Билгийн

Доллар (USD)

Улаанбаатар

Хүүхэд харах үйлчилгээ эрхлэгчид сургалтад хамрагдаж эхэлжээ

Б.БИЛГҮҮН

Хүүхэд харах үйлчилгээний тухай хууль ирэх оны нэгдүгээр сарын 1-нээс хэрэгжиж эхэлнэ. Тус хуулийг хэрэгжиж эхлэхтэй холбогдуулан өчигдөр Засгийн газрын ээлжит хуралдаанаар Хүүхэд харах үйлчилгээний тухай хуулийн хэрэгжүүлэх холбогдох журам тогтоолыг батлахаар болжээ. Хүүхэд харах үйлчилгээ эрхлэх иргэн, хуулийн этгээд тав хоногийн сургалтад хамрагдаж эхэллээ. Сургалтын хөтөлбөрийг БСШУЯ-наас боловсруулсан төдийгүй хүүхэд харах үйлчилгээ эрхлэх хүсэлтээ илэрхийлсэн иргэн, хуулийн этгээд уг сургалтад өчигдрөөс хамруулж эхэлжээ.
Энэ талаар дэлгэрэнгүй мэдээлэл өгөх мэргэжилтэн эзгүй байсан учир бид дахин сурвалжлах болно. Улсын хэмжээнд 2-5 насны 228 мянган хүүхэд бий. Тэдний 24 гаруй хувь нь буюу 56 мянган хүүхэд сургуулийн өмнөх боловсролын үйлчилгээнд хамрагдаж чадахгүй байгаа юм. Хүүхэд харах үйлчилгээ хэрэгжиж эхэлснээр дээрх хүүхдүүд сургуулийн өмнөх боловсролын үйлчилгээ авах нөхцөл бүрдэж, гэртээ хүүхдээ харж буй эхчүүд, түүнчлэн хүүхэд харах үйлчилгээ эрхлэх боломжтой иргэн, хуулийн этгээд ажлын байртай болохын дээр өндөр төлбөртэй хувийн цэцэрлэгт хүүхдээ хамруулж чаддаггүй эцэг, эхчүүдэд эдийн засгийн дэмжлэг болох учиртай. Хүүхэд харах төвийн төлбөр хувийн цэцэрлэгтэй харьцуулахад уян хатан байх төдийгүй нэг хүүхдэд ногдох хоолны болон хувьсах нормативт зардлыг улсын цэцэрлэгт олгож буй зардлын хэмжээтэй ижил байхаар тооцож, улсаас олгох юм. Хүүхэд харах төв өдөрт 12 цаг ажиллаж, нэг ангид 20-иос илүүгүй хүүхэд байх аж.

0 Сэтгэгдэл
Хамгийн их уншсан