Билгийн

Доллар (USD)

Улаанбаатар

АНУ-д арьс өнгөөр ялгаварлах асуудал хэтэрч байна

Б.БААТАР

АНУ-ын нутаг дэвсгэрт арьс өнгөөр ялгаварлан гадуурхах үзэл дээд цэгт тулахад тун ойрхон байна. Иргэд бухимдаж жагсаал  хийж байна. Гэхдээ жагсагчдын ихэнх нь өнгөт арьстай иргэд байгааг албаныхан онцоллоо. Иргэд, хууль сахиулах байгууллага хоёрын дунд арьс өнгөөр ялгаварлан гадуурхах хэрэг хэтэрч байна. Хууль сахиулах байгууллагад шүүх, цагдаагийн албан хаагчид төдийгүй энгийн хуулийн зөвлөх, хэрэг бүртгэгч нар багтаж байгаа юм.

Өнгөрсөн хугацаанд өнгөт арьстай олон гэмгүй иргэн цагаан арьстай цагдаагийн ажилтны гарт амиа алдаж, зарим нь зодуулсан. Өнөөдөр бид зөвхөн сүүлийн хоёр жилд арьс өнгөөр ялгаварлан гадуурхсан гэмт хэргийн талаар сөхөж байна. Яг одоо Нью-Йорк хотод хэдэн зуун хүн арьс өнгөөр ялгаварлан гадуурхах үзлийн эсрэг эсэргүүцлийн жагсаал хийж байна. Мөн өнгөрсөн даваа гарагт Чикаго хотод олон нийтийг хамарсан томоохон хэмжээний жагсаал боллоо. 2014 онд 17 настай өнгөт арьстан өсвөр насны хүү Лакуан МакДональд гэм буруугүйгээр цагдаагийн гарт амиа алдсан хэргийг эсэргүүцэн жагссан нь энэ юм. Тухайн үед цагдаагийн ажилтан Жэйсон тэргүүтэй зургаан хүн түүнийг 16 удаа буудаж буй бичлэг олон нийтийн сүлжээгээр цацагдаж нийгэмд улам их арьс өнгөөр ялгаварлан гадуурхах  үзлийг дэвэргээсэн. Энэ мэт цагдаа нарын тэр дундаа цагаан арьстай цагдаагийн гарт амиа алдсан энгийн иргэн болон өсвөр насны хүүхдүүдийн тоо гэхэд сүүлийн жилийн хугацаанд 24 хэрэг бүртгэгджээ. Гэм буруугүй өсвөр насны хүүхдүүд цагдаагийн гарт амиа алдсаар байгааг эцэг эх нь зүгээр хараад сууж чадсангүй. Тиймээс тэд ийнхүү жагсаал хийж байна.

Хамгийн гол нь шүүх засаглал цагаан арьстай цагдаа нарын талд үйлчлээд байгааг хохирогчдын эцэг эх, жагсаалд оролцож байгаа хүмүүс сэтгүүлчдэд хэлж байгаа. Цагдаагийн ажилтан өөрийн үүргийг биелүүлж сэжигтэй гэмт хэрэгтэнг шалгах явцад онц ноцтой үйлдэл хийвэл шууд гал нээх эрхтэй. Гэхдээ АНУ-д цагдаагийн ажилтан шаардлага тавьж байхад эсэргүүцэл үзүүлэх юм бол газар дээр нь буудах магадлал 99 хувь бололтой. Чикагогийн жагсаал гудамж талбайг хаан, бүх нийтийн арга хэмжээ, олон нийтийн үйл ажиллагааг тасалдуулж чадсан бөгөөд хууль сахиулагчид улсын хэмжээнд арьс өнгөөр ялгаварлан гадуурхах үзлийн талаар нухацтай хэлэлцэж байна.

АНУ-ын нийгэм өөрөө их аюултай. Энэ бүхэн галт зэвсгийн тухай хуультай холбоотой. Олон зуун цагдаагийн ажилтан албан үүргээ биелүүлж байхдаа гэмт хэрэгтний гарт амиа алдаж байсан тохиолдол их бий. Гэхдээ сүүлийн жилүүдэд өнгөт арьстай залуусын эсрэг тэд их хатуу хандаж байгаа нь үнэн. Галт зэвсгийг өөрийн эзэмшил, гэрийн талбайд, тусгай зөвшөөрлийн дагуу эзэмших эрх иргэдэд бий. Харин энэ нь эсрэгээрээ биеэ хамгаалах биш бусдын амь насанд аюул дагуулах тохиолдол гарсаар байна. Нийгэмд галт зэвсэгтэй тэмцэх, гэмт хэргийн гаралт буурах нөхцөл бүрдэхгүй байгааг АНУ-ын хуулийнхан тайлбарлаад найман жил болж байна. Ерөнхийлөгч Барак Обама конгресст галт зэвсэгийг хориглох тухай хууль санал болгосон ч гишүүд татгалзаж “өөрийн аюулгүй байдлаа хамгаалах эрхтэй” тухай хариу өгсөөр ийм байдал бий болж байгааг албаныхан тайлбарлахыг хичээсээр байна.

АНУ-д гурван хүний нэг нь галт зэвсэгтэй талаар албан бус эх сурвалж баталдаг. Нэг хүнд ноогдох галт зэвсгийн тоо байгаа хэмжээнээс хоёр дахин их. Өөрөөр хэлбэл, хууль бус галт зэвсэг АНУ-ын бүхий л мужийн хэмжээнд тархсан байдалтай олон жилийн нүүр үзэж байна.

Жагсаалд оролцож байгаа иргэд, эцэг эхчүүд нэг л зүйлийг ойлгох хэрэгтэйг цагдаагийн албанаас тайлбарлаж байгаа юм. Хэрэв цагдаагийн ажилтны шаардлагын эсрэг татгалзсан хариу өгөх юм бол хүч хэрэглэх бүрэн эрх нь байгаа гэдгийг хэлээд байгаа. Цагдаагийн ажилтнууд иргэдэд яагаад хатуу ханддаг талаар жагсаалд оролцсон 73 настай өнгөт арьстай Фрэнк Чэпман өвгөн хэлж байсан. Ерөнхийлөгч Барак Обамагийн сонгуульт хугацаа дуусах дөхөж байгаатай холбогдуулан цагдаагийн ажилтнууд ийнхүү хатуурхаж байна уу, энэ бүхэн өсвөр насны хүүхдүүдийн хүмүүжилтэй холбоотой юу гэсэн асуулт хэвлэлийн дунд ид өрнөж байна. Үнэхээр арьс өнгөөр ялгаварлан гадуурхаж байгаа хэрэг мөн гэвэл мөн болж таарч байгаа юм зарим хэргүүд. Гэхдээ цагаан арьстай хүүхдүүд цагдаагийн ажилтнуудаас айж эмээдэг нь нууц биш. АНУ-ын нийгэмд нэг тийм сонин гэмээр ойлголт 2008 онд Барак Обамаг ерөнхийлөгчид нэр дэвшиж байхад л бий болсон гэдгийг зарим ажиглагчид үзэх болсон.

Улс төртэй холбож дээрх арьс өнгөөр ялгаварлан гадуурхах үзлийн талаар авч хэлэлцэх биш харин нөхцөл байдал дээр яг юу нь хэргийн гол зангилаа болоод байгааг сэтгүүлчид, тоймчид олж мэдэх, бусдад хэлэхийг хичээсээр байна. Үүний хажуугаар АНУ-ын Ардчиллыг шүүмжлэх цаг нь ирсэн бололтой. Дэлхийн зарим улс орны хэвлэл мэдээллийн хэрэгслээр ардчиллын эх орон АНУ-ыг “дотроосоо ялзарч байна” хэмээн онцлох болсон. Тэд үүнийгээ ийнхүү тайлбарлаж байгаа юм. Ардчилсан нийгэмд хүмүүст хэтэрхий их эрх чөлөө, боломж бололцоо олгох тусам тэдний хүсэл, шунал улам нэмэгдэж, зөвхөн өөрийнхөө төлөө гэсэн сэтгэлгээ ардчиллын мөн чанарыг үгүй хийж байгаа. Ардчиллын эх оронд эрх чөлөөгөөр дамжуулж цагдаа, хуулийнхан иргэдийн эсрэг байр суурьтай байна, өсвөр насны хүүхдүүд амиа алдаж байна, эдийн засгийн монопол бий болж хэдхэн гэр бүл улс орны хувь тавиланг эргүүлж байна, гадаад бодлого улдаа унаж, олон улсад дайн дажингаас өөр зүйл үгүй боллоо, ардчилсан нийгмийн иргэд нэг нэгнээсээ айж эмээдэг боллоо, нийгэм илүү аюултай болж буутай эрх чөлөөтэй хүн гудамжаар зүгээр л хүн алж явна, сургуулийн хүүхдүүд эцэг эхчүүдийн галт зэвсэгээр сургууль дээрээ халдлага үйлдэж байна, өр зээлийн асуудал улс орны хөгжилд саад хийж байна, газрын тосны дайнд бусад улс орныг уруу татан оруулж байна. Ардчиллын хөгжлийн дээд цэг нь энд хүрээд зогсч байгааг АНУ дэлхийд харуулж байна гэх мэт шүүмжлэлүүд Латин Америк, зүүн Европын орнууд, Африкийн улс орнууд, Азийн орнуудад байсаар байна.

Хэвлэлийнхэн АНУ-ын цагдаагийн ажилтнуудын бас нэг хэрэгт маш их эмзэглэж байгаа талаар мэдээлсэн. АНУ-ын “nbcnews”  агентлагийн сэтгүүлч Алекс Жонсон “Цагдаагийн ажилтнууд нэгэн эмэгтэйг аймшигтай, харгис баривчилж байна” гэсэн нийтлэл, сурвалжлага хийжээ. Тэрхүү эмэгтэй нь өөрийн нохойг чимээгүй байлгахын тулд нохойныхоо амыг скочоор ороосон байжээ. Хойд Каролина мужид нэгэн эмэгтэй өөрийн Фэйсбүүк хуудаснаа нохойгоо чимээгүй болгосон талаар зураг оруулжээ. Гэтэл гэнэт цагдаагийн ажилтнууд гэрт нь нэвтэрч эмэгтэйг зэрлэгээр баривчилсан талаар хөршүүд нь мэдэгдсэн байна. 

Чикаго хотод болсон жагсаалын үеэр өөрсдийн дуу хоолойг жагсаалд нэмэрлэж, байр сууриа чөлөөтэй илэрхийлсний төлөө “NAACP” буюу АНУ дахь иргэний эрхийг хамгаалах байгуулагын тэргүүн Корнелл Уиллиам Брүүксийг цагдаа нар жагсаалд оролцсон хэмээн баривчилжээ. Энэ нь цэвэр иргэний эрх чөлөөнд халдаж буй цагдаагийн үйлдэл. Өөрөөр хэлбэл бүх нийтийн анхаарал татахуйц олны танил хүмүүс жагсаалд орж болохгүй болсон нийгмийн нэг тод жишээ гэдгийг “NAACP”-ийн албан ёсны сайт дээр мэдэгдсэн байна.

АНУ-ын хэвлэлээр зэвсэггүй байж байгаад зөвхөн цагаан арьстай цагдаагийн гарт амиа алдсан өнгөт арьстай хүний тоо энэ жилд 24 бүртгэгдээд байна.
2015 оны нэгдүгээр сарын 8-ны өдөр. АНУ-ын Арканзас мужийн нутаг дэвсгэр дээр байрлах эмийн санд хулгайн гэмт хэрэг гарч 36 настай Артаго Дэмон Ховардыг цагдаагийн ажилтан буудан хөнөөсөн. Тухайн үед мөрдөгчид Артаго Дэмон Ховардыг эмийн сан дотор буудуулж амиа алдсан байдалтай байхыг олж тогтоосон бөгөөд хэрэгтэнг зугтах гэж оролдсон хэмээн тэп тайлбарлажээ.
2015 оны хоёрдугаар сарын 4-ний өдөр. АНУ-ын Флорида мужийн нутагт цагдаагийн ажилтан нэгэн иргэний гэрийн үүдийг хүчтэй тогшиж байсан 28 настай Жереми Летт гэгчийг хөнөөсөн байна. Талийгаачийг цагдаагийн ажилтан “хаалганаас холд” хэмээн шаардлага тавьж улмаар газар хэвтүүлсэн боловч гавлуулахгүй байсан бөгөөд зугтах гэж оролдсон учраас гал нээсэн гэж хэрэгт тайлагнажээ. Түүнийг нийт таван удаа буудсан байдаг.

2015 оны хоёрдугаар сарын 15-ны өдөр. Флорида мужийн Миамигийн цагдаагийн гарт 25 настай Левалл Халл буудуулан амиа алджээ.  Левалл Халлийн ээж нь цагдаа нараас тусламж гуйжээ. Түүний хүү сэтгэцийн хэвийн бус байдалтай байсан бөгөөд шалгаж өгч тусална уу хэмээн гуйсан боловч дотуур хувцастай залуу шүүрний иш барисан байжээ. Цагдаа шүүрний ишийг хаяхыг зөвлөсөн боловч эсэргүүцэл үзүүлсэн гээд хоёр удаа буудаж амийг нь хөнөөсөн байна. Ээж нь мужийн цагдаагийн ажилтанд гомдол гаргасан.

2015 оны хоёрдугаар сарын 28-ны өдөр. Миссоури мужид мөн л өнгөт арьстай иргэн цагдаагийн гарт амиа алдсан. Тодорхой эрхэлсэн ажилгүй 34 настай Томас Аллен автомашинтай явж байгаад дүрэм зөрчин шугам даван эргэсэн байжээ. Цагдаагийн ажилтан зогсоож торгууль ноогдуулах гэж байсан боловч Томас жолоочийн хажуугийн суудал дээр сууж явсан таван настай охиноо авах гэж оролдоод цагдаагийн ажилтанд буудуулж амиа алдсан. Цагдаагийн цагаан арьстай ажилтан гурван удаа буудсан бөгөөд сэжигтэй үйлдэл хийсэн болохоор буудсан талаар тайлагнажээ.

2015 оны гуравдугаар сарын 1-ний өдөр. Лос Анжелес хотод гэр оронгүй өнгөт арьстай иргэн 43 настай Чарли Леундеу Кеунангийг цагдаагийн ажилтан хэд хэдэн удаа буудаж амийг нь хөнөөсөн. Учир нь гэр оронгүй эр цагдаагийн ажилтанд шалгуулах явцад цагдаагийн ажилтны гар бууг булаах гэж оролдсон гэж тайлагнасан. Хожим түүнийг эмнэлгийн зүгээс “сэтгэцийн эрүүл бус хүн” гэж дүгнэн тодорхойлсон байжээ.

2015 оны гуравдугаар сарын 6-ны өдөр. Колорадо мужийн мөн л цагаан арьстай цагдаагийн албан хаагчийн гарт амиа алдсан. Бусдын гэр оронд хулгай хийсэн, дээрэм, хулгайн гэмт хэрэгт сэжиглэгдэж байсан 37 настай Наесчюлус Винзантыг ямар ч сануулга байхгүй шууд буудуулсан. Цагдаагийн газраас түүнийг хүүхэд хулгайлсан хэрэгт сэжиглэн эрэн сурвалжилж байсан. Сэжигтнээр тогтоож хэрэг үйлдсэн эсэхийг бүрэн тогтоогоогүй байсан талаар хожим эх сурвалжууд мэдээлсэн байдаг.

Мөн энэ өдөр 19 настай Тони Робинсон Уисконсин мужийн цагдаагийн ажилтны гарт буудуулж амиа алдсан. Түүнийг гэртээ сэжигтэй байдалтай байхыг хөршүүд нь хэд хэдэн удаа харсан бөгөөд цагдаагийнханд шалгуулахаар удаа дараа мэдэгдэж ийнхүү гэрт нь нэгжлэг хийх үеэр тэрээр амиа алджээ. Найз нь түүнийг хачин мөөг идэж, сэтгэл санаа нь тогтворгүй болж байгаа талаар мөн цагдаагийнханд өгүүлсэн удаатай. Хэргийг “хар тамхи хэрэглэсэн” хэмээн хаасан байна. 

2015 оны гуравдугаар сарын 9-ний өдөр. Жеоржиа мужийн цагдаагийн албан хаагч Атланта цогцолборын эргэн тойронд нүцгэн хүн гүйж байгаа гэсэн дуудлага хүлээн авч очсон байна. Ингээд 27 настай Энтони Хилл гэгч залуу гэрээсээ хувцасгүй хөөгдөн маргалдаж байсан байна. Тэрээр Афганистан улсад цэргийн алба хаасан нэгэн байсан бөгөөд цагдаагийн ажилтан түүнийг нүцгэн байсан гэж баривчлах гэсэн боловч эсэргүүцэл үзүүлж хэрэлдсэн байна. Цагдаагийн ажилтантай хэрэлдэж шаардлага биелүүлээгүй хэмээн цагдаагийн ажилтан хоёр удаа буудаж амийг нь хөнөөжээ.

2015 оны гуравдугаар сарын 12-ны өдөр. Вашингтон хотод болсон хэрэг. Метро буудлын жижүүр цагдаагийн ажилтан “сэжигтэй этгээд метрогоор дамжин өнгөрөх гэж байна. Саатуулах” тушаал авсан байжээ. 35 настай Бобби Гросс гуталгүй, өмдгүй, ганцаараа байжээ. Цагаан арьстай эмэгтэй цагдаагийн ажилтан түүнийг газар хэвтэх шаардлага тавьсан боловч залуу татгалзаж хөлөндөө болон цээжин тус газраа буудуулж амиа алдсан байна.

2015 оны гуравдугаар сарын 19-ний өдөр. Кливлэнд хотын цагдаа хүнсний дэлгүүрт Канад зоос, самар, тамхи хулгайлсан хэрэгтэнг баривчлах ажиллагаа болжээ. Өсвөр насны 18 настай Брэндон Жонес цагдаагийн хоёр ажилтны өмнө үүдээр зугтах гэж оролджээ. Гэвч нэг цагдаагийн ажилтан түүний нуруунд буудаж хэргийг хаажээ.

2015 оны дөрөвдүгээр сарын 4-ний өдөр. Өмнөд Королин мужийн хойд Чарлстонд болсон хэрэг. Цагдаагийн ажилтан Майкл Томас Слаггер сэжиг бүхий автомашиныг зогсоосон байна. Арын гэрэл нь хагарсан байдалтай байсан машиныг зогсооход дотор нь 50 настай Уолтер Скотт байсан аж. Цагдаагийн ажилтан түүнд тээшийг нээхийг шаардсан бөгөөд түүнийг цахилгаан буугаар буудаж хэсэг саармагжуулсан байна. Ингээд хөгшин эр цагдаагийн ажилтнаас зугтан босож гүйх үед нуруу хэсэгт нь буудаж амийг нь хөнөөжээ. Гар утсан дээр нэгэн гэрч бичлэг хийж чадсан учраас шүүх хурал болж цагдаагийн ажилтан Слаггерийг гэмгүй иргэний амийг хөнөөсөн хэргээр ялласан байдаг.

2015 оны дөрөвдүгээр сарын 15-ны өдөр. Хьюстон хотын цагдаа нар сэжигтэй этгээдийг даган саатуулсан байна. Ингээд цагдаа нар 41 настай Фрэнк Шепхардийг арын суудал руу суух гэж оролдсон учраас шууд гал нээсэн байна.
2015 оны дөрөвдүгээр сарын 22-ны өдөр. Бас нэг өсвөр насны залуу 18 настай, Уиллиам Чэпмен Уолл-Март дэлгүүрт хулгай хийж байгаад баригджээ. Залууг хулгай хийгээд гарах үед Виржиния мужийн Портсмоут хотын цагдаа хүлээж байжээ. Цахилгаан буугаар нүүрэндээ тулгуулсан залуу цагдаагийн ажилтнаас зугтах гэж оролдсон боловч бууны сумнаас амиа хамгаалж чадалгүй хулгайн гэмт хэргээр амиа алдсан байна. Энэ мэт цаашлаад жилийн хугацаанд 24 хэрэг одоогоор бүртгэгдээд байгаа бөгөөд зөвхөн цагаан арьстай цагдаагийн ажилтан өнгөт арьстай хүнийг хөнөөсөн хэргийн зарим дэлгэрэнгүй мэдээллийг өглөө.  Дээрх хэргүүдийг мужийн цагдаагийн газар шууд хаах тушаал өгсөн гэдгийг сэтгүүлчдэд мэдээлж, ямар ч нөхцөлд цагдаагийн шаардлага биелүүлээгүй бол буудуулж амиа алдсан хүнийг шүүх өмгөөлөгчөөр хэргийг дахин нээхгүй талаар сануулсан удаатай. Тиймээс хэвлэлээр зарим хэргүүд цэвэр арьс өнгөөр ялгаварлан гадуурхах үзэл байгаа гэдгийг хуулийн зүгээс жишээ болгон тайлбарласаар байгаа ч өнөөдөр үр дүн гарахгүй хэвээр байна.

0 Сэтгэгдэл
Хар тамхи ,Гэмт хэргийг өнгөт арьстанууд л хийдэг тэгэхээр арьс өнгөөр ялгаварлахгүй гээд толгойг нь илээд байх нь юу л бол.
Хамгийн их уншсан