Билгийн

Доллар (USD)

Улаанбаатар

Парист их гүрний удирдагчдыг эсэргүүцсэн жагсаал боллоо

Б.БААТАР

Францын Парис хотод дэлхийн 195 орны удирдагч цуглажээ. Дэлхийн улс орнуудын төрийн тэргүүн, Ерөнхий сайд, Гадаад хэргийн сайд нар болон албаны хүмүүс дэлхийн дулаарал, цаг уурын өөрчлөлтийн талаар шийдвэртэй алхам хийхээр чуулж буй нь энэ. Эдгээр улс орноос 147 нь өөрсдийн байр суурийн илэрхийлж, сэдвийн хүрээнд асуудлыг хөндөх илтгэл тавих бол үлдсэн нь ажиглагчийн байр сууринаас хандах юм.

НҮБ-ын цаг уурын өөрчлөлтийн алба зохион байгуулж улс орны төрийн тэргүүнүүд өөрсдийн амьдарч байгаа дэлхийд өөрчлөгдөж буй цаг уурын талаар санал бодлоо хуваалцаж, гарах гарцын талаар хэлэлцэх томоохон уулзалт. Энэ уулзалтын үеэр ядуу буурай улс орнууд эсэргүүцлээ илэрхийлж, жагсаал зохион байгууллаа. Цаг уурын өөрчлөлт, дэлхийн дулааралд баян улс орнууд хамгийн их гай гамшиг дагуулж, байгаль экологид ноцтой сүйрэл дагуулах нөлөө үзүүлдэг. Үүнээс болж ядуу буурай орнууд хохирч байгаа гэж тэд үзжээ. 

Өнгөрсөн даваа гарагт эхэлсэн энэхүү “COP21” нэртэй уулзалт Франц улсын нийслэл Парис хотод байрлах Ле Боургетд энэ сарын 11-ний өдөр хүртэл үргэлжлэнэ. Киотогийн протоколоос хойш цаг уурын өөрчлөлт, дэлхийн дулаарлын талаархи хамгийн том хурал зөвлөлгөөн гэдгээрээ онцлогтой. Тиймдээ ч олон нийтийн анхаарлыг маш ихээр татаж байгаа юм.

Дэлхийн дулааралд хамгийн их нөлөө үзүүлж байгаа улс орнуудын жагсаалтыг 1990 оноос 2012 оны хооронд гаргасан байдаг. Үүнд: БНХАУ, АНУ, Европын холбооны улс орнууд, Энэтхэг, ОХУ, Япон, ХБНГУ, Өмнөд Солонгос, Канад, Их Британи, Бразиль, Мексик, Саудын Араб, Индонези, Итали, Австрали, Иран, Франц гэх мэт улс орнууд хамгийн их хорт утаа, байгаль экологид хортой нөлөө үзүүлж байгаа гэсэн тоо барим, судалгаа бий.  Мөн олон улсын тээвэрлэлт, олон улсын агаарын тээвэр ч мөн нэг хүчин зүйл хэмээн үздэг.

Дэлхийн байгаль, цаг уур дулаарахад нөлөөлдөг гол зүйл нь хүлэмжийн хий. БНХАУ болон АНУ хүлэмжийн хий ихээр ялгаруулдаг улс орнууд. Тиймээс дээрх хоёр улс дээрх уулзалтыг голлож удирдан даргалах, асуудалд арай илүү нухацтай хандах нь мэдээж. АНУ-ын Ерөнхийлөгч Барак Обама болон БНХАУ-ын дарга Си Жин Пин Парис хотод хүрэлцэн ирээд байгаа нь ихээхэн ач холбогдол өгч буйн жишээ. Тэгвэл тэдний эсрэг мянга гаруй жагсагч нэгдэж, Парис хотод цуглаан хийж байна. Жагсагчид цагдаа нартай мөргөлдөж, дэлхийн улс орнуудыг эсэргүүцэн байгаль орчиныг бохирдуулж байгаа үйлдлээ зогсоож, хүлэмжийн хий ялгаруулахаа болихыг шаардав. Парис хотын Ле Боургетыг олон зуун цагдаагийн албан хаагчид хамгаалж байгаа. Харин зарим улс орны тэргүүн энэхүү жагсаалыг эергээр хүлээж авч байгаа гэнэ. Цаг уурын өөрчлөлтийн эсрэг хамтдаа тэмцэж байгаа нь чухал гэж тэд үзэж байгаа байр сууриа илэрхийлсээр байгаа юм.
Дэлхийн дулаарлыг бууруулах, үүний эсрэг авах арга хэмжээ, гарцуудын талаар хэвлэлийнхэн эрдэмтдийн баримт судалгааг ч энэ үеэр хөндсөөр байна. Томоохон гэлтгүй үйлдвэрийн утааг шийдвэрлэх, цахилгаан гаргадаг үйлдвэрийн оронд нарны зай хураагуурыг хөгжүүлэх санал их гүрнүүдэд болон энэ удаагийн хурал чуулганд хүрэлцэн ирсэн зочдод эрдэмтэн судлаачид санал бодлоо уламжилжээ. Цаг уур өөрчлөгдөж, дэлхийн дулаарлыг цаашид нэмэгдүүлэхгүйн тулд дулааныг ашиглан цахилгаан гаргаж авах боломж бололцоо байгааг эрдэмтэд сануулсан удаатай. Мэдээж энэхүү нарны зай хураагуурын төсөлд зарцуулагдах хөрөнгө мөнгө үйлдвэрүүдийг шийдэх төсвөөс хамаагүй бага гарна. Түүнчлэн ашиг тус өгнө гэдэгт тэд итгэлтэй байгаагаа ч илэрхийлсэн билээ. Хамгийн ойрын жишээ гэвэл Энэтхэг улс. Энэтхэг улсад нарны зай хураагуурыг ашиглан өдрийнхөө цахилгааны хэрэглээг гаргаж чадаж байгаа. Харин “COP21”-ийн уулзалтаар энэ саналыг дэмжих эсэх нь эргэлзээтэй. Дэлхийн өнцөг булан бүрт нарны зай хураагуурыг бүрэн ашиглах боломжгүй. Улс орнуудад нарны тусгал, туяа харилцан адилгүй. Бороо хур элбэгдтэй, нарын туяа хурц биш газруудад цахилгааныхаа хэрэгцээг хангаж чадах эсэх нь эргэлзээтэй. Гэхдээ Франц Энэтхэг улс хамтарч нарын туяа ихтэй улс орнуудад цахилгааны хэрэглээг орлуулах нарны зайн төхөөрөмжийг ашиглах тал дээр ажиллахаа илэрхийлсэн.
Дэлхийн дулаарал 2020 он гэхэд дахин +2 хэмээр дулаарч, зарим улс орны хуурай газар хэдэн 100 метрээр багасах аюул нүүрлэж байгааг эрдэмтэд сануулсаар. Энэ удаагийн “COP21” хурлаар АНУ БНХАУ үйлдвэрийн хэмжээ болон дэлхийн дулаарлын эсрэг ямар арга хэмжээ авч чадах, чадахгүй талаараа нээлттэй ярилцах аж. Зарим улс оронд жилийн дундаж хэм сүүлийн таван жилд +3 хэмээр нэмэгдсэн үзүүлэлт үнэхээр гай гамшиг тарьж буйг хурлын үеэр мэдэгдсэн байна.
Газрын тосны тээвэр, үйлдвэрийн хорт утаа, хүлэмжийн хийн ялгарал, далай тэнгисийн бохирдол, хүн амын нягтаршил зэрэг нь дэлхийн цаг уур дулаарах хүчин зүйл болж байгаа талаарх 50 хуудас бүхий мэдээлэл, баримттай танилцуулгын номыг хуралд оролцогчдод тараажээ. Далайн болон агаарын тээврийн үйлчилгээ сүүлийн жилүүдэд байгаль экологийн сөрөг нөлөө үзүүлж эхэлсэнийг судалгаагаар баталсан гэнэ.

Уулзалт өмнөх шиг зүгээр нэг нэр төдий хурал биш харин ч бодит ажил хэрэг болж хэрэгжих учиртайг Францын Ерөнхийлөгч Франсуа Олланд мэдэгдсэн. Улс орны төрийн тэргүүнүүдийг байгаль дэлхийн өөрчлөлт, цаг агаарын дулааралд нухацтай хандах цаг ирсэн гэдгийг тайлбарлалаа.

АНУ-ын Ерөнхийлөгч Барак Обама Батаклан театрийн гадаа очин амиа алдсан залуучуудад хүндэтгэл үзүүлэв. Тэрээр залуучуудын дурсгалын хэсэгт цэцэг өргөн “Тэд бол бидний залгамж халаа байсан залуу үеийн төлөөлөл” гэж хэлээд амиа алдсан хүмүүсийн төлөө дахин харамсч байгаагаа илэрхийлснийг хэвлэлийн мэдээлж байна. Ямартай ч их гүрнүүд, улс орнуудын төрийн тэргүүд шийдвэртэй алхам хийж эх дэлхийн байгаль экологийн асуудалд нухацтай хандана гэдэгт найдаж байгаа талаар НҮБ-ын Ерөнхий нарийн бичгийн дарга Бан Ги Мүн энэ уулзалтын үеэр хэлсэн юм. Салхин цахилгаан станц, усан цахилгаан станц, нарны зай хураагуур зэрэг цахилгаан эрчим хүч гаргаж авах олон арга зам бий гэдгийг энэ үеэр хөндөж байгаа билээ.

Энэ удаагийн “COP21”-ийн хуралд зориулан Францын цэргийн анги нэгтгэлүүд, цагдаа тусгайгийн бие бүрэлдэхүүн бэлэн байдалд ажиллаж байгаа юм. Яагаад гэвэл саяхан болсон аймшигт террорист халдлагын дараа дахин тийм зүйл болохгүй гэх баталгаа үгүй. Тиймээс аюулгүй байдалаа чухалчилж, анхаарал болгоомжтой хандаж байгаа. Парис хотод болж буй “COP21”-ийн уулзалтыг эсэргүүцсэн хүмүүсийг баривчлах тушаал тус улсын Ерөнхийлөгч Франсуа Олланд өгсөн талаар эх сурвалжууд мэдээлж, цөөнгүй залуучуудыг тэдний аюулгүй байдалтай холбон түр баривчилсан талаар “Франц24” агентлаг уламжилсан юм.

0 Сэтгэгдэл
Хамгийн их уншсан