Билгийн

Доллар (USD)

Улаанбаатар

Р.Жигжид: Хөрөнгө оруулалт татах ихээхэн нөөц бололцоо байгааг дэлхий дахинаа харууллаа

Оюутолгой төслийн санхүүжилтийн баримт бичигт гарын үсэг зурах ёслолын арга хэмжээний үеэр Уул уурхайн сайд Р.Жигжидийн хэлсэн үг.

Оюутолгой төслийн бүтээн байгуулалтын ажил тэр бүр шулуун дардан замаар явж ирсэнгүй. Тухайлбал,  дэлхийн эдийн засаг, ялангуяа эрдэс баялгийн зах зээлийн хямралт байдал, төслийн зардлын хэтрэлт, татварын маргаан зэрэг хүчин зүйлсийн улмаас түр зуурын шинж чанартай хүндрэл бэрхшээл,  үл ойлголцол тулгарч байлаа.

Гэвч бид дээрх сорилтыг амжилттай даван туулж “Хөрөнгө оруулалтын гэрээ”-гээр хүлээсэн үүргээ биелүүлэх чин эрмэлзэл, хүсэл зориг талуудад нийтлэг байсны үр дүнд “дэлхийн” банк санхүү­гийн байгууллагууд Оюутолгой төслийг үргэлжлүүлэн санхүү­жүүлэх шийдвэр­тээ хүрсэн гэж ойлгож байна.
Оюутолгой төсөл амжилт­тай хэрэгжих эсэх нь зөвхөн нэг төсөл, эсвэл зөвхөн нэг аж ахуйн нэгжид хамаарах төдий асуудал биш билээ. Энэ төсөл нь монголын нийт ард түмний төдийгүй дэлхийн олон улсын хувь нийлүүлэгчид, тат­вар төлөгчдийн хувь заяатай холбогдож байдаг. Иймээс энэхүү төслийн ний­гэм, эдийн засгийн үр өгөөжийн талаар хүлээх томоо­хон хүлээлт бидэнд, бас хувь нийлүүлэгчдэд байд­гийг мартаж болохгүй. Энэ хүлээлтийн цаана асар том үүрэг хариуцлага байгаа гэд­гийг хөрөнгө оруулагчид, ком­панийн гүйцэтгэх удирд­лага ойлгож байгаа гэдэгт итгэж байна.

“Оюутолгой” компани ажиллагсадынхаа эрүүл мэнд, хөдөлмөрийн аюулгүй ажиллагаанд  байнга анхаарч, хариуцлагатай уул уурхайн зарчмыг баримталж, уулын үйлдвэрлэлийн шинэ соёл дэлгэрүүлж буйг бид талархан харж байдаг. Цаашид олсон амжилтаа бататгахын зэрэгцээ орон нутгийн хөгжлийг дэм­жих, ажлын байр нэмэг­дүүлэх, хүний нөөцийг чадавхижуулах, үндэсний аж ахуйн нэгжүүдийн үйл ажил­ла­гааг дэмжих зэрэгт онцгой анхаарч ажиллах нь зүйтэй.
Монгол Улсын Засгийн газар гадаадын хөрөнгө оруу­лалтыг татах, харилцан ашиг­тай хамтран ажиллах бодлого баримталж байна. Ийм ч учраас хууль эрхзүйн орчныг урт хугацаанд тогтвор­той, ойлгомжтой бол­гож гадаад, дотоодын хөрөнгө оруулагчдын хувьд өрсөлдөхүйц нөхцөл олгох чиглэлээр шат дараалсан арга хэмжээ авч хэрэгжүүлж байна. Ийнхүү Оюутолгой төслийн гүнийн уурхайн бүтээн байгуу­лалтад шаардлагатай санхүүжилтийн асуудал шийдвэрлэгдэж  байгаа нь Монгол Улсын Засгийн газар, хөрөнгө оруулагч талуудын хамтын ажиллагааны үр дүн, Монголын эрдэс баялгийн салбар хөрөнгө оруулалт татах ихээхэн нөөц бололцоо байгааг дэлхий дахинаа илтгэн харуулсан үйл явдал боллоо гэж үзэж байна.

0 Сэтгэгдэл
Хамгийн их уншсан