Билгийн

Доллар (USD)

Улаанбаатар

Ц.Галбадрах: 20 жилийн хугацаанд 1000 гаруй хүний хөрөг урлажээ

Э.ГАНЦЭЦЭГ

Авьяас билиг хүн бүрт адил тэгш заяаж, харилцан адилгүй дэлгэрдэг. Өөрт заяагдсан авьяас билгээ тордож, дэлгэрүүлж яваа нэгэн бол сэтгүүлч, яруу найрагч Ц.Галбадрах. Өчигдөр тэрээр “Цаасан хөрөг” номын хуримаа хийж, энэ үеэр тус номонд дүрээ мөнхөлсөн урлаг, спорт, улс төр, утга зохиолын салбарын олон хүндтэй эрхэмхүрэлцэн ирсэн байлаа. Онцолбол, Монгол Улсын Төрийн соёрхолт зураач Ц.Энхжин, гавьяат тамирчин Э.Бадар-Ууган, Б.Наранбаатар, МСНЭ-ийн ерөнхийлөгч Б.Галаарид нар хүндтэй зочдын төлөөлөл байв. Хоёрхон чавхдсаараа хорвоог уяраах увидастай морин хуурын ая, эгшгээр Төрийн хан хуурч Ц.Цэрэндорж гуай номын хуримыг мялаасан юм.  Түүний эл ном манай улсад гарч буй хөрөг цаасан барын хайчилбарын анхны бүтээл болж буйгаараа онцлог. Тэрээр өмнө нь 2012 онд “Хар цагааны дэнс”, 2013 онд “Хангарьдат сүлдэн дор” хэмээх цаасан хайчилбарын үзэсгэлэнгээ дэлгэж байсан удаатай. “Цаасан хөрөг” номын нээлтийн үеэр түүнтэй цөөн хором ярилцлаа.

-“Цаасан хөрөг” ном цаасан хайчилбарын аргаар бүтээгдсэн хөрөг зургийн анхныбүтээл болж чадлаа. Манайд энэ чиглэлийн ном, товхимол гараагүй байсан хэрэг үү?
-Манайд дүрслэх урлаг тэр дундаа цаасан, хулдаасан, төмөр, модон барын аргыг судалж, ном зохиол болгон эмхтгэсэн нь тун ховор юм. Ялангуяа цаасан барын урлалын талаар судалж тэмдэглэсэн зүйл, мэргэжлийн гарын авлага ч байдаггүй юм байна. Энэ талаар өөрөө ном гаргах дээрээ тулаад л мэдэрлээ. Тиймээс цаасан урлалын судалгааны ажилд мэргэжлийн хүмүүс нь анхаарлаа хандуулна гэдэгт най­­даж байна.Уг номоо өөрийн хуримтлуулсан мэд­лэг, мэдээлэл, хийж бүтээсэн зүйлдээ тулгуурлан хийсэн гэхэд болно. Тиймдээ ч энэ чиглэлийн анхны ном боллоо.

-Таны хэдэн жилийн хөдөлмөр энэ номонд шингэ­сэн бол?
-Миний 20 жилийн хөдөлмөр шингэсэн. Энэ хугацаанд 1000 гаруй хүний хөргийг цаасаар урлаж, түүнээсээ захчлаад 155 хүний хөргийгномондоо багтаалаа. Санаанд бууж, сэтгэлд нийцсэн хүнийхээ хөргийг урладаг гэж болно. Мөн захиалгаар олон хөрөг урласан. Мөн номонд орсон хүмүүсээ хэрхэн эрэмбэлэх вэ гэж их бодсон. Ер нь, ихэнх номонд нэрийн эхний үсэг, алдар цол, албан тушаал гэхчлэнгээр эрэмбэлдэг бол би хүмүүсийнхээ төрсөн өдрөөр нь эрэмбэлж оруулсан. Энэ удаагийн ном маань үүгээрээ бас онцлог болсон болов уу.

-Ер нь, та хэзээнээс цаа­сан хайчилбар сонирхож эхлэв?
-1995 онд хотод оюутан болж ирээд л цаасан урлалыг сонирхож эхэлсэн дээ. Тэр үеэс өнөөг хүртэл энэ урлагаа хөгжүүлж, хоббигоороо урлаж явна. Монгол гэлтгүй хүн бүр л цаас хайчилж өсдөг. Тэр дундаа, монгол аав болгон үнэг хайчилж, шинэ хүнийхээ тоглоомд зүүж өгдөг шүү дээ. Тэгж бодохоор энэ урлаг эртнээс улбаатай. Гэхдээ, яг урлаг талаас нь хийж эхэлсэн нь саяхнаас юм.

-Цаасан хайчилбар Дорно дахинд эртнээс хөгжиж ирсэн. Манайд хөгжихгүй байгаа шалтгаан нь юу юм бол?
-Манайд зураачдыг олон янзаар мэргэшүүлэн бэлтгэж байна. Гэтэл цаасан урлал мэргэжлийн сургуулийн хичээлийн программд ороогүй байдаг юм билээ. Энэ тал дээр ч мэргэжлийн сургуулийн багш нартай уулзаж, ярилцахад “Цаасан хайчилбар урлалыг хөлдүү аргал, хөлтөс шиг хэн ч тоодоггүй” хэмээн халаглаж байсан ч удаатай. Энэ урлагаар цөөн тооны хүнсонирхлоороо л хичээллэж, өөртөө зориулж урлаж байна. Ер нь, цаасан хайчилбарын урлагийг ойлгодог хүн манайд ховор.

-Сэтгүүлч, яруу най­рагч хүн энэ чиглэлээр мэргэжлийн түвшинд бүтээл урлаж буй нь сонин, сайхан байна. Та яагаад цаас хайчлах дуртай болчихов?
-Бавуугийн Лхагвасүрэн, Пунцагийн Бадарч гуай нарын шүлэг тэрлэдэг, найрагч олон эрхмийг сайхан зурдгийг мэднэ. Ер нь,яруу найрагчдад зурах мэдрэмж өндөр байдаг гэж ярьдаг даа. Яагаад ч юм үгээр илэрхийлж чадахгүй байгаа зүйлээ цаас ашиглаж, дүрсээр илэрхийлэх өгөгдөхүүн надад заяагдсан юм болов уу гэж боддог. Анх гудамжинд цаасан хайчилбар хийж байгааг хараад хийчих юм шиг санагдаж, оролдож эхэлсэн дээ. Өөрөө оролдсоор байгаад л энэ хэмжээнд хүрсэн байна.

-Та 1000 гаруй хүний хөргийг цаасаар урлажээ. Урлахад хамгийн хэцүү байсан эрхэм хэн байв?
-Өө олон бий. Хоёр, гурван жил хөөцөлдөөд ч хөргийг нь урлаж чадаагүй хүн байна. Номонд орсон хүмүүсээс дурдвал, найз Болдбаатарынхаа хөргийг хоёр жилийн хугацаанд урласан байх жишээний. Зөвхөн нүдний шилийг нь хийчихэд л гараад ирдэг хүн бас бий. Спортын сэт­гүүлч­дийн холбооны дэд ерөн­хийлөгч, спортын сэтгүүлч Цагаан­баатарын хөргийн талыг нь урлачихаад, үргэлжлүүлнэ гэж бодоод орхичихсон байсан юм. Тэгсэн Цагаанбаатарын тал хайчилбарыг үзсэн хүмүүс шууд л түүнийг таньж байсан.
Тэгээд тэр хайчилбараа тэр чигээр нь түүнд өгсөн. Цагаан­баа­тар ч өөрийгөө шууд таньсан шүү.

-Та нэг хайчилбартаа хэр их хугацаа зарцуулдаг вэ?
-Хамгийн багадаа 10 минут, дээд тал нь 2-3 жилийг зарцуулсан юм байна.


Б.Галаарид: Надад хайчилбар зураг маань маш их таалагдсан

/Монголын сэтгүүлчдийн нэгдсэн эвлэлийн ерөнхийлөгч/

-Миний хөрөг энэхүү номонд багтсанд баяртай байгаа. “Зууны мэдээ” сонины хамт олон Галбадрахад миний хөргийг захиалж хийлгэсэн юм шиг байна билээ. Энэ хөрөг Соёлын гавьяат зүтгэлтэн цолоор шагнагдахад хэвлэл мэдээллийнхнээс надад бэлэглэсэн зураг байгаа юм. Сэтгүүлчдийн нэгдсэн эвлэлийн логог ард нь шигтгэж өгсөн байгаа биз. Надад хөрөг хайчилбар зураг маань маш их таалагдсан. Манай Галаа цаасан хайчилбарыг сайхан урлахаас гадна сэтгүүлзүйн салбартаа ч амжилттай яваа чадварлаг сэтгүүлч гэж би хувьдаа үнэлдэг.
 
Ц.Энхжин: Монгол гэх өнгө аясыг илүүтэй олж харлаа

/Монгол Улсын Төрийн соёрхолт зураач/

-Юун түрүүнд уран бүтээлчдээ “Цаасан хөрөг” хэмээх цаасан хайчилбарын номоо өлгийдөн авсанд баяр хүргэе. Ц.Галбадрахын бүтээлээс Монгол гэх өнгө аясыг илүүтэй олж харлаа. Эртнээс уламжилж ирсэн  энэ урлагаар уран бүтээлч маань сайхан амжилт гаргаж, орчин үеийн өнгө аяст оруулж, хөгжүүлж байгаа нь талархууштай юм.

0 Сэтгэгдэл
Сайн байна уу? Хайчилбар хөрөг зурдаг юм болов уу
Хамгийн их уншсан