Билгийн

Доллар (USD)

Улаанбаатар

Б.Баясгалан: Монгол Улсын дипломат үйл ажиллагааны оргил нь АСЕМ-ыг зохион байгуулах ажил

Л.БАТБААТАР

Ирэх оны долдугаар сард Зүүн ази болон Европын орнуудыг эгнээндээ нэгтгэсэн АСЕМ-ын дээд хэмжээний чуулга уулзалт Монголд болно. Чуулга уулзалтын бэлтгэл ажлын талаар Гадаад харилцааны яамны АСЕМ-ын Бэлтгэл ажлын албаны орлогч дарга Б.Баясгалангаас зарим зүйлийг тодрууллаа.


-АСЕМ-ын бэлтгэл ажлын явц ямар байна вэ?
- 2014 оны арванхоёрдугаар сарын 30-ны өдөр Монгол Улсын Ерөнхийлөгчийн захирамжаар АСЕМ-ын чуулга уулзалтын бэлтгэл ажлыг хангах Үндэсний зөвлөл байгуулсан. Монгол Улсын Ерөнхий сайд ахлагчаар нь ажилладаг. 2015 онд Ерөнхий сайдын тушаалаар АСЕМ-ын бэлтгэл ажлыг хангах  зургаан ажлын хэсэг байгуулагдсан. Бэлтгэл ажил эрчимтэй явагдаж байна. Энэ онд хийхээр төлөвлөсөн ажлаа ерөнхийд нь хийж гүйцэтгэсэн.

-АСЕМ-ын зочдод үйлчлэх зочид буудлуудыг тохижуулах, засварлах, боловсон хүчин бэлтгэх зэрэг ажилд 150 тэрбум төгрөгийн хөнгөлөлттэй зээл олгоно гэж байсан боловч одоо хүртэл шийдэгдээгүй байгаа гэсэн. Засгийн газрын шийдвэр гараад зургаан сар гаруй болчихсон байдаг. Буудлууд ирэх жилээс хөрөнгөө шийдүүллээ гэхэд АСЕМ-ийн өмнө бэлтгэлээ хангаж чадах уу?
-150 тэрбум гэдэг тоо хэрхэн гарсныг хэлье. Өнгөрсөн гуравдугаар сараас эхэлж Улаанбаатар хотын төвд байрлалтай 80-90 зочид буудалд үзлэг шалгалт хийсэн. Ингээд 40 гаруй зочид буудлыг сонгон, хамтарч ажиллах итгэмжлэл гардуулсан юм.  Зочид буудлуудын зүгээс “АСЕМ-ын зочид төлөөлөгчдийг байрлуулна. Тиймээс зээл олгох талаар төрөөс  дэмжлэг үзүүлнэ үү” гэсэн хүсэлт тавьсан. Үүний дагуу бүх зочид буудлаас “Зээл авч ямар ажил хийх” талаархи санал авахад нийт 150 тэрбум төгрөгийн зээл хүссэн юм.
Төрийн зүгээс энэ зээлийг Хөгжлийн банкаар дамжуулан санхүүжүүлэх шийдвэр гаргасан боловч эдийн засгийн болон төсвийн хүндрэлээс шалтгаалж, санхүүгийн эх үүсвэр нь одоог хүртэл шийдэгдээгүй байна.

-Зээлийн хувьд тийм ч бага хүүтэй биш юм билээ. Жилийн 9 хувийн хүүтэй гэхээр арилжааны банкны хүүтэй бараг дүйх нь. Зээлийг ямар шугамаар хэрхэн олгох шийдвэр гарсан бэ?
-Эдгээр зочид буудлын харилцдаг арилжааны банкуудаар дамжуулж энэ зээлийг  олгоно.  Тухайн банкны зээл олгох шалгуур үзүүлэлтийн  дагуу олгоно. Зээлийн нөхцөл, шаардлага хангасан зочид буудал зээлээ авна. Шалгуур үзүүлэлт хангаагүй зочид буудалд олгохгүй байх. Эргэж төлөгдөх хүүтэй зээл учраас зах зээлийн зарчмаар л ажиллана.

-Эдийн засгийн хямралтай, дээрээс нь төсөв хүндэрсэн үед АСЕМ-ын чуулга уулзалт зохион байгуулах гэж мөнгө үрэх ямар шаардлагатай юм бэ гэх хүн олширлоо?
-Эдийн засгийн хямралтай үед мөнгө төгрөг үрсэн ажил хийж байна гэсэн шүүмжлэл гарч л байна.  Энэ жил АСЕМ-ын бэлтгэл ажилд 2.5 тэрбум төгрөг зарцуулсан. Ирэх жил 21 тэрбум төгрөг төсөвлөсөн. Нэг зүйлийг онцолж хэлэхэд, ирэх оны долдугаар сард болох дээд хэмжээний уулзалтаас гадна АСЕМ-ын салбар хорооны есөн хуралдаан болно. Тодруулбал, ирэх жил АСЕМ-тай холбоотой 10 хурал, уулзалт зохион байгуулагдана. Ирэх оны дөрөвдүгээр сараас АСЕМ-ын салбар хорооны анхны хурал эхэлнэ. Ер нь долоо, долоо хоногийн зайтай Сангийн сайд нарын, бизнес болон иргэний форум, парламентын уулзалт гэх мэт есөн салбар хорооны хуралдаан болно. Ингээд ирэх оны долдугаар сарын 15-16-нд АСЕМ-ын гишүүн орнуудын төр, засгийн тэргүүн оролцсон дээд түвшний уулзалт болно. Эдгээр 10 уулзалтыг зохион байгуулах бэлтгэл ажилтай холбоотой л төсөв.

-Чуулганаас хүлээж байгаа хамгийн бодит үр дүнг та хэрхэн тодорхойлох вэ?
-Гадаадын 800-1000 сэтгүүлч АСЕМ-ын уулзалтын үеэр ирж Монгол Улсын  соёл урлаг, түүх, зан заншил, орчин үеийн хөгжил дэвшлийг дэлхий дахинд үнэгүй сурталчилна. Хэрэв гадаадын хэвлэлийн компаниар сурталчилгаа хийлгэвэл асар өндөр үнэ төлөх нь тодорхой. АСЕМ-ын уулзалтыг төр болон хувийн хэвшлийнхэн, төрийн бус байгууллагууд, иргэд хамтран ажилласнаар амжилттай зохион байгуулна. Ийм л ойлголтойгоор Гадаад харилцааны яам, Үндэсний зөвлөл ажиллаж байна. Иргэд болохоор АСЕМ-ын хурал гэж ганц хоёр өдрөөр л хязгаарлагдана гэж ойлгоод байдаг. Тийм биш. Ирэх оны дөрөвдүгээр сараас долдугаар сар хүртэл гурван сар Монгол Улс дэлхийн анхаарлын төвд оршино. Зөвхөн дээд түвшний уулзалтад 3500-4000 хүн оролцоно. Мэдээж манай зочид буудлуудаар үйлчлүүлж, хоол идэж, бэлэг дурсгалын зүйл худалдаж авснаар, эдийн засагт зохих хувь нэмрээ оруулах нь ойлгомжтой. Олон салбар хуралдаанд манай бизнесмэнүүд  оролцож, танилын хүрээгээ тэлж, бизнесийн түншээ олно. Сүүлийн 25 жил дахь Монгол Улсын дипломат үйл ажиллагааны оргил нь АСЕМ-ын хурлыг зохион байгуулах үйл ажиллагаа гэж ойлгож болно. Энэ хурлыг амжилттай зохион байгуулснаар Монгол Улсын гадаад нэр хүнд улам өснө. Бидэнд итгэх итгэл нэмэгдэнэ. Мөн гадаадын хөрөнгө оруулалт орж ирэхэд эергээр нөлөөлөх болно.

0 Сэтгэгдэл
Хамгийн их уншсан