Билгийн

Доллар (USD)

Улаанбаатар

Б.Тэмүүжин: “Тавантолгой цахилгаан станц” бол хамгийн сайн хөгжүүлсэн төсөл

Н.УУГАНБАЯР

“Тавантолгой цахилгаан станц” төсөл хэрэгжээд хоёр жил гаруй болж байна. Төсөл хэрэгжсэнээр улсад жил бүр 50 гаруй сая ам.долларын орлого орж ирэх бүтээн байгуулалтын талаар “Тавантолгой Цахилгаан станц” төслийн захирал Б.Тэмүүжинтэй ярилцлаа.

-Эрчим хүчний сайд нэгэн ярилцлагадаа цахилгаан станцыг хамгийн багадаа 4 жилийн хугацаанд барьж, байгуулдаг хэмээн хэлсэн байдаг. “Тавантолгой цахилгаан станц” төслийг Засгийн газраас батлаад өнөөдөр 3 дахь жилтэйгээ золгож байна. Энэ хугацаанд төслийн нэгж маань ямар ажлуудын ард гараад байна вэ?
-Манай эрчим хүчний салбарын хамгийн том, хамгийн сүүлийн бүтээн байгуулалт бол дөрөвдүгээр цахилгаан станц. 1980-аад оны эхээр баригдаж, 1984 онд ашиглалтад орсон. Тухайн үед улс мөнгөө гаргаад л, технологи нь, барих хүн нь бэлэн байв. Тэгвэл өнөөгийн нөхцөлд  бид дэлхийн жишигт хүрсэн стандарт бүхий цахилгаан станц барих ёстой. Цахилгаан станц бол бизнес гэдэг утгаар харах шаардлагатай болсон. Станц бол бүтээгдэхүүн үйлдвэрлэж, борлуулж амьдардаг аж ахуйн байгууллага. Тэгэхээр Тавантолгой цахилгаан станцын төсөл бол бүтцийн хувьд өмнөх станцуудаас өөр бүтээн байгуулалт. Эрчим хүчний сайд ийм хэмжээний хүчин чадалтай цахилгаан станцын барилга байгууламж барих, угсрах, туршилт тохируулга хийх, хүлээж авах процесст дэлхийн жишгээр 4 жил зарцуулна гэж хэлсэн байдаг юм. Монгол барилгын улиралтай учраас 4 жил гэдэг нэлээн татаж хэлсэн тоо.
Төслийн нэгж 2013 онд байгуулагдсанаас хойш газраа сонгох, инженер геологийн болон усны гэх мэт бүх суурь судалгаа, байгаль орчны нарийвчилсан үнэлгээ, архиеологи, палентлогийн хайгуул хийх, нүүрсний хайгуул, газрын хянан баталгаа, станцын болон цахилгаан дамжуулах шугамын ТЭЗҮ, ус хангамжийн систем зэрэг олон ажлын ард гарлаа. Бид гурван жилийн хугацаанд анхдагч судалгаагаа бүрэн хийж дуусгасан. Техник талаасаа техникийн ажлын даалгавар гэж нэг  том баримт бичиг бий. Хөрөнгө оруулагч талд ийм шаардлага хангасан, ийм техник технологитой, ийм станц барих юм шүү гэдгийг нарийвчлан зааж өгнө гэсэн үг. Энэ нь банкны шаардлага хангасан ТЭЗҮ-ийн урьдчилсан судалгаа, байгаль орчин, материалын стандарт, техник технологи,станцын хүчин чадал, нүүрсний физик, химийн шинжилгээ, усны шинжилгээ, усаа яаж татах вэ, усны хэрэглээтэй, үйлдвэрийн яндангаас гарах хорт хийг бууруулах технологи гэх мэт нарийн  тооцоо бүхий ерөнхий дизайнтай 1200 гаруй хуудас баримт бичиг болдог. Мөн арилжааны  ажлын даалгавар буюу 1500 гаруй хуудас баримтаа бэлэн болгоод байна. Энд хөрөнгө оруулалтын, тогтворжуулалтын, хувь нийлүүлэгчдийн, усны, нүүрсний, газрын, эрчим хүч худалдах, худалдан авах гэрээ гээд нийтдээ 15 гэрээний төсөл, төслийн санхүүжилтийн моделийг агуулсан баримт бичгээ боловсруулж бэлтгээд хөрөнгө оруулах сонирхол бүхий компаниуддаа илгээсэн. Мөн Монгол Улсын нутаг дэвсгэрт үйл ажиллагаа явуулахад шаардлагатай 11 тусгай зөвшөөрлөө авсан. Хамгийн сүүлд эрчим хүч экспортлох, импортлох тусгай зөвшөөрлөө авлаа. Засгийн газрын зүгээс энэ төсөлд ач холбогдол өгч, дэмжиж байгаагийн ачаар бүх зөвшөөрлөө авсан.Олон улсын практикийн дагуу хийгдэх үндсэн ажлуудынхаа ард гарсан гэсэн үг. Энэ төсөл  маань хээр очоод л цахилгаан станц барьчих амархан зүйл биш. Үүнийг дагасан ус, эрчим хүч түгээлтийн шугам гээд томоохон  бүтээн байгуулалтууд бий. Энэ бүхэн дээр ТЭЗҮ хийдэг.Үндсэндээ одоогоор цаасны ихэнх ажлаа хийж дуусгасан.

-Төсөл эхлэхэд төр хувийн хэвшлийн хамтарсан анхны цахилгаан станц гэж тодотгож байсан. Ер нь эрчим хүчний салбарт хувийн хэвшлийнхэн тогтвортой үйл ажиллагаа явуулах боломж өнөөдөр нээгдэж чадсан уу?
-Манай эрчим хүчний шинэ хууль бусад дүрэм журам болон төр засаг, бизнесийнхний  сонирхол ч эрчим хүчний үйлдвэрлэгч эх үүсвэрийг хувийнх байлгахад нэгдэж байгаа. Түгээх ажлыг ч хувийн хэвшил хийж болох юм. Харин дамжуулалтаа улс өөрөө авч үлдэх ёстой байх. Энэ бодлогын хүрээнд эх үүсвэр талдаа Тавантолгойн цахилгаан станц хувийнх байж болно. 100 хувь хувийнх байж болно гэж үзэж, төсөлд ч ингэж тусгасан.Тиймээс станцын бүтээн байгуулалт төр хувийн хэвшлийн хамтарсан гэхээсээ 100 хувь хувийн хэвшлийнх байх болов уу.  Дэлхийн жишгээр цахилгаан станцын эх үүсвэрийг хувийнхан хийдэг болоод олон жил болж байна. Төр мэдээж мөнгөтэй болоод ашиг сонирхол нь байвал өөрөө барьж байгуулах боломжтой. Харин онцгой обьект, стратегийн ач холбогдол гэдэг утгаараа Цөмийн станцууд болон усан цахилгаан станцын ихэнх нь төрийн мэдлийнх эсвэл төрийн хувь оролцоотой байдаг.

-100 хувь хувийн станц байна гэхээр Чингис бондоос санхүүжүүлсэн эхний хөрөнгө оруулалтыг “Тавантолгой цахилгаан станц” төслийг хийж гүйцэтгэх компани эргүүлэн төлнө гэж ойлгож болох уу?
-Засгийн газраас Тавантолгойн нүүрсний  орд дээр 450 МВт-ын цахилгаан станц барь гэсэн үүрэг өгсөн. Тогтоолдоо гадаад, дотоодын хувийн хэвшлийн хөрөнгө оруулалтыг татах замаар гэж заасан. Тавантолгойн цахилгаан станцын төслийн бэлтгэл үе нь бүх суурь судалгааг уялдуулах, гэрээний төслүүдийг бэлэн болгох, зураг төсөл боловсруулах, инженерийн нарийн тооцоолол хийх, төслийн санал авах, буцаагаад санал өгөх, хөрөнгө оруулагч талтайгаа гэрээгээ байгуулах, банкуудтай уулзах, хамгийн сүүлд банкууд зээлийн зөвшөөрөл олгох хүртэл маш олон шаттай байна.  Энэ бүхнийг төсөл хөгжүүлэх үе гэдэг. Үүнд зориулж Засгийн газар Чингис бондоос 50 сая ам.доллар хуваарилсан. Харин төслийн нэгжээс ахин тооцоо хийхдээ хэмнэлтийн зарчмыг баримтлан 15,9 сая долларт багтааж төсөл хөгжүүлэх үе шатыг дуусгаж чадна гэж үзээд мөнгөө авсан. Үлдсэнийг нь Хөгжлийн банкинд буцаасан. Засгийн газар манайд мөнгө хуваарилахдаа мезанин буюу давуу эрхтэй хувьцаанд хөрвөх зээл хэлбэрээр өгсөн юм.
Энэ нь Засгийн газар төсөл дуусах үед мөнгөтэй байгаа тохиолдолд дээрх зээлийн хөрөнгө оруулалтаа Монголын Засгийн газрын хувь болгоод хөрвүүлж болно. Эсвэл тэр мөнгөө хөрөнгө оруулагчаас хүүтэй нь буцаагаад авч болно. Энэ тогтоолын хүрээнд л бид ажиллаж байгаа. Одоогоор манай төсөл хуваарилагдсан мөнгөнийхөө 30 хувийг ашигласан. Техникийн, санхүүгийн гээд зөвлөх үйлчилгээ, бусад суурь судалгаанууд гээд бүхий л зардлаа оруулсан. Хөрөнгө оруулагч талтай байгуулах гэрээндээ төсөл хөгжүүлэх үе  шатанд гаргасан зардлыг буцаан төлөх тухай заалт оруулсан. Энэ бол Монголын Засгийн газар, Монгол Улсад ямар ч хохиролгүй төсөл. Бүх эрсдэлийг хувийн хэвшил өөрөө нуруун дээрээ үүрч байгаа.

-Эрчим хүчний салбарт хувийн хэвшил ажиллана гэдэг үнэхээр дэвшил. Гэхдээ л манай эдийн засаг улс төрийн өнөөгийн нөхцөл байдал, хүлээж авах нь хэр бол гэх асуулт гарч ирээд байх юм?
-Өнөөдрийн технологийн эринд эрчим хүч шаардлагагүй зүйл алга. Эрчим хүч бол арилжаа.  Хэрэглэдэг, тэр хэрээрээ төлдөг. Систем нь тогтвортой хөгжиж байдаг бизнес юм. Энэтхэг гэхэд л  ирээдүйн 5 жилд 300 гаруй тэрбум ам.доллараар цахилгаан станц барихаар төлөвлөсөн байгаа юм. Өөрөөр хэлбэл, Тавантолгойн цахилгаан станцыг 300-г барих мөнгө. Энэ төслүүд дээр нь дандаа гадаад компаниуд орж байгаа. АНУ,Франц, Хятад, Японы хувийн компаниуд. Төр нь дамжуулалтаа авч үлдэнэ. Манай Тавантолгой цахилгаан станц бол хувийн хэвшлийн байгуулах анхны том чадлын станцын төсөл. Жижиг станцууд бол хувийнхан барьсан. “Энержи” жишээ нь 18 МВт-ын станц барьсан байдаг.

-Эрчим хүчний үнийг төрөөс зохицуулж байгаа. Энэ нь үйлдвэрлэснээсээ хямд үнээр борлуулахад хүргэдэг хэмээн салбарынхан хэлдэг. Ийм нөхцөлд хувийн хөрөнгө оруулалт татна гэдэг бэрх даваа санагдах юм?
-Ерөнхийдөө эрчим хүчний салбар төрөөс зохицуулалттай явж байгаа тохиолдолд том чадлын станц дээр хөрөнгө оруулалт бизнес утгаараа орж ирнэ гэдэг хэцүү. Яагаад гэвэл төр оролцоно гэдэг нь том эрсдэл.  Бод доо. Төртэй 1 КВт цахилгааны үнийг 7 цент гээд тохироод үйл ажиллагаа явуулж байтал төр КВт цахилгааны үнээ 5 цент болго гэвэл аж ахуйн нэгж алдагдал хүлээнэ. Тэгэхээр дээрх бүх бичиг цаас явж явж тариф гэдэг ганцхан зүйл дээр л очно. Хэд байх вэ? гэдэг асуулт гарна. КВт цаг нь тэд байна гэдэгт л үйлдвэрлэгч, худалдан авагч талууд тохиролцон гарын үсэг зураад гэрээ байгуулдаг. Манай төслийн хувьд үндсэн хэрэглэгч нь Оюу Толгойн уурхай. Хоёр аж ахуйн байгууллага үнээ тохирох шаардлагатай болж байгаа юм. Үүнийг эрчим хүчний зохицуулалтгүй хангалт гэдэг.Үндсэндээ эрчим хүч үйлдвэрлэгч худалдан авагчтайгаа тарифаа тохироод 30 жилийн гэрээ байгуулчихна.

-Оюутолгой төсөл Монголын нийт хэрэглээний бараг 50 хувьтай тэнцэх хэмжээний эрчим хүч хэрэглэх тооцоотой байгаа гэсэн үг үү?
-50 хувь ч арай биш л дээ.Оюутолгой төслийн хувьд одоогоор 160 МВт орчим эрчим хүч хэрэглэж байна. Хоёрдугаар үе шат орсноор 260 орчим МВт-ыг хэрэглэнэ. Тэгэхээр хүмүүс 450 МВт станц байгуулах ямар хэрэгтэй юм бэ гэж асуудаг. Оюу Толгойн өөрийнх нь шаардлагаар эх үүсвэр ямар ч тохиолдолд найдвартай байх ёстой. Тэнд том том машин механизм тасралтгүй цахилгаанаар хөдөлж байна. Газрын гүнд хүмүүс ажиллаж байгаа. Эрчим хүч тасарвал хүний амь нас эрсдэх, эдийн засгийн алдагдал хүлээх эрсдэлтэй учраас найдвартай эх үүсвэртэй байхын тулд цахилгаан станц 450 МВт байх ёстой гэсэн шаардлага тавьж буй юм. Өөрөөр хэлбэл 260 МВт-аа өөрсдөө хэрэглэнэ, үлдсэн нь нөөцөд байх ёстой. Тэгэхээр 150 МВт хүчин чадалтай гурван эх үүсвэр нь ойролцоогоор 60-70 хувийн ачаалалтай ажиллана. Хэрвээ нэг нь доголдоход нөгөө хоёрынхоо хүчин чадлыг нэмж ямар ч доголдол гарахгүй гэсэн үг. Оюу Толгойн уурхай манай станцын үйлдвэрлэж байгаа 450 МВт-ын хүчин чадлаар тооцож мөнгөө төлөхөөр тохирсон. Ийм сайн төсөл дэлхий дээр бараг үгүй байх шүү.

-Оюу Толгойн төсөл одоогоор урдаас эрчим хүчээ авч байгаа. Үнэ нь яг хэд байгаа вэ?
-1 КВт/цаг цахилгааныг 12 цент орчмоор авч байгаа.

-Одоогоор хэчнээн компани хөрөнгө оруулах сонирхлоо илэрхийлсэн бэ. Дэлхий нийтээр нүүрсээр галладаг цахилгаан станцаас татгалзах талаар ярьж буй учраас зарим компани нь нэрээ татаж авсан гэж байсан?
-2013 онд төслийн нэгж байгуулагдаад дэлхийн нэр хүнд, туршлага бүхий бие даан эрчим хүч  үйлдвэрлэдэг томоохон 25 компанид урилга явуулсан. Үүнээс 10 компани, консерциум оролцох сонирхлоо илэрхийлсэн.Тэндээс нь шүүж шалгаад 4 компани, консорциумыг хураангуй жагсаалтанд үлдээсэн. Японы Марубени, Кансай, Солонгосын Дэйвүү дангаараа, Францын Engie буюу хуучнаар GDF компани Солонгосын Поскотой консерциум болж орсон. Бидэнд алсын хараа байсан л даа. Та бүхэн санаж байгаа бол 2008 онд АНУ-ын Ерөнхийлөгчөөр Обама сонгогдохдоо л нүүрсээр эрчим хүч үйлдвэрлэх технологийг хална гэж гарч ирсэн. Түүний бодлогоор 2013 оны дундаас АНУ-ын “ЭксИм” банк нүүрсээр галладаг цахилгаан станцын төслийг санхүүжүүлэхгүй гэж мэдэгдсэн. 2014 онд Дэлхийн банк тэр бодлогыг хүлээж авсан. Дэлхийн банк группийн Олон улсын санхүүгийн корпораци мөн энэ бодлогыг баримтлах болсноо зарласан. Саяхан Европын  Сэргээн босголт хөгжлийн банк мөн үүнийг хүлээж авлаа. Дээрээс нь Норвегийн сан дэлхий дээр нүүрс ашиглаж байгаа уурхай, нүүрс химийн үйлдвэр, цахилгаан станцад оруулсан хөрөнгөө татаад эхэлчихлээ. Тэгэхээр томоохон компаниуд энэ салбарт бизнес хийхэд асуудалтай боллоо гэж үйл ажиллагааны чиглэлээ өөрчилж эхэлж байна. Үүнээс үүдээд Францын Engie болон Солонгосын Поскогийн хамтарсан консерциум саналаа татаж авснаа илэрхийлсэн. Engie бол 34 хувь нь Францын Засгийн газрын мэдлийн компани.  Францын Засгийн газар ахиж нүүрсний төсөлд оролцохгүй гэсэн шийдвэр гаргасан учраас компани дагахаас өөр аргагүй болчихож байгаа юм. Хувьцааных нь хяналтын багц Засгийн газрынх учраас ямар ч арга үгүй. Хэдийгээр манай төсөлд оролцох сонирхол байсан ч дээрх шалтгаанаар аргагүйн эрхэнд холдсон. Engie зөвхөн манайх ч гэлтгүй дэлхий дээр хэрэгжиж байсан 18 төслөө татсан. Тэдний зүгээс Бразильд болон Монголын тавдугаар цахилгаан станцад хэрэгжиж байгаа хоёр төслөө үлдээгээд бусад төслөөс саналаа татсан.

-Дэлхийн олон оронд нүүрсээр ажилладаг цахилгаан станцаас татгалзаж эхэлсэн гэхээр энэ станцын ирээдүйг хэрхэн харж байгаа вэ. Ер нь, технологийн хувьд ямар бодлого баримталж ажиллаж байна вэ?
-Нүүрсээр галладаг цахилгаан станц байгальд ээлтэй байна гэж хэзээ ч үгүй. Гэхдээ байгальд үзүүлэх сөрөг нөлөөллийг нь жил ирэх бүр л багасгаж буй. Тавантолгойн цахилгаан станц төсөл дэлхий дээр ашиглаж байгаа хамгийн сүүлийн үеийн технологийг хэрэгжүүлнэ гээд техникийн ажлын даалгавартаа бүх стандартыг нь заагаад өгчихсөн. Тоног төхөөрөмж маань АНУ-ын механик инженерүүдийн холбооноос гаргасан стандартын дагуу байх ёстой гэдгийг зааж өгсөн. Жишээ нь, цахилгаан станцын уур гаргадаг бүдүүн янданг манайхан сайн мэднэ.  Энэ яндан бол ажилласан усыг нь хөргөх технологи шүү. Манай  говь усны хувьд асуудалтай. Тиймээс усаа агаараар хөргөх систем ашиглана. “Энержи ресурс”-ын 18 МВт-ын станцын технологитой ижил гэсэн үг. Усаа сэнсээр хөргөдөг. Мөн CFB буюу буцламтгай эргэлтийн үет зуух гэж бий. Нүүрсний илчлэгийн хувьд нэлээн өргөн хүрээнд хэрэглэх боломжтой зуух. Нам температурт шаталт явагддаг учраас нүүрс хүчлийн давхар исэл, азот харьцангуй бага ялгаруулдаг.Тэгэхээр байгаль орчинд нөлөөлөх нөлөөлөл нь бага. Өөрөөр хэлбэл Европ, Японы хотууд дунд байдаг станцын стандартаар Тавантолгойн станцыг барьж байгуулна.

-Төслийн нийт өртөг нэг тэрбум орчим ам.доллар болно гэж эхний тооцоогоор яригдаж байсан. Өнөөдөр хэвээрээ байгаа юу?
-Энэ бол урьдчилсан тооцоо. Олон улсын жишиг үнэ. Ямар технологи, хаанаас авч ашиглах вэ гэдгээс үндсэн өртөг нь хэлбэлзэнэ. Оюу Толгойн уурхай анхлан өөрийнхөө дэргэд 450 МВт станц барихаар ТЭЗҮ боловсруулсан байдаг юм билээ.Тэр ТЭЗҮ-ээс нь харахад 960 гаруй сая ам.долларын өртөгтэй төсөл байдаг. Манайх ТЭЗҮ болон тооцоо хийгээд 1 тэрбум орчим долларын хөрөнгө оруулалт шаардлагатай гэж гаргасан. Үүн дээр цахилгаан дамжуулах шугамын өртөг нэмэгдэнэ.

-Төсөлд цахилгаан экспортлох талаар тусгасан байсан. Та энэ талаар бага зэрэг мэдээлэл өгөөч?
-Цахилгаан эрчим хүч гэдэг маань эцсийн бүтээгдэхүүн. Тэгэхдээ үйлдвэрлэчихээд хадгалж болдоггүй онцлогтой бүтээгдэхүүн. Бидний хувьд Орос руу эрчим хүч гаргана гэж байхгүй. Хятад руу гаргахад  ч хүндрэлтэй. Учир нь, Өвөрмонголд л 44 гегаватт эрчим хүч үйлдвэрлэдэг. Эрчим хүчний эх үүсвэр нь 70 орчим хувийн ачаалалтай ажилладаг. Гэхдээ Хятад зүүн зүгийн буюу далайн эрэг дагуу үйлдвэр хөгжсөн бүс нутгийнхаа эрчим хүчний хэрэглээг хойноосоо хангах бодлого баримталж байгаа. Хятадын хуулиар эрчим хүчнийхээ 20 орчим хувийг заавал аюулгүйн нөөцөд авч үлддэг. Тиймээс Өвөрмонголоос урд тал руугаа эрчим хүч нийлүүлбэл дутагдах байдал ажиглагдаж байгаа юм. Үүнийгээ Монголоос нөхөх боломжтой гэж үзэж буй юм билээ. 2021-2022 онд Тавантолгой станц ашиглалтанд ороод Оюу Толгойд 260 МВт цахилгаан өгөөд станцынхаа дотоод хэрэглээг хасаад үлдсэн эрчим хүчээ шаардлагатай  гэж үзвэл улсад худалдаж эсвэл урагшаа гаргаж болно. Нэгэнт Оюу Толгойд 450 МВт-аар эрчим хүчээ борлуулж байгаа учраас илүү үйлдвэрлэсэн эрчим хүчээ Оюу Толгойтой тохиролцож илүү хямд үнээр борлуулж болох юм. Төвийн эрчим хүчинд зохицуулалттай үнээр ч нийлүүлж болно. Эсвэл урагшаа  гаргах боломжтой. Ер нь манай өмнийн говийн бүсэд хэд хэдэн том төсөл яригдаж байгаа. Тэдгээрийг эрчим хүчээр хангах боломжтой. Станцын удирдлага хэнтэй цахилгаан эрчим хүч худалдах, худалдан авах гэрээ байгуулж чадна түүнээс л борлуулалт шалтгаална. Энэ тал дээр Оюу Толгой уян хатан бодлогоор хандаж байгаа.

-Нүүрсний үнийн хувьд гэрээ тохиролцоогоо хийсэн үү. Тавантолгойн уурхайнууд ихэвчлэн гадагшаа нүүрсээ зардаг учраас Багануурын уурхай шиг үнээр нүүрс өгөх газар олдох уу?
-Гадагшаа коксжих нүүрсээ л худалддаг.Эрчим хүчний нүүрсийг хоёр хөрш аль аль нь авахгүй. Дөнгөж хил гараад Бугатад эрчим хүчний нүүрсний 50 тэрбум тоннын нөөцтэй том орд бий.Тавантолгойн ордын 7 тэрбум тонн нүүрсний нөөцийн гуравны нэг нь коксжих. Гуравны хоёр нь эрчим хүчний нүүрс. Тэгэхээр энэ их нүүрсийг яах вэ. Эрчим хүч болгоод л борлуулах хэрэгтэй. Урьдчилсан байдлаар 1.5 сая тонн нүүрс жилд хэрэглэнэ гээд 1 тонн нүүрсээ 20 орчим доллараар худалдаж авахаар тохиролцсон. Уурхайн аман дээр станц маань баригдах учраас тээвэрлэлтийн зардал бага. Цахилгаан станцын гол үндсэн түүхий эд чинь нүүрс, ус хоёр шүү дээ. Усаа ойролцоогоор 55 км-т орших Наймандайн хөндий гэдэг газраас газар доогуур шугам татаж авна гэж тооцсон.

-Усны талаар асуух гэж байлаа. Наймандайн хөндийгөөс буюу газрын гүний ус ашиглана гэхээр Өмнөговийн гадаргын цэвэр усны эко системд нөлөөгүй гэж ойлгож болох уу?
-Газрын гүний ус чинь багадаа 300 орчим метр, түүнээс цааш 1-2 км гүнээс гардаг. Өмнөговийн усны бассейны судалгааг Байгаль орчны яам хийсэн байдаг юм. Усны судалгааг бид маш нарийн хийсэн бөгөөд худгуудынх нь байршлаас харвал байгаль орчин дахь нөлөөлөл нь мянган жилийн дараагаас л яригдахаар. Өөрөөр хэлбэл усны шавхагдашгүй нөөцтэй.Гэтэл манай станцын нас ердөө л 30 жил шүү дээ.Газрын гүнээс авч буй усыг шууд ууж хэрэглэх ямар ч боломжгүй. Далайн ус шиг давстай шүлтлэг. Цэвэршүүлж байж л ашиглана. Өөрөөр хэлбэл, худаг гаргаад ч мал услах боломжгүй. Техникийн ус. Цэвэр ус бол 100 орчим метр гүнд л бий.Тэгэхээр Өмнөговийн хүн, амьтан, мал хэрэглэдэг цэвэр усны нөөцөд ямар ч нөлөө үзүүлэхгүй. Ер нь, манай улсын усны хайгуулын судалгаа дандаа ундны цэвэр ус олж илрүүлэхэд чиглэсэн байдаг юм. Харин үйлдвэрийн зориулалттай техникийн буюу түрүүний хэлсэнчлэн эрдэсжилт ихтэй ус бол газрын гүндээ маш их нөөцтэй. Хятадын Өвөрмонголд гэхэд л жилд 640 мянган л/сек усыг газрын гүнээс татаж ашиглаж байдаг. Манайх хэд гэж бодож байна? 2020 он гэхэд өмнөд бүсийн нийт усны хэрэглээ дөнгөж 6 мянган л/сек хүрнэ гэсэн тооцоо байдаг юм. Өөрөөр хэлбэл 100 гаруй дахин бага.

-Улсын төсөвт оруулах орлогыг сонирхож болох уу. Жилд 50 гаруй сая ам.доллар гэсэн урьдчилсан тооцоо байсан?
-Урьдчилсан тооцоогоор жилд 55 орчим сая ам.долларыг татвар хэлбэрээр төсөвт оруулна. Орон нутагт газрын болон усны нөөц ашигласны төлбөр гээд өгөх ёстой татваруудаа төлнө. Хоёрдугаарт, орон нутагт хөрөнгө оруулалт хийх шаардлагыг хөрөнгө оруулагч талдаа тавьсан. Нийгмийн хариуцлагатай компани байх шаардлагатай. Энэ ажлын хүрээнд худаг гаргана. Говийнхон чинь худгаа дагаж амьдардаг шүү дээ. Тэгэхээр бид  иргэдээс нийт 12 цэгт худаг гаргуулах хүсэлт авсан. Байгаль орчны яамтай хамтраад судалж байна.  Төслийн нэгж өөрсдөө нийгмийн хариуцлагаа ухамсарлаж энэ ажлыг хийж байна. Цаашдаа станцын хэрэглээний нэг худгаа ус цэвэршүүлэх байгууламжтай цэвэр усных болгож ашиглана. Өөрөөр хэлбэл, хүн амьтны хэрэглээнд хүссэнээрээ ашиглах боломж олгоно. Зөөх машиныг нь орон нутагт нь  авч өгөхөөр төлөвлөсөн. Цэвэр устай болчихвол иргэд маань  хүнсний ногооноос эхлээд хүчит тэжээлээ ч тарих боломжтой болно. Мөн орон нутгаас ханган нийлүүлэлтээ авна.  Ойролцоогоор 2000 орчим хүн Тавантолгойн станцыг барих барилгын ажилд ажиллана. Станц бүрэн хүчин чадлаараа ажиллахад 300 орчим хүн байнгын ажлын байртай болно. Мэдээж тодорхой хэмжээгээр орон нутгийн иргэд ажиллана. Ер нь том төслийн хөрөнгө оруулалт татвараас гадна худалдан авалт, ханган нийлүүлэлт, хөдөлмөр гэх мэтээр дамжаад эргээд олон аж ахуйн нэгж, ард иргэдийн амьдралд эергээр нөлөөлж байдаг. Үүнийг үржүүлэгч нөлөө гэдэг л дээ. Жишээ нь, Оюу Толгой төслийн хөрөнгө оруулалт л гэхэд манай эдийн засагт ямар нөлөө үзүүлснийг бүгд мэдэж байгаа. ДНБ-ний өсөлт 17 хувь хүрч байлаа шүү дээ. Тэгээд ч нэг том төсөл нөгөө том төслийг төрүүлж байгаагийн нэг жишээ бол Тавантолгой цахилгаан станц юм.Өөрөөр хэлбэл Оюу Толгой төслийн өөрийн хөрөнгө оруулалтаас гадна түүнийг эрчим хүчээр хангах төсөл гэхэд л дангаараа 1 тэрбум долларын хөрөнгө оруулалтыг Монголд оруулж байна гэсэн үг.Аливаа том төсөл орон нутгийн хөгжилд заавал хувь нэмрээ оруулж байх ёстой юм. Энэ хүрээнд зөвхөн худаг ус төдийхнөөр бус цаашдаа ч орон нутгийн хөгжилд дэмжлэг болох олон санал санаачлагыг хэрэгжүүлэх ёстой шүү гэдгийг хөрөнгө оруулагч талдаа хэлж байгаа. Нэлээд том тоо яригдаж байгаа.

-Станцын тохируулгын хувьд бас л асуудалтай гэж сонсч байсан. Станцыг хэвийн ажиллагаанд ортол үйлдвэрлэсэн эрчим хүчийг нь хаана хэрхэн шингээх вэ гэдэг тодорхой болсон уу?
-Монгол Улсын үйлдвэрлэж байгаа эрчим хүч маань энгийн ойлгомжтой тоогоор илэрхийлбэл үндсэндээ 1 гега орчим байгаа. Гурав, дөрөвдүгээр станц нь өргөтгөлтэйгээ, Салхитын 50 МВт станцтайгаа нийлээд ийм хэмжээний эрчим хүч үйлдвэрлэдэг. Хэрэглээ маань ч ийм орчим байгаа. Өвлийн оргил ачааллын үед 200 орчим МВт-ын зөрүү гардаг. Дутуугаа Оросоос авч байна. Ийм л жижиг хэрэглээтэй айл шүү дээ, Монгол. Багахан хэрэглээнд маань 450 МВт-ын станц ороод ирэхээр туршилт тохируулга хийхэд үнэхээр хүндрэлтэй. 450МВт станцаа барьчихаад шууд асаагаад үйлдвэрлэл явуулна гэж байхгүй. Туршилт тохируулга хийнэ. Өөрөөр хэлбэл, 150МВт хүртэл ачааллаад 0 хүртэл буулгаад ахиад 300 хүртэл ачааллах гэх зэргээр туршина. Нэгэнт үйлдвэрлээд эхэлбэл тэр эрчим хүчээ хаа нэг газар шингээх хэрэгтэй болно.Төвийн эрчим хүч рүү шууд нийлүүлбэл түрүүн хэлсэнчлэн 300-400 МВт ороод гарахад л эрчим хүчний системийн аюулгүй ажиллагаа алдагдах болохоор боломж одоогоор хомс байна. Дамжуулах хүчин чадлын хувьд хүрэлцэхгүй. Тиймээс Тавантолгойн станц эхний үйлдвэрлэсэн эрчим хүчээ Өвөрмонгол руу нийлүүлэхээр ярьж байна.

-Ашиглалтанд ороод станц ажиллаад эхэлбэл гаднаас цахилгаан авна гэсэн асуудал бүрэн зогсоно, тийм үү?
-Одоогоор Оросоос 100 гаруй сая доллараар, Хятадаас зөвхөн Оюу Толгой 110 орчим сая доллараар эрчим хүч авч байгаа байх аа. Энэ мөнгийг л наад зах нь дотооддоо авч үлдэнэ. Энд нэг төслийг бас дурдах хэрэгтэй байх. Эгийн голын усан цахилгаан станц. Энэ төсөл  эрчим хүч үйлдвэрлэгч, эх үүсвэр гэдэг талаасаа манай эрчим хүчний системийн тогтворжуулагч болох ёстой юм. Эгийн голын усан цахилгаан станц, Тавантолгойн станц хоёр хоршин ажиллах бүрэн боломжтой.

-Төсөл ёсоор Тавантолгой цахилгаан станц үндсэн өртгөө хэдэн жилийн дараа нөхөх вэ?
-Урьдчилсан тооцоогоор 13 жилийн дараа өртгөө нөхнө. Цахилгаан станцын амьдрах хугацааг дэлхийн жишигт 30 жилээр тооцдог. Тавантолгойн станц ойролцоогоор 15 жилд зээлээ төлөөд өөрийнхөө хөрөнгө оруулалтыг нөхөөд ашгаа хийж эхэлнэ гэсэн үг.  Үүн дотор чинь засвар үйлчилгээ, цалин хөлс, татвар хураамж гээд бүгд ороод явна.

-Үндсэндээ бичиг цаасны ажил дууссан учраас яг бүтээн байгуулалтын ажил маань хэзээнээс эхлэх вэ. Иргэдийн зүгээс бодит бүтээн байгуулалтыг харж гэмээнэ сая итгэл үнэмшил төрдөг?
-Хүмүүс төсөл гэхээр тууз хайчлаад л каск өмсөөд хүрзээ бариад ханцуй шуугаад орчих юм шиг боддог. Тийм биш шүү. Хөрөнгө оруулах сонирхолтой 3 компаниасаа  санал авна. Тэгээд тэрийгээ харьцуулж судалж, дүгнээд нэгийг нь шалгаруулна. Гэрээ хийх яриагаа эхэлнэ. Гэрээнүүд дээрээ сууна.Ахиад сайжруулах боломжит судалгаагаа хийнэ. Зураг төслөө маш нарийн деталь байдлаар гаргана. Энэ ажил дуусаад за боллоо гэж үзвэл хөрөнгө оруулалтын гэрээ, худалдах, худалдан авах гэрээ, нүүрс, ус газрын гээд бүх гэрээгээ зурна. Ингээд хөрөнгө оруулагч маань банкнаасаа зээлээ хүснэ. Банк Оюу толгойн бүх баримт бичгийг болоод манай станцын төслийг, ер нь л Монголыг бүрэн судална. Ингээд мөнгөө өгнө гэж зөвшөөрсөн тохиолдолд санхүүгийн хаалт буюу  эцсийн шийд гарна. Бидний тооцоолсноор 2016 оны сүүл гэхэд санхүүгийн хаалтандаа хүрчих байх. Ингээд барилга угсралтын ажил эхлээд дөрвөн жилийн дараа станц ассан байх болов уу.Ер нь манай төсөл бол маш хурдтай явж байгаа. Ийм хэмжээний, тэгээд бие даасан эрчим хүч үйлдвэрлэгч төслийн бэлтгэл үе ерөнхийдөө 5-8 жил шаарддаг юм билээ.

-2021-2022 он гэж тооцож болох нь ээ. Засгийн газар энэ төсөлд баталгаа гаргаж байгаа юу. Ийм томоохон хөрөнгө оруулалттай төсөлд олон улсын санхүүгийн байгууллага заавал баталгаа шаарддаг?
-Уг нь, Засгийн газрын баталгаа хэрэгтэй. Гэвч энэ төсөлд Засгийн газар баталгаа гаргахгүй. Засгийн газрын баталгаа гэдэг чинь улсын төсвийн баланс дээр сууж явдаг. Өөрөөр хэлбэл улсын өр гэсэн үг. Тэгэхээр тэрбум долларын баталгаа гаргах чадал Монгол Улсад өнөөдөр байхгүй. Баталгаа гаргаж байгаа улсын зээлжих зэрэглэл, валютын нөөц, засаглалын хэлбэр, тогтвортой байдал гээд олон хүчин зүйлээс хамаарч тэр баталгааг хүлээн зөвшөөрөх эсэх нь шалтгаалдаг.Тиймээс Засгийн газрын баталгааг маш болгоомжтой, бодлоготой гаргах ёстой. Тавантолгой цахилгаан станцын хувьд энэ баталгааг Оюутолгой өөрөө гаргаж байгаа. “Туркойз Хилл” компани өөрөө 15 жилийн хугацаатай 1 тэрбум долларын баталгаа гаргаж өгсөн учраас олон улсын санхүүгийн байгууллагууд Засгийн газраас баталгаа шаардахгүй. Ер нь баталгаа гэж юу хэлээд байгаа юм бэ гэхээр, хэрвээ цахилгаан худалдан авагч тал ямар нэг шалтгаанаар эрчим хүч худалдан авч чадахгүй, эсвэл хэрэглэсэн цахилгааны төлбөрөө хийж чадахгүй болох тохиолдолд өмнөөс нь төлбөрийг нь барагдуулна гэсэн үүрэг юм. Худалдан авагчийн өмнөөс хэн нэгэн ийм үүрэг хүлээхгүй бол нөгөө хөрөнгө оруулагч талын оруулсан өөрийн хөрөнгө оруулалт, цаана нь үүсэх зээлийн эргэн төлөлт эрсдэлтэй болох тул банкууд ийм баталгаа шаарддаг юм.

-Төслийнхөө яг одоогийн байдлыг танилцуулаач?
-Түрүүн би дурдсан. “Туркойз Хилл” компани  Оюу Толгойн талаас баталгаа гаргаж байгаа гэж. Энэ бол төслийн хувьд том алхам. Энэ баталгаа гаргасны дараа бид хөрөнгө оруулагч нартайгаа 2015 оны арваннэгдүгээр сард уулзаад ирлээ. Манай талаас Монгол Улсын сайдаар ахлуулсан нилээд том баг явсан. Бүрэлдэхүүнд Төслийн нэгж, манай санхүүгийн зөвлөх Японы SMBC, Оюутолгой, түүний хөрөнгө оруулагч “Туркойз Хилл”, түүний хөрөнгө оруулагч “Рио Тинто” компаниудын шийдвэр гаргах түвшний удирдах албан тушаалтнууд, тэдний хууль, санхүүгийн зөвлөхүүд гээд нийт 20-оод хүн явлаа. Уулзалтууд маш амжилттай болсон. Хөрөнгө оруулагчдад Монголын Засгийн газрын тов тодорхой байр суурийг ойлгуулах, Оюу Толгой төслийн өнөөгийн болон ойрын, хэт ирээдүйн талаар хөрөнгө оруулагчдад маш нарийн мэдээлэл өгсөн. Энэ нь манай төсөлд хөрөнгө оруулах итгэл үнэмшилтэй болоход нь их дэм болсон. Хөрөнгө оруулагч талуудаас бас төслийн явцыг цааш ахиулах, түргэтгэх талаар асуудал дэвшүүлсэн зүйлс байгаа. Хоёр тал бие биенээ маш сайн ойлголцсон үр дүнтэй уулзалтууд болсон доо. Манай тал ч, хөрөнгө оруулагч тал ч “гэрийн даалгавар”-аа аваад одоо тэрэн дээрээ ажиллаж байна. Удахгүй төслийн хуваариа нарийвчилсан байдлаар шинэчлэн гаргана.

0 Сэтгэгдэл
Орлого нь найдвартай, хөрөнгө оруулалт дээр нь оюутолгойсбаталгаа гаргаж байгаа юм бол ямар ч эрсдэлгүй төсөл байна ш дээ. Яг ийм найдвартай төсөл юм бол Монолын ЗГ өөрөө мөнгө босгоод төрийн өмчит станц бариач. Босгосон харөнгөөрөө наад мэргэжлийн компаниулаа гүйцэтгэгчээр сонгоод л станцаа бариулна биз. Заавал 100 хувь гадныханд өмчлөлийг нь агөх гээд байгааг ойлгохгүй бна.
ЧАМ ШИГ ЮМ СТАНЦ БАРЬДАГГҮЙ ЮМ БАРИХ БАЙТУГАЙ РЬДАГГҮЙ ЮМ УЛС ТӨРЧДИЙН ДАЛДАГАНУУРАА
тэзү хийхэд 3 ЖИЛ БАЙХДАА ЯАХАВ ДЭЭ НААД ШОУГАА БОЛЦГОО
Хамгийн их уншсан