Билгийн

Доллар (USD)

Улаанбаатар

ГАЦУУРТЫН ОРДООР “ГАНГАРЧ” УЛСТӨРЖИХӨӨ БОЛИОСОЙ

“Ноён” уулыг төрийн хамгаалалтад авах тухай зарим иргэн, УИХ-ын гишүүд санал гаргаснаар Гацууртын ордтой холбоотой асуудлыг УИХ-ын чуулганы нэгдсэн хуралдаанаар хэлэлцүүлэхийг хойшлуулсан. Уг нь эдийн засгийн хямралаас гарах ганц арга нь хөрөнгө оруулагчдыг эх орондоо татах, уул уурхайг ашиглах хэмээн хэдэн жил ярьсан. Тэгвэл өдгөө Монгол Улсын эдийн засаг хямарчихсан энэ үед уул уурхай тэр дундаа алтыг эргэлтэд оруулж яагаад болохгүй гэж. Гэхдээ мэдээж зөв замаар шийдвэрлэх нь төрийн ордонд суугаа “томчуудын” шийдэх хэрэг.

Учир нь Гацууртын ордын асуудлыг УИХ-ын чуулганы нэгдсэн хуралдаанаар хэлэлцэлгүй, хойшлуулснаас болж гар аргаар алт олборлогчид стратегийн орд хэмээгддэг Гацууртад ёстой л ноён сууж, дураараа аашлан, эцэст нь дөрвөн халуун амь шороонд дарагдан үгүй болсон. Түүгээр ч зогсохгүй нийслэлд орон нутгийнхан нь ирж эсэргүүцлээ илэрхийллээ, бөө нар бөөллөө гэх зэргээр эсэргүүцээд байсан. Гэтэл өдгөө Сэлэнгэ аймгийн Мандал сум, Зүүнхараа тосгоныхон ёстой л үгээ барж, үсээ зулгааж байгаа тухай хэвлэлүүдээр цацах болсон. Учир нь мандалчууд эзэнгүй байгаа “Ноён” уулыг өөр бусад аймаг, сумаас ашиг хонжоо хайн ирсэн “айлчин, гийчдийн” хөлд дарагдан, хууль хяналтынхан ч дийлэхээ болиод байгаа сурагтай. Арга ч үгүй биз.

Энэхүү стратегийн ордыг аль нэг аж ахуйн нэгжид эзэмшүүлчихвэл ядаж л авсныхаа хэрээр орон нутгийн иргэдтэй хамтран ажиллаж, ажлын байраар хангах, аймаг, сумынх нь төсөв сэргэх, уулыг нь хөндсөн учраас нөхөн сэргээлт хийх зэргээр “араа даан” ажилдаа эзэн болох байсан. Гэтэл аль өнгөрсөн есдүгээр сард Уул уурхайн сайд Р.Жигжид Мандал суманд ажиллаад Засгийн гарын хуралдаанд танилцуулахдаа “Орон нутгийн удирдлага болон иргэд хууль бус олборлолтыг зогсоох талаар холбогдох газруудад санал хүргүүлсээр байна. Гацууртын ордыг ашиглахад бэлэн болсон бөгөөд хууль, эрх зүйн байдлаас шалтгаалан компани үйл ажиллагаагаа явуулж чадахгүй байгаагаас хууль бусаар олборлох нөхцөл үүсч, улсад орох татвар, хураамж төлөгдөхгүй байгаа юм. Иймд Гацууртын ордыг эдийн засгийн эргэлтэд оруулах зайлшгүй шаардлагатай” гэсэн байдаг.

Тийм л атал ёстой л “алтан дээр суусан гуйлгачин” гэж хэлүүлдэг байсан шигээ улстөржилт, утгагүй шашинлаг байдал зэргээрээ далайлган шийдвэр гаргагчид нь өнөөг хүртэл Гацууртын ордыг тойрон “хий эргэж”, гар аргаар алт олборлогчид нь өөрсдийгөө башийлгасаар байна.

Гацууртын орд нь үндсэн орд бөгөөд “Бороогоулд”-ын ордоос 45 км орчим, “Ноён” уулын бэлд байдаг. Дээд шороон ордыг нь 1992 оноос хойш ашиглаад дуусчихсан. Олборлолт явуулахаар хүлээгдэж буй талбайн 70 хувь нь эвдрэлд орсон гэнэ. Өмнө нь олборлолт хийж байхдаа газрыг нь эвдсэн, шороон орд олборлож байхдаа уулын горхийг нь доош оруулсан гэдгийг албаныхан хэлж байсан. Уг нь одоо олборлох гэж байгаа компани хоёр нуур үүсгэж, уулын горхийг нь сэргээгээд нуурийг нь тойруулан урсгаж, эвдэгдсэн талбайн 6.7 га газрыг нөхөн сэргээж, аялал, жуулчлал хөгжих аятайхан орчин бүрдүүлнэ гэж төлөвлөөд байгаа гэнэ. Энэ бол орон нутаг болон ашигласан газраа нөхөн сэргээхэд хамгийн ашигтай хувилбар гэдгийг нь харуулж буй юм.

Түүнчлэн тус ордын баталгаатай алтны нөөц 50 тонн. Тодорхой нөхцөлд ашигтай байх нөөц нь 26 тонн. Хоёр хэсэг ордод нийт 76 тонн алтны нөөц байна гэсэн үг. Үүнийг 9-10 жилийн хугацаанд ашиглаж, жилд таван тонн орчим алт олборлох боломжтой. Үүнийг мэргэжлийнхэн гурван их наяд төгрөгийн борлуулалт хийгдэж, улсын төсөвт 70 тэрбум төгрөгийн орлого төвлөрнө гэж тооцоолдог. Мөн татвар хураамжаар 50 тэрбум төгрөг төлнө гэдэг. Гэхдээ төр хэдий хэмжээний хувийг эзэмшихээс дээрх олон тэрбум төгрөгийн тоо нааш, цааш болох юм билээ.

Салбар яамныхан нь эдийн засгийн байдал хүнд байгаа үед энэ ордыг хурдан эргэлтэд оруулах нь зүйтэй гэж үздэг. Улсын төсөв бүрдэхгүй байна, эдийн засаг элгээрээ хэвтчихлээ, өр зээлэнд баригдлаа гэх зэргээр шуурч буй энэ үед уг нь гадаад валютын хэмжээгээ өсгөх боломж нээлттэй байсан. Учир нь Монголбанк тусгай зөвшөөрөл эзэмшигч талтай ярилцаад урьдчилсан хэлэлцээр хийгээд алтыг нь эрдэнэсийн сандаа бүртгэж авснаар эдийн засагт эерэг нөлөө үзүүлэх юм. Харамсалтай нь өнөөдрөөрөө амьдарч, ирээдүйг хараагүйнхээ горыг амсан өдгөө ашиг өгөх ёстой ордоо аминчхан үзэлтэй хүмүүсээр талхалуулж, хүний аминд хүргээд байна.

Ирэх оны сонгуулиар ялалт байгуулахын төлөө өнөөдөр улстөржихийн оронд улсдаа хэрэгтэй, эдийн засгаа сэхээчих энэ ордын асуудлыг ахин нэг бодож үзэн, эргэлтэд оруулахгүй бол ашиг харах байтугай нөхөн сэргээлт ч үгүй, баахан хоосон нүхтэй үлдэж мэдэхээр байгааг анхаараасай.

 Өглөөний сонин

0 Сэтгэгдэл
Хамгийн их уншсан