалуулахын үлгэрээр байгаль орчноо сүйтгүүлээд, хууль зөрчигчдийн хамсаатан болох явдал гардаг. Хуулийн шаардлага хангасан хүмүүс манай байгууллагад хэрэгтэй байна. Байгаль хамгаалагчаар залуучууд цөөн ажилладаг. Голдуу цэрэг, цагдаагийн байгууллагаас 40 гаруй насандаа тэтгэвэрт гарсан, байгалиа хамгалах сэтгэлтэй хууль зүйн дээд боловсролтой иргэд байгаль хамгаалагчаар ажиллаж байна. Өмнө цаг­даа­гийн байгууллагад ажил­­лаж байсан болохоор бай­галь хамгаалагчийн ажилд түүртдэггүй давуу талтай бай­даг. 2013 онд Төрийн албаны шалгаруулалт зарлан 10-аад хүнийг байгаль хамгаалагчийн ажилд авсан. Мөн сарын өмнө Төрийн албаны шалгаруулалт хийлээ. Байгаль хамгаалагчаар ажиллах хүсэлтэй хүмүүс Төрийн албаны шалгалтад  цөөн тоогоор ханддаг.

-Байгаль хамгаалагчдад ямар ахуй хангамж олгодог юм бэ. Өвлийн улиралд өмсөх дулаан хувцас болон бие хамгаалах хэрэгслээр хангадаг уу?
-Байгууллагын зүгээс мотоциклоор хангадаг. Сард 25 мянган төгрөгийн бензин олгоно. Мөн унаа, хоолны нэмэгдэл олгодог. Нэмж бие хамгаалах хэрэгсэл болгож хийн гар буу, бороохой, өвөл зуны хувцас гутал, энгэрийн камер, зургийн аппаратаар бүрэн хангасан.

-Нэг байгаль хамгаалагч хэчнээн хэмжээний газар нутгийг хариуцан ажиллаж хамгаалдаг вэ?
-Байгаль орчныг хамгаа­лах тухай хуульд, нэг байгаль хамгаалагчийн хариуцан ажиллах талбайн хэмжээг заасан байдаг. Хөдөө орон нутгийн нэг байгаль хамгаа­­лагчийн хариуцах талбайн хэмжээ нь харьцангуй их байдаг юм. Орон тоо ч цөөхөн. Нэг суманд нэг л байгаль хамгаалагч ажил­­­ладаг. Нийслэлийн хувьд хүн ам их суурьшсан гэдэг онцлогоос шалтгаалж 8-10 мянган га газрыг нэг байгаль хамгаалагч хариуцан ажиллаж хамгаалдаг. Ойн сан бүхий газар нь харилцан адилгүй. Ойтой газар ч байна. Ойгүй газар ч бий. Зөвхөн ойгоо хамгаална гэхгүй газар нутгаа бүхэлд хамгаалж, хяналт тавьж ажилладаг.

-Төрийн өмнөөс байгаль орчныг хамгаалж буй байгаль хамгаалагчдад хууль бус үйлдэл хийгчдээс  дарамт, шахалт ирдэг үү. Энэ талаар ямар нэгэн мэдээлэл бий юу?
-Иргэдийн дунд байгаль хамгаалагч гэхээр ойн манаач өвгөний дүр зураг буудаг. Энэ ойлголт одоо ч хэвээрээ байна. Байгаль орчныг хамгаалах тухай хуулиар бол байгаль хамгаалагч нь хариуцаж байгаа нутаг дэвсгэртээ Улсын байцаагчийн эрх үүрэг эдэлдэг. Өөрөөр хэлбэл, хууль зөрчсөн этгээдийг саатуулах, тээврийн хэрэгслийг журамлах, бичиг баримт хураах зэрэг эрх эдэлдэг. Хууль зөрчигсөд, байгаль хамгаалагчийг үл тоож, дээрэлхүү хандах явдал их гаргадаг. Манайхан Цагдаагийн албан хаагчийн тавьсан шаардлагыг бол биелүүлдэг. Байгаль хамгаа­лагчид маань аливаа эрсдлээс сэргийлэхийн тулд бүлгээрээ ажилладаг. Тодруулбал, зэргэлдээ байгаль хамгаалагч нартайгаа хамтран ой модоор явж хяналт шалгалт хийдэг. Ингэж хоёр, гурвуулаа явахгүй бол гадны халдлагад өртөх магадлал их. Жишээлбэл, намрын улиралд битүү ой дотор самар, жимс түүгчидтэй таарч шаардлага тавихад “Ална шүү” гээд л босоод ирнэ. Ер нь их хэцүү. Самар түүх хуулийн хугацаа болоогүй байна гээд л хууль тайлбарлаж, заримдаа харьяа хороо дүүргийнхээ цагдаатай хамт, эсвэл бүлгээрээ очиж, арга хэмжээ авч байж уулнаас буулгадаг.
Ойн сан бүхий газар ард иргэд газар авч, байшин барихын тулд мод сүйтгэх явдал гардаг. Үүнд хуулийн дагуу шаардлага тавихаар янз бүрийн байдлаар дарамтладаг. Мөн модны хулгайч нар аюултай. Голдуу хүн ам оршин суудаггүй   алс газарт  байгаль хамгаалагчид ажилладаг. Ямар нэгэн халдлагад өртөх магадлал их. Ийм учраас, байгууллагын зүгээс байгаль хамгаалагчдадаа “Ганц, нэгээрээ битгий яв, заавал бүлгээрээ ажилла”  гэж байнга захидаг. Байгаль хамгаалагчдаа янз бүрийн халдлагаас хамгаалах үүднээс энгэрийн камераар хангасан. Энгэрийн камераа байнга зүүснээр, гүтгэх, доромжлох болон ямар нэгэн асуудал гарахад өөрсдийг чинь хамгаалах болно гэдгийг үргэлж сануулдаг. Болсон бүх асуудлыг дүрсжүүлж, баримтжуулах хэрэгтэй. Ингэснээр, халдлага болон гүтгүүлэхээс урьдчилан сэргийлнэ гэж  зөвлөдөг.

-Сүүлийн үед байгаль хамгаалагчдын зүгээс ил­рүүлсэн томоохон хэрэг зөрч­лийн талаар дурдахгүй юү?
-Өнгөрсөн жил Баян­хошууны тойргийн орчим орших модны захад хулгайн мод зөөвөрлөж авчирч зардаг байсан хэргийг  илрүүлсэн. Хулгайн модыг Толгойтын Зүүн болон Баруун салааны нутаг дэвсгэрийн ойгоос хулгайлгаар бэлтгэн тээвэрлэж авчирдаг байв. Томоохон сүлжээ бүхий  хэргийг манай байгаль хамгаалагчид илрүүлсэн юм. Харамсалтай нь, энэ хэрэг  мөрдөн байцаалтын шатанд замхарсан. Ер нь манай байгаль хамгаалагчид байнга зөрчил илрүүлдэг. Голдуу хулгайн мод, хууль бусаар ой модны торлогыг сүйтгэж байшин барьдаг зөрчил илэрдэг. Эдгээр зөрчилд захиргааны арга хэмжээ ногдуулдаг. Хохирлын хэмжээ их байвал Цагдаагийн байгууллагад хэргийг шилжүүлнэ. Байгаль орчинд учруулсан хохирлын хэмжээ хөдөлмөрийн хөлсний доод хэмжээнээс их байвал Цагдаагийн байгууллагад шилжүүлнэ гэсэн хуулийн заалттай. Учруулсан хохирол нь хөдөлмөрийн хөлсний доод хэмжээнд байвал захир­гааны арга хэмжээ авдаг. Байгаль хамгаалагчид маань Ойн тухай, Усны тухай болон Байгалийн ургамлын тухай хуулийн хүрээнд торгуулийн арга хэмжээ ногдуулдаг. Энэ гурван хуулийн хүрээнд захиргааны арга хэмжээ авах эрхтэй. Хууль бусаар мод, модон материал бэлтгэсэн, тээвэрлэсэн, худалдсан этгээдийг хөдөлмөрийн хөлс­­­­­­­­­­­­­­­­­­­­­­­ний доод хэмжээг тав дахин үржүүлсэнтэй тэнцэх буюу 960 мянган төгрөгөөр торгодог. Усны тухай хуульд зөвшөөрөлгүй худаг ухах, гол бохирдуулах болон Ойн тухай хуульд гал түймрийн аюултай үед ойд гал түлэх, Улсын байцаагчийн шаардлагыг биелүүлээгүй тохиолдолд хөдөлмөрийн хөлсний доод хэмжээг нэг дахин нэмэгдүүлсэнтэй тэнцэх хэмжээний мөнгөөр торгоно гэсэн заалтаар захиргааны арга хэмжээ авдаг.

-Байгаль хамгаалагчдад тулгамдсан ямар асууд­лууд байна вэ. Тулгамдсан асуудлыг шийд­вэрлэх та­лаар хэрхэн ажиллаж байна вэ?
-Өнөөдрийн байдлаар байгаль хамгаалагчдын цалин хөлс бага байгаа нь хамгийн тулгамдсан асуудлын нэг болж байна. Төрийн албаны ТЗ-2 гэдэг сүлжээний шатлал  бол хамгийн бага цалинтай байдаг. Ажлын найман цагт баригдахгүй, зөрчил гарвал өдөр шөнөгүй ажилладаг. Тийм учраас ахуй хангамжийн талаар тусад нь зохицуулсан зохицуулалт байх хэрэгтэй. Би 2013 онд энэ ажилд томилогдсон. Томилогдсноос хойш Байгаль орчин, ногоон хөгжлийн яаманд болон Төрийн албаны зөвлөлд цалингийн шатлалыг ахиулах асуудал тавьсан. Байгаль орчин, ногоон хөгжлийн яамнаас хариу ирээгүй байна. Байгаль хамгаалагчаар тогт­вор суурьшилтай ажиллах нөхцөлийг сайжруулах хэрэг­тэй. Байгууллагын зүгээс бай­галь хамгаалагчдын 70 хувийг  хашаа байшингаар хангасан. Үлдсэн хувь өөрсдийнхөө гэрт амьдарч байна.

0 Сэтгэгдэл
Хамгийн их уншсан