Билгийн

Доллар (USD)

Улаанбаатар

Монгол Улсын Ерөнхийлөгч болон Ерөнхий сайдын нэрэмжит тэтгэлэгт хэрхэн хамрагдах вэ

Онцгой авьяас, чадварыг хөгжүүлэх, урамшуулан дэмжих зорилгоор сурлага, спорт, урлагийн онцгой амжилт гаргасан дотоодын их, дээд сургууль, коллеж, мэргэжлийн сургалт-үйлдвэрлэлийн төвд суралцагчид энэхүү тэтгэлэгт хамрагдах боломжтой юм.

Тэтгэлэгт тавигддаг шаардлага

Монгол Улсын Ерөнхийлөгчийн нэрэмжит тэтгэлэгт гурваас доошгүй голч дүнтэй суралцаж байгаа дараахь болзлыг хангасан суралцагч нэр дэвших эрхтэй аж. Техник, технологийн чиглэлээр зохион байгуулагдсан дэлхий, тив болон олон улсын уралдаан, тэмцээнд эхний гурван байрт шалгарсан байх, Дэлхийн оюутны спортын их наадам, дэлхийн болон тивийн оюутны аварга шалгаруулах тэмцээнд тус тус эхний гурван байрт шалгарсан, Монголын оюутны спортын их наадам, Монголын оюутны аварга шалгаруулах тэмцээнд тус тус тэргүүн байр эзэлсэн тохиолдолд нэрээ дэвшүүлж болох нь. Мөн сургуулиудын нэгдсэн эрдэм шинжилгээний хуралд илтгэл тавьж, эхний гурван байрт шалгарсан оюутан, мэргэжлийн сэтгүүлд хоёроос доошгүй эрдэм шинжилгээний өгүүлэл нийтлүүлсэн, олон улсын эрдэм шинжилгээний хуралд шалгарч илтгэл тавьсан, улс орны хөгжилд үр нөлөө үзүүлэхүйц судалгаа шинжилгээний бүтээл туурвисан магистрант, докторант байж болох юм байна. Түүгээр ч барахгүй олон улсын хэмжээний мэргэжлийн соёл урлагийн уралдаан, наадамд эхний гурван байрын аль нэгийг эзэлсэн, улсын хэмжээний мэргэжлийн соёл, урлагийн их наадам, уралдаан, тэмцээнд тэргүүн байр эзэлсэн суралцагч хамрагдах эрхтэй юм.

Засгийн газраас мөнгөн шагнал авсан суралцагч хамрагдах эрхгүй

Гэхдээ олон улсын хэмжээний спорт, урлагийн арга хэмжээнд амжилттай оролцож,  холбогдох журмын дагуу Засгийн газраас мөнгөн шагнал авсан суралцагчдад тэтгэлэг давхардуулан олгодоггүй юм байна шүү. Тиймээс худал мэдээлэл өгсөн, хуурамч бичиг баримт бүрдүүлсэн, сургуулиас хасагдсан, чөлөө авсан тохиолдолд тэтгэлгийг нь зогсоодог байна. Харин дээрх шаардлагыг бүрэн хангаж байна гэж үзвэл өөрийн сургуулийн захиргаа, оюутны байгууллагад хандаарай. Хэрвээ өөрийг тань тэтгэлэгт нэр дэвшүүлж болно гэвэл бичиг баримтаа бүрдүүлээд энэ сардаа багтааж суралцаж байгаа сургуулийнхаа захиргаанд өгөх ёстой юм байна.

Хэдэн суралцагчид тэтгэлэг олгодог вэ

Монгол Улсын Ерөнхий сайдын нэрэмжит тэтгэлэгт Монгол Улсын тэргүүлэх ач холбогдол бүхий салбарын мэргэжлийн чиглэлээр дөрвөн улирал дараалан 3.8-аас доошгүй голч дүнтэй суралцсан, олон нийтийн ажилд идэвх санаачилгатай оролцдог, хамт олныхоо дунд нэр хүндтэй, сургуулийнхаа шилдэг оюутнаар шалгарсан суралцагч нэр дэвших юм. Дээрх болзлуудыг хангасан суралцагчид Монгол Улсын Ерөнхийлөгч, Ерөнхий сайдын гарын үсэг бүхий өргөмжлөл, мөнгөн шагналыг 10 сарын хугацаанд эдэлнэ.  Жил бүр 30 хүртэл суралцагчид сар бүрийн 100.000 төгрөгийн Монгол Улсын Ерөнхийлөгчийн нэрэмжит тэтгэлэг, 50 хүртэлх суралцагчид сар бүрийн 80.000 төгрөгийн Монгол Улсын Ерөнхий сайдын нэрэмжит тэтгэлэг тус тус олгогдох юм.


Ямар материал бүрдүүлэх вэ

-Монгол Улсын Ерөнхийлөгчийн болон Ерөнхий сайдын нэрэмжит тэтгэлэгт нэр дэвшигчийн мэдүүлэг /загварын дагуу/

-Сургалтын албаар баталгаажуулсан сурлагын болон голч дүнгийн тодорхойлолт
 
-Болзлыг хангасан суралцагч нь медаль, шагнал, өргөмжлөл, гэрчилгээний болон тухайн арга хэмжээг зохион байгуулсан байгууллагын шийдвэрийн нотариатаар баталгаажуулсан хуулбар, монгол хэл рүү хөрвүүлсэн албан ёсны орчуулга

-Сургуулийн захиргаа болон оюутны холбооны тодорхойлолт /Сургуулийн захиргаа нь сургалтын алба, багш, оюутны байгууллагын төлөөллөөс бүрдсэн ажлын хэсэг байгуулан нэр дэвшигчдийн бичиг баримтыг нэг бүрчлэн шалгаж, хүн тус бүр дээр дүгнэлт гаргасан байна. Энэ дүгнэлтийг үндэслэн их сургууль 6 /зургаа/ хүртэл, дээд сургууль, коллеж, мэргэжлийн сургалт-үйлдвэрлэлийн төв 3 /гурав/ хүртэл суралцагчийн баримтыг ажлын хэсгийн дүгнэлтийн хамт жил бүрийн долдугаар сарын 1-ний дотор захирлын албан бичгээр боловсролын асуудал хариуцсан төрийн захиргааны төв байгууллагад хүргүүлэх ёстой аж. Боловсролын асуудал хариуцсан төрийн захиргааны төв байгууллага нь сургуулиудаас ирүүлсэн нэр дэвшигчдийн баримт бичгийг журамд нийцсэн эсэхийг хянан үзэж жил бүрийн наймдугаар сарын 1-ний дотор Монгол Улсын Ерөнхийлөгчийн Тамгын газар болон Засгийн газрын хэрэг эрхлэх газарт хүргүүлнэ. Монгол Улсын Ерөнхийлөгчийн Тамгын газар болон Засгийн газрын хэрэг эрхлэх газар нь ирүүлсэн баримт бичгийг холбогдох журмын дагуу судлан үзэж Монгол Улсын Ерөнхийлөгч, Ерөнхий сайдад танилцуулан тэтгэлэг олгох асуудлыг эцэслэн шийдвэрлэж, сургуулиудад мэдэгддэг байна.

0 Сэтгэгдэл
Хамгийн их уншсан