Билгийн

Доллар (USD)

Улаанбаатар

Авто машины дугаарыг зөвхөн Авто худалдааны цогцолборт олгоно


Зам тээврийн яамны харьяа Авто тээврийн үндэсний төвийн Тээврийн хэрэгслийн бүртгэл, улсын дугаар олгох үйл ажиллагаа энэ сарын 28-наас Авто худалдааны цогцолборт төвлөрч ажиллах болсон байна.  
Авто худалдааны цогцолборын дарга Д.Байдраг “Зам тээврийн сайд болон нийслэлийн Засаг дарга  2012 онд гэрээ байгуулж, хамтран ажиллах санамж бичигт гарын үсэг зурсан. Мөн Авто тээрийн үндэсний төв болон Авто худалдааны цогцолборын хооронд байгуулсан хамтран ажиллах гэрээний дагуу энэ сарын 28-наас тээврийн хэрэгслийн бүртгэл, улсын дугаар олгох үйлчилгээ  Авто худалдааны цогцолборт төвлөрч ажиллана. Энэ ажиллагаа нь УИХ-ын 2013 оны 23 дугаар тогтоолоор батлагдсан “Улаанбаатар хотыг 2020 он хүртэл хөгжүүлэх ерөнхий төлөвлөгөөний тодотгол, 2030 он хүртэлх хөгжлийн чиг хандлагын баримт бичиг”-т замын хөдөлгөөний ачаалал, түгжрэл, ослын бууруулах, агаарын болон хөрсний бохирдлыг багасгах зорилтыг хэрэгжүүлэхэд чиглэсэн ажил юм” гэв.

Мөн тэрээр “Импортоор орж ирсэн авто машинуудыг ч мөн л   зөвхөн Авто худалдааны цогцолборт бүртгэнэ. Улаанбаатар хотод тээврийн хэрэгслийг бүртгэдэг долоон салбар байдаг. Зам тээврийн сайдаас өгсөн чиглэлийн дагуу Авто тээрийн үндэсний төв таван салбараа худалдааны цогцолбор руу шилжүүлж байна. Ингэснээр, тээврийн хэрэгслийн бүртгэлийн үйлчилгээ үе шаттайгаар Авто худалдааны цогцолборт төвлөрөх юм. Таван салбарыг шилжүүлснээр, эхний үе шат дуусна. “Цирк”, “Хөсөг Трейд” гэсэн хоёр салбарт авто машин эзэмшигчийн нэр солих бүртгэлийг хийнэ. Улсын дугаар олгох, шинээр бүртгэх болон оношилгоог Авто худалдааны цогцолборт хийхээр бэлтгэл ажлаа хангасан. Импортын  авто машины бүртгэлийг Авто худалдааны цогцолборт хийснээр Улаанбаатар хотод улсын дугааргүй  тээврийн хэрэгсэл замын хөдөлгөөнд оролцож осол гаргах нь буурна” гэв.

Мөн Авто тээврийн үндэсний төвийн Тэргүүн дэд дарга П.Дэлгэрнаран “Авто тээврийн бүртгэлийн газар энэ сарын 28-наас импортын авто машины бүртгэлийг Авто худалдааны цогцолборт хийхээр болсон. Импортын бүртгэлийг  шинээр улсын дугаар авч байгаа авто машинд хийдэг. Мөн импортоор орж ирсэн  тээврийн хэрэгслийг Авто худалдааны цогцолборт оношилно. Улаанбаатар хотын хэмжээнд 300 гаруй мянган тээврийн хэрэгсэл бүртгэлтэй байдаг. Машины шилжилт хөдөлгөөн байнга хийдэг. Өдөртөө  200-300 авто машин улсын дугаар авдаг. Ийм нөхцөлд, энэ үйл ажиллагааг иргэдэд урьдчилан  мэдээлэх шаардлагатай байна” гэсэн юм.

-Авто тээврийн үндэсний төв нь ямар эрх үүрэгтэй байгууллага вэ?

-Авто тээврийн үндэсний төв нь төрийн өмчит байгуллага. Гурван үндсэн үүрэгтэй. Нэгдүгээрт, улс, хот хоорондын хүн болон ачаа тээврийн ажиллагааг  зохицуулдаг. Ачаа тээвэр гэдэгт ашигт малтмалын тээвэр ч ордог. Хоёрдугаарт, тээврийн хэрэгслийн техникийн үзлэгийг улсын хэмжээнд зохион байгуулж 700 гаруй мянган тээврийн хэрэгслийн үзлэг оношилгоог хийж гүйцэтгэдэг. Гуравдугаарт, улсын хэмжээгээр тээврийн хэрэгслийн бүртгэл хөтлөлт  хийдэг.

-Нийслэлийн удирдлагууд шийдвэр гаргахдаа иргэдийн санал хүсэлтийг харгалзана хэмээн мэдэгдэж байсан. Авто худалдаа эрхлэгчдэдтэй зөвлөж энэ шийдвэрийг гаргасан уу?

-Бид шийдвэр гаргадаг субьект биш. Хот төлөвлөлтийн хүрээнд, Зам тээврийн сайд болон нийслэлийн Засаг даргын хамтран ажиллах санамж бичгийн дагуу ийм  шийдвэр гарсан. Нэг талаас, энэ шийдвэрийг авто худалдаа эрхлэгчдийн тодорхой хувь нь эсэргүүцнэ  гэдгийг ойлгож байна. Нөгөөтэйгүүр, хот төлөвлөлтийн бодлогыг авто худалдаа эрхлэгчдийн цөөнгүй хувь дэмждэг. Аливаа юм хоёр талтай. Нэгэнт шийдвэр гарч томоохон хөрөнгө оруулалт хийн худалдааны цогцолбор байгуулж  авто машины худалдааг төрөлжүүлж байна. Ингэснээр, хотын доторхи авто машины хөдөлгөөн  буурах, түгжрэлийг багасгахаар  төлөвлөснийг дэмжиж ажиллахаас өөр аргагүй.
Улаанбаатар хотын хүн ам 1990 онд 500 мянга байсан. Өнөөдөр Улаанбаатар хотод нэг сая 300 мянган хүн амьдарч байна. Тухайн үед хотын зах байсан газар төв хэсэг болчихсон. Хүн амьдардаггүй газар суурьшлын том бүс болон хувирсан байна. Авто тээврийн үндэсний төвийн бүртгэлийн үйлчилгээ үзүүлдэг салбар орон сууцны хороолол дунд ч байна. Ингэснээр, орж гарахад тээг болж, амьдрах нөхцөлийг алдагдуулж байна гэсэн гомдлыг оршин суугчид Зам тээврийн яаманд гаргах болсон. Зөвхөн хувийн хэвшлийг хотоос гаргах биш, төрийн үйлчилгээг нийслэлийн  захад  гаргаснаар, төр манлайллыг эхлүүллээ.

-Авто худалдааны цогцолборт үйлчилгээ эрхлэхэд бүх зүйл бэлэн болсон хэмээн сурталчилдаг. Газар дээр нь очоод үзэхээр үйлчилгээ үзүүлж буй аж ахуйн нэгж байгууллага байдаггүй гэсэн шүүмжлэл авто худалдаа эрхлэгчдээс гарч байна. Энэ талаар...?

-Өнөөдрийн байдлаар, Авто худалдааны цогцолборт арилжааны дөрвөн банк салбараа нээн ажиллаж байна. Мөн даатгалын дөрвөн байгууллага, 26 цайны газар, таван нийтийн бие засах газар, улсын дугаарын найман үйлдвэр болон бүртгэл, оношилгооны хэсэг ажиллаж байгаа.
-Гаалийн бүрдүүлэлтийг Авто худалдааны цогцолборт хийх гэж байна. Тэгвэл, тээврийн хэрэгслийг ачиж буулгах нөхцөл бүрдсэн үү. Эсвэл Улаанбаатар хотын гаалиас Авто худалдааны цогцолбор руу явж гаалийн бүрдүүлэлтээ хийлгэх үү?
-Бусад салбарт бүртгүүлэхдээ хувь хүн болон авто худалдаа эрхлэгчид тээврийн хэрэгслээ хөлөөр нь авчирдаг. Үүнтэй яг адилхан үйлдэл л хийгдэнэ гэсэн үг. Зайтай болохоос  биш. Тээврийн хэрэгслийн бүртгэл хийлгэхийн тулд тээврийн хяналтын үзлэгт заавал орно.

-Авто тээврийн үндэсний төв таван салбар нэгжээ татан буулгалаа. Ажиллагсад  нь цомхотголд орох уу. Нөгөөтэйгүүр, нэг газарт бүх үйлчилгээ төвлөрөхөөр ачаалал ихэсч, хүнд суртал гаргаад байх юм биш үү?

-Үйлчилгээ үзүүлдэг цэгүүдийг Авто худалдааны цогцолбор руу шилжүүлсэн. “Да Хүрээ” захад түр байрлуулж , үйлчилгээ үзүүлж байсан цэгүүдээ нэг газарт төвлөрүүлж байна. Түүнээс биш, татан буулгасан асуудал байхгүй. Авто худалдааны цогцолборт таван салбар үйл ажиллагаа явуулах болохоор ачаалал үүсэхгүй гэж бодож байна.

-Сэлбэгийн дэлгүүр, дугуй засварын газрын асуудлыг хэрхэн цэгцлэх вэ?

-Дугуй засвар, сэлбэгийн дэлгүүр зэрэг авто машины дагалдах үйлчилгээ юм. Зах зээлийнхээ жамаар тээврийн хэрэгслийн худалдаа хаана төвлөрнө, тэнд л байна. Бидний зүгээс албадах, тулган шаардах асуудал гаргахгүй.

-Авто захуудын үйл ажиллагааг хаасан уу?

-Өнгөрсөн жилийн есдүгээр сарын байдлаар, Улаанбаатар хотын төвийн зургаан дүүргийн 152 байршилд авто машин худалдаалдаг байсан. Өнгөрсөн есдүгээр сарын байдлаар авто машин зардаг байршлын тоо 100 гаруй болж буурсан байдаг. Эдгээр байршлын тоо үе шаттайгаар цөөрч байгаа. Эдийн засгийн хямрал болон газрын хуулийн дагуу зориулалтаар ашигласнаас байршлын тоо буурсан гэж үзэж байна. Албадан нүүлгэх эрх нь нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын Захирагчид бий. “Бизнес эрхлэх таатай орчинг эхэлж бүрдүүл. Дараа нь төрийн үйлчилгээг төвлөрүүл. Үүний дараа авто худалдаа эрхлэгчидтэй ярь”  гэсэн үүргийг ажил хариуцсан холбогдох албан тушаалтанд өгсөн. Одоогийн байдлаар, бүх үйлчилгээ Авто худалдааны цогцолборт төвлөрсөн. Авто машин худалдан авагчдад  өдөртөө банкны зээл авч тээврийн хэрэгсэл худалдан авах бүх нөхцөл, боломж бүрдсэн.

0 Сэтгэгдэл
Хамгийн их уншсан