Билгийн

Доллар (USD)

Улаанбаатар

“Петро Чайна Дачин Тамсаг” компани Тамсагийн сав газрыг там болгосноо хүлээн зөвшөөрөхгүй байна

Баянзүрх дүүргийн шүүх одоогоос хоёр сарын өмнө “Петро Чайна Дачин Тамсаг” компанийг Тамсагийн сав газрыг тамласны төлөөсөнд 1.3 тэрбум төгрөг төлж, нөхөн сэргээлт хийлгэх шийдвэр гаргасан юм. Харин тус компани эл шийдвэрийг хүлээн зөвшөөрөхгүй Нийслэлийн шүүхэд давж заалдах гомдол гаргажээ. Эл гомдлыг тус дүүргийн шүүх өнөөдөр хэлэлцэнэ.



Үйлдвэрлэлийн хаягдлаар бохирдуулсон талбай

“Петро Чайна Дачин Тамсаг” компани Бүтээгдэхүүн хуваах гэрээний дагуу Дорнод аймгийн Матад сумын нутаг Тамсагийн сав газар дахь 19 дүгээр талбайд 2005 оноос эхлэн газрын тосны хайгуул хийж, олборлох, тээвэрлэх, экспортлох үйл ажиллагаа явуулж эхэлсэн. Ингэхдээ тус компани манай улсын хуулиудыг уландаа гишгэж, байгаль орчныг бохирдуулан, нутгийн иргэдийн эрх ашгийг хохироож байгаа. Тиймээс “Байгаль орчныг хамгаалах иргэний хөдөлгөөнийнүүдийн эвсэл” төрийн бус байгууллагынхан 2010 оны нэгдүгээр сараас 2012 оны тавдугаар сар хүртэл хоёр жил гаруй хугацаанд нийтийн эрх ашгийг нэхэмжлэн хамгаалахаар стратегийн өмгөөлөл явуулсан билээ. Ингэж стратегийн өмгөөлөл хийх болсон нь хэд хэдэн шалтгаантай гэнэ.




Үйлдвэрлэлийн хаягдлаар бохирдуулсон талбай



Сайжруулсан зам байсаар байтал өнөөдрийг хүртэл байгаль сүүтгэсээр

Энэ хөрсний нөхөн сэргээлтийг хэн хариуцах вэ

Тухайлбал, “Петро Чайна Дачин Тамсаг” компанийн Засгийн газартай байгуулсан Бүтээгдэхүүн хуваах гэрээ нь Нэгдсэн төсвийн тухай хууль, Татварын ерөнхий хууль, Газрын тосны тухай хууль, Ашигт малтмалын тухай хууль, Байгаль орчин хамгаалах тухай хууль, Газрын тосны тухай хуулийг хэрэгжүүлэх журам зэрэг Монгол Улсад хүчин төгөлдөр мөрдөгдөж буй хууль тогтоомжтой зөрчилдөж, тус компани хууль зөрчсөн үйл ажиллагаа явуулж байжээ. Бүтээгдэхүүн хуваах гэрээнд байгалийн нөхөн сэргээгдэшгүй байлаг ашигласны төлбөрийг шинэчлэн тусгаж өгөөгүйгээс манай улс 2005-2007 онд гэхэд тус компаниас 2.496.6 мянган ам.долларын төлбөр авах боломжоо алдсан аж. Түүнчлэн компанийн хууль бус ажиллагаанаас болж Тамсагийн сав газрын байгаль орчин сүйдэж, нутгийн иргэдийн эрүүл, аюулгүй орчинд амьдрах эрх зөрчигдөж байна.   
Газрын тосны тухай хуульд “...байгалийн нөөц баялаг, газар, хэвлий болон түүний хүрээлэн байгаа орчинд хохирол учруулахгүй байх, ашигласан талбайг сэргээх” талаар Бүтээгдэхүүн хуваах гэрээнд тусгаагүйгээс байгаль орчин бохирдуулж байгаа юм. Байгаль орчны шинжилгээний төв лаборатор, аймгийн УЦУОШГ-тай хамтран хийсэн шинжилгээний дүнгээс харахад, газрын тосны талбайн зарим цооногууд болон кемпийн орчимд газрын хөрс талхлагдаж, олон салаа зам гарсан, тээврийн зам хатуу хучилтгүйгээс болж замын хөдөлгөөн ихтэй үед болон салхи шуургатай үед агаар дахь тоосонцорын агууламж эрс нэмэгдэж, агаар ихээр бохирддог. Газрын тосны өрөмдлөгийг хэтэрхий шахуу хийснээс болж, гүний усны түвшин 1500-2000 м хүртэл доошилсон. Үүнээс болж цөлжилт үүсэх хандлагатай болсныг мэргэжилтнүүд онцолж байгаа юм. Цооногуудаас шавхаж байгаа хаягдал усны эрдэсжилт зөвшөөрөгдөх дээд хэмжээнээс 30-50 мг/л-ээр их байгаагаас хөрс давсжиж, бохирдох нөхцөл бүрдсэн. Мөн хөрсөн дэх  хүнд металлын агууламж нэмэгдэж, ялангуяа 3-19 дүгээр цооногийн орчимд хар тугалга, хүнцэл, ванадийн агууламж их хэмжээгээр илэрч байгаа гэнэ. Газрын тосны хайгуулын өрмийн болон үйлдвэрийн шингэн хаягдлын сангаа саармагжуулж, хоргүйжүүлэхгүйгээр шууд шороогоор булж, газрын хөрсийг химийн хорт бодисоор бохирдуулжээ.

Газрын тосны хайгуул хийх, олборлох үйл ажиллагаа хамгийн бохир үйлдвэрлэлд тооцогддог аж. Учир нь, өрөмдлөгийн үед гардаг үйлдвэрлэлийн шингэн хаягдалд агуулагддаг химийн бодисууд хүний эрүүл мэнд, байгаль орчинд сөргөөр нөлөөлдөг. Түүнчлэн олборлолтын явцад дотроо хатуу биет агуулсан, уусгасан их хэмжээний ус газрын гадарга дээр гардаг байна. Үүнийг үйлдвэрлэсэн ус гэж нэрлэдэг гэнэ. Энэ усанд агуулагдах бензин, толуен, мөнгөн ус, цайр, тугалга нь нөхөн үржихүйн болон мэдрэлийн эрхтэн, цус хордуулах, хорт хавдар үүсгэх зэргээр хүний эрүүл мэндэд сөргөөр нөлөөлдөг байна. Харин натри нь хөрсийг бохирдуулж, дахин ургамал ургах нөхцөлгүй болтол сүйтгэл учруулдаг ажээ.
Тэгээд ч “Петро Чайна Дачин Тамсаг” компанийн үйл ажиллагаанаас орон нутгийн иргэдэд сохор зоос ч ногдоггүй харин ч дээрх химийн хорт бодисын уршгаар эрүүл мэнд, эдийн засгийн асар их хохирол амсч байгаа гэнэ. Өдөр, шөнөгүй холхиж, газрын тос, шатахуун, тоног төхөөрөмж, ажилчдын хоол хүнс зөөх хүнд даацын 900 гаруй авто машины дуу чимээ тоосжилтоос залхаж Матад сумын 80 малчин өрх идээшиж дассан нутаг уснаасаа холдож нүүдэллэхээс өөр аргагүйд хүрчээ. Тус компанийн газрын тос олборлож буй Тосон-Уул 19 дүгээр талбай нь Дорнод Монголын бүс нутагт хамаарагддаг. Энэ нь дэлхийд ганцхан унаган төрхөөрөө үлдсэн хялганат хээрийн экосистемийн төлөөлөл болохын зэрэгцээ олон мянгаараа сүрэглэн бэлчих цагаан зээр амьдардаг гол нутаг. Тийм учраас зайлшгүй хамгаалалтад авах бүс нутаг юм байна. Иймээс “Монголын байгаль орчныг хамгаалах иргэний хөдөлгөөний эвсэл” ТББ-ынхан өнгөрсөн хугацаанд “Петро Чайна Дачин Тамсаг” компанийн дээр байгаль орчинд халтай, хууль бус үйлдлийг зогсоох талаар Ерөнхийлөгч, УИХ-ын дарга, Ерөнхий сайд, УИХ-ын гишүүд, БОАЖЯ, ЭБЭХЯ, НХХЯ, Сангийн яам, Газрын тосны газар, ГЕГ, МХЕГ болон холбогдох бусад байгууллагад хандсан боловч үр дүн гараагүй гэнэ.
Эцэст нь, Баянзүрх дүүргийн шүүхэд хандсаны үр дүнд дээрх шийдвэрийг гаргуулаад буй. Гэвч “Петро Чайна Дачин Тамсаг” компани Тамсагийн сав газрыг там болгосноо хүлээн зөвшөөрөхгүй байна.
Б.Алтанцэцэг

0 Сэтгэгдэл
Хамгийн их уншсан