Билгийн

Доллар (USD)

Улаанбаатар

Хашааны газар хэмээх эх орон, газар шороо мину...

Сая гаруй хүн амтай нийслэл хот маань дөрвөн уулын дундаа багтахаа больж, дөрвөн зүг найман зовхист хаяагаа тэлж дагавар хотхонууд даруйхан байгуулахыг олон жилийн тэртээгээс хотын удирдлагуудад сануулж эхэлсэн. Гэтэл нийслэл хот маань захаасаа дотогшоо хумигдан, шинээр баригдсан байшингуудад хавчигдан гудамж нь улам нарийсан мод зүлэг тарих байтугай зарим газар хүн машин хоёр холилдон замаа булаацалдах нь холгүй явдаг болов.

Дөч, тавиад онд оросууд хот төлөвлөлтийг буруу хийснээс өнөөдөр ийм болов гэж тайлбарладаг. Нөгөө талаар гэрэл чийдэн, газар доорхи шугам сүлжээ, төсөв зардалдаа захирагдаад хотыг зайлшгүй нягтруулахаас өөр аргагүй болсон гэдэг. Тэгвэл яагаад явган хүний замыг их, бага хэмжээгээр хулгайлж хумслан гуанз дэлгүүр, уушийн газар, бааруудыг төв гудамжны орон сууцнуудын хажуу бөөрөнд нааж барих болов.

Яагаад сургууль эмнэлэг, хүүхдийн цэцэрлэг, ахмадуудын нарлах талбай, тоглоомын газруудыг хэдэн зуу, мянгаар нь булааж зочид буудал, зоогийн газар мэтийг барих болов.
Яагаад хүүхдийн парк , Туулын хөвөө, Зайсангийн амыг орон сууцны барилгаар дүүргэв.
Яагаад энэ олон арьс ширний үйлдвэрийн хор, хаягдлаар Туул голыг бохирдуулав.
Яагаад энэ олон зуун элс хайрганы карьерийг хөөлгүй Туул голын усны нөөц, ай сав, хөрс шороог ухаж ширгээв.

Яагаад, яагаад гээд асуугаад байвал олон хүн шүүхийн хаалга татах болно.
Энэ бүхэн бол, цэвэр хотын захиргааны газрын албаныхан болон хот төлөвлөлтийнхний улаан гараараа хийсэн нүгэл мөнөөсөө мөн. Энэ юуг хэлээд байна вэ гэвэл жижигхэн сэтгэхүйтэй том дарга нарын эх оронч бус үйлдэл бөгөөд ийм улс их хотыг удирдаж хөгжүүлж чадахгүйн тухай яриа юм...
Улаанбаатарчууд яг үнэндээ хотын захирагч Г.Мөнхбаяраас эрх мэдлээс нь ахадсан дааж давшгүй их юм гуйгаагүй.

Хойд, урд уулыг холбосон агаарын дүүжин гүүр бариад өг, урд уулыг нүхлээд Төв аймагтай холбосон засмал зам тавиад аль гэж гуйгаагүй. Хотын баруун, зүүн хоёр дүүргийг холбосон метро барь гэж шаардаагүй. Зүгээр л энэ хотын доорхи шугам сүлжээгээ хонгилийн системд шилжүүлэхгүй бол урд жилийн зассан зам талбайгаа энэ жил дахин ухаж засах гэсээр үргүй зардал их гарч байна шүү. Хотын захаар нь чаддаггүй юм аа гэхэд төвийнхөө хэдэн гудамжаар ширэг зүлэг, бут сөөг жаахан ч болов тариач ээ гэж хүмүүс жил бүр чихэнд нь хонх зүүдэг.

Гэтэл эдүгээ нөгөө муу нэртэй социализмын үеийн хэдэн улиас л гадна дотны хүмүүсийн нүүр тахалж байна гэхэд хилсдэхгүй. Энэ бүхний үнэн худлыг Улаанбаатар хотынхон цөмөөрөө гэрчилнэ. Чанартай, чанаргүй олон өндөр барилга хотын хөгжлийг тодорхойлж чадахгүй. Амьсгалах агаар, уух ус нь цэвэр тунгалаг байж гэмээнэ техникийн өндөр хөгжлөөс хэдэн хувь илүү жинхэнэ экологийн орчин үеийн ногоон хот байх болно.

Утаанаас салах цорын ганц арга бол орон сууцыг хэдэн мянгаар нь барих. Түүнээс биш утаагүй зуух, утаагүй түлш, гэрийн дулаалга давхарга биднийг аварч чадахгүй. Гэтэл хотын дарга нар гэр хорооллынхны хашааны газрыг нэг метр квадратыг нь 100,000 төгрөгөөр худалдаж авах тухай санал гаргасан нь олон хүний дургүйг хүргэж байна. Яагаад гэвэл хувьчлаад авсан газар гэдэг иргэн хүнд төрөөс өгсөн үл хөдлөх хөрөнгө, улс орон айл гэр оршин тогтохын үндсийн үндэс.
Нөгөөтэйгүүр, газрыг гадаадаас импортлоод худалдаад авч болдоггүй газрыг өвс ногоо шиг тарьж ургуулж болдоггүй. Гүүр далан шиг барьж байгуулж зөөж нүүлгэж болдоггүйд л хамаг үнэ цэнэ нь байгаа юм. Арван хоёр давхар байшин барьлаа гэхэд 1 метр квадрат газрыг 12 дахин өсгөж нэг метр квадрат орон сууцны талбайг тус бүрийг нь 1,5-2,0 сая төгрөгөөр худалдана гээд бодохоор нөгөө 100,000 төгрөгөөр авсан газар дээр ойролцоогоор 20 сая төгрөгийн үнэтэй барилга барина гэсэн үг .

Ийм алдагдалтай арилжаа наймааг эрүүл ухаантай хүн хийх үү. Нийслэлчүүдийн ундны усыг залгуулдаг Туул гол яагаад ширгэсэн бэ гэвэл хотын дарга нарын анхаарал асрамж дутсаных гэхэд алдас болохгүй ээ.
Хотын дарга Г.Мөнхбаяр Улаанбаатарчуудын ундны усыг залгуулдаг Туул голыг хамгаалъя, хайрлая гэсэн сэтгэл байсан бол түүнд эрх мэдэл хууль дүрэм дутаагүй.
Зөвхөн Туул голыг өмгөөлж, хам­гаалж чадалгүй бохирдуулж, шир­гээснийх нь төлөө түүнийг огц­руулах хангалттай шалтгаан буй.

Учир ийм бөгөөд л усан сангийн хамгаалалтын бүсэд хэдэн зуун элс хайрганы карьер ажиллаж байхад, голын бут бургасыг нь сүйтгэж хэдэн зуун барилга орон сууц барьж байхад нүдэн балай чихэн дүлий байсныхаа хувьд Г.Мөнхбаяр гэдэг энэ хүн хотын захирагч байтугай хороон дарга хийх ёс суртахууны эрхгүй болсон мэт санагдана.


Дөрвөн уулын даллагатай бороо шивэрнэ ээ, Ай нанай
Дөрвөлжлөнхөн харагдах Цэцээ гүн цэнхэртнээ
Хатан Туулын урсгал хазаар даран хатирнаа
Хараацайн хөнгөн даль хацар шүргэн жиргэлдэнээ
Уулс,үүлсийн мандлаас алтан хас шиг гэрэлтэх
Улаанбаатарын үдэш охидын инээдээр цалгинаа


Монгол Улсын Төрийн соёрхолт, Соёлын гавьяат зүтгэлтэн, зохиолч Балжирын Догмид

0 Сэтгэгдэл
Хамгийн их уншсан