Билгийн

Доллар (USD)

Улаанбаатар

Ц.Түвшинбат: Өмнөговьд байгаль хамгаалагчаар ажиллах хүн олдохгүй байна

Л.БАТБААТАР

Тусгай хамгаалалтай газар нутаг болон байгаль хамгаалагчдын талаар Байгаль орчин, ногоон хөгжил, аялал жуулчлалын яамны Тусгай хамгаалалттай нутгийн удирдлагын газрын мэргэжилтэн Ц.Түвшинбаттай ярилцлаа.

-Тусгай хамгаалалттай газар нутгийн талаар яриа­гаа эхэлье. Ямар судалгааны үр дүнг үндэслэн газар нутгийг өнөөдөр тусгай хамгаалалтад авч байгаа вэ?
-Тухайн газар нутгийг хамгаалалтад зайлшгүй авах ёстойг нотолсон эрдэмтэн, судлаачдын судалгааны үр дүнг үндэслэн УИХ-ын тогтоол гарган тусгай хамгаалалтад авдаг. Тус газрыг цогцолбороор нь хамгаалах уу эсвэл дархалж хамгаалах уу. Хамгаалахдаа ашиглах зориулалтаар нөөц газрын ангилалд оруулах уу гэдгийг эрдэмтдийн судал­гааны үр дүнд тогтооно. 1994 онд батлагдсан Тусгай хам­гаалалтын газар нутгийн тухай хуу­­лиар дөрвөн ангилалд оруулж хамгаалалтад авна гэд­гийг тодорхой заасан байдаг.
Монгол Улсад  дархан цаазтай 20 газар байдаг. Жишээлбэл, Хан Хэнтий, Богдхан уул нь дархан цаазтай газар нутаг.  Горхи Тэрэлжийн ам, Хөвсгөл нуур, Орхон голын хөндий нь Байгалийн цогцолборт газарт хамрагддаг. Байгалийн нөөц газрын ангилалд, Дорнод аймгийн Тосон хулстайн газар орно. Тус газар нь зээр бэлчдэг том талбайтай. Эцэст нь, байгалийн дурсгалт газар гэсэн ангилал бий. Энэ ангилалд бага талбайтай, түүхийн ач холбогдолтой, байгалийн  өвөрмөц тогтоцтой газар нутаг ордог. Тухайлбал, Өвөрхангай аймгийн Хүйсийн Найман нуур бол байгалийн дурсгалт газар юм. Мөн Хөвсгөл аймгийн Даян дээрхийн агуй түүхийн дурсгалт газарт орно.

-Эдгээр тусгай хамгаа­лалттай газар нутгийг хэрхэн яаж хамгаалдаг юм бэ. Асар уудам газар нутгийг хамарсан олон тооны газрыг хамгаалахад хүн хүч, зардал мөнгө шаардсан ажил болох нь тодорхой харагдаж байна?
-Эдгээр газар нутгийг хамгаалах ажлын халуун цэгт нь байгаль хамгаалагчид үүрэг гүйцэтгэдэг. 2006 онд Монгол Улсын Засгийн газрын 87 дугаар тогтоол батлагдсан. Энэ тогтоолоор нэг байгаль хамгаалагчийн хариуцах талбайн хэмжээг тогтоосон. Тогтоолд дархан болон цогцолбор газар гэж зааглаж ялгаагүй. Газар нутгийн бүтэц, байгалийн бүс, бүслүүрээр заагласан. Тодруулбал, говь цөл нутагт нэг байгаль хамгаалагч 200 мянган га газрыг хамгаална гэж тогтоолд заасан. Өндөр уулын бүс нутагт 50 мянган га газрыг нэг байгаль хамгаалагч хариуцна. Цөл нь  үзэгдэх талбай ихтэй болохоор хамгаалах газар нутгийн хэмжээ их. Нэг байгаль хамгаалагч 200 мянган га газрынхаа нэг захаас нөгөөд хүрэхэд долоо хоног зарцуулж байх жишээтэй. 

-Тусгай хамгаалалттай газар нутгийн байгаль хамгаалагчдын аж амьдрал, ахуй нөхцөл нь ямар байна вэ?
-Монгол Улсад  тусгай хамгаалалтын 33 захиргаа үйл ажиллагаа явуулж байна. Үүний гурав  нь төрийн бус байгууллагад харьяалагддаг. Бусад нь төрийнх. БОНХАЖ-ын сайдын багцад Тусгай хамгаалалттай  газрын төсөв ордог. Тусгай хамгаалалттай газрын төсвийн 90 хувь нь цалинд зарцуулагддаг. Үлдсэн 10 хувийг хамгаалалтын ажилд зарцуулна гэж заасан байдаг юм. Байгаль хамгаалагчдад олгох тусгай хэрэгсэл болон хувцасны хангалт энэ жилийн хувьд тааруухан байгаа. Цаашдаа сайжрах байх гэж найдаж л байна. Нэг хамгаалалтын захиргааны төсөв 500 сая төгрөг гэж бодвол, 450 сая төгрөгийг цалинд зарцуулах нь. Тусгай хамгаалалтын захиргаа нь онцлогоосоо шалтгаалж бүтэц, бүрэлдэхүүний хувьд харилцан адилгүй. Судалгаа шинжилгээ хийдэг мэргэжилтэн бол байна. Аялал жуулчлалын газарт бол аялал жуулчлал хариуцсан мэргэжилтэн ажиллах жишээ­тэй. Нэг хамгаалалтын захиргаа нь дунджаар нэг дарга, гурван мэргэжилтэн, нэг жолооч, 10 гаруй байгаль хамгаалагчтай.
Байгаль хамгаалагчийг таван жилд нэг  удаа мотоциклоор хангах норм бий. 2014 онд 300 байгаль хамгаалагчдаа шинэ мотоцикл авч өгсөн. Мөн төсөл хөтөлбөрөөр дамжуулан Хөвсгөл аймгийн  байгаль хамгаалагчдад орчин үеийн  “Ямаха” загварын мотолцикл олгосон.  Дархан цаазтай болон байгалийн цогцолбор газар нь  улсын хамгаалалтад байна гэж хуульд заасан. Нөөц болон дурсгалт газрыг орон нутаг хариуцаж хамгаална гэж Тусгай хамгаалалттай газар нутгийн тухай хуульд заасан байдаг. Дархан цаазтай болон байгалийн цогцолбор газруудыг 320 гаруй байгаль хамгаалагч хамгаалж байна. Зуны улиралд  жуулчдын тоо ихсэхээр гэрээт хамгаалагч авч ажиллуулдаг.

-Байгаль хамгаалагчдад  бусдын дарамт шахалтад орох явдал гардаг уу. Саяхан Ирвэс хамгаалах нийгэмлэгийн ажилтан залуу бусдын гарт амиа алдсан эмгэнэлтэй хэрэг гарлаа?
-Ирвэс судлах хамгаалах нийгэмлэг нь төрийн бус байгууллага. Өмнөговь аймгийн Тосон бумбын нурууг тусгай хамгаалалттай болгох талаар судалгаа, шинжилгээний ажил хийж байна. Мөн ирвэсийг хүзүүвчилж, хамгаа­лах чиглэлээр манай яамтай хамтран ажилладаг. Амиа алдсан залуу бол Хөвсгөл аймгийн Улаан тайгын дархан цаазтай газрын хамгаалалтын захиргааны даргын хүүхэд. Байгаль хамгаалагчдад да­рамт шахалт их ирдэг. Байгаль хамгаалагчид маань аймгийн Цагдаагийн газрын Байгаль орчны эсрэг гэмт хэрэгтэй тэмцэх хэлтэс болон Мэргэж­лийн хяналтын газартай ажлын уялдаа холбоотой ажилласнаар хууль зөрчигчдөөс ирэх дарам­тыг бууруулах боломжтой.
Хулгайн анчдыг илрүүлэхэд, тэд шоронд орохгүй тулд ямар нэгэн эсэргүүцэл үзүүлэх гарцаагүй. Том хэмжээний талбайг нэг байгаль хамгаалагч хамгаалж байхад 50-100 хүн халдвал яах билээ. Хууль бус алт олборлогчид тусгай хамгаалалттай газрын байгаль хамгаалагчдын шүдний өвчин болдог. “Мянган угалз”-ын тусгай хамгаалалтын газар руу 1000 хүн нэг зэрэг дайрсан тохиолдол гарсан. Тэнд нэг л байгаль хамгаалагч ажилладаг. Хууль бусаар алт олборлогчид байгаль хамгаалагчийг хүлээд ойд хаясан тохиолдол ч  бий. Мэргэжлийн хяналтын байгууллага болон орон нутгийн Цагдаагийн газартай хамтран алтны хууль бус олборлогчдыг хөөх ажил зохион байгуулдаг.

-Орон нутгийн засаг за­хиргаа өөрийн нутагт дэвс­гэрт орших  байгалийн өвөр­мөц тогтоцтой газрыг хам­­­­гаалалтад авах эрхтэй юу?
-Монгол Улсын байгалийн дурсгалт болон нөөц газрыг орон нутгийн засаг захиргаа хамгаалдаг. Мөн орон нутгийн захиргаанд  орон нутгийн мэдлийн тусгай хамгаалалттай газар байгуулах эрх бий. Жишээлбэл, Дорноговь айм­гийн Хамарын хийд бол орон нутгийн тусгай хамгаалалттай газар. Тосон бумбын нурууг орон нутгийн тусгай хамгаалалтад авсан бөгөөд улмаар Улсын тусгай хамгаалалттай болгож ангиллыг дээшлүүлэх зорилт тавин ажиллаж байна. Улсын тусгай хамгаалалтад орвол улс хамгаална гэсэн үг. Эндээс л ашиг сонирхлын зөрчил үүсч, Ирвэс хамгаалах сангийн ажилтанг хөнөөсөн болов уу.

-Байгаль хамгаалагчдын эрх үүрэг ямар байдаг вэ. Өнөөгийн нөхцөл байдалд нийцэж байна уу. Аль эсвэл шаардлагын хэмжээнд хүрэхгүй байна уу?
-Эрхээ бүрэн хэрэгжүүлж байгаа байх. Гэхдээ хууль зөрчигчдийн эсэргүүцэлтэй тулах нь ойлгомжтой. Буу ашиглах эрхтэй гэж хуульд заасан ч байгаль хамгаалагчдад хувийн калибраас өөр буу байхгүй. Хийн гар буу бол бий. Сумны хүрэлцээ муу. 1994 онд батлагдсан хуульд байгаль хамгаалагч зөрчил гаргасан иргэнийг 20 мянган төгрөгөөр торгох эрхтэй гэж заасан.
Байгаль хамгаалагчдын нийгмийн асуудлыг шийдэх чиглэлээр  хуулийн төсөл боловсруулж байна. Хувь хүнд дэмжлэг үзүүлэх заалтуудыг түлхүү тусгасан. Жишээлбэл, байгаль хамгаалагч тэтгэвэрт гарвал ийм, ийм хөнгөлөлт эдлэх эрхтэй гэдэг ч  юм уу.

-Тусгай хамгаалалттай газар нутгийг хамгаалахад бай­галь хамгаалагчдад тулгамдсан ямар асуудлууд байна вэ. Үүнийг шийдвэрлэх талаар хэрхэн ажиллаж байгаа вэ?
-Монгол Улс  асар уудам нутагтай. Тусгай хамгаа­лалттай газрын тоо олон. Хам­гаа­­лах газар нутгийн хэмжээ том болохоор байгаль хамгаалагчдын тоо цөөддөг.  Гэтэл саяхан батлагдсан 2016 оны улсын төсвөөр байгаль хамгаалагчдын тоог 150-иар бууруулах санал гарсан. Асуудлыг мэддэг гишүүдийн санаачилгаар энэ санал унасан юм. Энэ санал дэмжигдсэн бол Хан Хэнтийн нурууг нэг байгаль хамгаалагч хамгаалах байв. Ер нь, байгаль хамгаалагчдын тоог нэмэгдүүлснээр хууль бус зөрчлийн тоог бууруулна. Байгаль хамгаалагчид маань хамтарсан эргүүл хийдэг. Тухайлбал, Горхи Тэрэлжийн байгаль хамгаалагчид хоёр, гурвуулаа хамтран  иргэдийн самар түүх цагаар эргүүлд гардаг.

-Тусгай хамгаалалттай газрыг хамгаалах байгаль хамгаалагчдыг ямар шалгуураар сонгож ажилд авдаг вэ. Мэдээж орон нутгийн иргэдийг энэ ажилд авдаг байх?
-Улаанбаатар хотоос хязгаар нутагт ажиллаж амьдрах хүнийг сонгон авах тохиолдол бодит амьдрал дээр байдаггүй юм. Тухайн орон нутгийн хүн л төрсөн газар орныхоо байгалийг хамгаалдаг. Төрийн албаны тухай хуульд зааснаар,  шалгалт өгч тэнцсэн хүнийг байгаль хамгаалагчийн ажилд авдаг.Тэнцээгүй иргэд түр  гүйцэтгэгчээр ажилладаг. Насны хувьд харьцангуй залуужсан. Дээхнэ үед ойн байцаагч нарыг байгаль хамгаалагчаар ажиллуулдаг байсан. Өмнөговь аймгийн хувьд, байгаль хамгаалагчаар ажиллах хүн олдохгүй байна. Захын уурхайн цэвэрлэгч гэхэд байгаль хамгаалагчаас өндөр цалин, хангамжтай. Бусад аймгийн хувьд бол байдал гайгүй. Дийлэнх байгаль хамгаалагч маань дээд боловсролтой. 40-өөд насныхан ихэнх хувийг эзэлдэг.

-Тусгай хамгаалалттай нутгийн удирдлагын газраас сүүлийн үед ямар ажлыг хийж хэрэгжүүлж байна вэ. Энэ талаар ярихгүй юү?
-Есөн газрыг тусгай хамгаалалтад авахаар бэлтгэл ажлыг хийж байна. Үүнд, Говийн их дархан газрын Б хэсгийн өргөтгөл (тахь нутаг­ладаг газар), Ховд аймгийн Мөнххайрхан сумын Их онго (усны минжийн нэг төрөл болох шар минж амьдардаг), Отгонтэнгэр хайрханыг өргөтгөх, Сүхбаатар аймгийн Дарьганга сумын Дарьганга байгалийн цогцолбор газрын өргөтгөл зэрэг газар орж байгаа. Мөн Ноён уулыг байгалийн нөөц газрын ангил­лаар  хамгаалалтад авах асуудлыг тавьсан.

0 Сэтгэгдэл
Хамгийн их уншсан