Билгийн

Доллар (USD)

Улаанбаатар

АНУ-ын ерөнхийлөгч Жон Кеннедиг хэн хөнөөсөн талаарх 10 таамаг

52 жилийн тэртээ АНУ-ын 35 дахь ерөнхийлөгч Жон Фицжеральд Кеннедиг хөнөөсөн нь өнөө хүртэл нууц нь тайлагдахгүй байгаа улстөрийн хамгийн том хэрэгт тооцогддог.
Түүнийг Даллас хотод 1963 оны арваннэгдүгээр сарын 22-ны баасан гарагт буудан хөнөөсөн.
Кеннеди тус хотын Элм-Стрит гудамжинд цуваагаар явж байх  үед винтов буугаар буудахад ерөнхийлөгч хүзүү, толгойдоо оногдож эмнэлэг хүрч чадалгүй амьсгал хураасан юм.
АНУ-ын Дээд шүүхийн төлөөлөгч Эрл Уорренээр ахлуулсан тусгай комисс 10 сарын турш мөрдөн шалгаж, тэнгисийн явган цэрэг байсан  Ли Харви  Освальд буудсан гэж тогтоосон. Гэмт хэрэгтнийг зохион байгуулалттай гэмт хэргийн зүүн, баруун бүлэглэлтэй холбоотой байсан гэж үзсэн. Мөрдөн шалгасны дүнд алуурчин нь Освальд байсан гэдэг ч түүний ард захиалагч байсан нь мэдээж.
Үүнтэй зэрэгцээд өөр хувилбарууд бас байсан. Ухаандаа тэнд нэг биш мэргэн буудагч байсан. Мэргэн буудагч хүн давхиж яваа цуваан дахь хүнийг оноход буугаа цэнэглэж амжих уу. Гэтэл Уоррений комиссын тогтоосноор ерөнхийлөгчийн цуваа руу зургаан ч удаа буудсан байдаг. Тэгэхдээ нэг газраас биш өөр өөр байрлалаас буудсан гэж үздэг.
Иймдээ ч социологийн судалгаагаар америкчуудын 70 хувь нь аллагын албан ёсны дүгнэлтэд итгэхгүй байна гэж хариулсан байдаг. Үүнээс үүдээд ерөнхийлөгчийн амийг хэн хөнөөв гэсэн  янз бүрийн таамаг үргэлжилсээр.

1.Кеннедиг үнэхээр Ли Харви Освальд хөнөөсөн

Албан ёсны дүгнэлтээр бол ганц алуурчин нь Ли Хари Освальд. Түүнийг аллагын дараахан ном хадгалах байшингаас гарч явахыг харсан гэрч бий. Зэвсэг нь 6,5 мм-ийн Carcano Model 91/38 винтов. Комиссын тогтоосноор тэр буугаа хайрцагны цаана нуусан. Түүнийг Ли 1963 оны гуравдугаар сард “А.Хидпелл” гэсэн шуудангийн хаягаар худалдаж авсан гэдэг.

Освальдыг аллага болсноос цаг хагасын дараа кино театраас баривчилсан. Тэрээр бас өөрийг нь саатуулахаар ирсэн цагдааг гар буугаар таван удаа буудан хөнөөсөн.
Эрдэмтэд тухайн үедээ хамгийн шинэлэг аргаар Освальдыг нэг гартаа марксист сонин, нөгөө гартаа винтов бариад байгаа төрхийг бүтээсэн байна.

Үүнээс гадна Освальдын ерөнхийлөгчийг алсан яг тийм винтов бариад зогсч байгаа гэрэл зургийг олсон. Түүнийг 1963 оны гуравдугаар сарын 31-нд эхнэр Марина нь авсан байдаг. Зураг дээр үнэхээр Освальд нэг гартаа винтов, нөгөө гартаа марксист сонин барьсан байдаг. Энэ бүхэн түүнийг буруутгах баримт нотолгоо болдог.
         
Освальд Ли Харвиг 1963 оны арваннэгдүгээр асрын 24-нд байцаалтад явахаар цагдаагийн газраас гарч явахад нь шөнийн клубын эзэн Жек Руби буудаж хүн шархдуулснаар амь алдсан.

2. Харь гаригийн хөлгийн маш нууц баримт бичгээс болж хөнөөсөн байх

Энэ хувилбарыг америкийн тусгай албаны ажилтан байсан Милтон Уильям Купер гэгч гаргаж ирдэг. Түүнийхээр бол ерөнхийлөгч сансраас, харь гаригаас ирэгсдийн тухай нууц баримтуудыг АНУ-ын барууны элитүүдэд задлахаар холбоо барьсан нь аллагын үндэс болсон гэдэг. Ерөнхийлөгч Кеннеди амь алдахаасаа 10 хоногийн өмнө харь гаригийн хөлөгтэй холбоотой нууц баримтуудыг үзэхийг шаардсан байдаг. Үүнийг Кеннедийн 1963 оны арваннэгдүгээр сарын 12-нд Тагнуулын төв газрын захиралд бичсэн захидал нотолдог. Тэгэхээр ерөнхийлөгчид харь гаригийн хөлгийн тухай нууцыг мэдүүлэхгүйн тулд буудан хөнөөсөн гэсэн үг.

Кеннеди бас НАСА-гийн тэргүүнд захидал бичиж сансрыг эзэмшихэд ЗХУ-тай хамтран ажиллах хүсэлтээ илэрхийлсэн байна. Тэнд ЗХУ-ын нутаг дэвсгэр дээгүүр харь гаригийн олон хөлөг харагдаж байгаад түгшиж, Зөвлөлтийн удирдлага үүнийг америкийн түрэмгийлэл хэмээн буруу ойлгох вий гэж эмээж байгаагаа бичсэн байна.
Энэ бүхэн нь ерөнхийлөгчийг хөнөөх үндэс болсон байх гэж үзэж байгаа нь энэ.

3. Кеннедийг алахыг дэд ерөнхийлөгч Линдон Жонсон захиалсан байж магадгүй

Daily Mail сонинд ерөнхийлөгчийн бэлэвсэн гэргий Жаклин Кеннеди-Онассис америкийн түүхч Артур Шлезингерт ярилцлага өгөхдөө нөхрийнхөө үхэлд дэд ерөнхийлөгч  байгаад дараа нь ерөнхийлөгч болсон Линдон Жонсоныг буруутгасан байдаг.
Жаклиныхаар бол аллагын ард Линдон Жонсон, өмнөдийн хэд хэдэн бизнесмэн байж, Освальлд Ли Харви бол яриа хэлэлцээний оролцогч гэнэ.

Линдон Жонсонд  засгийн эрхийг авах хүслээс гадна, өөрийгөө хамгаалах хэрэгцээ байж. Дэд ерөнхийлөгч байснаас ерөнхийлөгч байх нь түүнийг авлигын хэргээс илүү найдвартай хамгаална. “Хэрэв тэр өдөр Кеннеди үхээгүй бол Линдон Жонсон тун удахгүй шорон руу явах байсан” гэж Жонсоны нууц амраг байсан Мадлен Браун 2002 онд нас барахынхаа өмнө хэлсэн байдаг.
Далласыг  зүгээр ч нэг сонгож аваагүй. Техасаас гаралтай Линдон Жонсон өөрөө Далласын цагдаагийн газрыг хянадаг, тэгэхээр хэргийн ул мөрийг нуухад хамгийн тохиромжтой. Жонсон,  Техасын амбан захирагч  Жон Конналли хоёр ерөнхийлөгчийн маршрутыг өөрчилж Дили Плазаар дамжуулсан байдаг.
Кеннедийн аллагыг Линдон Жонсон захиалсан гэдэгт олон хүн, ерөнхийлөгч Ричард Никсон, цагаан ордны олон хүн итгэсээр ирсэн. 

4.Ерөнхийлөгчийг алдаанаас болж хөнөөсөн

1990-ээд оны дундуур израилын тагнуул В.Островскийн “Би тагнуул “Моссад” байсан” гэдэг ном баруунд хэвлэгдсэн. Түүнийхээр бол алуурчин нь Ли Харви Освальд ч биш харин мафийнхан байж. Техас мужийн амбан захирагч Жон Коннэли гангстеруудад садаа болж нефтийн бизнесийг өөртөө авахаар зүтгэж байснаас түүнийг алахаар төлөвлөж. Харамсалтай нь амбан захирагч ерөнхийлөгчийн машинд сууж явсан болохоор 88 ярдын зайнаас буудсан мэргэн буудагч машины хөдөлгөөн дунд алдаж буудаад Ерөнхийлөгчийг хөнөөсөн  гэж бичжээ.

5.Тагнуулын төв газар захиалсан

1966 онд Шинэ Орлеаны тойргийн прокурор Жим Гаррисон энэ аллагыг хувиараа мөрдөж эхэлсэн байна. Тэрээр юун түрүү  агаарын тээврийн Eastern Air Lines компанийн нисгэгч Дэвид Ферри, шинэ орлеаны банкир Клей Шоу нарыг сэжиглэсэн. Түүнийхээр бол ТТГ-ын байгуулж санхүүжүүлдэг хэт барууны цэрэгжсэн бүлэглэл, кубын дүрвэгсдийн кастрогийн эсрэг алан хядагч бүлэглэл энэ аллагыг үйлдсэн гэнэ.
Аллагын гол шалтгаан нь Кеннедийн багийн улс төрийн бодлого. Свинейн буланд явуулсан ажиллагаа, ЗХУ-тай аядуу харилцаа тогтоож эхэлсэн, Карибын тэнгисийн хямрал, арьс өнгөөр ялагаварлахыг зөөлрүүлсэн г.м
Гаррисоны сэжиглээд байгаа Ферри, Шоу нар Харри Освальдтай танил байсан, тэд гэмт хэргээ хэрхэн хийх талаар зөвлөлдсөн гэдэг. 1967 оны хоёрдугаар сарын 17-нд мөрдөн байцаалтын ажлын тухай мэдээлэл хэвлэлд гарсны дараа Ферриг гэрийнх нь гадаа хэн нэгэн хөнөөсөн. Ингээд ганц амьд сэжигтэн Шоуг Кеннедийн үхэлд буруутган шүүхэд дуудаж энэ гурвын талаар хэд хэдэн гэрч баримт нотолгоо гаргасан ч тангарагтны шүүх 1969 оны гуравдугаар асрын 1-нд Шоуг буруугүй гэж үзсэнээр энэ таамага талаар өнгөрсөн. 

6. Кеннедийг ерөнхийлөгчийн хамгаалагч буудсан

Энэ хувилбараар бол ерөнхийлөгчийг алаагүй зүгээр л золгүй тохиолдол болсон гэдэг. Нууц албаны төлөөлөгч Жорж Хики бол ерөнхийлөгч, түүний гэргий, цагаан ордны өндөр албаныхныг хамгаалдаг нэгэн. Арваннэгдүгээр сарын тэр өдөр Хики ерөнхийлөгчийн лимузины арын машинд сууж явж. Освальд Харрийн анхны буудлагын дуунаар Хики AR-15 винтовоор хариу гал нээсэн байна. Тэр бас анх удаа ийм винтов барьсан нь тэр гэдэг. Машины хурдан дунд Хики алдаж буудсан нь ерөнхийлөгчийн хүзүүнд оночихсон гэсэн таамаг бас бий. Цагаан ордонд Хикийн буудсан тухай мэдсэн ч энэ нь цэвэр тохиолдол, алдаа байсан гээд бүхий л нотлох баримтыг устгасан гэдэг.

7. Кеннедиг мафийнхан алсан


Энэ хувилбарыг дэвшүүлэгчид аллагын захиалагчаар мафийн загалмайлсан эцэг Карлос Марселло, Санто Трафиканте болон  Сэм Джианкан нарыг нэрлэдэг. Кеннеди өөрийн төрсөн дүүү, Ерөнхий прокурор Роберт Кеннедитэй нийлж АНУ-ын зохион байгуулалттай гэмт хэрэгтэй дайн зарласных нь төлөө тэд алахаар шийдсэн гэнэ.
Уг нь мафийн энэ бүлэглэл Кеннедиг ерөнхийлөгч болоход нь тусалсан, гэтэл тэрээр хариуд нь тэдэнтэй дайн зарласан. Үүнийх нь төлөө  алахаар шийдсэн. Энэ хувилбарыг дэвшүүлэгчид Холбооны мөрдөх товчоо бүр 1985 онд Марселлогийн талаар мэдсэн ч нууцыг тэр чигээр нь хадгалахаар шийдээд задлаагүй гэж үздэг.

8.Цэргийнхэн Вьетнамын төлөө өшөө авсан

Энэ хувилбар 1993 онд АНУ-д Оливер Стоуны “Ж.Ф.К” гэдэг кино гарсны дараа гарч ирсэн. Энэ кинонд Х нэртэй нэгэн баатар Кеннеди Өмнөд Вьетнамаас америкийн цэргийг гаргах гэж байгаа тухай мэдэгддэг. Энэ Х гэгч нь штабын дарга нарын хорооны ажилтан цэргийн нисэх хүчний хурандаа Флетчер Праути. Кеннедийг алагдахаас зургаан долоо хоногийн өмнө Кеннеди Өмнөд вьетнамаас цэргийн мянган зөвлөхөө гаргана. 1965 оны арванхоёрдугаар сар гэхэд бүх цэргээ гаргана гэсэн НСАМ 263 гэдэг меморандум гаргасныг задалсан.
Харин Кеннедиг алагдсанаас хойш дөрөв хоногийн дараа АНУ-ын шинэ ерөнхийлөгч Линдон Жонсон  Өмнөд Вьетнамаас цэрэг гаргах тухай ямар ч яриа байхгүй гэж мэдэгдсэнээр Вьетнамын дайн эхэлсэн.
Профессор Питер Скотт “Эхо планеты” сэтгүүлд 1968 онд өгсөн ярилцлагадаа “Дайнд ганц хүн бэлтгэдэггүй, бас эхлүүлдэггүй.  Дайн гэдэг улстөрийн бүхэл бүтэн карьер. Улстөрчдийн бүхэл бүтэн үе дайны ачаар л засгийн эрхэнд гарч ирж байсан. Ийм зүйлээс хэн сайн дураараа татгалзах билээ. Энэтхэг хятадын хойгийн дайнд олон жил бэлтгэсэн, америкийн улс төрийн бүхэл бүтэн аппарат үйлчилж үүнийг дэмжиж байлаа. Гэтэл үүнийг зогсооно гэдэг олон хүнд аюултай хэцүү болсон. Энэ л түүний хувь заяаг шийдсэн” гэсэн байдаг.

9. Ерөнхийлөгчийн кубын тагнуул G2  хөнөөсөн


Освальдыг мөрдөх явцад тэрээр 1963 оны есдүгээр сард автобусаар Мехико руу явж тэнд хэд хэдэн удаа чухал хүмүүстэй уулзсан гэдэг баримт байдаг. Автобус нь Мексикт очоод Кубын элчингийн хашаанд ордог. Тэнд кубын хожмын тагнуулын дарга Фабиан Эскаланте, түүний хамаатан Анибал, Кубын коммунист намны ерөнхийлөгчийн хүү гээд “хувьсгалын цэргүүд” байж. Тэдэнд АНУ-ын ерөнхийлөгчийн алах сонирхол мэдээж маш иих.
Освальд хэдийгээр маш найдваргүй хүн боловч кубчүүд ийм боломжийг алдахыг хүсэхгүй нь мэдээж. Тэд Кеннедийг кубөн хувсгалын дайсан дугаар нэг гэж үзэж байгаа. Ингээд америкийн ерөнхийлөгчийн толгойг тэд 6,5 мянган долараар үнэлж. Освалдад эрх чөлөөний аралд хоргодох газар өгнө гэж амласан ч хэлсэн үгэндээ хүрэлгүй зөнд нь орхисон байна.
Хэргийг мөрдөн шалгах үед Холбооны мөрдөх товчооны ажилтан Лоуренс Кинан гэгчийг Мехико руу явуулсан байдаг ч гурав хоногийн дараа Вашингтонд эргүүлэн дуудсан гэнэ. Тэрээр мөрдөн шалгах ажлаа орхиж ирэхийг Линдон Жонсон даалгасан байх гэж итгэж байж. Линдон болохоор Кубын эсрэг асуудал үүсгэх нь ЗХУ-тай дайтахад хүрч мэднэ гэж болгоомжилосон хэрэг. Освальд бол яахав эх орноо үзэн ядагч нэгэн байсан, түүнийг нь ашигласан, тэр бол ердөө л зэвсэг” гэж Кубын нууц албаны ажилтан байсан Оскар Марино баталдаг.
Гэхдээ Кеннедиг алах тушаалд Фидель Кастро өөрөө гарын үсэг зурсан эсэхийг Марино мэдэхгүй байгаа юм. Гагцхүү Кеннедийн дүү Роберт ахынхаа үхлийн дараа Фиделийн аминд халдах гэж найман удаа оролдсон юм.

10. Кеннедийн аллагын ард вьетнамын засгийн газар бий

1963 оны арваннэгдүгээр сарын 1-нд Өмнөд Вьетнамд цэргийн эргэлт болж хууль ёсны засгийн газраа унагаалаа. Нго Дин Дим хоёр ахынхаа хамт алагдлаа. Энэ эргэлтийг АНУ-ын ерөнхийлөгч Кеннедийн шууд тушаалаар Тагнуулын төв газар зохион байгуулсан.
Вьетнамчууд өөрт нь талархана гэж тэр тооцоолсон ч алдаа болж аминд нь хүрсэн юм. Өшөө авах ажил харгис, бас хурдан байсан. Ердөө гурван долоо хоногийн дараа түүнийг Далласт хөнөөлөө. Ерөнхийлөгч Кеннедиг хөнөөгөөд 48 цаг болж байхад Корсикийн харьяат алуурчин, хар тамхины наймаачин Люсьер Сартиг баривчилсан байдаг. Арваннэгдүгээр сарын 22-ны өглөө тэрээр Форт-Уортед ерөнхийлөгч Кеннедиг “Техас” зочид буудалд үг хэлэхэд нь тэнд байсан байдаг. Гэтэл хэдхэн цагийн дараа Далласт бас байж байсан.
Энэ хүн гадаад орны цэргийн баазад бэлтгэл хийж байсан, төрийн эсрэг гэмт хэргийн төлөө францын засгийн газар  эрэн сурвалжилж байгаа гэдгийг Холбооны мөрдөх товчоо сайн мэдэж байсан. Тэрээр францын ерөнхийлөгч де Голлийн эсрэг үзэлтэй цэргийнхний хэт барууны нууц байгууллагын гишүүн байсан хүн. Түүнийг баривчилсны дараа  вьетнамчууд, Холбоны мөрдөх товчоо их анхаарал тавьж Мексик рүү юм уу, Канад руу  нууцаар гарган сураг алдарсан гэдэг.

0 Сэтгэгдэл
Хамгийн их уншсан